Интернэтээр хийцгүйрч яваад Харри Поттерын тухай шүүмж олоод сонсчихов. Нэг мундаг зохиолч Харри Поттерыг яг үнэндээ хүйтэн дайны тухай, Христийн домогт суурилсан болохыг нотолж байна.
Дамблдор 1945 онд Европын хойд зүгээс шидэт саваагаа олдог нь Гитлерээс авсан байх л гэнэ. Харри дахин амилдаг нь ертөнцийг аврагчийн тухай Христийн домгоос санаа авсан л гэнэ. Гэх мэт олон сонирхолтой таамаглал ярьсанаас Монголын улс төртэй холбож болох хэд хэдэн санаа байлаа.
Дэвшилтэт цаг үе ба Харанхуй үе
Зохиолыг хүйтэн дайнтай холбосон учир нь аливаа дэвшилтэт цаг үе болгоны араас харанхуй цаг үе залгадаг, үүний тулд эхлээд тэдний хооронд хүйтэн дайн явагддаг бөгөөд Харри Поттерийн тэмцэл нь харанхуйтай тэмцэх дэвшилтэт үеийн хийж буй хүйтэн дайн гэсэн санаа юм. Монголд болж буй улс төр, нийгмийн үйл явдлуудыг харахад яг л ийм хүйтэн дайн санаанд орж байна.
Хөгжил дэвшил ба харанхуй руу ухрах тэмцэл. Хөгжил дэвшил бол тийм ч амархан сайхан үйл явц биш. Хүн бүрээс асар их хүч, золиос шаарддаг үйл явц. Тиймээс хүн бүр үүнд дуртай байдаггүй бөгөөд хүн бүр хөл нийлүүлэх боломжгүй байдаг. Харри Поттерын номон дээр эдгээр хүмүүс нийлж Волдемортыг дахин амилуулдаг. Монголд монгол ялав.
Амарханы эсрэг зөвийн тэмцэл
Ж.К.Роулинг зохиолынхоо тухай нэгэнтээ хэлэхдээ “Энэ зохиол бол амарханы эсрэг зөвийн хийж буй тэмцлийг харуулсан юм” гэжээ. Амархан гэдэг бол хорвоог манай тал ба дайсны тал гэж хуваах, хүмүүсийг цэвэр цуст ба магл буюу эрлийз гэж хуваах, Хогвартсын тэнхимүүдийг татан буулгаж сургуулийг казарм болгож хувиргах юм. Амархан шийдлүүд шаардсан маш энгийн хорвоо. Бүх асуудлыг манай ба дайсан, цэвэр ба эрлийз гэсэн нүдээр харахад шийдлүүд мэдээж амархан харагдана.
Тэдний хувьд олон ургальч үзэл байх ёсгүй. Бүх юм дээрээс доош хатуу, цэргийн удирдлагатай байна. Гэтэл зөвийн талынхан хоорондоо байнга мэтгэлцэнэ. Волдеморт дахин амилсан үгүй, Поттерт дуртай дургүй гээд маш олон янзын үзэл бодолтой. Тэд барагтай бол хоорондоо нэгдэхгүй. Тйимээс ч Волдемортыг амилахад зөвийнхөн олигтой саад хийж чаддаггүй.
Монголд зөв улс төрчид цөөнгүй. Зөв иргэд ч олон. Харамсалтай нь тэд нэгддэггүй.
Үр дүнд нь амарханы талынхан шийдвэрүүдээ гаргасаар. Хураах, хуваах, хорих, огцруулах гээд амархан шийдлүүд шил шилээ даран гарна.
Хоркрус буюу харанхуйг утсгах нь
Зохиолын хамгийн өрнөл хэсэг нь Волдемортын амийг агуулсан хоркрус буюу сахиусыг устгахаар Харригийн хийж буй тэмцэл юм. Гэвч хамгийн хорлонтой нь сахиусан дотор Харригийн амь бас байгаа учир тэр түүнийг устгахын тулд тэр өөрийгөө устгах ёстой болдог. Хэцүү сонголт. Энэ бол бас бидний сонголт. Бид бүхний дотор харанхуй оршин байдаг. Хүн бүрийн дотор “монгол ялна” их бага хэмжээгээр байдаг.
Бид бүгдээрээ Монголоо 60 тэрбумынхан ба жидүүчид, Халх ба Увс, хонгилтой ба хонгилгүй, 49 ба 51 гэж маш энгийнээр хуваадаг.
Бид бүгдээрээ асуудлууддаа амархан шийдэл хайдаг. Дор бүрнээ өөрийгөө Харри гэж боддог боловч үнэн хэрэгтээ Волдеморт болчихсон байна. Харанхуйг ялахын тулд дор бүрнээ дотроо байгаа харанхуйгаа ялчихмаар байна.
Сэтгэгдэл бичих