Математикт эсрэгээс нь батлах арга гэж байдаг даа. Урлагт бас байна. Эрх чөлөөгөө бүгдийг нь бусдад шилжүүлээд, эмоц мэдрэмжээ бүгдийг нь өөртөө түгжээд үз. Тэгвэл эрх чөлөөтэй байхын, сэтгэл мэдрэмжээ нээхийн сайхныг мэдрэнээ дээ? Их урлаг гэдэг ийм харгис туршилтыг өөр дээр чинь биш өөр хүн дээр хийж үзүүлэх идтэй. Зохиолч Казүо Ишигүрогийн алдарт “The Remains of The Day” роман яг ийм зохиолын нэг байна. Монсудараас “Өдрөөс Үлдсэн Зүйл” нэрээр орчуулга нь гарсан харагдсан. Казүо Ишигүро 2017 онд утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн.
Шилдэг эрэгтэй дүрээр Оскарын шагнал гурвантаа хүртсэн рекорд эзэмшдэг Даниэл Дэи Луис нэгэнтээ хэлсэн нь:
“Бүхий л урлагт энгийн харагддаг юмсаас илүү гоо сайхан гэж үгүй. Амьдралдаа ганц боловч юм хийх гэж оролдож үзсэн хэн боловч нэг харахнээ хялбар ч юм шиг тийм торгон энгийнийг бүтээх ямар хэцүүг мэднэ”.
“Өдрөөс Үлдсэн Зүйл” роман яг тиймэрхүү нэг бодлын хялбар ч юм шиг настай хүний бодол хөвөрдсөн зохиол юм. Дарлингтон ордны даамал буюу бойдаа албанд нэг насаа зориулсан Стивенс өнгөрсөн амьдралаа өөрийн бодлоос буюу нэгдүгээр биеэс хүүрнэн өгүүлэх хэлбэртэй. Гэхдээ эгэл хүүрнэлээр дамжуулан хүмүүс бид өөрт заяагдсан эрх чөлөө, сэтгэл мэдрэмжээ өөрсдийн гараар хашаанд хорьж байдаг үнэнийг төсөөллийн нэгэн хязгаарт тавьж үзүүлсэн нь зохиолчийн сод билиг ажгуу. Энгийн бас ultimum туйлын.. нэг тийм чөлөөлөгдөх тэчъяадалд хөтөлмөөр.
Гол дүр болох Стивенс залуугаасаа аавынхаа ажлыг өвлөж ордны бойдаа болдог. Нас өндөр болсон хойноо хэдэн өдрийн аялалд гарч өнгөрснөө эргэн дурсана. Үнэ цэнэ, бахархал, эрхэм чанар, үнэнч зан, үүрэг хариуцлагын тухай бодролууд. Зохиолын хэл, илэрхийлэлд ёсорхуу хүндэтгэлтэй, детальтай Английн жентэлмэн соёл нэвт шингэжээ. Бас санаа дагаад юм уу өөртөө гэсгээлтэй ханддаг япон уран зохиолын сүнстэй ч юм шиг. Казүо Ишигүро Японд төрсөн ч 5 настайдаа гэр бүл нь Англи руу нүүж тэндээ насанд хүрсэн зохиолч юм.
Стивенсийн дурсамжид хоёр гол дүр гарна: Лорд Дарлингтон ба Хатагтай Кентон. Дарлингтон нь түүний ордны эзэн. Хатагтай Кентон нь хамт ажилладаг байсан ордны менежер гэх үү дээ. Эхлээд хатагтайн тухай. Зохиолын туршид тэр хоёрын дунд нэг ч хайр дурлалын үг, харилцаа гаргахгүй явсаар төгсгөх юм. Гэхдээ л Кентонд хайртай байсан нь, одоо ч хайртай нь мэдрэгдэнэ. Нэг ч нялуун үг ил тод илэрхийлэл бичилгүйгээр тийм романтик аяс оруулна гэдэг ёстой л “Би чамд хайртай” гэхийн оронд “Сар ямар гоё харагдаж байнаа” гэж өөхөнд боож хэлдэг дорнын соёлд төрсөн зохиолчийн шид гэлтэй. Хатагтай Кентон ч Стивенст хайртай, гэхдээ арай нэг ил тод илэрхийлэх хүчтэй, эрх чөлөөтэй характер. Нөгөөх нь ажлын нэр барьж хана босгож түлхсээр байгаад өөр хүнтэй сууж Дарлингтон ордноос явахад хүрдэг. Хатагтай Кентон мань хүнээс ганц үг горьдож, ганц удаа өөрийгөө нээж хувь хүний ертөнцдөө оруулахыг нь хэдэн жил хүлээсэн юм бүү мэд. Уншигчийн зүгээс лав Стивенст уурламаар, ном руу гараа оруулж болдог бол түлхээд тэврүүлчмээр, ганц юм хэлээчээ гээд хашгирмаар, адгамаар тийм өндөр хатуу хананы цаана нуугдсаар Дарлингтон ордонд ганцаараа үлддэг.
Гэхдээ явсан хойно нь ч захидлаар харилцана. Нэг захидалдаа хатагтай Дарлингтон ордон руу эргэж ирэх хүсэлтэй ч юм шиг юм бичсэн нь мань хүнд горьдлого төрүүлжээ. Аялалд гарахдаа эргээд аваад ирэх найдлага тээж гарсан боловч хий горьдсон байдаг. Зохиолын төгсгөлд Кентон ингэж хэлдэг.
“Амьдралдаа ямар аймшигтай том алдаа хийгээ вэ гэж бодох өдөр мэдээж байна, өөр амьдрал, жишээ нь магад тантай хамт туулж болох байсан амьдралын тухай ч бодно. Гэхдээ миний байх газар миний нөхрийн дэргэд юм байна, цаг хугацааг буцааж чадахгүйгээс хойш мөнхөд ямар байж болох байсан талаар бодон эргэж хургаж байх нь буруу юм байна”.
Энэ агшинд зохиолч бараг анхны бөгөөд сүүлчийн удаа Стивенсийн мэдрэмж, эмоцыг илэрхийлэх үг оруулж ирдэг.
“Нуугаад яахав, яг тэр агшинд миний сэтгэл урагдах мэт болж билээ.”
Кентонтой хамт Стивенсийн залуу наснаас өтөл хүртэл ганц үг горьдсон уншигчийн сэтгэл ч энэ агшинд хамт урагдана. Дэндүү оройтжээ. Хүлээн зөвшөөрөхөд, хайрлахад, хэлэхэд, тэврэхэд, амьдрахад.
Дэндүү оройтсон дэндүү хөндүүр төгсгөлөөр зохиолч бидэнд юуг өгүүлээ вэ? Стивенсийн хатуу зарчмууд, эзэндээ зориулсан үнэнч зан, ажлын этикийн ард түүний өөрийн хувь амьдрал, хайр, хамгийн үнэтэй зүйл нь золионд төлөгдсөн. Бид ч өдөр тутам түүний алдааг давтаж яваа. Туйлын хэлбэрт тод томруун харуулаад өгөхөөр халаглаж байгаа болохоос.
Номынхоо төгсгөлд мэдрэмж илэрхийлсэн ганц үг шигтгэдэг Ишигүрог Нобелийн шагнал олгох хорооноос
“Асар хүчирхэг сэтгэл мэдрэмжийн хүч агуулсан зохиолуудаар бид бүгдийн бусадтай, дэлхий ертөнцтэй холбогдсон хуурмаг мэдрэмжийн гүнээс гүн ёроолыг ухаж өгдөг” гэж тодорхойлжээ.
Ер нь reason буюу учир шалтгаан, рациональ хандлага ноёлж ирсэн өрнийн гүн ухаанд эмоц, мэдрэмж нэлээн сүүл үеэс байраа эзэлсэн гэж хэлж болно. Хоббины яриа ганцыг оруулж ирэхэд эмоц ба эрхчөлөө гэхээр мэдээж Сартраас ганц санаа зээлэлгүй горьгүй.
Сартр. Ухаантай, чадалтай, хүчтэй элдэв хэлбэрээс өмнө юутай ч амьд, зовлонт хүмүүн exist оршиж байгааг хүлээн зөвшөөрсөн өрнийн будда. Тиймд түүний философи existentialism оршихуйн философи гэгддэг. Оршино гэж тэгээд юуг хэлээд байна? Амьд зовлонт хүмүүний орчлон ертөнц ба бусадтай харилцах харилцаанд эцсийн зогсоол гэж үгүй. Мөнхөд хөрвөж, мөнхөд урсан өөрчлөгдөж буй энэ харилцаан дунд хүний сэтгэл мэдрэмжийн төлөвт ч эцсийн төлөв гэж үгүй, үүнийг Сартр nothingness буюу оргүй гэж нэрлэсэн.
Оргүй төлөвт оршдог юм бол эндээс өөрийгөө хэн гэж тодорхойлох нь хэрхэн үйлдэх нь бидний эрх чөлөө, бидний сонголт юм. Түүнийхээр хүмүүс бид эрх чөлөөтэй байхаар хараагдсан. Зовлонт эрх чөлөөгөө хэрхэн эдэлж өөрийгөө хэрхэн тодорхойлж байгаагаас authentic юм уу inauthentic аль нь болохоо өөрөө шийднэ. Өөрөө хариуцлагаа хүлээнэ. Уг нь жинхэнэ бодитой, эсвэл хуурмаг гэсэн утга боловч манайд жинхэнэ гэдэг үг утгаа алдсан тул орчуулалгүй бичив. Authenticity тулх гэдэг нь товчдоо ямар орчлонд ямар зовлон эдлэн оршиж байгаагаа бүрэн дүүрэн ухамсарлаж өөрийн эрх чөлөөнд хариуцлагатай хандах. Өөрөөр хэлбэл эксистенциалист өнцгөөс харахад Стивенс бодитой оршиж чадсангүй. Өөрийн амьдрал, сэтгэл мэдрэмжээ бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч, эрх чөлөөгөө хариуцлагатай эдэлж чадаагүй өтөл даамал бээр амьдралынхаа эцэст ийн халаглах юм.
“Миний алдаа ч минийх гэж хэлж чадахгүй нь. Энд тэгээд ямар dignity эрхэм чанар байна вэ?”
Уг нь мань хүний дурсамж dignity буюу эрхэм чанартаа асар итгэлтэй эхэлдэг юм. Аавыгаа өнгөрч байхад ч дэргэд нь байлгүй ажил үүргээ гүйцэтгэж чадсан даа, би бол жинхэнэ профессиональ даа маягийн бахархал нь асуултын тэмдгээр солигддог. Миний бүх амьдрал алдаа байсан юм биш байгаа? Энэ бол Толстойгоос Достоевский, Дазай, Кафка нарын томчуудаас үхэлтэй хараахан нүүр тулаагүй дээрээ уншиж байгаа бидэнд сануулга өгөх гэж хаядаг гол асуултын нэг.
Гэснээс бие ба оюун санааг мөн л тусд нь хэлэлцэх хандлагатай явж ирсэн уламжлал руу Хуссерл, Мерло Понти, Сартр нарын феноменологчид амьд халуун биеийг оруулж ирсэн. Энд олныг өгүүлэх зайгүй боловч бие бол сүм. Бие бол амьдралын цөм
. Хүний бие үнэн, хүний биед хүрэлцэх нь үнэн. Бие биеэ(нэг нэгийгээ гэсэн утгаар биш яг body бие махбодь гэдэг утгаар нь) халуун дээр нь тэврэх, хайрлах, хүрэлцэх нь амьдарч оршиж байгаагийн баталгаа. Өмнөө байгаа халуун биед хүрэлцэх байтугай ярилцах эрх чөлөөгөө бүрэн эдлээгүй Стивенсийн амьдрал сүмийн гадна, хашааны хаалга хавьд өнгөрч.
Тэгээд юуны төлөө? Яах гэж? Энэ асуултаас мань хүний улстөрийн эрхчөлөөгөө хэрхэн эдэлсэн нь урган гарах юм. Дарлингтон ордны эзэн Лорд Дарлингтонд мань хүн бүх үзэл бодол, шийдвэр, итгэл үнэмшлээ дайгаад өөрийгөө шийдвэр гаргах үүргээс чөлөөлж амьдарсан. Даанч эзэн нь Европын улстөрийн түүхэнд хараар бичигдсэн нацист Германы талд ажиллаж байсан нь хожим нийгэмд яллагдаж нэр хүндээ алдана. Энд ч мөн л extreme гоё хязгаар авч үзүүлж байгаа юм. Хамаг толгойгоо хүнд ацаглачихсан чинь өнөөх нь нацидаад яваад өгдөг. Насны бөгсөнд эргээд хартал тулах цэгээ алдчихсан байх маягийн юм. Энэ далимд мөн л нэг философийн ухагдахуун танилцуулаад орхимоор байна. Alienated soul. Түлхүүр ойлголтгүйгээр аливаа үзэгдэл бодолд байраа эзэлж чаддаггүй. Алсарсан сүнс, ухамсар гэж орчуулах уу даа. Хегелийн томьёолсон ойлголт, аль болох энгийнээр бол хүн гэдэг дотроосоо эрж олж болох байсан мөн чанараа өөрөөсөө чинад хол бурхан, шашин гэх мэтэд даатгаад мөнхөд тэр алсарсан зөв сайн ба өөрийн мөн чанар дунд зөрчилдөж амьдрах азгүй амьтдыг хэлж байгаа юм. Сартрын эксистенциализм, бодитой орших гэдэг нь энэ зөрчлийг аль болох бага байхуйцаар эрхчөлөөгөө эдлэхийн нэр.
Эзэнд үнэт зүйлийн цензургүй 100% үнэнч байх, өөрийн сүмийг эзгүй хаяад ч болов үхэн хатан зүтгэх, үзэл бодол, эрх чөлөөнөөс сайн дураар татгалзаж боолын статуст орох. Казүо Ишигүро энэ мэтийг үнэнхүү жигшдэг либерал артистийн хувьд эсрэгээс нь батлах гэж боол мэт үнэнч даамлын дүр бүтээсэн юм шигээ. Хэн нэгэнд бизнес, улстөрийн хувьд харьяалагдаад бүх үнэт зүйл, үзэл бодлоо дөрлүүлчихсэн явж байдаг үеийн залуустаа л заавал уншаарай гэж захих байна.
Лорд Дарлингтон байна уу, төр байна уу, бурхан байна уу ялгаагүй. Стивенс шиг үнэнч боолын амьдралыг энэ мэтээр бичээд өгөхөөр ээ хөөрхий гэмээр боловч 21-р зууны чөлөөт иргэд бид өдөр тутам олон сонголт, олон шийдвэрийг өөрийн толгойгоор биш танил дасал болсон ямар нэг эрх мэдэлд шилжүүлж амьдарсаар байна бус уу? Оюунт хүний хувь заяаг хайрлахгүй, оноогдсон эрх чөлөөгөө бүр эдэлж хариуцлага үүрэх эр зориг байхгүй. Ишигүрогийн өөрийнх нь хэлснээр
“Бид бүгд зарим талаар даамлууд!”
Миний доторх, бас чиний доторх даамлыг өрөвдөхийн сацуу үзэн ядахын учир, түүнээс чөлөөлөгдөж бодитой exist оршихгүй бол, эрх чөлөөгөө хариуцлагатай эдлэхгүй юм бол эзэн боолын нийгэм ба түүнээс урган гарч байгаа үй түмэн асуудлаас хэзээ ч ангижирахгүйг харахын учир энэ бүхнийг нуршив.
Зохиол тэгээд яаж төгсдөг вэ? Хатагтай Бенн буюу Кентоныг үдэж өгсөн Стивенс хүмүүсийг ажиглаж сууна. Худал хошигнох чинь бас хүмүүс хоорондын халуун дулаан харилцааны нэг арга юм гэж бодож сууснаа аянаас буцмагц эзэндээ ч хошигнож, шогийн мэдрэмжтэй үйлчлэхээр шийдээд дуусна. Инээд хүртэл эзэндээ үйлчлэхэд л хэрэг болох хашаанаас гарах хөг мань хүний хувьд нэгэнт өнгөрч. Хөөрхий Стивенс. Хөөрхий та нар минь.