ЗХУ-ын зүгээс Афганистанд 1979-1989 онд явуулсан байлдааны ажиллагааны явцад зөвлөлтийн арми, Дотоод хэргийн яам, Улсыг аюулаас хамгаалах хорооны 86 генерал, офицер, ахлагч цэргүүд ЗХУ-ын баатар цол хүртсэн түүхтэй. Тэгвэл 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр В.П.Ковтун гэдэг тэтгэвэртээ гарсан хурандаа хүн тэртээ 32 жилийн өмнө байгуулсан гавьяаныхаа төлөө ОХУ-ын Баатрын алтан таван хошууг гардан авчээ. Энэ тухай өгүүлье.
1979 онд ЗХУ өөрийн цэргийн Афганид оруулж, зөвлөлтийг дэмждэг Засгийн газрыг Кабулд байгуулав. Үүнд дургүйцсэн можахедүүд зөвлөлт болон “тоглоом”-ын засгийн газрын цэргийн эсрэг зэвсэг барин тулалдсан юм.
Уг тэмцлийг АНУ-ын Тагнуулын төв газар далдуур өөгшүүлж, Пакистанд сургалтын төв байгуулж, можахедүүдийг зэр зэвсэг, мөнгө, техник хэрэгслээр хангах болов.
1986 оны эхээр америкчууд агаарт дан ноёлж буй зөвлөлтийн нисэх онгоц, нисдэг тэрэгний эсрэг үр дүнтэй тэмцэхийн тулд “Стингер” зенит-пуужингийн зөөврийн цогцолборыг мужахедүүдэд нийлүүлэх шийдвэр гаргажээ. 1986 оны дундуур ийм төрлийн пуужин 300 нэгжийг, харин дараа жил нь 700 нэгжийг шууд нийлүүлж /дайны туршид 2000-2500 нэгж пуужинг нийлүүлсэн. Р.Э/, пуужинг хэрхэн харвах, ашиглах сургалтыг пакистанд явуулж байлаа. 1986 оны 9 дүгээр сарын 26-нд душманууд анх удаа зөвлөлтийн нисдэг тэргийг уг пуужингаар харваж сөнөөсөн байна.
Зөвлөлтийн цэргийн удирдлага энэ бүхний эсрэг хариу арга хэмжээг нэн даруй авч эхлэв. Нисэх хүчнийг хэрэглэх тактикт өөрчлөлт оруулж нислэгийн аюулгүйн доод өндрийг нэмэгдүүлэв. Гэхдээ зөвлөлтийн удирдлагын хувьд хамгийн гол нь америкчууд “Стингер” зенит-пуужингийн зөөврийн цогцолборыг можахедүүдэд нууцаар нийлүүлж байгааг олон улсад илчлэх нь нэн чухал байсан тул уг пуужинг бодит байдлаар олзлож авах нь стратегийн ач холбогдол бүхий даалгавар болон хувирчээ.
1986 оны хавар “Москва”-аас Афганистан дахь зөвлөлтийн 40 дүгээр армийн командлагч дэслэгч генерал Б.В.Громовт хаягласан маш нууц хоёр телеграмм цуварч иржээ. Эхнийх нь “Америкчууд мужахедүүдэд зенит-пуужингийн зөөврийн цогцолбор нийлүүлж байгаа тухай болон уг пуужинг яаралтай олзлож авах тусгай ажиллагаа нэн даруй явуулах, олзлож авсан бүлгийн даргыг “ЗХУ-ын Баатар цол”-оор шагнах тухай” заажээ. Гэвч хэдэн сарын турш явуулсан ажиллагааны үр дүн амжилтгүй болж уг пуужинг олзлож чадаагүй тул дараагийн телеграммаар хамгийн түрүүнд уг пуужинг олзлосон бүлгийн бүх гишүүдийг “ЗХУ-ын Баатар цол”-оор шагнахаар болсон байдаг. Иймд уг пуужинг олзлож баатар болох хүсэлтэй офицер, цэргүүд олон болжээ.
1987 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Афганистан дахь ЗХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн тагнуулын газрын 22 дугаар тусгай хүчний бригадын 186 дугаар бие даасан тусгай хүчний отрядын хайгуулын бүлэг Кандагар мужийн Мельтаны нуруунд туршуулын үүрэг гүйцэтгэж байлаа. Уг бүлгийг отрядын орлогч дарга, хошууч Е.Г.Сергеев командлаж байсан ба түүний удирдлага дор ахлах дэслэгч В.П.Ковтун, В.А.Чебоксаров нарын бүлэг хоёр нэгж Ми-24, 2 нэгж Ми-8 нисдэг тэргээр нисэж байв.
Бүлэг “Калата” гэдэг уулыг чиглээд отолт хийх боломжтой газар хайн нисэж явтал гэнэт тэдний нисдэг тэргийг урдуур пуужин харваж өнгөрчээ. Нисдэг тэргийг даруй газардах тушаал өгөөд явдлаас можахедүүдийн байрлалыг чиглэн дайралтад орсон байна. Зөвлөлтийн тусгай хүчний дайчид 16 хүнтэй дайсны бүлгийг ямар ч хохиролгүй дор нь устгасан ба ахлах дэслэгч В.П.Ковтуны ахласан бүлэг нэг нэгж “Стингер”, харин ахлах дэслэгч В.А.Чебоксаровын ахласан бүлэг хоёр нэгж “Стингер” пуужинг олзлож авсан байдаг.
Оросууд энэ баатарлаг үйл явдлын тухай “Звезду за Стингер” баримтат киног 2001 онд, харин “Охотники за Караванами” нэртэй 4 ангит цуврал киног 2010 онд бүтээснийг үзэж болно.
Ингээд олзны “Стингер” пуужинг олон улсын түвшинд танилцуулж, америкчуудын далдуур туслалцааг баримтаар ил болгосон хэдий ч нөгөө амласан баатрын алтан таван хошууг хэнд олгоогүй өнгөрсөн байна. Отрядын удирдлагын зүгээс Америкийн пуужинг олзлоход гарамгай гавьяа байгуулсан 5 хүнийг ЗХУ-ын Баатар цолонд тодорхойлсон хэдий ч бүлгийн гишүүдийг “Улаан таван хошуу” одон, “Эр зоригийн төлөө” медалиар шагнаад бүх зүйл дуусчээ. Бүр сүүлд буюу 2012 онд бие даасан тусгай хүчний 186 дугаар отрядын орлогч дарга, хошууч Е.Г.Сергеевт ОХУ-ын Баатрын алтан таван хошууг нөхөн олгосон /тэрбээр 2008 онд нас барсан. Р.Э/ бол 2019 онд бэлтгэл хурандаа В.П.Ковтун авах ёстой шагналаа гардан авсан нь энэ ажээ.
Сэтгэгдэл бичих