Нийтлэл 01 сарын 17, 2019

FACEBOOK TRENDING: Тэр охин

Хэрвээ Шекспир одоо үед амьдарч байсан бол түүн шиг охидын талаар Давинчигын Жакодогын хөргийг бүтээсэн шиг тийм нэг сайхан зохиол бичих байсан даа гэж зүрхний минь гүнээс нэгэн даруухан бөгөөд дэндүү давлиун нэгэн хүн өдөр бүр зөөлөн шивнэх шиг болдог юм.

Түүний уруул нь яг л чихэр шиг амттай.  Би түүнийг чихэртэй зүйрлээгүй шүү  зүгээр л тэр үргэлж чихэр иддэг учраас уруулаас нь өнөөх чихрийн амт ямагт үл сална.

Тэр үнэхээр торго шиг зөөлөн тэгээд бүр шув шулуун сайхан үстэй. Түүний үс салхинд хийсэж үл ялиг арзайхад нь би түүнд бүр ч илүү донтдог. Харин тэр оронд нь үсээ хүзүү дагуулан сул сүлжээд буржгар үстэй л болмоор байна гэж гомдоллодог.

Тэр нарны өөдөөс ч зориглон хардаг хурц нүдтэй. Түүний нүд байдаг л нэг онигор нүд   гэхдээ тэр  хорвоо дээрх бүхий л зүйлсийн гоо үзэсгэлэнг түрүүлж хардаг учраас би түүний нүдийг ертөнц дээрх хамгийн үзэсгэлэнтэй нь гэж боддог. Хэрвээ хэзээ нэгэн цагт надад байж боломгүй аз тохиож түүний нүдээр хорвоог харах боломж олговол урьд өмнө нь төсөөлж ч үзээгүй тийм сайхан өнгөт орчлонг харна гэдэгтээ би бат итгэдэг.

Түүний инээх нь үзэсгэлэнтэй. Уйлах нь бүүр үзэсгэлэнтэй. Хорвоогийн бүхий л зүйлийн уй гунигийг хуваалцахдаа тэр үргэлж бэлэн явдаг нь үзэн ядмаар ч энэлэн зовох нэгэнд туслах гэж хичээнгүйлэх түүн шиг хүн ховор болохоор чимээгүй урсан хацар дагах нулимсан дусал бүрийг нь хайрламаар.

Тэр итгэмээргүй чалчаа. Түүнийг гэртээ үгүйд тэнд ямарч аниргүй. Харин түүнийг хаалганы өмнө түрхүүрдэж эхлэхэд энэ дэлхийн бүхий л хөгжмийн нот зэрэгцэн хангинах шиг тийм сүр дуулиантай.  Гудманд хэнтэй тааралдсан, хуучны танил нь түүнд юу  гэж хэлсэн талаар, өглөөний сонингийн гарчгууд, мэдээгээр зарласан алга болсон охины талаар, даргынх  нь хүүхдийн оймс шиг өнгөтэй зангианы талаар, цайны цагийн сонин хачин, түүний сонсдог дуунуудын талаар, шинээр нээлтээ хийх кинонууд , автобусанд болсон гэнэтийн адал явдлын талаар гээд түүний амьдралын хором бүрийг алдалгүй хуваалцах завшаан надад л ганц тохиосон гэж бодохоор улам бүр түүнийг хайрламаар. Яах бол гээд түүнийг сонсоогүй мэт царайлж эхэлмэгц дуугаа хураагаад энд тэнд очоод чимээгүй суунгаа намайг аргадахыг сэм хүлээнэ. Тэр үнэхээр чалчаа. Гэхдээ дэндүү өхөөрдөм

Тэр шилдэг эгч, шилдэг дүү, сайн найз, сайн сонсогч,сайн ярилцагч,  сайн зөвлөгч товчоор хэлбэл сайн охин. Тэр итгэмээргүй тэвчээртэй. Заримдаа бас итгэмээргүй тэвчээргүй.  Ялаа дүнгэнэлдэн нисэхийг тэвчиж чаддаггүй тэгээд надаас тэдний учрыг олохыг гуйна. Хөөцөлдөж хөөцөлдөж учрыг олонгуут тэднийг өрөвдөж гунигт автдаг тэр тийм өрөвч нэгэн.

Тэр дэндүү тайван. Хажууд нь бөмбөг тэсэрч байсан ч  хашхичиж сандралгүйгээр аюул багатай жижигхээн булан олж суугаад дуусахыг нь чимээгүй хүлээнгээ бөмбөгдөлтийн дараах бүтээн байгуулалтын талаар бодох тийм д тайван хүн.

Тэр жаахан хүүхэд шиг л итгэмтгий. Түүнд үнэмшилтэй харагдахын тулд жаахан сүртэй царай гаргаад нүдээ томруулж байгаад нээрээ, үнээн гэж хэлэх төдийд л итгэж орхидог гэнэн нэгэн. Гэхдээ бас байр суурин дээрээ бат зогсохыг хичээх боловч эцэст нь тэр миний л талд орчихсон нээрээ гэж хэлээд гүйж байдаг.

Тэр өөрийгөө мөнхийн 18 настай өсвөр насны охин мэтээр төсөөлдөг байх тиймээс л  үргэлж  л жаахан охин мэт аашилна. Гэхдээ түүнд энэ нь их зохино. Би түүнийгээ томоос том гэдэстэй болчхоод гутлаа үдэж чадахгүй байна туслаач гээд гаргах царайг нь харна гэхээс тэсэн яддаг. Тэр тийм л өхөөрдөм.

Тэр таргалалтыг үзэн яддаг ч түүнтэй тэмцэх зүрх зориг түүнд байдаггүй. Зүсэм амттайхан бялуу хараад л инээд нь хүрч амсахын түүс болж өөрт байгаа юугаа ч зориулахаас буцахгүй тийм хүнд хаанаас тийм  зориг байх билээ. Гэхдээ тэр хөвсийж булцайсан ч энэ ертөнцийн хамгийн төгс хөвсгөр байх болно. Байсаар ч байна.

Түүнтэй анх уулзахад надаас итгэмээргүй гэнэтийн зүйл асуусан. Сайн уу гэж хэлээд л залгуулаад чи хэр Романтик хүн бэ гэж асуугаад цоо ширтээд намайг байх газаргүй болтол ичээж билээ. Би энэ үгийг кинон дээр л сонсож байсан юм байна гэж хариулахад аальгүйвтэр инээснээ  ” харин би романтик шүү. Би английн уран зохиол унших дуртай болохоор романтик гэдэг үг бол миний амьдралд талх шиг л хувь эзэлдэг” гэж хариулаад л зүрх сэтгэлийг минь 100 хувь татсан хэрэг. Түүнийхээр романтик болзоо гэдэг бол,

  • Модны сүүдэрт хэвтэнгээ хэсэг дуг хийх
  • Голын эрэг дээр сууж, чулуу үсэргэн тоглох
  • Зөөлхөн салхитай намуухан өдөр хамтдаа алхах
  • Шөнийн тэнгэр, одод, бид хоёр
  • Зүлгэн дээр хооллох
  • толгод дээр сууж ном унших
  • Борооноор шүхэргүй алхах
  • Өглөөний цай хамтдаа бэлдэх
  • Гудамжны хөгжимд галзуу мэт бүжиглэх
  • Хэн ч хараагүй мэт өөрийнхөөрөө аашлах
  • Хөл нүцгэн гудамжаар алхах
  • Нар жаргах шингэхийг харах
  • Joni Mitchel-ын дуунуудыг сонсох бас хэсэг бодлогошрох
  • Уянгын кино үзэх, тэврэлдэн хэвтэх
  • Түүний зүүдэлсэн элдэв сонирхолтой зүүдний талаар ярилцах

Ширтэлцэх, элдэвтэй тоглоомууд энэ бүгдгүйгээр түүний амьдралыг төсөөлөхийн аргагүй.                      Хар усан борооноор хүмүүс бүгд хорогдох газар хайн ийм тийш холхилдоход хэн ч түүнийг хараагүй мэт бүжиглэх тэнэг санаа зөвхөн миний дэггүй охиноос л гарна.Өөр хүмүүсээс бараг л тийм санаа гарахгүй байх.  Тиймээ тэр дэндүү хайр хүргэм. Гэхдээ тэр дэндүү энгийн. Хамгийн энгийн төгс нэгэн. Бурхан түүнийг эрэгтэй хүн болгож төрүүлсэн ч би түүнийг хажууд анд минь гэчихсэн л дагаж явах байх. Хүнийг яаж ч харсан төгс зүйл байдаггүй. Гэхдээ миний нүдээр тэр бол хорвоо дээрх хамгийн төгс нэгэн. Хамаг байгаа бүхнээ амьдралынхаа эцсийн мөч хүртэл өөр хэнд ч хуваалгүй зөвхөн түүнд зориулмаар тийм л төгс нэгэн .

16.01.2019 Oyu KB

Oyu Positive Mongolians

 

Сэтгэгдэл бичих

arrow icon