Нийтлэл 02 сарын 26, 2019

Монгол улсын гуравдагч хөрш болон гадаад бодлогын тухай

Монгол улс Үндэсний Аюулгүй байдлаа хэрхэн гадаад орчинд хамгаалах , Бүс нутгийн аюулгүй байдалд Монгол улсын оролцоо ямар байх боломжтой талаар бичсэн өгүүллээ уншигчиддаа хүргэж байна.

Энэ хүрээнд:

Үндэсний аюулгүй байдал,

Гадаад бодлого, гуравдагч хөрш, БНХАУ,ОХУ

 Монгол улсын гуравдагч хөршийн бодлого

Монгол улсын цөмийн зэвсэггүй статус

Монгол Улс кибер аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагаа, бодлогын талаар өөрийн үнэлэлт болон саналаа дэвшүүлсэн юм.

Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдал гэж Монгол Улсын Үндэсний язгуур ашиг сонирхлыг гадаад дотоод таатай нөхцөл бүрдсэн байхыг хэлнэ.  Хэмээн Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд заасан байдаг.

Дэлхий ертөнц даяарчлагдаж, орон зайн тэлэлт багасаж  цаашлаад хүн төрөлхтний үсрэнгүй хөгжил техник технологийн дэвшил нь дэлхийн улс гүрнүүдэд олон боломж, олон асуудлуудыг үүсгэж байна. Даяарчлал гэдэг нэр томьёо нь 21-р зуун гарснаар дэлхий ертөнцөд улам хүчтэй тархлаа. Улс гүрнүүд ч даяарчлалын тухай ойлголт, эерэг сөрөг талуудын тухай судлан мөн даяарчлалтай яаж хөл нийлүүлэн алхах тухайгаа улсын дотоод хууль дүрэм үзэл баримтлалдаа оруулан мөрдөж байна.

Монгол улсын хувьд ч 1994 онд батлагдсан Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал 2010 оны үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал хоорондоо зарим талаар ялгаатай. Жишээ татан авч үзвэл: 1994 онд батлагдсан  Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалд Даяарчлалын тухай эс оруулсан бол 2010 оны шинэчлэн баталсан үзэл баримтлалд даяарчлалын талаар тусгажээ.  Энэ нь даяарчлал үндэсний аюулгүй байдалд нөлөө үзүүлж байгааг илтгэж байгаа юм.  Даяарчлал хаанаас хаашаа чиглэж байгаа нь ч  даяарчлалын шилжилт хөдөлгөөн бидний нүдэн дээр өрнөж буй. Гэхдээ жижиг буурай Монгол мэтийн улсын хувьд даяарчлал нь олон сөрөг үр дагаврыг дагуулдаг цаашлаад үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж болох талтай.

Дэлхийн хоёр том их гүрнээр хүрээлэгдсэн Монгол улсын хувьд Гуравдагч хөрш орнууд ихээхэн чухал. Жижиг буурай орны хувьд идэвхитэй тоглолтуудыг олон улсын тавцан дээр хийж өөрийн аюулгүй байдлаа хамгаалах цаашлан бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад өөрийн улсын нөлөөг үзүүлэх нь ихээхэн чухал юм.

МОНГОЛ УЛСЫН ГУРАВДАГЧ ХӨРШИЙН БОДЛОГЫН ТУХАЙ

Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд хоёр хөрштэйгөө эрх тэгш харилцана гэж мөн заасан байдаг. Хоёр хөрштэйгээ энэ тэнцүү харьцах хэрэгтэй.Эс тэгвээс Монгол улсад сөргөөр нөлөөлж бие даасан гадаад бодлогоо хийхэд саад болдог талтай.

Монгол улсын гуравдагч хөрш гэдгийг Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.1.1.5-т

“ Гуравдагч хөршийн бодлогын хүрээнд өндөр хөгжилтэй ардчилсан орнуудтай улс төр, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлнэ"

 гэж заасан. Уг заалтаас харахад Монгол улсын гуравдагч хөрш нь өндөр хөгжилтэй орнууд байхаас гадна, энэ бодлого ямар салбарт хамаарахыг заажээ.

Монгол улс аюулгүй байдлаа ханган баталгаажуулахад гуравдагч хөршийн үүрэг их. Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалын 14.2-т “ АНУ, Япон, Европын Холбоо , Энэтхэг, БНСУ,Турк зэрэг өрнө дорнын улс холбоотой “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ гэж заасан.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.1.15-д дараах 3 салбарыг чухал байдаг. Үүнд:

Эдийн засаг

Улс төр

Соёл хүмүүнлэг

Уг 3 салбарын хөгжил ч идэвхтэй явагдаж байна. Гэвч Монгол улс эдийн засгийн салбарт 2 хөршөөсөө хараат бус байхын тулд гуравдагч хөршүүдийн оролцоог нэмж эдийн засгийн олон төрөлт болгон хөгжүүлэх шаардлагатай юм.Эдийн засгийн салбараас гадна улс төрийн салбарт Ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан гуравдагч хөршийн бодлого хэрэгжих боломжтой. Монгол улс нь 2011 оноос 2013 он хүртэл Ардчилсан орнуудыг хамтын нийгэмлэгийг даргалсан.Мөн соёл хүмүүнлэгийн салбарт гуравдагч хөршүүдтэйгээ хамтран ажиллах нь чухал билээ.Соёл хүмүүнлэгийн салбарын хүрээнд Монгол судлалыг авч үзэн ихээхэн анхаарал хандуулж байгаа. Үүний нэгэн тод жишээ бол өнгөрсөн онд Тогтвортой хөгжил монгол судлалын салбарын чуулган салбар хурлуудын Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдсан юм.  Монгол улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн нэгэн томоохон чиглэл нь мөн монгол судлалын салбар юм.

Монгол улсын батлан хамгаалахын салбар гуравдагч хөршийн бодлогод ороогүй байдаг .Энэ нь манай улс хоёр хөршийн нөлөөг цэрэг зэвсгийн хүчээр үл шийдвэрлэнэ гэсэн агуулгатай холбоотой гэж зарим судлаачид үздэг.

Олон улсын энхийн сахиулах үйл ажиллагаанд Монгол улс хоёр болон гуравдагч хөршийн хамт олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно хэмээн Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан байдаг. Бүр тодруулбал ҮАБҮБ-н 3.1.1.6-д “хөрш хоёр орон ,АНУ,НАТО,-гийн гишүүн орнууд Европын холбоо, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай аюулгүй байдал батлан хамгаалах салбарт хоёр болон олон талын харилцаа ,хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж, олон улсын энхийг дэмжих үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно гэж заасан байдаг.Мөн Монгол улс нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын энхийг сахиулах үйл ажиллагаанд тогтмол цэргээ илгээдэг энхийг сахиулагч улс юм.

Монгол улс нь хоёр хөрштэйгээ найрсаг харилцаатай найдвартай түнш байх үүднээс 2 хөршийн нөлөөг гуравдагч хөршийн оролцоотойгоор зөөллөн эвээр тэнцвэржүүлэхээр гуравдагч хөршийн бодлогыг явуулж байгаа бөгөөд энэ тухайгаа Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон гадаад бодлогын үзэл баримтлалдаа тусгажээ.

 МОНГОЛ УЛСЫН ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ СТАТУС

Монгол улсын аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангахад томоохон хүчин зүйлийн нэг нь Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат 1992 оны 9 сард НҮБ-н Ерөнхий ассамблейн хуралдаанд “Монголын газар нутгийг цөмийн зэвсгээс ангид бүс хэмээн зарласан явдал юм. Энэхүү үйл явдал Монгол улсын түүхэнд тодоор бичигдэн үлдэх чухал үйл явдал төдийгүй 2 хөрш болон бусад улс хооронд нөхцөл байдал муудаж цаашлаад дайн гарсан тохиолдолд өөрийн газар нутгаа цөмийн зэвсгийн бай болохоос хамгаалсан ихээхэн чухал алхам юм.

Монгол улсын цөмийн зэвсэггүй статус нь өөрийн улсын дотоод аюулгүй байдлыг хамгаалах төдийгүй бүс нутгийн итгэлцэл тогтвортой байдлыг бэхжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Мөн олон улсын тавцанд үй олноор хоморголон устгах зэвсгийг хорогдуулахад өндөр ач холбогдолтой ба бүс нутгийн /ЗХА/-н аюулгүй байдлыг хангахад Монголын зүгээс оруулж буй чухал хувь нэмэр юм.Үүний хүрээнд Монгол улс анх 2000 онд          Цөмийн зэвсгээс ангид байх хуулийг баталж дотоодын хууль тогтоомжоор статусаа баталсан.

Монгол улсын цөмийн зэвсэггүй статусыг 2 хөрш орон болох БНХАУ, ОХУ хүндэтгэн авч үзэн дэмжин гэдгээ удаа дараа илэрхийлсэн байдаг зарим жишээг дурдвал:

1.Монгол-Оросын 1993 онд байгуулсан найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээний дагуу Монголын нутаг дэвсгэрт бусад орны цэрэг, цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсгийн дамжин өнгөрүүлэхгүй байхыг Оросын тал хүндэтгэн авч үзэх болсон.

2.НҮБ-ын Ерөнхий ассамблей 1998 онд “Монгол улсын олон улсын аюулгүй байдал , цөмийн зэвсэггүй статус”-ын тухай 53/77D тогтоолыг баталсан. Уг тогтоолд НҮБ-ийн Ерөнхий ассамблей Монголын цөмийн зэвсэггүй бүсийн санаачилгыг хүлээн авч ,Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн болон бусад улс орнуудыг Монголын ЦЗБ-ийг баталгаажуулахыг уриалсан.Үүнээс хойш НҮБ-н Ерөнхий ассамблей 2 жил тутам Монголын статусыг баталж байна.

3.НҮБ-н аюулгүй зөвлөлийн байнгын таван гишүүд бөгөөд хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн зэвсэгтэй таван улс 2000 онд манай улсын статусыг хүндэтгэж , аюулгүй байдлын баталгаа өгөх хамтарсан мэдэгдэл хийсэн.Улмаар 2012 онд энэхүү мэдэгдлээ бататган Монголын цөмийн зэвсэггүй статуст улс төрийн баталгаа олгосон хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан юм.

Монгол улсын газар нутгийг цөмийн зэвсгээс ангид бүс болгон зарласан нь өөрийн улсын аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангахаас гадна Зүүн хойд Азийн бүс нутагт ил тод, тогтвортой байдлыг бэхжүүлж олон улсад цөмийн зэвсгийг бүрэн хорогдуулахад чухал хувь нэмрээ оруулж байна мөн манай улсад  цөмийн зэвсэг байхгүй байгаа нь хоёр хөрш болон гуравдагч хөрш улсуудад таатай нөхцөл юм. Мөн манай улсын цөмийн зэвсэггүй статусын бодлогыг өндрөөр үнэлж байна.ЗХА-д цөмийн зэвсэггүй бүс байгуулах статусын бодлогыг олон улсад өндрөөр үнэлж, ажил хэрэг болгоход бүс нутгийн улс орнууд, НҮБ, АСЕАН-ын бүс нутгийн чуулга уулзалт , Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн зэрэг олон улсын хамтын нийгэмлэг дэмжиж байна.

Манай хоёр хөршийн хүчний тэнцвэр тогтвортой байгаа нь манай улсын аюулгүй байдлын гол баталгаа болж байна. Хоёр хөршийн эсрэг дэлхий улс гүрнүүд бодлого явуулахгүй байгаа нь манай улсын гуравдагч хөршийн бодлого хэрэгжихэд таатай нөхцөл болж байна.

Монгол Улс кибер аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагааны бодлого

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын үүднээс, цахим орчинд тухайн улсын язгуур ашиг сонирхлыг хангах гадаад дотоод таатай нөхцөл бүрдсэн байхыг , тухайн улсын кибер аюулгүй байдал гэж үзнэ. 

Кибер халдлага нь кибер гэмт хэргийн төрөл төдийгүй ,кибер аюулгүй байдалд заналхийлэх гол эх үүсвэр юм. НҮБ-ийн мэдээлснээр кибер халдлага нь үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгт хамаарах бөгөөд дэлхий эдийн засагт жил бүр 1 тэрбум төгрөгийн алдагдал учруулж байна.

Монгол улсын зүгээс кибер аюулгүй байдлаа хангах,цахим орчинд бусад улс этгээдтэй сөргөлдөх аюулаас сэргийлэх зорилгоор хөрш хоёр оронтойгоо хоёр болон гурван талын харилцаа , хамтын ажиллагааг хөгжүүлэхэд холбоотой эрх зүйн орчинг сайжруулах хэрэгтэй юм .

Умард Атлантын Гэрээний Байгууллага (NATO)-ийн гаргасан Кибер аюулгүй байдлын бодлого эрх зүйн баримт бичгүүдээс харахад дэлхийн 7б улс кибер аюулгүй байдлын тухай ямар нэгэн баримт бичиг гарган түүнийгээ хэрэгжүүлж байгаа аж. Уг аюулгүй байдлын бодлого эрх зүйн баримт бичгийг үнэлж цэгнэхэд , “CIA” гурвалжингийн зарчмыг баримтална.CIA гурвалжинг тайлбарлавал:

CONFIDENTIALITY-Мэдээллийн нууцлал

INTEGRITY-Бүрэн бүтэн байдал

AVAILABILITY-Хүртээмжтэй байдал

ДҮГНЭЛТ

Гуравдагч хөршийн бодлого нь хоёр хөршийн эсрэг чиглэгдээгүй бөгөөд Монгол улсын хувьд өөрийн аюулгүй байдлаа хамгаалах нэгэн том боломж ба гуравдагч хөршүүдтэйгээ хамтран техник технологи соёл урлагийн салбараа хөгжүүлэх өргөн боломжтой ба даяарчлалын эрин зуунд Монгол улсын хувьд дэлхий хөгжилтэй хөл нийлүүлэн алхах нэгэн том боломж юм.

Улс гүрэн хөгжил дэвшилд ганцаараа хүрэх боломжгүй бөгөөд дэлхий улам интеграцлагдаж байгаа энэ үед олон талт гадаад бодлого явуулах нь зүйтэй мэт. Идэвхтэй олон талт , олон улстай харилцсан бодлого явуулах нь газарзүйн хувьд хоёр хөршөөр хүрээлэгдсэн Монгол улсын хувьд өөрийн улсын аюулгүй байдал эв нэгдлийг хангахад ихээхэн чухал юм .

Жижиг буурай орны хувьд идэвхтэй тоглолтуудыг олон улсын тавцан дээр хийж өөрийн аюулгүй байдлаа хамгаалах цаашлан бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад өөрийн улсын нөлөөг үзүүлэх нь ихээхэн чухал юм.

Цаашид анхаарах хэрэгтэй зүйлс:

Хоёр хөрштэй харьцах хүчний тэнцвэрийн харьцааг барих

Гуравдагч хөршийн бодлогын хүрээг тэлэх

Илүү нээлттэй бодлого явуулах

Гадаад хөрөнгө оруулагчдын хууль эрх зүйн орчинг илүү боловсронгуй болгох

Дотоодын засгийн газрын тогтвортой үйл ажиллагаанд анхаарах

 

Судлаач Б.Хишигжаргал

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2019-02-28

    Хаа очиж Монгол улс гадаад бодлогын хурээнд зов зуйтэй алхам баримталж байна . Энэ нь тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлыг хангах тулгуур зарчим зөв байна гэсэн үг.Гуравдагч хөршийн бодлогыг цаашил тэлэх нь тэнцвэртэй байдлыг хангах үндэс мөн

arrow icon