Нийтлэл 01 сарын 28, 2019

ВЕНЕСУЭЛИЙН хувь заяанаас болон СОЦИАЛИЗМААС сэргийл

Хэд хоногийн өмнө Н.Хасар автортой “Социализм хэрхэн бүтэлгүйтэв” нийтлэл гарсныг уншлаа. Дээр нь Венесуэльтэй холбоотойгоор социализмийг муулах хүн мундсангүй. Юуны өмнө манай улс төр хэмээх дүрэмгүй зодоон, увайгүй хулгай, төгсөшгүй шунал дунд ийм нийтлэл гарч байгаа нь олзуурхууштай юм. Заримдаа зарим хүмүүсийг юу хийлгэх гэж сонгосоноо мартчихдаг сонгогчдод улс төрийн бодлого, үзэл санааны талаар сануулж байх нь туйлын хэрэгтэй. Миний хувьд тус нийтлэлийг уншаад автор социализмийг арай л эрт оршуулчихсан мэт санагдсанаа хуваалцья.

Социализм гэдэг үзэл огт буруу, хэрэггүй,хортой юм бол яагаад хэдэн зуун жил амь бөхтэй байж, одоо ч ач холбогдлоо алдахгүй байгаа юм бол? Фашизм, коммунизм, анархизм гэх мэт үзлүүд аль хэдийн түүхээс арчигдаад дуусаж байхад яагаад социализм байсаар байна? Учир нь энэ дэлхий дээр орлогын тэгш бус байдал, нийгмийн хуваарилалтын тэгш бус байдал, баян хоосны хэт ялгаа байсаар байгаа цагт энэ үзэл байсаар л байх болно. Шударга бусын тухай мэдрэмж амьтдад ч байдаг.  Уншигчиддаа сонирхуулахад, биологичид нэг туршилт хийж л дээ:  

Сүргийн бүх ангаахайнуудаа ялгалгүй хооллодог нэг төрлийн шувуун дээр туршилт хийж нэг эм шувууны хоолойг хийгээр дүүргээд явуулахад нэгэнт хоол гэхээр зүйл байхгүй эм шувуу өөрийн ангаахайгаа хооллоод л дуусжээ. Түүнийг харсан бусад эм шувууд дургүйцэж түүний ангаахайг хооллохоо больсон

сонирхолтой туршилтын тухай сонсож байсан. Мөн та бүхэн  эндээс сармагчин хэрхэн тэгш бус харьцаанд хандаж байгааг харж болно. Миний хэлэх гэсэн санаа бол шударга бусын тухай мэдрэмж аль ч нийгэмд, ямар ч хүнд байдаг төрөлх мэдрэмж. Тиймээс л магадгүй Марксын сургааль дэлхий нийтэд тархаж, хүмүүсийн дэмжлэгийг хүлээсэн байх. 

Үнэхээр манай бизнесийнхэн, залуучууд, улс төрчид, сэхээтнүүд та бүхэн социализмд дургүй, Монголыг Венесуэл болчих вий гэж айж байгаа бол юун түрүүнд тэгш бус байдлыг л арилгах хэрэгтэй. Өөр арга зам байхгүй гэж айж байна. Учир нь Венесуэлийн социализм тэгш бус байдлаас төрөн гарсан байдаг. 1980 он гэхэд Венесуэл улс Латин Америкийн хамгийн баян орнуудын нэг байлаа. Нефтийн үнэ ч өндөр байж. Гэвч тэр их мөнгөөрөө нийгэмдээ хөрөнгө оруулалт хийсэнгүй. Дэд бүтцээ сайжруулсангүй. Өөрийн гэсэн дундаж анги бий болгохын оронд баахан сэхээтэн гаднаас импортлов. 1998 он гэхэд нийгмийн тэгш бус байдлын индекс 0.5, ядуурал 50.4% боллоо. Ингээд ихэнх баялагыг эзэмшдэг цагаан арьст элитүүдийн эсрэг индиан гаралтай Чавез төрийн эргэлт хийж, түүнийг ядуу олонхи болох индиан, өнгөт арьст иргэд дэмжсэн байдаг.

Чавезийг тэгэхээр Венесуэлийн элитүүд гаргаж ирсэн байгаа биз? Хэрвээ тэд хэт шуналтай, харамч байгаагүй бол, хэрвээ тэд нийгмийн тэгш бус байдлыг багасгахад илүү хөрөнгө оруулсан бол поп нөхөр гарч ирэх байсан болов уу? Одоо ийм байдалд хүргэсэн буруутан зөвхөн Чавез мөн үү? Миний бодлоор түүнийг гаргаж ирэх хөрс суурийг бий болгосон цагаан элитүүд, хувийн нефтийн компаниуд бас бурууг үүрэх л ёстой.

Харин бид юу юуны духанд хүрэлгүй Чавез, Мадурог харааж жигшин суухын оронд яаж Чавезийг гаргахгүй байх вэ гэдэг дээр бүгдээрээ бодох ёстой. Үүний тулд нийгмийн тэгш бус байдлыг яаж багасгах вэ гэдэг дээр л ухаанаа уралдуулмаар байна. Ул боовны төлөө эмээ үрэгдэж байна гэдэг бол тэгш бус байдлын л илрэл. Нэг улс төрч нийтийн мөнгөнөөс тэрбумыг зүгээр л авчихаж байна гэдэг тэгш бус байдлын л илрэл. Ийм нөхцөлд үндэсний Чавез гарч ирэх нь цаг хугацааны л асуудал байх.

С.Энхтөр

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2019-01-30

    Социализм ч буруу нийгэм байгаагуй л юмдаа бид оорсдоосоо буруугав хайх естой

arrow icon