Нийтлэл 02 сарын 14, 2019

ХАЙРЫН БАЯРЫН ӨДӨРТ: Чи миний амьдралын хамгийн төгс бэлэг

Өнөөдөр бол гэгээн хайрын баярын өдөр. Энэ өдөр хайрт хосууд бие биедээ хайраа илчилж, өнгөрсөн дурсамжаа нэхэн санаж халуун дулаан хайрын үгсээ шивнэж хайраар бялхдаг өдөр. Тиймээс энэ сайхан гэгээн өдрийг тохиолдуулан уншигчиддаа залуу хосуудын анх танилцаж, хайраа илчилж байсан түүхийг хуваалцаж байна. 

А.Амарзаяа: Чи миний амьдарлын утга учир 

Бид хоёр анх 2007 онд мөсөн гулгуур дээр тоглож байгаад танилцаж байсан юм. Нөхөр маань сайн гулгаж чаддаггүй унахдаа малгайгаа унагаачихсан. Тэр үед миний цаг дуусах гээд байсан болохоор би нөхрийнхөө малгайг нь авч зугтаагаад миний цагийг сунгаж өг тэгвэл малгайг чинь өгнө гэж сүрдүүлж байгаад цагаа сунгуулж анх танилцаж байлаа. Бид хоёр 20 насандаа хоёулаа болж 22 насандаа гуравуулаа, 24 насандаа дөрөвүүлээ 25 настайдаа тавуулаа 26 насандаа зургуулаа 28 насандаа долуулаа 30 настайдаа ам бүл наймуулаа болсон.  Чамтайгаа учирснаар миний амьдралд нэгэн сайхан хуудас нээгдэж, тэр өдрөөс хойш тасралтгүй аз жаргалаар бялхсан шүү. Чамдаа гэгээн хайрын баярын мэнд хүргэе.

Т.Даваадорж: Чи минь өдөр бүр наддаа аз жаргал бэлэглэдэг шүү

2016 оны аравдугаар сарын 17-ны өдөр өөрийн хүсэлтээр биш албан шахалтаар оюутан залуусын нэг амралтанд явахаар болсон юм. Сүхбаатарын талбай дээрээс бүгд инээгээд л автобусанд сууж байхад ганц л хүн нойрмог хэвээрээ шууд орж ирээд хамгийн эхний сандал дээр суугаад унтаад явж байсан. Хөдлөөд явж байтал бүгд ээлж ээлжээр босч урд гаран өөрийгөө танилцуулж эхэлдэг юм байна. Би ч нэлээд эхэнд босч өөрийгөө танилцуулчихаад бусдыг хараад сууж байтал нөгөө унтаж явж байсан урт намирсан үстэй нүдний шилтэй охин чинь босоод шилээ ялимгүй дээш нь болгоод намайг Юмжав гэдэг. Нямжав биш Юмжав гэдэг гээд л чанга дуугаар нэрээ давтаж хэлээд л суусан. Тэр үйлдэл нь их эгдүүтэй өхөөрдөм санагдсан. Амралтанд очоод л жижиг сажиг үйл ажиллагаа болоод л орой нь бүгд бүжиглэж байхад би л ганцаараа суудлаасаа босохгүй нам суугаад өдрийн харсан намирсан урт үстэй гүнжээ ширтсээр байсан юм. Даанч тэр үед очоод танилцах зориг хүрээгүй. Гэхдээ тэнэг хүнийг аз ивээнэ гэгчээр хот руу буцахдаа түүний хажууд суух боломж олдож хэдийгээр тавхан киллометр газар явсан ч түүнтэй ярилцаж ойлголцох боломж олдсон юм. Тэр үеэс л “Төмс” хочтой байсан залуу дурласан залуу болж хувирсан юм даа. Чи минь өдөр бүр наддаа инээд хөөр аз жаргалыг бэлэглэдэг шүү. Чамдаа гэгээн хайрын баярын мэнд хүргэе.  

Х.Нарантунгалаг: Чи миний түшиг тулгуур

Манай ажилд төдийлөн амралт гэж байдаггүй байлаа. Харин цагаан сараар нэлээд хэд хоногийн амралт өгөөд хөдөө аав ээж дээрээ очоод  буцах замд машин маань эвдэрчихсэн юм.   Эмэгтэй жолоочтой явж байсан болохоор бид нэлээд их будилсан. Харин азаар манай нөхөр ч бас хөдөө  ирээд буцах арай болоогүй байж таараад бидэнд тусалсан юм. Огт машин мэдэх хүн байхгүй, учраа олохгүй бидэнд чин сэтгэлээсээ тусалж байсан тэр залуу миний сэтгэлийг маш их татсан. Бид эхэндээ бие биетэйгээ юм ярьж чадахгүй ичингүйрч байсан ч сумын төв рүү машины сэлбэг захих болоод бид хоёр утсаар ярихаар сүлжээ хайгаад явсан юм.  Их хөгжилтэй. Бид  ингэж л танилцаж байсан юм. Ёстой л нөгөө заяаны хань зам дээр гэдэг шиг бидний хайр орон нутгийн замаас эхэлсэн юм даа. Одоо бид сайхан хүүтэй болсон.  Амьдралд минь цоо шинэ өнгө нэмсэн чамдаа хайртай шүү. Чамдаа гэгээн хайрын баярын мэнд хүргэе.

 Б.Мөнхтамир: Чи бол миний амьдралын хамгийн төгс бэлэг 

Бид хоёр 10-р ангидаа аймгийн төвийн сургуульд хоёр өөр сумаас шилжиж ирж нэлээд будилсаар нэг ангид орсон юм. Анх түүнийгээ хүүхдүүд байранд орохоор бүртгүүлж байхад хараад хөөрхөн охин байна даа гэж бодож байлаа. Тэгээд нэг ангид орсон ч хоорондоо нэг их юм ярьдаггүй ч би битүүхэндээ хараад л . Тэгж явсаар 11-р ангийн хавар цэргийн баяраар надад цэргийн баярын мэнд хүргэхээр нь  би тоглоомоор чамд ч гэсэн гэж мессэж бичсэн юм. Тэр өдрөөс хойш л өдөр шөнөгүй мессэж бичдэг болсон юм. Бид хоёр үерхэж эхлээгүй мессэж бичдэг байхдаа хүмүүсээс нууцаар уулзана. Би хүлээж байхдаа гарч ирэх болов уу яах бол гээд л догдлоод л байрных нь хажуу талын хашааны завсраар хараад л байж байсан чинь үнэхээр гараад ирэхээр нь их сандарч догдлоод л одоо ч тэр үед юу ярьсанаа санадаггүй юм. Тэгээд хэд хоногийн дараа нэг их том сартай шөнө манай аймгийн бүхий л хосууд болздог толгой руу алхаад замдаа юу гэж хэлэхээ бэлдсээр яваад орой дээр нь гараад “Би чамайг хайраар дутаахгүй ээ. Хоёулаа үерхэе ” гээд хэлтэл дуугардаггүй. Би ч зориглоол би тэр доор очоод хариугаа авна шүү гэж хэлсэн. Тэгээд л тэр өдрөөс хойш бид хоёрын хайрын түүх эхэлж одоо өхөөрдөм хөөрхөн хүүтэйгээ сайхан амьдарч байна. Бүхий л цаг хугацаанд миний хажууд байж, миний гэх орон зайг дүүргэж өгдөг чамдаа хязгааргүй их хайртай шүү. Чамдаа гэгээн хайрын баярын мэнд хүргэе

 С.Цогтсайхан: Чи миний бүх зүйл 

Анх бид хоёр хамтдаа их сагс тоглож амралтыг хамтдаа өнгөрүүлдэг спортлог найзууд байлаа. Би боломж л олдвол түүнтэй хамт баймаар санагдаж шалтаг их хайдаг байсан юм. Харин нэг зуны амралтаар тэр их гунигтай ганцаардсан их л шаналсан байдалтай байсан. Энэ нь надад түүнтэй ойртож дотносох боломж болж би өдөр болгон түүнийг эргүүлж аль болох инээлгэхийг хичээдэг байсан юм. Тэгээд би нэг тэмцээнд явах болоод тэр маань өдөржин надтай хамт байсан юм. Тэр үед түүндээ хайртай гэдгээ хэлмээр байсан ч үнэхээр зориг хүрээгүй. Тэгээд хэсэг хугацааны дараа түүнээс минь завтай байна уу уулзах уу гэсэн мессэж ирсэн. Би ч зориг орж хайртай гэдгээ хэлж анх үнсэж байсан тэр өдрөөс хойш цаг хугацаа урсан өнгөрч нэг мэдэхэд таван намар, таван хавар, өвөл, зуныг хамтдаа өнгөрүүлж инээж уурлах, гуних мөчид хамтдаа байдаг чамайгаа цаг мөч хором бүрт хайрлаж байдаг юм шүү. Чамдаа гэгээн хайрын баярын мэнд хүргэе. Чи минь миний аз жаргал шүү.

У.Дөлгөөн-Учрал: Чи минь миний сүпер баатар 

 Учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг үг яг л нөхөр бид хоёрт зориулагдсан үг шиг санагддаг. Нөхөр бид хоёр бие биеэ арван жилийн сурагч байхаасаа л мэднэ. Манай нөхөр над руу зурвас бичээд үерхэхийг гуйдаг байсан юм. Би зөвшөөрөөгүй. Манай нөхөр ч тууштай байсан ч намайг маш удаан хүлээж, миний хойноос нэлээд гүйсэн. Тэгээд би оюутан болдог жилээ түүнд зөвшөөрч бид анхны болзоогоо тохирлоо. Бидний анхны болзоо их хөгжилтэй, дурсах зүйл ихтэй болзоо байсан. Уг нь  эрэгтэй нь болзсон газраа түрүүлж ирээд л хүлээдэг биз дээ. Тэгсэн би  зөндөө хүлээсэн. Ядаж байхад бороо ороод л. Би ч эмэгтэй хүний бардам  зандаа хөтлөгдөөд явчихмаар байсан ч хүлээгээд л байсан. Тухайн үед  тархи минь  “Дөлгөөнөө яв л даа” гээд л харин сэтгэл зүрх минь түүнтэй уулзана гэж бодохоор догдлоод гэгэлзэж суусаар явж чадаагүй юм. Тэгээд  бараг 1 цаг орчмын дараа  хэнэгчгүй уучлаарай  түгжрээд хоцорчихлоо гээд ирсэн. Ингэж л бидний хайр эхэлсэн юм даа. Одоо ч хааяахан болзоондоо хоцордог чамдаа хайртай шүү. Чамдаа гэгээн хайрын баярын мэнд хүргэе.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon