“Тэнгэрийн цаг, газрын ашиг, хүмүүний зохирол” энэ бол аливаа том үйл хэрэг бүтэх урьдчилсан нөхцөл хийгээд хүчин зүйлүүдийг багтаасан дорно дахины том ойлголт билээ.
Тэнгэрийн цаг гэдэг нь уг үйл бүтэх цаг хугацаа болсныг илэрхийлэх ойлголт ухагдахуун юм. Харин газрын ашиг гэдэг нь уг үйл хэрэг бүтэж бүрэлдэх газар орны илэрхийлэл. Хүмүүний зохирол нь уг үйлийг гардан гүйцэтгэх үүрэгтэй хүний оролцоо заавал байхыг бэлгэдсэн үг юм.
"Тэнгэрийн цаг, газрын ашиг, хүмүүний зохирол" гурвуулаа нийлж чадсан цагт ямар ч том үйл хэрэг саадгүй түргэн бүтэх нигууртай байдаг. "Гэхдээ тэнгэрийн цаг газрын ашигт хүрэхгүй. Газрын ашиг хүмүүний зохиролыг гүйцэхгүй." гэсэн эртний мэргэн үг байдаг нь дээрх гурван чухал хүчин зүйлийн дунд хүмүүний оролцоо хамгаас чухал үүрэгтэй байдгийг илтгэж байгаа хэрэг.
Өнөөдөр Чехийн Либерец хотод байдаг гурван аялал жуулчлалын том цогцолборыг үзэж сонирхчихоод буцаж явах зам зуур миний сэтгэлд дорно дахины гүн ухааны төлөөлөл болсон дээрхи чухал ойлголтууд санааны мухарт эргэлдсээр байлаа.
Миний л зах зухаас нь гадарладаг болсончлон нийслэл Прагийн эргэн тойрны жижиг хот суурингуудад олон тооны аж үйлдвэрийн паркуудыг байгуулсны дотор BENZ, BMW, AUDI зэрэг алдарт автомашины үйлдвэрүүдийн яндан, суудлын бүрээс зэрэг эд ангиудыг үйлдвэрлэдэг болжээ. Бас Франц, Герман гээд ер нь Европын холбооны нутаг дэвсгэрээр худалдаалж байгаа суудлын хурдан галт тэрэгний чингэлгүүдийг ч гэсэн энд угсардаг аж.
Хамгийн гол нь тэдгээр үйлдвэрт Монгол охид хөвгүүд маань олон арваараа ажиллаж тэдгээр эд ангиудыг үйлдвэрлэхэд идэвхитэй оролцож байгаа нь дээр өгүүлсэн "Хүмүүний зохирол" гэгч болой. Суудлын чингэлэг үйлдвэрлэх нэг л үйлдвэрт 50 гаруй өндөр зэрэглэлтэй монгол гагнуурчид ажиллаж байна гээд бод доо.
Тэр үйлдвэрт ажиллаж байгаа Энэтхэг, Украйн, Киргиз зэрэг 13 улс үндэстний гагнуурчид 3 сар ажилласны эцэст тийм төрлийн суудлын галт тэрэг үйлдвэрлэн угсрах хэмжээний мэдлэг мэргэжил эзэмшээд, зарим тохиолдолд үйлдвэрлэлийн захиалга аваад буцах тохиолдол байдаг гэнэ. Бодвол улс нь бодлогоор тийм арга хэмжээ авдаг байх л даа.
Би надтай ярилцан суугаа монгол гагнуурчин залуугаас "Манай улсаас тийм арга хэмжээ авч хэрэгжүүлж байна уу?" гэж асуусангүй. Хариулт нь бараг тодорхой зүйл дээр хэл амаа гарздаад яах ч билээ.
Чехийн одоогийн удирдагчид дорно дахины тэнгэрийн цаг, газрын ашиг, хүмүүний зохирол хэмээх ойлголтыг мэддэггүй байлтай. Гэхдээ даяаршил хийгээд Европын холбоонд элссэн алтан боломж болох тэнгэрийн цагийг ашиглан, өөрийн газарзүйн байршил хэмээх газрын ашгийг зөв тооцоолоод өөрт дутмаг ажиллах хүчин нэрт хүмүүний зохирлыг хөрш зэргэлдээ Украйн, Польш, Болгар болон алс холын Монгол Вьетнамаас нөхөж Герман, Францчуудын мөнгийг саагаад байхыг бодоход мэддэг ч байж мэдэх юм шүү.
Энэ Болдбаатар гуайн эрдэм гайхамшигтай санагддаг. Дорнын буюу билиг ухааны чиглэлээр тун их гүнзгийрсэн бололтой дог оо.