Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болоход ердөө тавхан хоног үлдсэн тул баярын бэлтгэлээ базаах олон Нарантуул, Барс, Хархорин, Баянзүрх захыг зорьж байна. Би ч бас Нарантуул захыг зорин бараа бүтээгдэхүүний үнийг судлах зорилготой үд дунд очиход бараг хөл тавих зайгүй хүмүүс шавжээ. Том том гялгар тороор дүүрэн зүйлс жихчихсэн хэрнээ 2-ыг авбал нэг үнэгүй, 5 цамц нэгийн үнээр гэх худалдагчийн рекламд автан хүмүүс тийшээ ч нэг ийшээ гүйлдэнэ.
Мэдээж урьдын адил эдгээр захуудад эрээн хотын эрээн мяраан бүс бараа, гялалзаж гялтганасан шилэн эдлэл хэрэглэл, хуурамч гоо сайхны бараа үүднээсээ эхлээд л дүүрэн өрөөтэй байна.
Харин анзаарч байхад энэ жил иргэд арай өөр сонголт хийхийг хүсэж буй бололтой. Үүдээр байсан хятад бараанаас илүүтэй Монголд үйлдвэрлэсэн оймс тэлээ, алчуур, гоёл чимэглэл хайж яваа хүмүүс олон харагдана.
Үндэсний үйлдвэрлэлийн хувцас хэрэглэл дундаж хэрэглээнээс илүү өндөр үнэтэй байна.
Нэгийг авбал хоёр үнэгүй, таван цамцыг нэгийн үнээр гэнэ үү!!!
Зах дээр худалдаалагдаж байгаа Хятадаас орж ирсэн цагаан сарын бэлэг доод тал нь 1500 төгрөг дээд тал нь 25 мянган төгрөг. Та эндээс 5 цамц арван мянга, 5 өмд 10 мянга, уруулын будаг тосон тенийн хослолыг 2000 төгрөгөөр худалдаж авч болно.
Харин дотоодын үйлдвэрийн хөөрөгний даалин гэхэд л хамгийн хямд нь 25 мянган төгрөгөөс эхэлж байна. Цаашилбал хүзүүний ороолт, хүүхдийн бойтог, оймс, майк зэрэг 10-15 мянга гэх мэтчилэн хятад бараатай харьцуулахад 2-3 дахин үнэтэй учир мөнгөө бодоод хятад барааг сонгохоос ч аргагүй болдог.
Харин дотоодын үйлдвэрлэгч нарын хувьд өөрсдийн урласан бүтээлээ хямд үнээр буюу хоёр мянгаас таван мянган төгрөгөөр зарж борлуулах ямар ч боломж байхгүй. Учир нь бид түүхий эдээ гаднаас өндөр үнээр бас авдаг гэх.
Ц.Энхгэрэл: Зарим тохиолдолд хямд бараа сонгохоос өөр боломж байдаггүй
Надад яг одоо 300 мянган төгрөг байна. Би эмээдээ цагаан сарын гарын бэлэг цуглуулахаар ирсэн. Эмээ дээр маш олон хүмүүс ирдэг учир бэлгийг хүртээмжтэй тэгээд өөрсдөдөө хүндрэл учруулахгүйн тулд эмэгтэйчүүдэд гоо сайхны бүтээгдэхүүн эрэгтэйчүүдэд тэлээ оймс зэрэг хямд барааг сонгодог. Уг нь бол мөнгөө задлуулаад мөнгөн бэлэглэж болох ч хүнд ганц юм өгөхгүй гээд дээр нь нэмж тавих юм авах хэрэг болдог. Тэгэхээр яах ч аргагүй энэ Эрээний барааг авахаас өөр сонголтгүй л байна.
Б.Уянга: Үндэсний үйлдвэрүүд үнээ жаахан уян хатан болгоод өгвөл хүмүүс дэмжих байх
Аль болох бага зардлаар сайхан шинэлэх гэж хичээдэг. Энэ жилийн хувьд гайгүй эсгий урлал, зүүлд сонирхож байна. Манайх бол харьцангүй их хүн ирдэггүй хэдэн хүн ирэх нь баримжаатай учир тэдэнд зориулж бэлэг авчихдаг. Энэ жил бас Nomadica брэндийн алчуур косметикийг сонирхож үзсэн. Гэвч бэлгэнд өгөхөөр авахад жаахан үнэтэй санагдсан. Уг нь ялгуун брэндийнх бас гоё гэхдээ ийм гоё брэндүүдээ уг нь нэгэндээ бэлэглэдэг болмоор байна. Даанч хэтэрхий үнэтэй тусаж байна.
Мэдээж монголчууд ганц хоёрхон уламжлалт баяраараа бусдын дор орж элдвээр хэлүүлэхгүй тулд аль байдгаараа хичээн баяртаа бэлдэж банкнаас зээл хүртэл аван шинэлэх нь элбэг болсон. Тухайлбал 2017 онд нийслэлийн нэг өрх 764,3 мянган төгрөг хөдөөгийн нэг өрх 703 мянган төгрөгийг сар шинэдээ зарцуулж байсан бол одоо 1,5 сая төгрөг зарцуулах болсон байна.
Эдгээр зардлын ихэнх хувийг гарын бэлэг, ууц, архи зэрэгт зарцуулагддаг.
Дундаж хэрэглээтэй нэг айлын зардлыг тооцож үзвэл:
Тавгийн хэвийн боов 50-60 мянган төгрөг дээр чихэр жимс 100 орчим мянган төгрөг, ааруулан таваг хийц тоо ширхэгээсээ хамаараад 200-400 мянган төгрөг, хонины ууц дунджаар 250 мянган төгрөг, 3 шил архи 60 мянга, 600 ширхэг буузны (нэг ширхэг буузыг 800 гэж тооцвол) дундаж үнэ 480 мянган төгрөг болж байна.Дээр нь нэмээд гарын бэлэг 300-400 мянга гэж тооцвол саяас хол давсан тоо гарах нь.
Үүнийхээ талыг нь буюу гарын бэлэг чихэм жимсэнд зарцуулж Эрээний эдийн засгийг тэтгэж, Монголынхоо эдийн засгийг тэглэж байгаа нь харамсалтай.
Сэтгэгдэл бичих