Нийтлэл 01 сарын 17, 2019

Буруутны бүлэгт хуваагдсан Монгол

Нэг ийм ёгт үлгэр дуулж байсан байж магад, орон оронд хэлэгддэг. Хөх дэглий үнэгнээс үүрийг минь сахиж байгаач, өндөгнүүдийг минь хамгаалж байгаач гэж гуйж гэнэ. Үнэг уг нь үнэнчээр хамгаалахаар үлдсэн ч тоншуул тонших шинжийн байхаар нь хамгаалж сандарч байгаад гишгээд хагалжээ. Ингээд Соломон хааны өмнө очжээ. Соломон үнэгнээс асуухад мэдээж тоншуулаас хамгаалах гэсэн юм гэжээ. Тоншуул гэтэл яст мэлхий хуягаа өмсөж байхаар нь сандраад сануулж байтал тийм юм болсон гэжээ. Яст мэлхий нь гэтэл хандгай эврээ хурцлаад байсан гэж. Хандгайнаас асуутал хавч хөлөө ирлээд байсан гэх юм. Хавчийг байцаавал хөх дэглий хүүхдүүдийг нь чиглээд ирж байгааг хараад бэлдэх байдал авч байсан юм гэжээ. Ингээд өндгөө хагалуулсан хөх дэглийний өөрийнх нь буруу болж дахиад өндөглөхөөр шийтгүүлэх юм. Буруутан хайсан нь гэдэг үлгэр.

Одоо Монголын улстөрийг харахаар энэ үлгэр цаашаа. Улс орон сөнөхдөө тулж гэнэ. 60 тэрбумын гэгдэх нөхөд өндөг хагалчих гээд байна гэсээр байгаад Хүрэлсүх гэж сүр данзан гарч ирсэн. Гэтэл тэд нь жижиг дундыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг хуваагаад иджээ. Тэр нь яагаад гэвэл АН гэж чаралбаа АСЕМ, бонд гэх мэтийг идсэнээс болсон юм байх. Гэтэл аль нь ч үнэндээ буруугүй ба эврээ хурцалж хуягаа өмсөөд байгаа нь М.Энхболд гэнэ. Мань хүнээс цочоод нэг нь ждүдэж, нөгөө нь асемдах мэтээр гинжин хэлхээ явсаар байгаад өндөг хагарсан юмдаг уу даа. Яван явсаар өндөгний эх болох Үндсэн хууль, эднийг сонгож гаргасан ард түмэн буруутах нь холгүй сууж байна, арай сонгодог уу?

Дээрх үлгэр асуудалд системээр нь зарчмын дагуу объектив хандахаас илүү субъект буюу хэн нэгнийг буруутгах, буруутан хайх сэтгэлгээг ёгтолж байгаа юм. Манай нийгэм аливаа асуудалд яг ингэж ханддаг. Салбарт ойр ажиллаад харж байхад Монголд нэг улстөрийн акц амжилттай болоход нэг “буруутны бүлэг” шинээр үүсдэг. Тэр бүлэг нь бүх юманд буруутдаг. Жидүүчид бол хамгийн сүүлд шинээр үүссэн бүх юманд буруутаад байгаа бүлэг. Тэрний өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар хужаа нар гэх бүлэг үүссэн. Тэднийг ялсан монголчууд гэдэг нэг сонин бүлэг байгаа. За тэгээд мүүнчид, 60 тэрбумчид, оффшорчид гэх мэт дандаа улстөрийн акцаас гаралтай, арав хориод жилийн өмнө Монголын нийгэмд үзэгдэж харагдаагүй шинэ “үндэстэн ястан”-ууд олноор бий болсон. Уг нь дөнгөж саяхан л бүгд нүүдэлчин, бүгд коммунист байсан биш билүү?

Анх жижиг дундын сантай холбоотой асуудлын эсрэг тэмцэлд уриалж байснаа байр сууриа өөрчилсөн гэж намайг цаазаар авах нь холгүй байгаа. Байр сууриа өөрчлөх юу байхав. Яг л дээрх бүлгүүдийг төрүүлдэг технологиор улстөрийн акц эхэлмэгц иргэдийн зүй ёсны тэмцлийн хажуугаар тийм юм яваад байна гэдгийг л хэлж байгаа. Үнэн үг хэлсэн хүнд үхэр монголчууд өстэй. Төрийн буюу иргэдийн хөрөнгийг албан тушаалаа ашиглан дундаа хувааж идсэн санхүү, эдийн засаг, хууль шүүхийн асуудал улстөрийн асуудал болж хувирсан. Уг нь бол энэ төрлийн акцыг явуулахдаа хэвлэл мэдээлэл, уран бүтээлчид, төлбөртэй жиргээчид ашигладаг байсан бол их сургуулийн багш нар хүртэл нэмэгдсэнийг мэдээд бас л өөртөө сум аван барин “тагнуулын” мэдээ дамжуулсныг яана.

Ер нь буруутны бүлэг үүсгэх иймэрхүү акц явах болгонд л хэлж ирсэн дээ. 60 тэрбум гэж шуурч байхад наадуул чинь л хулгайч, бусад нь гэгээн цагаан, тийм үлгэрийн юм байхгүй гэж энд бичээд бас л хужаа болж, цаазаар авахуулах дөхсөн. Өнөө тэмцдэг баатрууд нь жилийн дараа төрийн санг нь хуваагаад идчихсэн байсан. Тэгмэгц Хөгжлийн банкнаас миний бизнес бүтэлтэй болох юм бол орлогоос нь төлнө гээд 40 сая доллар 20 тэрбум төгрөг хүүгүй аваад явсан хунтайж баагий, тансаг вилла барихын тулд арав биш бүр зуун тэрбумаар нь зангарагтай зээлдэг бас бус баагий, нүүрсний үнэ өсөөд сайхан тансаглаж байтал засгийн тамгаа булаалгасандаа хорссон хэдэн баагий нийлээд Засгийн газар огцруулах улстөр хийж, өөдөөс нь жидүүчид гэгдэх засгийн фракц спикерийг огцруулах улстөр хийсээр өнөөдрийг угтаад байгаа нь энэ.

Жилийн өмнө 60 тэрбумчид л биш шүү гээд Женког тэргүүндээ залан барин жигшиж байснаа өнөөдүүл нь өөр костюм өмсөөд гарч ирээд энэ хэд жидүүчид шүү гээд нохой туулгамагц хүссэн чиг рүү нь харан хуцалдах. Монголчуудын ийм загасны ой санамж, мэдлэг учир шалтгаан биш сэтгэл хөдлөлд суурилсан зан төлөв, өөрсдийг нь юу ч ойлгохгүй санахгүй тэнэг малууд гээд доромжлоод байхад хүлцэх боолын сэтгэхүй, буруутан хайсан хүн төвтэй сэтгэлгээг хэдэнтээ ч үзсэн бараг хулгайч улстөрчдөөс нь илүү жигшмээр байдаг юм.

Өөр оронд улирал тутам байтугай 10 жил амьдраад ч шинэ буруутны бүлэг үүсэхийг лав үзээгүй. Улстөр нь нэг их цэвэр сайхандаа биш, хоорондоо адилхан байж энэ ч буруутай, тэр ч буруутай гээд элдэв уран сэтгэмжит гарчигтай уран зохиолын кино хийгээд байхыг иргэд нь хүлээж авахааргүй ухаантай болохоор л тэр. Тэгээд нийгэм хэзээ тийм болдог юм бэ? Аль болох товчхон,   ямар ч субъектэд, хэнд ч, бүр төрсөн хүүхдэдээ ч ижил зарчмаар ханддаг болсон үед.“Нийгэм аливаад абстракт зарчмаар ханддаг болж эхлээгүй байхдаа амьтны сүрэг байдаг” гэж нэг гүрү хэлсэн байдаг л юм. Амьтны сүрэгт ойр шатандаа байгаа нийгэм аливаа асуудлыг хувийн шалтгаанаар л тусгаж авч, хэн нэг хувь хүнийг шонд өлгөж санаа амардаг. Миний хувьд олон жил янз бүрийн хулгайн эсрэг олон нийтийн анхаарлыг хандуулах гэж бичиж үзсэн, жидүүгийн асуудал асар өндөр авахаар нь эхэндээ гайхсан. Бодоод байхад яг л өөрийнх нь ходоодонд хамаарах асуудал учраас, өөрөөр хэлбэл амин хувьд нь очиж туссан болохоор юм билээ.

Бид абстракт зарчим, хатуу тодорхой дүрмүүдээр асуудлаа тодорхойлж сураагүй учраас л ямар ч хууль дүрмээр шийдэхийн эцэсгүй Шившгийн хөндий, Шударга бусын хонгил гэх мэт гошин гошин хэлээр ярилцах хэмжээнд байна. Бүрхэг байх тусмаа хүссэн хүнээ авчирч наагаад буруутны бүлэг үүсгэх улстөрд нь таатай. Абстракт зарчмаар асуудлаа тодорхойлж сураагүй учраас л ард түмнийг байс хийгээд шинэ бүлгүүдэд хувааж улстөрчид санаснаа хийж ирлээ. Улсын Ерөнхийлөгч Прокурор хоёр яах гээд зэрэгцэж сууж байгаад энэ ч буруутай, тэр ч буруутай гээд хэвлэлийн хурал хийгээд хэрэлдээд байгаа юм бэ? Та нарт л хэн нэг буруутан зарах гээд байгаа хэрэг. Уг нь бол ардчилсан орон, хайнаагаа та нараар хагалуулах гээд байдаг. Та нарын ухаан л мэдэх хэрэг.

Тэгээд ждү асуудалд жишээ нь ямар зарчмаар хандах ёстой гэж? Хүн зодуулчихсан байвал том биетэй жижиг дунд биетэй гээд өөрөөр шийтгэдэггүй биз дээ? Эсвэл таньдаг хүн чинь цохисон байна гээд ялаа хөнгөрүүлэх ёсгүй биз дээ?(Монголд өөр байж магад ч). Үүнтэй л адил. 28 сан, хорин зуун төрлийн төсөл хөтөлбөрөөр төсвөөс хулгайлж ирсэн. Бүгдэд нь ижил зарчмаар ханд. Бүгдэд нь прокуророос ял нэх. Be abstract! Бас хувь чиний асуудалд хэн нь ямар хамаатайг март. Чамд цалин өгдөг байж болно, харж үзсэн байж болно, бүр ах дүү чинь амраг садан чинь байсан ч зарчмаа бүү өөрчил. Энэнээс өөр батлагдсан хулгай хаана байна гэж асуухаас ич. Нүдэн дээр чинь өдөр тутам, жил тутам, УИХ бүр, Засгийн газар бүр нийлж хулгай хийж ирсэн. Мэдлэгээ, мэдээллээ тэлээд мал хамгаалах, жижиг дунд, тариалан эрхлэх сангуудыг хэн хэдэн онд шууд сайд цохохоор болгосон байна наад захын гүүгл хайлт хийгээд олж мэд. Мэдэх тусам жидүү хулгайчид гэдэг нэршил жижиг дунд хүчирхийлэгч гэж байгаа юм шиг утгагүй сонсогдож ирэх болно. Тэд нар хулгайч биш гэж хэлж байгаа юм биш гэдгийг анхаараарай, бусдынх нь өгөөш бүү бол гэж байна. Нийтээс татсан хөрөнгийг нэг хэсэгт нь зах зээлээс бага хүүтэй ихээр зээлээд байх нь ямар уршигтайг энд аудио хэлбэрээр тайлбарласан. Зарчмаа илүү абстракт түвшинд гаргахад чинь бага сага нэмэр болж магадгүй.  Ер нь бол Монголд олон сүр сүр нийгмийн анги бүлэг байхгүй. Иргэд бий. Нам бий. Төр бий. Эсвэл ердөө л хоёр бүлэг бий. Хулгайчууд ба тэдний гар хөл, тэгээд бусад нь.

Хулгайд өртсөн тал болох жирийн иргэд бид өндгөө хулгайд алдсан хохирогч хэрнээ нэг бол тоншуулын улстөрд итгээд хавчны талд орж, нэг бол хандгайн талд орж яст мэлхий буруутгаж явсаар сөнөхөд тулаад байна. Одоо бидний хөгжсөн нийгэм гэж гайхаж атаархаж хардаг улсууд хавчинд ч хандгайд ч абстракт зарчмуудаар асуудалд ханддаг нийгмүүд.

Үлгэр дуусахад хөөрхий Хөх дэглий  Соломон хаанаас хүлцэнгүй гээч нь асуудаг -Миний шийтгэл тэгээд юу байх вэ? гэж. Энэ хорвоод үнэгүй юм гэж байхгүй, тэнэглэл хамгийн үнэтэй.  Эд нарын буруутан хайх тоглоомоос эртхэн гарахгүй бол өндөг ч хага, өөрсдөө ч нуга, үзтэл Украины араас явж байна шүү.

 

arrow icon