Нийтлэл 02 сарын 21, 2019

FACEBOOK TRENDING: Гярхай бай, байнга ажигла, хурдан сэтгэ

Саяхан нэг америкийн сэтгэл судлаачийн бүтээлүүдээс хальт хараад сууж байсан чинь нэг зүйл анхаарал татсан. Тэрээр нэрт зохиолч Артур Конан Дойлын "Шерлок Холмс"-ын тухай цуврал өгүүллэгүүдэд анализ хийсэн байдаг. Шерлок Холмс гэгч мөрдөгч үнэхээр өөрийн сэтгэлгээний чадвар, дедуктив аргачлалыг эзэмшсэнээр хэргийг илрүүлээд байв уу, эсвэл энэ нь зохиолчийн уран санааны сэтгэмж төдий зүйл байв уу? гэдэг асуулт сонирхолтой санагдаж. Судалгааны үр дүн гайхшруулсан байдаг. Холмсын сэтгэлгээний аргачлал, дүгнэлт хийх процесс бол үнэхээр солиотой. Тухайн үеийн шинжлэх ухааны түвшингээс хэтийдсэн агаад тэрхүү аргачлал нь өнөөдөр ч хэрэглэгдэх, судлагдах түвшинд байна гэж судлаач дүгнэжээ. Зохиолч нь нас бараад 80 жил болсон ч Шерлок Холмсын сэтгэлгээний процесс нь сэтгэл судлал, нейробиологийн шинжлэх ухааны хөгжлийг 100 жилээр урагшлуулсан гэж үзжээ. Мөрдөгч Холмсын хувьд гэмт хэрэг бол шинжлэх ухааны судалгааны судлагдахуун бөгөөд түүнийг илрүүлэхдээ цэвэр шинжлэх ухааны аргачлалын зарчмуудыг удирдлага болгож хандах ёстой гэжээ. Энэ онолын гол тулгуур нь "шинжлэх ухаанч сэтгэлгээний аргачлал" гээч зүйл юм. Үүний нэг гол бүрэлдэхүүн хэсэг нь "АЖИГЛАЛТ" гэнэ. Товчоор юмс үзэгдлийг гярхай ажиглаж, тодорхой эзэмшсэн мэргэжил, мэдлэгийнхээ хүрээнд зөв дүгнэлт хийх тухай юм. Цааш нь ярьвал их юм бий. Сонирхвол олж уншаарай... 

Би харин яг энэ цэгээс эргээд өөр тийш нь залаад явъя. Мэдээж хэрэг дээрх чадваруудыг сайн эзэмшсэн мөрдөн байцаагчид сэжигтэн, яллагдагчийг айлгаж ичээж, хорьж цагдаж биш, харин арай өөр арга хэлбэр, ур чадвараар гэмт хэргийг илрүүлнэ.
Хуульчдад дээрх чадвар маш чухал. Би 20 гаруй жил хуулийн салбарт ажиллахдаа цөөнгүй шүүх хуралдаанд оролцсон байна. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгч, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч гээд мэтээр олон "дүр"-ээр оролцжээ. Эрүүгийнх ч байна уу, иргэнийх ч байна уу, захиргааных ч байна уу, ялгаагүй тухайн хэргийг хэлэлцэж байгаа хэргийн оролцогчдыг анхааралтай ажиглавал өөрт хэрэгтэй шинэ "зүйл"-ийг олж, чухал дүгнэлтийг хийж болдог. Би сүүлийн хэдэн жил өмгөөлөгчөөр оролцож байгаа. Би шүүгч, шүүх бүрэлдэхүүн хийгээд эсрэг талынхаа нөхдүүдийг байнга ажиглаж суудаг. Тэдний хэлж ярьж байгаа үг бүрийг анхааралтай сонсож байх хэрэгтэй. Зарим тохиолдолд шүүгчийн асууж байгаа асуултууд, тодруулах гээд байгаа нөхцөл байдал нь тэр шүүгч хэргийг хэрхэн шийдвэрлэх гэж байгаа хандлагыг ил болгодог. Мэдээж шууд ил харагдахгүй ч гэсэн асууж байгаа асуултын томъёолол, дараалал зэргээс шүүх хуралдаанаас гарах шийдвэрийн агуулга "тодордог". Эсвэл мэтгэлцэгч талын чинь нөхөр санаандгүй байдлаар үг алдаж таны өмнө нь мэдээгүй байсан нөхцөл байдлыг ил болгодог. Эсвэл шүүх хуралдаанд нөгөө талын чинь хүсэлтээр оролцож байгаа гэрч гэнэт танд маш чухал хэрэгтэй мэдээллийг цухалзуулж "уяаны үзүүр"-ийг унжуулдаг, гэх мэтчилэн олон сюрпризүүд гардаг. Гагцхүү Та энэ сюрпризүүдийг анзааралгүй, тоолгүй өнгөрч болохгүй. Тиймээс маш анхааралтай оролцож, тухайн шинэ мэдээлэлд зөв дүгнэлт хийж өмгөөллийн мэтгэлцээний тактикаа огцом өөрчлөх, эсвэл шүүх хуралдааны процессыг зогсоох, хойшлуулах арга хэмжээг хугацаа алдалгүй авах хэрэгтэй. Үүнд харин Таны процессын хуулийн мэдлэг чухал үүрэг гүйцэтгэнэ. Сайн өмгөөлөгч бол материалаг хуулийг байнга унших хэрэгтэй. Харин процессын хуулийг цээжээрээ мэддэг байх ёстой.
Мэдээлэл өөрөө их чухал.

Шүүх хуралдаанд орсон чинь шүүгч эр өмнөх нь өдөр нь нилээн шоудсан бололтой нүд нь улайсан, байн байн ус ууж харагдана. Тэр шартсан байна. Танд өмнөх өдөр нь шүүгч эрийн төрсөн өдөр байсан гэдэг мэдээлэл байсан. Тэгвэл тэр шүүгчээр энэ маш их ээдрээтэй маргааныг өнөөдөр шийдүүлэх нь зөв үү? Үл ялих шалтгаанаар хуралдааныг хойшлуулах санал тавихад л тэрээр дотроо баяртай хүлээж аваад хүсэлтийг хүлээн авна. 

Гэрлэлтээ цуцлуулаад удаагүй байгаа шүүгч эмэгтэй таны үйлчлүүлэгч залуугийн гэр бүлийн маргааныг шийдвэрлэнэ гэсэн мэдээллийг та олж авсан байна. Шүүх хуралдааны явцад шүүгч эмэгтэй илэрхий үйлчлүүлэгчийн чинь эхнэрийн нэхэмжлэлийг хангах хандлага төрүүлж байна. Та ямар алхам хийх вэ?
Би иймэрхүү жишээ олныг дурьдаж болно. Энэ бүгдээс хэлэх гэсэн зүйл бол өмгөөлөгч Та гярхай бай, анхааралтай бай, байнга ажигла, хурдан сэтгэ, гар дороо байнга процессын хуультай явж бай гэх гэсэн юм. Дээр нь "Шерлок Холмс"-ыг дахиад нэг уншаад үзээрэй. Аягүй л бол хүүхэд байхаасаа хойш огт уншаагүй л байгаа даа.

Legal Window of Mongolia

 

Сэтгэгдэл бичих

arrow icon