Нобелийн шагналт зохиолч Орхан Памукын "Цагаан цайз" зохиолыг манай хэвлэлийн газар Утга зохиол цувралынхаа XXIV дэвтрээр сонгон уншигчдадаа хүргээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан зохиолч Орхан Памукын Нобелийн шагнал хүртэхдээ уншсан лекцийг орчуулан хүргэж байна.
Нас барахаасаа хоёр жилийн өмнө аав минь гар бичмэл, дэвтрүүдээрээ дүүргэсэн жижиг чемоданаа надад өгөөд, хэзээний наргианч зангаараа, өөрөөс нь хойш, өөрөөр хэлбэл нас барснаас нь хойш уншиж болно гэж хэлэх нь тэр.
Тэгээд, “Хэрэг болох юм байна уу хар. Магадгүй намайг нас барснаас хойш хэвлүүлэх ч юм билүү” гэж ичингүйрсхийн нэмлээ.
Бид ажлын минь өрөөнд, номууд дунд зогсож байлаа. Аав минь тээртэй, хүнд ачаанаасаа даруй салах гэсэн аятай, чемоданаа хаашаа тавихаа шийдэж ядан өрөөгөөр нүд гүйлгэн хэсүүчлэв. Дараа нь чемоданаа төдий анхаарал татахааргүй нэг буланд сэмээрхэн тавьчихлаа. Хэн хэнд маань ичих сэтгэл төрүүлсэн тэрхүү мөч төгсгөл болохтой зэрэг хоёул дассан дүрдээ, амьдралд хөнгөн ханддаг, шооч дүр төрхдөө буцан орж тайвшрав. Тэгээд урьд сурснаараа ойр зуурын юм, амьдрал, Туркийн дуусаж дундардаггүй улс төрийн шаналан, аавын минь ихэнхдээ бүтэлгүйтлээр дуусдаг ажил зэргийн тухай төдий уйтгарт авталгүйгээр ярилцлаа.
Аавыг явсны дараа, би хэдэн өдрийн турш, чемоданы эргэн тойронд халгаж ядан нааш цааш холхисноо санаж байна. Жижиг, хар, савхин чемоданыг ч, цоож, дугуйрсан гөлгөр өнцгийг нь ч би бүр багаасаа мэднэ. Аав минь ойрын аялалд гарахдаа, эхсүл хааяа гэрээсээ ажлын газар луугаа ачаа зөөхдөө энэ чемоданаа авч явдаг байв. Би багадаа энэ жаахан чемоданыг нээж, аян замаас эргэж ирсэн аавынхаа эд зүйлийг үзэх, дотроос нь анхилах сүрчиг, харь улсын үнэрийг үнэрлэх дуртай байснаа ч саналаа. Энэ чемодан, миний хувьд, өнгөрснөөс минь, хүүхэд ахуйн дурсамжаас минь олон зүйл хадгалж үлдсэн танил дотно, дур татам эд хэдий ч би одоо үүнд хүрч ч чадахгүй байв. Яагаад? Мэдээж хэрэг, чемоданы доторх зүйлийн нууцлаг жин, нөлөөнөөс болоод тэр.
Би одоо энэ нөлөөний тухай ярина.
Хаана ч юм нэг өрөөнд, ширээнд шигдэж суугаад, ертөнцөөс тасарч, үзэг цаасаар өөрийгөө илэрхийлдэг хүний хийдэг зүйлийн, өөрөөр хэлбэл уран зохиолын утга учрын тухай ярина гэсэн үг.
Би аавынхаа чемоданд хүрч, нээж чадахгүй хэвээр авч дотор нь буй дэвтрүүдийн заримыг нь мэднэ.
Тэр дэвтрүүдийн заримд аав минь юу ч юм бичиж байхыг би урьд нь харсан юм. Чемоданы доторх хүнд ачаа гэгчийн тухай ч би анх удаа сонсож буй хэрэг биш. Аав минь том номын сантай байлаа; залуудаа, 1940-өөд онд гэсэн үг, Истанбулд яруу найрагч болохоор шийдэж, Валеригийн бүтээлийг орчуулсан ч уншигч цөөтэй ядуу улсад уран зохиол хөөсөн бэрх амьдрал туулахаас зайлсхийжээ. Өвөө минь чинээлэг бизнесмен байсан учир бага балчир насаа элбэг хангалуун өнгөрүүлсэн аав минь бичиг зохиолоос болж хүндхэн амьдрал туулах хүсэлгүй байж. Аав минь амьдралын сайн сайханд тун чиг дуртай нэгэн байсан, би ч түүнийг ойлгож байв.
Чемодан доторхыг үзэж чадахгүй дөлсний минь хамгийн гол шалтгаан нь уншсан зүйл минь надад таалагдахгүй байх вий гэх айдас. Аав минь ч үүнийг мэдэх учир, урьдаас сэргийлж, чемодан дахь дэвтрүүдийг төдий ойшоохгүй байгаа мэт дүр эсгэжээ. Хорин таван жил зохиол бичиж амьдарсныхаа дараа үүнийг харах надад гуниг төрүүлэв. Гэхдээ уран зохиолыг үл ойшоолоо гэж аавдаа уурлах хүсэл надад алга... Хамгийн ихээр айсан зүйл минь, өөрөөр хэлбэл олж мэдэхээс хамгийн ихээр зайлсхийсэн зүйл минь аавын минь сайн зохиолч байх магадлал байв. Чухам үүнээс болоод л би аавынхаа чемоданыг нээхээс айжээ. Бүр өөртөө ч зориглож хэлж чадахгүй байлаа. Учир нь аавын минь чемоданаас уран зохиолын агуу бүтээл гарч ирвэл, би аавын минь дотор огт өөр хүн нуугдаж байсныг хүлээн зөвшөөрөх ёстой болно. Энэ үнэхээр аймшигтай хэрэг шүү.
Нас бие гүйцсэн хойноо ч би аавыгаа зохиолч биш, зөвхөн аав минь л байгаасай гэж хүсэх аж.
Миний хувьд, зохиолч болно гэдэг, хүний доторх хоёр дахь нууц хүнийг болон энэ хүнийг бүтээдэг тэрхүү ертөнцийг тэвчээртэйгээр олж нээнэ гэсэн үг: Зохиол гэхээр санаанд минь юун түрүүнд роман, шүлэг, уран зохиолын уламжлал биш; харин нэг өрөөнд ширээнд шигдэж суугаад ганцаар өөрийн дотор луугаа өнгийж, үүнийхээ ачаар үг, өгүүлбэрээр шинэ ертөнц цогцлоодог хүн буудаг. Энэ хүн бичгийн машин цохиж байж болно, компьютер ашиглаж ч болно, эсвэл над шиг гучин жилийн турш харандаа бариад цаасан дээр гараар бичиж ч болно. Бичингээ кофе, цай ууж, тамхи татаж болно. Хааяа ширээнээсээ босоод цонхоор гадагш, гадаа тоглох хүүхдүүдийг, азтай бол моддыг, байгалийн үзэсгэлэнг, эсвэл бүр харанхуй хана ширтэж болно. Шүлэг, жүжиг, эсвэл миний нэгэн адил роман бичиж болно. Гэхдээ энэ бүх ялгаа, хамгийн гол зүйлийн дараа, өөрөөр хэлбэл, ширээнд суугаад тэвчээртэйгээр өөрийн дотор луугаа өнгийсний дараа л гарч ирнэ. Зохиол бичих гэдэг нь дотогшоо өнгийсөн энэ харцыг үгэнд буулгах, дотогш өнгиймөгцөө олж харсан тэр шинэ ертөнцөө цөхрөлгүйгээр, тэвчээртэйгээр, хөөр баяртайгаар судлах юм. Би хоосон хуудаснуудыг шинэ үгсээр дүүргэн ширээндээ сууж, өдөр хоног, сар жилүүдийг өнгөрүүлэхдээ, өөртөө шинэ ертөнц үүсгэж буйгаа, доторх өөр нэг хүнээ, яг л гүүр, бөмбөгөр дээврийг чулуу нэг бүрийг нь тавьж, шавж барьдаг шиг, шинээр бий болгож буйгаа мэдэрдэг. Зохиолч бидний ашигладаг чулуу бол угтаа үгс юм. Үгсийг бид гартаа барилж, хоорондоо хэрхэн холбогдож буйг нь мэдэрч, хааяа холоос харж, хааяа гар хуруугаараа, үзгийнхээ үзүүрээр тэднийг илж, жинлэж, дээр дээрээс нь байрлуулсаар, олон жилийн туршид тэвчээр заан, найдлага өвөртлөн, үгсээр шинэ шинэ ертөнц бүтээдэг.
Зохиолч болохын нууц нь хаанаас ирэхийг нь таашгүй онгодод бус, харин тэвчээр, шаргуу занд оршино гэж би боддог.
Турк хэлний “зүүгээр худаг ухах” хэмээх гоё хэллэг яг л зохиолчдод зориулаад хэлчихсэн үг шиг надад санагддаг. Хуучны үлгэрүүд дэх, хайр сэтгэлийнхээ төлөө уулыг нэвт ухсан Фэрхатын тэвчээрт би дуртай; би тэр тэвчээрийг мэдэхийн дээдээр мэднэ. “Миний нэр улаан” романдаа, өч төчнөөн жилийн турш нэг л морины зураг зурсаар чээжилж, эцэстээ нүдээ боогоод ч сайхан морь зурж сурсан хуучны перс уран зураачийн тухай өгүүлэхдээ зохиолчийн мэргэжлийн тухай, өөрийн амьдралын тухай өгүүлж буйгаа би мэдэж байсан. Өөрийн амьдралаа өрөөлийн түүх болгож бага багаар хүүрнэж сурахын тулд, энэ хүүрнэлийн хүчийг дотроо мэдэрч сурахын тулд зохиолч хүн ширээнд суугаад амьдралын хамаг он жилүүдээ энэ ур, урлагт тэвчээртэйгээр зориулж, үүнд өөдрөгөөр итгэх хэрэгтэй юм шиг надад санагддаг.
Заримд нь бараагаа харуулахгүй шахам хэрнээ заримд нь тогтмол айлчилдаг онгодын тэнгэр энэ итгэл найдвар, өөдрөг занд дуртай; түүнчлэн зохиолчийн машид ганцаардаж, хичээл зүтгэл, мөрөөдөл, зохиолынхоо үнэ цэнд тун чиг эргэлзэж тээнэгэлзсэн тэрхэн мөчид, өөрөөр хэлбэл, зохиол нь ердөө түүний л зохиол болоо шив гэж бодох тэр мөчид, барьж бүтээхийг чармайсан ертөнцөөс нь тасран гарсан зохиолыг, зургийг, төсөөллийг өмнө нь дэлгэж тавих мэт болдог. Бүхий л амьдралаа зориулсан зохиолчийн ажил мэргэжилд минь, намайг хамгийн их догдлуулсан зүйл гэвэл, зарим өгүүлбэр, төсөөлөл, хуудаснуудыг би өөрөө олсон биш, харин өөр нэг хүч эдгээрийг олоод надад өгөөмрөөр бэлэглэсэн гэж бодох тэр мөч байсан юм шүү.
Би аавынхаа чемоданыг дэлгэж, дэвтрүүдийг нь уншихаас зүрхшээлээ; учир нь миний зориглон явж орсон тэр зовлон зүдгүүр дунд аав минь хөл тавихгүйг, тэр ганцаардалд бус, харин найз нөхөд, хүн олон, том танхим, наргиан наадамд дуртайг би мэднэ. Гэхдээ би дараа нь өөрөөр ч бодож үзэв: Энэ бодлууд, зовлон зүдгүүр, тэвчээрийн тухай төсөөллүүд угтаа миний өөрийн амьдрал, зохиол бичих туршлагаас үүдэлтэй ташаарал байж ч магад. Хүн олонтой цуг наргиж наадан, өнөр өтгөн гэр бүл үүсгэн, нийтэч сайхан амьдарсан олон сайн зохиолч бий. Тэгээд ч аав минь намайг багад, нэгэн хэвийн гэр бүлийн амьдралаас залхаад биднийг орхин Парис руу зорьж, зочид буудлын өрөөнд (өөр бусад зохиолчдын нэгэн адилаар) үй олон дэвтэр дүүртэл бичсэн. Чемодан дотор тэр дэвтрүүдээс зарим нь байгааг ч би мэдэж байв, учир нь чемоданаа авчрахаас өмнөх хэдэн жилд аав минь амьдралынхаа тэр үеийн тухай надад ярьж эхэлсэн юм. Бага балчир ахуйд минь ч тэр тухай ярьдаг байсан ч өөрийн хөндүүр газраа, яруу найрагч–зохиолч болох хүслээ, зочид буудлын өрөөнд хэн ч биш болж байснаа хэзээ ч уудлаагүй. Парисын гудамжинд Сартрыг харснаа хэлж, уншсан ном, үзсэн киноныхоо тухай тун чухал мэдээ дуулгаж буй мэт догдлон, чин сэтгэлээсээ ярьдаг сан. Паша нар, шашны агуу удирдагчдаас илүүтэй дэлхийн зохиолчдын тухай хуучилдаг аавтай байсан минь зохиолч болоход минь нөлөөлснийг би хэзээ ч мартаагүй. Магад би аавынхаа дэвтрүүдийг үүнийг бодож, том номын санд нь ямар их өртэйгөө санаж унших учиртай биз. Бичсэн зүйлийнх нь уран зохиолын чанарыг чухалчлахын оронд, харин аав минь бидэнтэй амьдарч байхдаа (яг л над шиг), өрөөндөө ганцаар үлдээд номууддаа, бодолдоо автахыг хүссэнийг анхаарч үзэх ёстой байх.
Гэхдээ үнэндээ ингэж яагаад ч чадахгүйгээ, аавынхаа орхисон чемодан руу санаа зовнин харангаа би ойлгож байлаа. Аав минь хааяа номын сангийн өмнөх буйдан дээр хажуулаад, гар дахь ном сэтгүүлээ тавиад, удаан гэгч нь бодлогоширч орхидог сон.
Тоглоом шоглоом, наргиан наадам, багахан хэрүүл уруултай амьдрал дунд харснаас минь огт өөрт төрх, дотогш хандсан харц царайд нь тодроход тухайн цагт хүүхэд асан би аавынхаа сэтгэл үймэрснийг ойлгож, санаа зовно. Энэ л үймэрсэн сэтгэл угтаа зохиолчдыг бусдаас ялгах үндсэн онцлогуудын нэг байсныг би олон жилийн дараа ухаарсан. Зохиолч хүн тэвчээр, уйгагүй зангаас гадна хүн олноос, хүрээллээс, өдөр тутмын амьдралаас, хүн бүрийн үзэж туулдаг зүйлсээс зугтаж, нэг өрөөнд ороод шигдэж орхих хүсэлтэй байх учиртай. Зохиол бүтээлээрээ өөртөө гүн ертөнц үүсгэхийн тулд бидэнд тэвчээр, найдвар хэрэгтэй. Гэхдээ биднийг хөдөлгөөнд оруулдаг эхний зүйл бол нэг өрөөнд, номоор дүүрэн нэг өрөөнд орж бүгэх хүсэл. Дураараа ном уншиж, зөвхөн дотоод ухамсраа даган, өрөөл бусдын үгтэй маргалдан, номуудтай ярин ярьсаар өөрийн бодол, ертөнцөө цогцлоосон чөлөөт зохиолчийн гарцаагүй нэгэн жишээ нь гэвэл модерн уран зохиолын эхлэлийг тавьсан Монтень байж таарна. Аавын минь дахин дахин уншиж, надад ч уншихыг зөвлөдөг зохиолч нь Монтень байв. Хорвоогийн аль ч хязгаарт, Өрнөд эсвэл Дорнод хаана ч бай ялгаагүй, нийгмээс тасарч, дүүрэн номтой өрөөнд бүгдэг зохиолчдын уламжлалыг дагасан зохиолч гэж би өөрийгөө харах дуртай. Миний хувьд, жинхэнэ уран зохиол гэгч нь дүүрэн номтой өрөөнд бүгдэг тэр хүнээс эхэлнэ.
Гэвч бид ганцаар бүгсэн гэж бодож буй өрөөндөө яг ч ганцаараа байдаггүй. Бидэн дээр эхлээд бусдын үг, бусдын зохиол, бусдын ном, өөрөөр хэлбэл уламжлал гэгч тэр зүйл нэгдэнэ.
Уран зохиол бол хүн төрөлхтний өөрийгөө ойлгохын тулд бий болгосон хамгийн чухал хуримтлал юм гэдэгт би итгэдэг.
Хүний нийгмүүд, овог аймгууд, ард түмнүүд уран зохиолыг чухалчилж, зохиолчдын дуу хоолойг чих тавин сонсох тусам улам бүр оюунлаг, чинээлэг болж ахиж дэвжинэ. Харин бид бүгдийн мэдэхчлэн ном шатаах, зохиолчийг доромжлох зэрэг нь тухайн үндэстний хувьд хар бараан, харанхуй мунхаг цаг үеийг дохиолсон хэрэг юм. Гэхдээ уран зохиол ердөө нэг үндэстний асуудал биш. Номоор дүүрэн өрөөнд бүгж, өөрийн дотоод руугаа аян замд гарсан зохиолч тэнд олон жилийг өнгөрүүлэнгээ уран зохиолын зайлшгүй дүрмийг олж мэднэ: Уран зохиол гэдэг угтаа өөрийн зохиолыг бусдын мэтээр, мөн түүнчлэн бусдын зохиолыг өөрийн мэтээр өгүүлэх ур чадвар юм. Үүний тулд л хүн бусдын зохиол, номуудыг уншиж аян замд гардаг.
Аав минь, зохиолч хүнд элбэг дэлбэг хүрэх мянга таван зуун ном бүхий номын сантай байлаа. Би хорин хоёртойдоо энэ номын сан дахь номуудыг бүгдийг нь уншаагүй хэдий ч ном нэг бүрийг таньж, аль нь чухал, аль нь хөнгөн, аль нь сонгодог, аль нь дэлхий дахины үнэт зүйл, аль нь орон нутгийн түүхийн зугаатай хэдий ч мартагдаж одох гэрч, аль нь аавын минь хамгаас чухалчилдаг франц зохиолчийн ном бэ гэдгийг мэддэг сэн. Хааяа энэ номын сан руу холоос хараа сунгаад, нэг л өдөр би тусдаа гарахаараа ийм номын сантай, тэр бүү хэл үүнээс ч арвин номын сантай болно гэж, номуудаараа өөрийн гэсэн ертөнцийг цогцлооно гэж мөрөөддөг сөн. Холоос харахад, аавын минь номын сан надад бүхий л ертөнцийн жижиг зураг юм шиг санагддаг байв. Гэхдээ энэ бидний өөрийн өнцгөөс, Истанбулаас харсан ертөнц байлаа. Номын сан ч үүнийг батална. Аав минь энэ номын сангаа хилийн чанадын аяллаасаа, ялангуяа Парис, Америкаас; залуудаа Истанбулд 1940, 1950-аад онуудад гадаад ном зардаг мухлагуудаас; түүнчлэн миний нэг бүрчлэн мэдэх Истанбулын хуучин, шинэ номын дэлгүүрүүдээс худалдаж авсан номуудаараа дүүргэжээ. Миний ертөнц бол өөрийн улсын (үндэсний) болон Өрнөдийн ертөнцийн холимог. 1970-аад оноос эхлээд би ч өөрийн номын сантай болохоор сэтгэл шулуудав. Зохиолч болно гэж яг таг шийдчихээгүй, Истанбул номдоо өгүүлсэнчлэн, зураач болохгүйгээ ойлгосон ч амьдрал минь цаашид ямар замаар замнахыг мэдэхгүй байлаа. Нэг талаас аливаа бүхнийг сониучирхах, дэндүү гэмээр өөдрөг сурч мэдэх хүсэл чээжинд минь оволзох ч, нөгөөтээгүүр амьдрал минь нэг л тийм “дутуу” амьдрал болж таарахыг, бусад шиг амьдарч чадахгүйгээ ойлгож байв. Энэ бодол нэг талаар, аавынхаа номын санг харах үед төрсөн тэр л мэдрэмжтэй, өөрөөр хэлбэл ертөнцийн төвөөс хол, хөдөө газар амьдарч буй мэт мэдрэмжтэй холбоотой аж. Тэр он жилүүдэд Истанбул хот, бид бүгдэд яг л тийм мэдрэмж төрүүлдэг сэн. Түүнчлэн зураач бай, зохиолч бай ялгаагүй уран бүтээлчдэдээ төдий л анхаарал хандуулдаггүй, горьдлого төрүүлдэггүй улсад амьдарч буйгаа мэдэхийн дээдээр мэдэж байсан минь ч ийнхүү бусдаас дутуу амьдарна гэж санаа зовниход минь нөлөөлсөн байж таарна. Өөрийн амьдрал дахь энэ л дутуунуудыг гүйцээх гэсэн мэт 1970-аад онд, аавынхаа өгсөн мөнгөөр гандаж, хуучирсан тоостой номууд худалдан авах үед энэ хуучин номын дэлгүүрүүдийн, замын хажууд, сүмийн хашаанд, нуранги ханын зэргэлдээ байрласан номын мухлагуудын ядуу, заваан, ихэнхдээ цөхрөл төрүүлэм хөөрхийлөлтэй дүр зураг сэтгэл эмзэглүүлдэг сэн.
Тэр цагт амьдралд ч, уран зохиолд ч хорвоо ертөнцийн “төвөөс нь хол байна” гэсэн бодол надад төрж байлаа. Хорвоо ертөнцийн төвд биднийхээс илүү баян, дур татам амьдрал бий бөгөөд би, бүх Истанбул, бүх Турк улстай цуг үүний гадна байв. Өнөөдөр дэлхийн ихэнх хүн миний адил ингэж боддог болов уу. Үүний нэгэн адилаар, дэлхийн уран зохиол гэж бий, түүний төв ч надаас алс хол оршино. Угтаа миний бодсон зүйл дэлхийн уран зохиол биш, харин Өрнийн уран зохиол бөгөөд туркүүд бид үүний ч мөн гадна байв. Аавын минь номын сан ч үүнийг батална. Нэг талд бидний нарийн ширийнийг нь мэдэж хайрладаг, хайрлахаас огтхон ч татгалзаж чадамгүй Истанбулын номууд, Истанбулын уран зохиол гэж бий. Нөгөө талд үүнтэй ер төсгүй, тийм учраас горьдлого, гуниг зэрэг төрүүлэх Өрнийн ертөнцийн номууд. Ном бичих, ном уншихын учир нь нэг ертөнцөөс гарч нөгөө ертөнцийн өвөрмөц төрх, хачин содон байдал, гайхалтай зургийг харж тайтгарахад оршиж байгаа ч юм шиг. Аав минь өөрийн амьдралаасаа Өрнө рүү зугтах гэсэндээ роман уншиж буй мэт сэтгэгдэл надад төрдөг байлаа. Би ч хожим нь үүний тулд ном унших болсон сон.
Ном гэгч нь хүний соёлын дутуугаа нөхөхийн тулд юун түрүүнд гар сунгадаг хэрэгсэл ч юм шиг надад санагддаг сан
.
Зөвхөн унших төдийгүй, бичих ч бас Истанбулын амьдралаас гарч Өрнө рүү очоод буцаж ирэхтэй адил аж. Аав минь энэ чемодан дахь дэвтрүүдийнхээ ихэнхийг дүүргэхийн тулд Парист, зочид буудлын өрөөнд бүгж, дараа нь бичсэнээ Туркт буцааж авчирсан билээ. Би үүнд сэтгэл зовниж, тухгүйтэж буйгаа аавынхаа чемодан руу ширтэнгээ мэдэрлээ. Аавынхаа чемодан руу ширтэнгээ, хорин таван жилийн турш Туркт зохиол бичиж хөл дээрээ бат бэх зогсохын тулд олноос тасарч нэг өрөөнд бүгсэнийхээ дараа, зохиолч байхын тулд, хүссэнээрээ бичихийн тулд нийгмээс, төрөөс, ард түмнээс дайжиж нуугдах хэрэгтэй болдгийн учир юу вэ гэж эсэргүүцэж орилмоор болов. Би аавдаа зохиолчийн мэргэжлийг над шиг нухацтай бодож үзээгүйд нь уурласны гол шалтгаан чухам энэ биз.
Би угтаа аавдаа над шиг амьдраагүйд нь, амьдралтай огтхон ч сөргөлдөлгүйгээр, найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ инээлдэж хөхрөлдөн цагийг зугаатай өнгөрүүлсэнд нь уурлаж байв. Гэхдээ “уурлаж байв” гэхийн оронд, “атаархаж байв” гэж хэлж болохыг, магад энэ үг илүү онохыг би мэдэх ч үүнд сэтгэл эмзэглэж байлаа. Тэгээд мөнөөх хэзээ хэзээний хэнээтэй, ууртай өнгөөрөө өөрөөсөө “аз жаргал гэж юу вэ?” гэж асууж байлаа, би. Өрөөндөө ганцаараа бүгчхээд гүн гүнзгий утга учиртай амьдарч байна гэж бодох аз жаргал юм уу? Эсвэл хүн олонтой, хүн бүртэй нэгэн ижил зүйлд итгээд, итгэж буй мэт дүр эсгээд амар амгалан амьдрах нь аз жаргал юм уу? Хүн бүртэй нийцтэй амьдарч буй мэт харагдангаа, хэн хүний нүднээс далд зохиол бичих аз жаргал юм уу эсвэл зовлон гуниг юм уу? Гэхдээ энэ бүхэн дэндүү адайр асуулт шүү дээ. Тэгээд ч амьдралын сайхан, муухайг аз жаргалаар үнэлж цэгнэнэ гэх санаа надад хаанаас төрсөн юм бол? Хүмүүс, сонин хэвлэлүүд, ер нь хүн бүр амьдралын хамаг үнэ цэн нь аз жаргалд орших юм шиг л загнадаг. Чухам энэ шалтгаанаар, үүний яг эсрэг нь үнэн байх юм биш биз гэж судалж, сурвалжилмаар байгаа биз? Тэгээд ч биднээс, гэр бүлээсээ байнга зугтсан аавыгаа би хэр таньж, түүний сэтгэл зовнилыг хэр харж мэдсэн билээ дээ?
Би аавынхаа чемоданыг ийм л санаагаар анх нээлээ. Аавын минь амьдралд миний мэдээгүй гуниг шаналал, зөвхөн бичигт буулгаж байж л давж тэссэн нууц бий болов уу? Чемоданыг нээв үү, үгүй юү аян замын цүнхний үнэрийг саналаа, зарим дэвтрийг мэдэхээ, аавын минь төдий л сүржигнэлгүйгээр олон жилийн өмнө надад үзүүлснийг нь анзаарлаа. Миний нэг нэгээр нь барилж, хуудсыг нь эргүүлсэн тэр дэвтрүүдийн ихэнхийг аав минь биднийг орхиод Парис руу явж одсон залуу насандаа бичжээ. Гэтэл би, намтрыг нь уншиж, хайрлаж дурласан зохиолчид шигээ, аавынхаа миний насан дээр юу бичсэнийг нь, юу бодсоныг нь мэдмээр байв. Ийм зүйл гарч ирэхгүйг би тун удалгүй ойлголоо. Энэ зуур би аавын дэвтрүүдийн энд тэнд нь таарсан зохиолчийн дуу хоолойнд дургүйцэж эхлэв. Энэ аавын минь дуу хоолой биш гэж бодлоо; уг дуу хоолой жинхэнэ биш, эсвэл жинхэнэ аав минь гэж боддог тэр хүнийх биш ажээ. Аав минь зохиол бичих үедээ миний аав байж чадахгүй гэх сэтгэл зовнилоос илүүтэй өөр нэг айдас намайг эзэмдэв: жинхэнэ байж чадахгүй байх вий гэсэн айдас, аавын минь бичсэн зүйлс таалагдахгүй, тэр бүү хэл аав минь өөр бусад зохиолчдын нөлөөнд дэндүү их автсаныг харах вий гэсэн түгшүүрийг давж гарчээ. Чухам энэ жинхэнэ байж чадахгүй байх вий гэсэн айдас намайг (ялангуяа залуу насанд минь ихээхэн тохиолддог байсан шигээ) бүхий л оршихуй, амьдрал, зохиол бичих хүсэл, түүнчлэнзохиолдоо эргэлзэхэд хүргэж байлаа. Роман бичиж эхэлсэн эхний арван жилдээ би энэ айдсыг илүү гүн мэдэрч, эсэргүүцэж чадахгүй, мөнөөх зураг зурахаас татгалзсан шигээ, нэг л өдөр ийм түгшүүрт автан бууж өгөөд, роман бичихээ ч орхих вий гэж айдаг сан.
Тагийг нь хаагаад холдуулсан чемодан богино хугацаанд надад ямар хоёр мэдрэмж төрүүлснийг би ярилаа: хөдөө нутагт үлдэж хоцорсон мэдрэмж ба жинхэнэ байж чадахгүйн айдас. Сэтгэлийг минь тавгүйтүүлсэн энэ хоёр мэдрэмжийг анх удаа амссан минь энэ биш ээ. Эдгээр мэдрэмжийг бүхий л хүрээ, дам нөлөө, мэдрэлийн судас, дотоод зангилаа, янз бүрийн өнгөөр нь би олон жилийн турш уншиж бичиж, ширээндээ суун судалж, олж нээж, гүнзгийрүүлсэн юм. Мэдээж хэрэг, бүдэг бадаг зовлон, сэтгэл түвдүүлэм эмзэглэл, байсхийгээд л амьдралаас, номоос надад халдварлах толгой эргүүлэм бодол зэргээр эдгээр мэдрэмжийг, ялангуяа залуудаа, би олонтоо үзэж туулсан. Гэхдээ хөдөө үлдэж хоцорсон мэт мэдрэмж хийгээд жинхэнэ байж чадахгүйн айдсыг тэдгээрийн тухай романууд, номууд бичиж бүхэлд нь таньж мэдсэн. Миний хувьд, зохиолч болно гэдэг өөрийн доторх бараг л мэддэггүй тэр нууцлаг шархаа мэдэх, тэвчээртэйгээр олж нээх, таних, бүр тод томруун гаргаж ирэх, тэгээд энэ шарх, зовлонгоо өөрийн зохиол, дүр төрхийн ухамсартайгаар хүлээн зөвшөөрсөн нэг хэсэг болгох юм.
Зохиол бичнэ гэдэг нь хүн бүрийн мэддэг, гэхдээ мэддэгээ мэддэггүй тэр зүйлийн тухай өгүүлэх юм
.
Энэ мэдлэгийг олж нээх, түүнийг хөгжүүлж хуваалцах нь уншигчдад сайтар таньдаг ертөнцдөө алмайран гайхширсаар хэсүүчлэх таашаалыг өгнө. Энэ таашаалыг бид мэдэх зүйлээ бүхий л бодит байдлаар нь бичигт буулгах ур чадвараасаа ч авна. Нэг өрөөнд бүгээд, олон жилийн туршид ур чадвараа хөгжүүлж, нэг ертөнц үүсгэхийг хичээж буй зохиолч өөрийн нууц шархны тухай бичиж эхэлснээрээ зориуд эсвэл санамсаргүйгээр хүн төрөлхтөнд гүн гүнзгий итгэж буй хэрэг. Бусад хүн ч үүнтэй адил шарх тээж явдагт, тийм ч учраас намайг хүмүүс ойлгоно гэдэгт, хүмүүс өөр хоорондоо төстэй гэдэгт би хэзээд итгэж ирсэн. Бүхий л жинхэнэ уран зохиол хүмүүсийн өөр хоорондоо төстэй гэдэгт итгэх хүүхдэрхүү, өөдрөг итгэлд тулгуурладаг. Өрөөндөө бүгээд өнө олон жилийн турш бичих хүмүүн ч ийм л хүн төрөлхтөнд, төвөөс тасарч одсон алслагдмал ертөнцөд дуугаа хүргэхийг хүснэ.
Гэхдээ аавын минь чемоданаас болон мэдээж хэрэг Истанбул дахь амьдралын маань бүдэг өнгөнүүдээс ойлгохчлон, дэлхийн гол төв биднээс хол ажээ. Ийм бодит амьдралыг туулахаас үүдэлтэй Чехов маягийн хөдөөх мэдрэмж болон өөр нэг дам нөлөө буюу жинхэнэ байж чадахгүйн айдсын тухай би номууддаа олонтоо дурдсан. Дэлхийн хүн амын ихэнх нь ийм л зүйл мэдэрч амьдардгийг, тэр бүү хэл үүнээс бэрх дутуу дулимгаа мэдрэн, өөртөө үл итгэн, дорд үзэгдэх айдаст автан амьдардгийг би өөрөөсөө мэднэ. Тийм ээ, хүн төрөлхтний хамгийн гол зовлон нь одоо хэр ядуурал, хоол хүнсний дутагдал, орон гэргүйдэл гэдэг нь үнэн... Гэхдээ одоо телевиз, сонин хэвлэл энэ бүх үндсэн зовлон зүдгүүрийг уран зохиолоос хавьгүй хурдан, амар байдлаар бидэнд хүүрнэж байна.
Өнөөдөр уран зохиолын ярих, судлах учиртай зүйл нь, өөрөөр хэлбэл хүн төрөлхтний туулж буй гол зовлон нь төвөөс гадна үлдэх, өөрийгөө хэнд ч хэрэггүй мэтээр мэдрэх айдас, эдгээртэй холбоотой үнэ цэнгүй мэт мэдрэмж, бүтэн бүлгийг хамарсан бахархалгүйдэл, эмзэглэл, дорд үзэгдэхээс эмээх айдас, төрөл бүрийн уур хилэн, гомдол, дуусаж дундаршгүй доромжлогдох төсөөлөл, үүний дүү болох үндэсний омогшил, бардамнал юм... Ихэнхдээ учир зүйгүй, хэт дэгсдүүлсэн өнгөөр илэрхийлдэг энэ төсөөллийг би өөрийн доторх харанхуй руугаа харах бүрдээ ойлгодог.
Миний өөрийгөө ядах юмгүй ижилсүүлж чадах Барууны бус ертөнцөд бүлгүүд, үндэстнүүд доромжлуулах айдас, гомдлоосоо болж үе үе ухвар мөчид гэмээр үйлдэл хийхийг бид хардаг. Барууны ертөнцөд ч сэргэн мандалт, соён гэгээрэл, модернизмыг олж нээсэндээ, хөрөнгөжиж хөлжсөндөө хэт бардаж, үндэстнүүд, улс орнууд үүний нэгэн адил ухвар мөчид бардам занд үе үе автдагийг ч би мэднэ.
Тэгэхээр зөвхөн аав маань ч биш, бид бүгд дэлхийд нэг төв бий гэдгийг ихэд чухалчилдаг аж. Гэтэл биднийг зохиол бичихээр өнө олон жилийн турш өрөөнд бүгэхэд хүргэсэн тэр зүйл угтаа үүнээс эрс өөр итгэл найдвар шүү дээ; хүмүүс дэлхийн хаана ч бай бие биетэйгээ адил учир хүн ард нэг л өдөр бичсэн зүйлийг минь уншаад ойлгоно гэх итгэл найдвар. Гэвч би өөрийн болон аавынхаа бичсэнээс мэднэ; энэ бол зах хязгаарт үлдэх, төвийн гадна үлдэхийн уур хилэнд шархтсан бэртэнгэтэй өөдрөг үзэл биш. Достоевскийн бүхий л амьдралынхаа туршид мэдэрсэн Барууны эсрэг хайр–үзэн ядалтын мэдрэмж надад ч олонтоо төрж байсан. Гэвч түүнээс сурч мэдсэн гол зүйл минь, өөрөөр хэлбэл хэт өөдрөг үзлийн минь эх сурвалж нь энэ агуу зохиолчийн Баруунтай үүсгэсэн хайр–үзэн ядалтын харилцаанаас нь замд гарч, тэдгээрээс бүр чанагш үүсгэж цогцлоосон тэрхүү цоо шинэ ертөнц минь юм.
Уг ажилд амьдралаа зориулсан зохиолч бүр энэ үнэнийг мэднэ: ширээнд суугаад зохиол бичихийн шалтгаан, олон жилийн турш итгэл найдвар өвөртлөн бичин бичсээр барьж байгуулсан тэр ертөнц хоёр маань эцэстээ бие биеэсээ холоо салж оддог. Уур хилэнтэйгээр суусан ширээнээсээ бид тэрхүү уур хилэнгийн тээр чанагш дахь огт өөр ертөнцөд хүрнэ. Аав минь ч ийм ертөнцөд очсон байж болохгүй гэж үү? Урт удаан аяллын дараа хүрэх тэр ертөнц, яг л тэнгис далайгаар удаан аялсны эцэст манан шингэрэхтэй зэрэгцэн бүхий л өнгө төрхөө гайхуулан өмнө маань тодрох арал шиг л бидэнд ид шидийн мэдрэмж бэлэглэнэ. Эсвэл энэ нь Барууны аялагчдын зүүн зүгээс хөлөг онгоцоороо ойртсоор, өглөө манан буухын алдтай Истанбулыг харахдаа мэдэрдэг зүйлтэй төстэй биз. Итгэл найдвар өвөртлөн, сониуч зандаа хөтлөгдөн гарсан урт удаан аян замын эцэст, тэнд масчид сүмүүд, сүмийн цамхгууд, ганц хоёр байшин, гудамж, овоо толгод, гүүр, өгсүүр замтай цуг нэг бүтэн хот, нэг бүтэн ертөнц байна. Яг л сайн уншигч номын хуудсан дунд төөрч орхих шиг л, хүн өмнө нь гэнэтхэн тодорсон энэ шинэ ертөнцөд хөл тавьж даруй уусан одох сон гэж хүснэ. Зах хязгаарт, хөдөө, төвөөс гадна, ууртай эсвэл гүнзгий гунигтай буй учир бид ширээнд суугаад, энэ бүхнийг мартуулсан цоо шинэ ертөнцийг олж нээнэ гэсэн үг.
Хүүхэд ахуй цагтаа, залуу насандаа бодсоны минь яг эсрэгээр, одоо миний хувьд, ертөнцийн төв нь Истанбул болжээ. Бараг бүхий л амьдралаа тэнд өнгөрүүлсэн учраас ч биш, гучин гурван жилийн туршид гудамж нэг бүрийг нь, гүүрнүүдийг нь, хүмүүсийг нь, нохдыг нь, байшингуудыг нь, сүмүүдийг нь, цоргот булгуудыг нь, хачин баатруудыг нь, мухлаг дэлгүүрүүдийг нь, танил хүмүүсийг нь, харанхуй булан тохойнуудыг нь, шөнүүдийг нь, өдрүүдийг нь өөртэйгөө ижилсүүлж хүүрнэсэн учраас тэр. Тодорхой нэг цэгээс цааш, миний мөрөөдөж төсөөлсөн энэ ертөнц гараас минь гарч, толгой дотроо бий болгосон тэр хотоос маань ч илүү бодит болно. Ингэхтэй зэрэг тэр бүх хүн, гудамж, эд зүйл, байшингууд өөр хоорондоо ярилцаж, өөр хоорондоо миний өмнө нь огт мэдэрч байгаагүй харилцаа үүсгэж, миний төсөөлөлд, миний номд биш, харин тусдаа бие даан амьдарч эхэлнэ. Зүүгээр худаг ухах шиг тэвчээртэйгээр төсөөлж үүсгэсэн энэ ертөнц минь тэр цагт надад юу юунаас илүү бодит мэт санагдана.
Аав минь, магадгүй, амьдралынхаа он жилүүдийг энэ ажилд зориулсан зохиолчдын иймэрхүү аз жаргалыг мэдэрсэн биз, түүнийг нь урьдаас үнэлж цэгнээд яах вэ гэж би аавынхаа чемоданыг ширтэнгээ бодож байлаа. Тэгээд ч тушаадаг, хориглодог, дарамталдаг, шийтгэдэг эгэл жирийн аав байгаагүйг нь, намайг хэзээ ямагт дураар минь орхиж, хэзээ ямагт дэндүү их хүндэлж байсанд нь би түүнд талархаж байв. Багын олон найзаасаа ялгаатай нь, би ааваасаа эмээх айдас гэгчийг мэдэхгүй учир төсөөлөл минь үе үе эрх дураараа эсвэл хүүхдэрхүү маягаар хөвөрдөгт хааяа итгэж, хааяа аав минь залуудаа зохиолч болохыг хүссэн учир би зохиолч болсон гэж чин сэтгэлээсээ боддог сон. Би аавынхаа бичсэнийг хүлээцтэй уншиж, зочид буудлын өрөөнд бичсэнийг нь ойлгох учиртай байлаа.
Аавын тавьж орхисон газар олон өдрийн турш хүлээсэн чемоданыг би ийм л өөдрөг сэтгэлээр нээгээд, зарим дэвтэр, зарим хуудсыг нь сэтгэлээ өгч уншлаа. Аав минь юу бичиж вэ? Парисын зочид буудлын үзэгдлүүд бичсэн байсныг нь санаж байна; зарим нэг шүлэг, зарим нэг парадокс, дүгнэлт... Би замын ослын дараа өөрт нь юу тохиолдсоныг бүдэг бадаг санаж, хэдий хэцүү ч гэлээ үүнээс илүүг санахгүйг хичээж буй нэгэн болчихсон юм шиг санагдаж байна. Багад аав ээж хоёр минь хэрэлдэхдээ тулаад ирэхээр, өөрөөр хэлбэл үхлийн гэмээр тэр анир чимээгүй мөч эхлэхээр, аав минь уур амьсгалыг өөрчлөх гэхдээ даруй радио асааж, хөгжим бидэнд болж өнгөрсөн бүхнийг илүү хурдан мартуулдаг сан.
Би ч энэ хөгжимтэй яг ижил үүрэг гүйцэтгэх, та бүхэнд ч таалагдах ганц хоёр үг хэлж сэдвийг даруй сольё! Та бүхэн мэдэх биз, зохиолч биднээс хамгийн их асуудаг, хүмүүсийн хамгийн дуртай асуулт бол энэ: та яах гэж бичдэг юм бэ? Бичмээр санагдсан учир бичдэг! Бусад хүн шиг эгэл жирийн ажил хийж чадахгүй учраас бичдэг. Миний бичдэг шиг ном бичигдээсэй, уншъя гэж бичдэг. Та нарт, бүгдэд чинь их, маш их уурласандаа бичдэг. Нэг өрөөнд бүхэл өдөржин суугаад бичих надад маш их таалагддаг учир бичдэг. Бодит байдлыг жаахан өөрчилж байж л үүнийг тэсэж тэсвэрлэдэг учир бичдэг. Би, бусад, бид бүгд Истанбулд, Туркт ямар амьдрав, яаж амьдарч байна, бүх дэлхий мэдээсэй гэж бичдэг. Цаас, үзэг, бэхний үнэрт дуртайдаа бичдэг. Уран зохиол, романы урлагт юу юунаас илүүтэй итгэдэг учир бичдэг. Бичих нэг төрлийн зуршил, шунал сонирхол учир бичдэг. Мартагдахаас айсандаа бичдэг. Алдартай байх, олны анхаарлын төвд байх таалагддаг учир бичдэг. Ганцаар байх гэж бичдэг. Та нарт, хүн бүрд яагаад маш их уурласнаа магад ойлгох биз гэсэндээ бичдэг. Бичсэнээ уншуулах дуртайдаа бичдэг. Хүн бүр надаас үүнийг л хүлээдэг гэсэндээ бичдэг. Номын сангууд үүрд мөнхөд байна гэдэгт, номууд минь тавиурт нь тавигдана гэдэгт гэнэн хүүхэд шиг итгэдэг учраас бичдэг. Амьдрал, ертөнц, бүх зүйл итгэхийн аргагүй сайхан, гайхмаар учир бичдэг. Амьдралын бүхий л гоо сайхныг, баялгийг үгээр илэрхийлэх зугаатай учир бичдэг.
Зохиол хүүрнэх гэж бус, зохиол бий болгох гэж бичдэг.
Хэзээд очих учиртай нэг газар гэж байгаад, тэнд (яг л зүүдэн дэх шиг) яагаад ч хүрч чадахгүй байгаа мэт мэдрэмжээсээ салах гэж бичдэг. Ер, яагаад ч юм аз жаргалтай болохгүй байгаадаа бичдэг. Аз жаргалтай болох гэж бичдэг.
Ажлын өрөөнд минь ирээд чемоданаа орхисноос долоо хоногийн дараа аав минь хэзээ хэзээнийхээрээ шоколад барьсаар (дөчин найм хүрснийг минь мартжээ) манайд дахин зочлов. Бид хоёр сурснаараа амьдрал, улс төр, айл гэрийн хов жив ярьж хөхрөлдлөө. Нэг мөчид аавын минь харц чемоданаа орхисон тэр булан тийш туссанаа, чемоданыг нь тэндээс авсныг минь ойлгов. Бидний харц туллаа. Хэцүү, ичмээр анир чимээгүй. Би чемоданыг нь нээж, доторхыг нь унших гэж хичээснээ аавдаа хэлсэнгүй, нүүр бурууллаа. Гэвч аав минь ойлгожээ. Би ч түүний ойлгосныг ойлгов. Ойлгосныг нь ойлгосныг минь аав ойлгов. Энэ харилцан ойлголцол хэдэн секундийн турш яаж сунаж удааширч болох вэ тэр чинээгээр сунжирч үргэлжиллээ. Учир нь аав минь өөртөө итгэдэг, тайван, аз жаргалтай хүн байсан юм: хэзээ хэзээнийхээрээ инээд алдчихав. Тэгээд гэрээс гарч явахдаа надад байнга хэлдэг таатай, урам сэргээсэн үгээ аав хүн шиг дахин давтлаа.
Би ч өнөө л сурснаараа аавынхаа аз жаргалтай, зовлон түгшүүргүй дүр төрхөд атаархан араас нь ширтэв. Гэхдээ тэр өдөр дотор минь ичгүүртэй гэмээр аз жаргалын оч гийснийг би санаж байна. Би хэдий түүн шиг тайван амгалан биш ч, түүн шиг зовлон түгшүүргүй аз жаргалтай амьдраагүй ч зохиол бичиж чадсан гэх тэр мэдрэмж... та ойлгосон байх. Би аавыгаа ингэж бодсондоо ичиж байлаа. Тэгээд ч аав минь хэзээ ч амьдралын минь дарангуйлагч төв цэг болоогүй, намайг чөлөөтэй орхисон шүү дээ. Энэ бүхэн бидэнд бичихүйн, уран зохиолын угтаа амьдралын маань төв дэх нэг дутуу зүйлтэй, аз жаргал, гэмшлийн мэдрэмжтэй гүнзгий холбоотойг сануулах учиртай.
Гэхдээ энэ түүхийн минь надад бүр ч гүнзгий гэмшил төрүүлсэн нөгөө тал буюу тэр өдөр даруй санаанд минь буусан өөр нэг хэсэг бий. Аав минь чемоданаа надад үлдээгээд гарч явахаас хорин гурван жилийн өмнө, би хорин хоёртойдоо бүхнийг орхиод романч болохоор шийдэж, өрөөндөө шигдээд, үүнээс дөрвөн жилийн дараа анхны роман “Жэвдэт бэй ба түүний хөвүүд”-ээ дуусгаад, хараахан хэвлэгдээгүй номынхоо бичгийн машинаар цохисон нэг хуулбарыг нь уншиг, надад санал бодлоо хэлэг гэж гар чичирсээр аавдаа өгч билээ. Дан ганц таашаал, оюун ухаанд нь итгэсэндээ бус, харин ээжээс ялгаатай нь аав минь намайг зохиолч болно гэхэд эсэргүүцээгүй учир аавын саналыг авах, ааваар батлуулах нь миний хувьд чухал байв. Тэр үе аав минь бидэнтэй цуг биш, хол газар амьдарч байсан юм. Би аавынхаа эргэж ирэхийг тэвчээр алданхан хүлээлээ. Арван дөрөв хоногийн дараа ирэхэд нь би гүйж очин хаалгаа тайлав. Аав минь юу ч хэлсэнгүй, харин намайг жигтэйхэн чанга тэврэхэд нь л ном минь түүнд үнэхээр их таалагдсаныг ойлголоо. Дэндүү их догдолсондоо бид хоёр барих тавихаа мэдэхгүй, ам нээж чадахгүй хэсэг ээрч гацав. Дараа нь тайвшраад ярьж эхлэхэд аав минь надад эсвэл анхны номд минь итгэж буйгаа дэндүү догдолж, дэгсдүүлсэн өнгөөр илэрхийлээд, өнөөдөр машид баяртайгаар гардаж буй энэ шагналыг (Нобелийн утга зохиолын шагнал) нэг л өдөр хүртэхийг минь хэлж орхих нь тэр.
Аав минь энэ үгийг түүнд итгэсэндээ эсвэл энэ шагналыг зорилго болгож харуулахаас илүүтэйгээр, хүүгээ дэмжиж урамшуулах гэсэндээ “нэг л өдөр паша болно шүү, миний хүү!” хэмээдэг турк аавууд шиг хэлж билээ. Олон жилийн турш намайг үүндээ үнэмшүүлж, урамшуулах гэж энэ л үгээ дахин дахин давтсаар байв.
Аав минь 2002 оны арван хоёрдугаар сард таалал төгссөн.
Надад энэхүү шагнал, алдар нэрийг хүртээж буй Шведийн академийн хүндэт гишүүд, эрхэм зочид оо, өнөөдөр аав минь бидний дунд байсан ч болоосой гэж би ямар их хүснэ вэ.
Сэтгэгдэл бичих