Нийтлэл 02 сарын 20, 2019

УРЛАГ: Яндашгүй өргөн сэтгэмж үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

Төрийн шагналт , Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит Дүрслэх урлаг, дизайны “Анима” сургууль нь 1994онд ардчиллаас хойшхи Монголын анхны дүрслэх урлагийн сургуулиудын нэг болж байгуулагдаж байжээ. Тус сургуулийг зураач Я.Булган , С.Машбат тэргүүтэй Монголын дүрслэх урлагийг шинэчлэгч , өвөрмөц уран бүтээлээ туурвигч залуус болон ахмад уран бүтээлчид хамтран үүсгэн байгуулж байсан бөгөөд эдүгээ зураач , уран бүтээлч , захирал Я.Булган 25 жилийн туршид сургуулиа удирдан олон шавь нараа урлагийн замд хөтлөн өөрсдийн үзэл бодол, ертөнцийг харах үзэлтэй , нарийн мэргэжлийн чадваруудыг эзэмшсэн уран бүтээлчдийг бэлтгэсээр байна.

 “Анима” ДУДС-н нэгэн онцлог нь оюутан бүртэй урлангийн системийн дагуу тулж ажиллаж, өөрсдийн дотоод ертөнцөө нээхэд тусалж, үзэл бодлыг нь төлөвшүүлж , академик суурьтай, мэргэжлийн ур чадвартай уран бүтээлч нарыг бэлтгэхээс гадна жил бүр тусгай хэрэгцээт(хөгжлийн бэрхшээлтэй) авъяаслаг хүүхэд залуусаас шалгаруулан авч , тусгай нарийн хөтөлбөрийн дагуу мэргэжил олгон уран бүтээлч болгодогт оршдог .

 Тус сургуулийн 25 жилийн ойд зориулан гарч буй энэхүү үзэсгэлэн нь Я.Булган зураач тэргүүтэй нийт ахмад багш нар болох Я. Туяа агсан, Ч.Бизъяа, Я.Заяа , Р.Бийраа , уран бүтээлч багш Н.Буян , мөн Булган багшийн шавь уран бүтээлч зураач Ө.Бархүү, Б.Баярбаатар , О.Энх-Од болон шавь оюутнуудын уран зураг ,монгол зураг, график ба бар зургууд , сийлбэр , гобелейн бүхий нийт 70 орчим бүтээлүүдээс бүрдэж буй бөгөөд 2019 оны 02 сарын 20-26ны 18.00 цаг хүртэл урлаг сонирхогч , үзэгч түмэндээ үнэ төлбөргүйгээр хүрэх болно . 

 Тус үзэсгэлэнгийн гол санаа нь дэлхийн урлагийн шинэчлэлүүдийг эх орныхоо хөрсөндээр буулгахын зэрэгцээ монгол ард түмний үнэт өв соёл уламжлалыг зөв зохистой хадгалах хөгжүүлэх замаар монголын урлагийн түүхэнд том хувь нэмрээ оруулсан Төрийн шагналт , Ардын зураач Ү.Ядамсүрэн гуайн өв уламжлалыг үр удам , хойч үеийн төлөөлөл болох зураач Я.Булган үргэлжлүүлэн авч явж , олон шавь нартаа дамжуулж буйг харуулах зорилготой .

              

Сэтгэгдэл бичих

arrow icon