Өнөөдөр Нарны баяр буюу Казак түмний Наурызын баярын өдөр. Бид өнөөдөр Баянзүрх дүүргийн 4-р хороонд оршин суух Х.Нурланбек хэмээх айлд зочилж Казак түмний ёс заншил, баярын идээ будааны утга учиртай танилцлаа.
Наурызын баяр нь гуравдугаар сарын 22-ны өдрөөс эхэлдэг бөгөөд эдгээр өдрүүдэд айл бүрт цаг товлон зочилж ах дүү хамаатан саднаараа цугладаг юм байна. Биднийг Нурланбек гуайнд очиход түүний хүргэн бэр, худууд, найз нөхөд нь цуглан сууж Наурыз хэмээх баярын дуугаа дуулан домборын аянд хөгжилдөж байлаа.
Энэ өдрийг хахир хатуу өвлийг өнөтэй давж урин цагтай золголоо хэмээн бэлэгшээж, архи дарс уухгүй уламжлалт хоол идээ ундаагаа ууж, ах дүү хамаатан саднаараа зочлон өнгөрөөдөг аж. Найман настай балчраас наян настай буурай хүртэл энэ өдөрт зориулан үндэсний дээл хувцсаа өмсөж, гурав хоногийн өмнөөс их цэвэрлэгээ хийж, зочид гийчдээ дайлах идээ ундаагаа бэлтгэдэг.
Наурызын гол онцлог нь эхний өдрийг эрхшээн хүндэлж, эрхэмлэн дээдэлж угтахаас эхэлдэг. Казахууд үндэсний хувцсаа өмсөж золгохдоо бие биедээ баяр хүргэж мэндчилэн, шинэ ондоо эрүүл энх, аз жаргалтай байж, амжилт бүтээл арвин байхын ерөөлийг дэвшүүлдэг. Эрчүүд хоёр гараараа барилцан цээжээ хүргэж мэндэлж золгодог, харин эмэгтэйчүүд тэврэлддэг нь казак заншил
. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс цээжээ зөрүүлж мэндэлнэ. Хоёр гараараа барилцан цээж мөргүүлнэ гэдэг нь амьдралын тулгуур эрхтэн цээж минь, амьдрах эх булаг болсон хоёр гар минь эсэн мэнд байг гэдгийг илэрхийлдэг.
Бидний хувьд анх удаа Наурызын баяраар Казак айлд ирж буй учир сонин содон зүйл их байв. Тэд эхлээд аяганд цай хийж барина. Цайг нь уугаад баярласнаа илэрхийлэхийн тулд аяганыхаа амсрыг 5 хуруугаараа таглах ёстой
аж. Хэрэв ингэхгүй бол аяганд тань хэдэн ч удаа цай хийж мэднэ.
Наурызын баярт зориулж чанасан толгойг хамгийн настай буюу цугларагсдын ахмад нь эхэлж зүсэх учиртай. Хонины толгойн эрүүний хуйхнаас зүсэж эхлээд гэрийн эзэнд, дараа нь насны эрэмбээр бусад хүнд амсуулна.
Идээ ундааны хувьд бүгд өөрийн гэсэн утга бэлгэдэлтэй. Наурызын баярын гол хоол каз, көжө шөл. Энэхүү шөл ихээхэн хүндэтгэлтэй төдийгүй маш их утгыг агуулж ирсэн зочид бүрдээ заавал 2-оос дээш аяга идүүлэх ёстой аж. “Көжө шөл” нь амьдралын долоон элементийг илтгэдэг ус, мах, давс, өөх, гурил, будаа буюу цагаан будаа, улаан будаа, шар будаа, сүү гэсэн долоон төрлийн бүтцээс бүрдэнэ.
Баяр баясгалантай, азтай, цэцэн сэргэг, эрүүл, элбэг дэлбэг, хурдан шаламгай байж, өсч үржиж бурхнаас өршөөл хүртэх ерөөл билэгдлийг илтгэдэг. Энэ ч үүднээс Казакийн ёсонд Наурызын баяраар будаатай шөл хийдэг нь дээдлэлийн илэрхийлэл байдаг. Энэ талаар гэрийн эзэгтэй М.Карлигатай цөөн хором ярилцлаа.
Танд наурызын баярын мэнд хүргэе. Та бидэнд Наурызын баярын утга учир идээ ундааны хүндэтгэлийн талаар ярьж өгөөч?
Наурынзын баяр хахир өвлийг дагаж хавартай өнөтэй золгосны баяр. Сүүлд НҮБ-аас наурызын баярыг олон улсны баяр болгон тэмдэглэдэг болсноос хойш Нарны баяр хэмээн нэрлэж Монголын цагаан сарын дараа тэмдэглэдэг болсон юм. Элбэг дэлбэг өнгөрөөвөл дараа жил хүртэл элбэг дэлбэг байна гэдэг үүднээс хоол хүнсээ элбэг байлгадаг. Хоол хүнсний хувьд Казак түмэн адууг их эрхэмлэдэг учир адууны мах заавал чанадаг. Ер нь адууны махыг Наурызын баяраар, хүн нас нөгчихөд ч заавал адуу гаргадаг уламжлалтай.
Көжө шөлний утга учир бэлгэдлийн тухай?
Энэ шөлөнд долоон төрлийн идээ будаа ордог юм. Би өнөөдөр энэ шөлөндөө цагаан будаа, шар будаа, хөц будаа, аарц, махны шөл, бор будаа, зэрэг хүнс хэрэглэсэн. Дээр үед элбэг дэлбэг байдаггүй байсан учир энэ ирэх жилдээ элбэг дэлбэг байх үүднээс көжө шөл хийдэг байсан нь өнөө уламжлагдаж ирсэн. Нэг хүн дөчин айлаас амсах ёстой.
Манай энэ баярын цагаан сараас ялгагдах онцлог нь архи дарс хэрэглэхгүй, бэлэг бэлддэггүй. Ах дүүсээрээ цуварч хэсдэггүй. Айлууддаа цаг товлон очдог юм.
Казак түмэн 7-гийн тоог ихээхэн бэлгэддэг юм билээ?
Бид 7-ийн тоог их бэлгэшээдэг. Тийм учраас баярын өдөр долоогийн тоог эрхэмлэнэ, көжө шөлөндөө долоон төрлийн хүнс хэрэглэнэ.
Наурызын баяраар дуулдаг уламжлалт дуу хуур, домог хууч юу байдаг вэ?
Наурыз гээд дуу байдаг. Өөр олон сайхан дуу байдаг. Гэвч бид одоо Монголд суурьшаад их олон жил болсон учир хүүхдүүд Казак дуу мэдэхгүй, зарим нь бүр Казакаар ярьж чадахгүй байна. Бид аль болох энэ өдөр Казакаараа дуулж хуурдаж, үлгэр домог ярихыг чухалчилдаг. Ер нь тэгээд Наурызын баярыг Домборгүйгээр төсөөлшгүй.
Казак түмний үндэсний хувцас нь насны онцлогоос шалтгаалж янз бүр хийц загвартай. Тухайлбал, нөхөрт гараагүй охид бүсгүйчүүд малгай дээрээ шар шувууны өд хатгасан байхад нас тогтсон эмэгтэйчүүд хээ хуар урласан цагаан торгоор толгойгоо боодог. Баярын гоёлоо цөм өөрийн гараар урладаг төдийгүй Наурызын баяраар охид аав болон ахдаа тоорцог малгай хээлж өгөх зэрэг охид хүүхнүүд тун ч завгүй өнгөрдөг аж.
Сэтгэгдэл бичих