Нийтлэл 01 сарын 21, 2019

Санаа бүтээх техник

James Webb Young-н "Санаа бүтээх техник" номын хураангуйн 3 дугаар хэсгийг хүргэж байна. Энэхүү бяцхан номондоо James Webb Young нарийн ширийн онол зарчимуудаас илүүтэй үнэ цэнэ бүхий чухал зүйлийг бид бүхэнд зааж өгчээ. Ширхэг харилцаа болгоны мах яс төдийхнийг бус, түүний амин сүнс нь гэж хэлж болохуйц санаа (idea буюу шинэ санаа) гээчийн тухай энд өгүүлэх болно. Хэдий эрдэмтэд шалихгүй зардлаар хүний бие махбодыг угсарч чадах ч, түүндээ амь шившиж үл чадна. Young-ийн энд бичсэн буй нь бүхий л бүтээл туурвилын амь нь болох санаа юм. Чухам санаа л зар сурталчилгаанд утга учир оноож, амь шившиж өгдөг. Зар сурталчилгаа бүтээгчид өөрийн ур чадварыг бүрэн дайчлахын төлөөнөө үүнээс илүү чухал зүйл гэж үгүй билээ.

Туурвин бүтээх процесс дахь сэтгэлийн үйл ажиллагааг дүрслэн тэмдэглэх Young бол бидний дундах суут сэтгэн бодогчдын цувааг залгах эрхэм гарцаагүй мөн гэж санагдана. Бертран Рассел, Альберт Эйнштейн зэрэг суут эрдэмтэд дээрх сэдвийн талаар түүнтэй бараг ижил утгатай номлол хэлсэн нь, Young-ийн агууг илтгэх хөдлөшгүй нотолгоо мөн биз. Мэдлэг хэдийгээр сайн бүтээлч сэтгэлгээний суурь мөн боловч, мэдлэг ганцаараа хангалтгүй. Мэдлэг эхлээд сайн гэгч нь тархинд боловсроод, эцэстээ шинэлэг сэлгэмэлийн сэдэл төрүүлэхүйц хэлбэрээр сэтгэлд урган гарч ирсэнээр л сая утга учрыг олно, гэдэг дээр тэдний санал нийлдэг. Эйнштейн үүнийг Intuition буюу зөн совин гэж нэрлээд, зөн совин л шинэ ойлголтонд хүрэх цорын ганц зам мөн гэж хэлсэн байдаг.

Толгойд харвасан алив санаа үнэ цэнэтэй эсэхийг юу ч эс баталгаажуулна. Үүнийг хамгийн түрүүнд хэлсэн хүн нь Young болов уу. Санааны сайн муу гэдэг бол, түүнийг бодож олсон таны генийн санг хүртэл хамруулаад, ер таны бүхий л шинж чанар, зан араншин, ур чадвараар шийдэгдэнэ. Гэвч, Young-ийн уг номоороо туйлын энгийн тодорхой эмхэтгэн толилуулах аргачлалыг баримтлан санаа олоход шамдвал, та өөрийн ур чадвар хийгээд шинж чанараа дээд хэмжээнд нь тултал дайчилж чадах буй за.

Санаа гэдэг бол шинэ сэлгэмэл

Тэгэхээр “Санаа гэдэг бол хуучин санаануудын шинэ сэлгэмэл” болон “Шинэ сэлгэмэл олж зохиох авъяас нь аливаа зүйлсийн харилцан хамаарлыг олж харах авъяасаар бэхжиж байдаг” хэмээх 2 зарчмыг сэтгэлдээ сайн тогтоож аваад, үүнээс цааш бодитоор санааг бүтээх тэрхүү аргачиллын заавар болохуйц зүйлийн тухай тайлбарлаж өгье.

Өмнө ярьсанаа давтан онцлоход, санаа бүтээх үед бидний сэтгэлзүй яг л Форд машиныг үйлдвэрт бүтээхтэй авь адилаар тогтсон тодорхой алхмуудад захирагдан ажиллаж байдаг.

Өөр үгээр хэлбэл, уг зорилгын төлөө сэтгэлзүйгээ ашиглахад зориулсан арга технологи гэж байдаг бөгөөд, санаа бүтээхээр шамдах явцад үргэлж тэр арга технологи нь санаатай болон санаандгүйгээр хэрэглэгдэж байдаг, мөн уг арга технологийг ухамсартайгаар хөгжүүлэн сайжруулах ч боломжтой төдийгүй, тэгж хөгжүүлсэнээр санаа бүтээх чадвар ч сайжрах боломжтой.

Тэгвэл тэрхүү сэтгэлзүйн арга технологи маань 5 үе шаттайгаар ажилладаг. Лавтайяа та бүхэн бүгд тэр 5 үе шатыг гарцаагүй өөрийн биеэр туулж үзсэн болов уу гэж санана. Гэвч чухал нь гэвэл, эдгээр 5 үе шатын хоорондын уялдааг сайтар ойлгож, уг 5 үе шатыг бидний сэтгэл тодорхой дарааллын дагуу туулж өнгөрөх ёстой гэх фактыг тогтоож авах шаардлагатай. Нэг ёсондоо, үнэхээр л санаа бүтээмээр байгаа бол тэрхүү 5 үе шатын аль ч шатанд орохдоо өмнөх үе шатаа бүрэн туулж дуусгасан байх ёстой гэсэн үг юм.

5 үе шатын эхнийх нь материал цуглуулах явдал.

Ийм илэрхий ойлгомжтой энгийн үнэнийг ярьсанд та бүхэн лавтайяа гайхацгааж байгаа биз. Тэгсэн хэрнээ бодит байдал дээр энэхүү нэгдүгээр үе шатыг бид хичнээн үл тоомсорлодогоо бодоод үзвэл бас л гайхан уулга алдмаар.

Материал цуглуулах ажил гэдэг тийм ч хурууны үзүүрийн хялбар ажил бус, үнэндээ залхмаар яршигтай ажил байдаг тул бид бүхэн хэзээд үүнийг халтуурдан аргалахаа боддог. Материал цуглуулахад зарцуулах ёстой цагийг хоосон гиеүрсээр өнгөрөөх ч юм уу, эсвэл системтэйгээр материал цуглуулахын оронд гэнэт тархинд оч харвахыг хүлээн ангайж суудаг. Энэ мэт хандлага нь дараалсан үе шатуудыг давж алгасаад шууд дөрөвдүгээр үе шатанд сэтгэлээ аваачихыг санаархаж буй оролдлого юм.

Цуглуулах ёстой материалыг дотор нь тусгай материал болон ерөнхий материал гэсэн хоёр төрөлд хуваана.

Зар сурталчилгаа дээр ярих юм бол тусгай материал гэдэгт нь тухайн бараа бүтээгдэхүүн болон, түүнийгээ зарахаар төсөөлж буй зорилтот хүмүүсийн тухай мэдээлэл орно. Бид бүхэн бараа болон хэрэглэгчийн талаарх нарийн ширийн мэдлэгтэй байхын чухлыг үргэлж онцолдог хэрнээ үнэндээ барагтай бол тийм ажил хийдэггүй.

Минийхээр бол, бараа бүтээгдэхүүн хийгээд түүнтэй хамааралтай хүмүүсийн талаарх жинхэнэ мэдлэгт дөхөж очих нь тун бэрх гэдэг нь гол шалтгаан болов уу гэж боддог. Мэдлэг цуглуулах нь, зохиолч Maupassant-ийн зохиолоо бичихэд суралцах арга болгон ах зохиолчоос нь санал болгосон процесстой зарим талаараа төстэй. “Парисын гудамжаар гарч алхагтун” гэж ах зохиолч зааж өгчээ. “Тэгээд нэг таксины жолоочтой таарна. Тэр залууд бусад таксины жолооч нараас ялгарах юу ч үгүй юм шиг харагдах биз. Гэвч чиний нүдэнд тэр залуу энэ хорвоогийн бусад ямар ч жолоочоос ялгаатай нэгэн бие хүн болж харагдах хүртэл нь чи тэр хүнийг судлахгүй бол болохгүй юм”. Бараа болон түүний хэрэглэгчийн талаарх нарийн мэдлэг олж авах тухай өдийг хүртэл улиг болтол нь сонсож ирсэн яриануудын жинхэнэ санаа гэдэг чухамдаа үүнд л бий. Бид бүхэн гол төлөв энэхүү мэдлэг цуглуулах процессийг арай дэндүү эрт зогсоож орхидог. Өнгөн хэлбэрийн ялгаа олж хараагүй төдийд л огт ялгаагүй юм байна гээд бодчихно. Гэвч хангалттай гүнзгий, эсвэл лав гэгч нь ухаж судалвал бараг бүхий л тохиолдолд бүх бараа бүтээгдэхүүн хийгээд тодорхой төрлийн хэрэглэгчидийн хооронд шинэ санаа төрөн гарч ч мэдэхүйц хамаарлын өвөрмөц шинж олддог билээ.

Энд нэгэн савангийн зар сурталчилгааг жишээ болгон татаж болмоор. Анхандаа тэр саванд, бусад олон савангууд дээр төдийг хүртэл хэлэгдэж байгаагүй боловч зөвхөн энэ саван дээр л анх удаагаа хэлж болохуйц ямар нэгэн шинэлэг зүйл огт байхгүй юм шиг бодогдож байлаа. Тэгтэл тэр саван болон арьс, үс хоорондын хамаарлыг судалсаны үр дүнд, дээрх сэдвээр нэлээдгүй зузаан нэг бүтэн ном бий болов. Ингээд уг номноос зар сурталчилгааны 5 жилийн хэрэгцээг хангачих дайны хуулбар санаанууд төрөл төрлөөрөө ундран гарч, үр дүнд нь тэр савангийн борлуулалт 5 жилийн дотор 10 дахин өссөн билээ. Тусгай материал цуглуулахын утга учир гэдэг энэ юм.

Ерөнхий материал цуглуулах хэмээх тасралтгүй процесс ч бас тусгай материал цуглуулахтай адил чухал байдаг.

Өдийг хүртэл миний таних чинхүү гайхамшигт бүтээлч рекламны мастерууд бүгд найдвартайгаар доорх 2 гойд онцлогтой байсан билээ. Нэгдүгээрт, жишээ нь Египетийн оршуулгын зан үйлээс авахуулаад модерн арт хүртлэх тэдний сонирхолыг амархан хөдөлгөх боломжгүй сэдэв нарт тэнгэрийн дор нэгээхэн ч үгүй байв. Амьдралын бүхий л нүүр царай тэдний хувьд дур булаам байдаг. Хоёрдугаарт, тэд аль ч зүгийн ямар ч мэдлэгийг шунаглан цөлмөдөг хүмүүс байсан. Зар сурталчилгааны мастерууд энэ талаараа үнээтэй төстэй гэхэд болно. Идэхгүй л бол сүү гарахгүй.

Тэгэхээр, ерөнхий материал цуглуулахыг чухал гэж хэлээд буйн учир нь, миний өмнө хэлсэн “Санаа гэдэг бол хуучин элементүүдийн шинэ сэлгэмэлээс өөр юу ч биш юм” гэх зарчимтай холбогдон орж ирэх учраас тэр юм. Зар сурталчилгааны санаа бол, бараа бүтээгдэхүүн болон хэрэглэгчийн талаарх тусгай мэдлэгийг, амьдрал хийгээд энэ хорвоогийн зүсэн зүйлийн өрнөл явдлын талаарх ерөнхий мэдлэгтэй хольсон шинэ сэлгэмэл дундаас төрөн гарч ирдэг учиртай билээ.

Энэ процесс бол яг л калейдоскоп (бидний зарим маань үүнийг шидэт дуран гэдгээр нь мэдэх байх) дотор болдог тэр өрнөлтэй төстэй гэхэд болно. Калейдоскопыг дизайнерууд шинэ хээ хайх үедээ хааяа хэрэглэх нь бий. Түүний дотор өнгө өнгийн шилний хэлтэрхийнүүд байж, призм тольны тусгалд зүсэн зүйлийн геометрийн хээнүүдийг үүсгэж байдаг. Дуранг эргүүлэх болгонд шилний хэлтэрхийнүүд шинэ байрлалд шилжиж шинэ хээ болон тогтоно. Калейдоскоп дотор бий болох шинэ сэлгэмэлийн математик боломжийн тоо төсөөлөшгүй олон, дээр нь шилний хэлтэрхийн тоо их байх тусам нүд сэргэм үзэсгэлэнтэй хээ үүсэх боломж ч төдий чинээ нэмэгдэх болно.

Зар сурталчилгаанд зориулсан, эсвэл ер нь юунд ч зориулсан шинэ санаа бүтээх ч бас үүнтэй ижил. Нэг реклам бүтээнэ гэдэг бол, нэг ёсондоо бидний амьдран буй энэ калейдоскоп ертөнцийн нэгэн шинэ хээг бүтээнэ гэсэн үг юм. Энэхүү хээг үйлдвэрлэх сэтгэл хэмээх машин дотор хуримтлагдсан хорвоогийн элементүүд олон байх тусам нүд сэргэм сэлгэмэл, шинэ санаа олох боломж ч төдий чинээ ихсэх болно. Их сургуулийн ерөнхий мэдлэгийн хичээлүүдийн практик ач холбогдолд эргэлзэж буй зар сурталчилгааны ангийн оюутан байвал дээрхийн тухай тухайлан тунгааж үзнэ буй за гэж найдна.

Тэгэхээр энэ хүртлэх бол санаа бүтээх технологийн нэгдүгээр үе шат юм. Юуны өмнө материал цуглуулах явдал. Энэ үе шат бол нэг талдаа түр зуурын ажил, нөгөө талдаа бүх насаараа хийх урт хугацааны ажил болохыг ойлгож авсан болов уу. Дараагийн хоёрдугаар үе шат руу орохын өмнө, материал цуглуулах процесстой хамааралтайгаар хоёр практик зөвлөгөөг энд санал болгоод орхиё.

Нэгдүгээрт, хэрвээ та одооноос ямар нэгэн тусгай материал цуглуулах томхон ажил хийхээр болсон бол, түүндээ карт индекслэх аргад суралцвал үр дүнтэй байх талтай. Юу гэвэл, 3x5 инчийн хэмжээ бүхий шугамдсан цагаан картууд бэлдээд, цуглуулсан тусгай мэдлэгүүдээ төрөлжүүлэн картандаа тэмдэглэх төдий зүйл юм. Ингэж нэг фактыг нэг картанд тэмдэглээд явбал хэсэг хугацааны дараа таны сэдвийн дэд бүлэг болгоноор картуудаа ангилан төрөлжүүлэх боломжтой болж, эцсийн дүндээ нарийвчлан эмхлэгдэж бүхий л фактуудыг хамруулсан нэгэн файлын сан бий болно.

Энэ аргын давуу тал бол, ердөө таны ажил эмх цэгцтэй болж, цуглуулсан мэдлэгүүд дотор тань дутуу нүх сүв байгаа эсэхийг хялбархан анзаардаг болохоор хязгаарлагдахгүй. Түүнээс том давуу тал нь, энэхүү карт индекслэх арга таныг материал цуглуулах ажлаа цалгардуулахаас ямагт сэргийлж, цаашлаад материалуудаа өгүүлбэр болгон илэрхийлэх шаардлагыг танд тулгасанаар бодит санаа бүтээх процессийн биелэлтэнд бэлтгэх явдалд байгаа юм.

Хоёрдугаарт санал болгох нь, зарим төрлийн ерөнхий материал цуглуулахад ч бас хайчилбарын цомог мэтийн хавтаслах арга үр дүнтэй байх тухай юм.

Та бүхэн Шерлок Холмс детектив зохиолын энд тэнд гарч ирдэг өнөөх алдартай хайлчилбарын цуглуулгыг санаж буй болов уу. Чингүүт алдарт мөрдөгч маань тэр хайлчилбарын цуглуулгадаа тэмдэглэж үлдээсэн өөдөс материалуудаа эргүүлж тойруулан дахин дахин индекслэн ангилсаар цаг нөхцөөх тэр арга ч бас санаанд тань бууж таарна. Бид бүхэн санаа бүтээгчийн тээрэмд хийчих үр тариа болох боломжтой, хоромхон зуур урсаад өнгөрдөг тоймгүй олон материалтай цаг тутамдаа таарч байдаг. Гэвч, тийм материалуудаас ч санаа бүтээх сурвалж ном нэг бүтнийг босгох боломжтой байдаг.

Урьд би тийм нэг номондоо доорх эргэлзээг тэмдэглээд орхисон байсан юм: “Яагаад эрчүүд бүгдээрээ ёс юм шиг анхныхаа хүүхдийг хүү байгаасай гэж хүсдэг юм бол?”. Түүнээс хойш 5 жилийн дараа тэр тэмдэглэл төдийг хүртэл миний бүтээсэн хамгийн их амжилт олсон нэгэн рекламын гарчиг болсон билээ.

Санаа бүтээх техник номын хураангуй-1 дүгээр хэсэг

Санаа бүтээх техник номын хураангуй-2 дугаар хэсэг

 

Сэтгэгдэл бичих

arrow icon