Ээлжит бус чуулганы хуралдаанаар шүүхийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталсан. Энэ хууль Үндсэн хуулийг зөрчсөн бөгөөд цаашид ардчилсан тогтолцоонд сөрөг нөлөөтэй гэж зарим судлаачид үзэж буй юм. Тэгвэл Үндсэн хуулийн яг ямар заалтыг зөрчиж, ямар аюул үүссэн, цаашид яах тухай судлаачдын байр суурийг хүргэж байна.
Хууль нэгэнт батлагдчихлаа. Одоо яах вэ?
Хуульч Б.Гүнбилэг: Хэнийг хэнээс хамгаалах гээд, хэн хэний эрхийг зөрчөөд байгаа вэ гэдэг асуудлыг Үндсэн хууль зааглаж өгдөг. Тэгвэл Үндсэн хуулинд хэн халддаг вэ гэвэл хамгийн түрүүн төр өөрөө хамгийн их хүний эрхийг зөрчих магадлалтай. Шүүх эрх мэдэл бол өөрөө улс төрөөс хараат бус бие даасан салбар. Гэтэл өчигдрийн батлагдсан хуулиар хараат болчихлоо. Хэрвээ ҮАБЗ-ийн гишүүд сайн хүмүүс байх юм бол магадгүй энэ хууль сайнаар хэрэгжиж болох талтай.
Гэхдээ Үндсэн хуулийнхаа хууль заалтыг зөрчөөд гараад ирсэн энэ хууль цаашид хэн нэгний ашиг сонирхлоор асуудлыг шийдэх маш том аюул байгаа. Ямар нэгэн байдлаар улс төрийн тодорхой нэг бүлэглэл өөрт ашигтайгаар шийдвэр гаргадаг, өөрийн дураар шүүх байгууллагад халаа сэлгээ хийдэг ийм байдал үүсчихлээ. Тэгэхээр миний хувьд ҮАБЗ-ийн хүмүүс зөв шийдвэр гаргадаг байгаасай гэж горидлого тээхээс гадна аль болох энэ хуулийг хүчингүй болгох үүднээс ажиллана. Одоогоор бол бусад үзэл бодол нэгтэй хуульчид судлаачидтай нийлэн цэцэд хандахаар бэлдэж байна.
МУИС-ийн багш О.Мөнхсайхан: Энэ хуульд гурван том асуудал байгаа юм. Үүний цаана цөөн буюу нэг хүний хүний гарт эрх мэдэл төвлөрөх гэдэг маш том аюул байгаа. ҮАБЗ-өөс зөвлөмж гаргаад түүнийгээ ШЕЗ рүү явуулна түүнийг нь үндэслээд Монголын 500 гаруй шүүгчдээс алийг нь ч гэсэн ажлаас түдгэлзүүлэх боломж бий болсон. Тэр шүүгчдээс үнэхээр шударга ажилладаг хүмүүс бий. Гэтэл энэ зөвлөмжөөр тодорхой үндэслэлгүй өөрөөр хэлбэл ҮАБЗ-ийн хэн нэгэнд таалагдахгүй шийдвэр гаргасны төлөө ажлаас түдгэлзүүлэх боломж байгаа гэсэн үг. Хорёдугаарт Ерөнхий прокурор түүний орлогч, авилгатай тэмцэх газрын дарга дэд даргыг энэ хуулиар түдгэлзүүлэх боломж бий болсон. Хууль санаачлагчдын зүгээс энэ бол зүгээр зөвлөмж юм, үүнийг биелүүлэхгүй байж болно гэж байгаа боловч бодит байдал дээр тийм биш. ҮАБЗ-өөс зөвлөмж гаргасан л бол шүүгчийг түдгэлзүүлэх үндэс бүрдэж байгаа юм. Яагаад гэхээр ҮАБЗ-ийг Ерөнхийлөгч тэргүүлдэг, Ерөнхий сайд УИХ-ын дарга орж зөвшилцөж шийдвэр гаргадаг боловч ерөнхийдөө Ерөнхийлөгч шийдвэр гаргадаг. Ажлын албыг нь байгуулдаг.
Тэгэхээр өөрийнхөө тэргүүлдэг ҮАБЗ-өөс зөвлөмж гаргаад ШЕЗ- рүү явуулна. Гэтэл ШЕЗ-ийн таван гишүүнийг бүгдийг нь Ерөнхийлөгч томилдог. Өөрийнх нь томилсон хүмүүс зөвлөмж явуулна, дахиад огцруулах юмуу түдгэлзүүлэх асуудлыг тэд шийднэ. Өөрөөр хэлбэл өөрөө тэргүүлдэг байгууллагаар зөвлөмж гаргуулаад, өөрөө томилсон байгууллагаар дуртай шүүгчийг огцруулдаг ийм байдал үүсчихлээ. Энэ байдлыг урвуулан ашиглах байдал одоо нээлттэй болсон. Одоо ганц найдвар цэцэд хандах. Гэхдээ бас цэцэд хандахад айдастай зүйлүүд байна. Цэц хүлээж авахгүй байх магадлал байна.
Гэхдээ хүлээж авч энэ хуулийг хүчингүй болгоосой гэж найдаж л байна. Бид 1000 хүний гарын үсэг цуглуулаад цэцэд маргаан үүсгүүлэхээр бэлдэж байна.
Судлаач Б.Эрхэмбаяр: Миний хувьд цэцэд хандаад хүлээж авахгүй, цэцийн гишүүн Үндсэн хууль зөрчөөгүй байна гээд шийдвэр гаргачихвий гэхээс айж байна. Үнэхээр цэцэд хандаад цэц хүлээж авбал сайн хэрэг. Гэхдээ хүлээж авахгүй бол цаашид хэцүү байдал үүснэ. Дахиж цэцээр маргаан үүсгэх боломжгүй болно шүү дээ. Тиймээс хар хайрцагны бодлого баримталбал дээр байх гэж бодож байна.
Цэц маргааныг хүлээж авахгүй байх магадлал хэдэн хувь бэ, хүлээж авахгүй бол яах вэ?
МУИС-ийн багш О.Мөнхсайхан: Цэц маргааны хүлээж авахгүй байх магадлал байгаа. Хэрэв хүмүүс санаж байгаа бол яг жилийн өмнө цэцийн томилгоо шударга бус явагдсан.
Ер нь хууль батлахдаа урьд өдөр нь санаачлаад маргааш нь хуралдаад баталчихдаг ийм нөхцөл байдал үүсээд байна. Жилийн өмнө сонгогдсон цэцийн зарим гишүүд хууль зүйн мэдлэг боловсрол, ёс зүй дутмаг хүмүүс сонгогдсон. Гэхдээ би энэ хүмүүст бага ч гэсэн итгэл тавьж байна. Асуудалд буурь суурьтай хандаж, зөв бурууг ялгадаг байгаасай гэж хүсэж байна.
Хуульч Б.Гүнбилэг: Цэцийн гишүүн яаж хүлээж авахыг мэдэхгүй. Мэдээж найдвар тавина. Ер нь хэн ч бай шүүх засаглал хэн нэгнээс хараат бус байх ёстой гэдгийг ойлгох л чухал. Магадгүй цэц хүлээж авахгүй байлаа гэхэд ҮАБЗ-ийн гишүүд ухаалаг шийдвэр, зөвлөмж өгдөг, яг буруу хэрэг хийсэн зөрчил гаргаж байгаа хүнээ түдгэлзүүлдэг байхыг үгүйсгэхгүй юм даа.
Олон нийтийн зүгээс шүүх байгууллагыг цэвэрлэх нь зөв. Хуульчид судлаачид онол яриад, бодит байдлыг ярихгүй байна гэдэг шүүмжлэл байна?
Хуульч Б.Гүнбилэг: Тийм хүний сэтгэцэд нөлөөлөх бичлэг дүрс үзүүлж байгаа юм чинь хүн ямар нэг байдлаар эмоци гаргах нь зүйн хэрэг. Тэгээд түүнийг үзсэн хүмүүс олон нийтэд үзүүлэх эмоци нь сөрөг байж таараа. Тийм яргалалд хэн ч эерэг байхгүй. Тэгэхээр олон нийт ийм яргалалтай байгаа шүүх засаглалыг цэвэрлэ, соль гэх нь аргагүй. Өнөөдөр магадгүй сайн хууль юм шиг харагдаж байж болох ч энэ их эрх мэдлийг цөөн хүний гарт төвлөрүүлснийг ашиглаад маш буруу систем тогтож ардчилал нуран унах аюултай
болсныг ойлгох хэрэгтэй байна.
Судлаач П.Бадамрагчаа: Энэ эрүү шүүлт гэдэг асуудалд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Үнэхээр энэ эрүү шүүлт яргалал хуулиас гажууд хуулийн хариуцлага хүлээдэг гэдгийг шүүгчид мэдсэн хэрнээ чимээгүй байсан бол үүнд зохих шийтгэлийг өгөх нь зүйтэй. Гэхдээ шүүгч мэдээгүй байхад шүүгчийг гүтгэх асуудал байж болохгүй. Зөвхөн энэ яргалалтай холбоотойгоор шүүхийг харлуулж болохгүй.
Судлаач Б.Эрхэмбаяр: Шүүхийн хараат бус байдал гэж юу вэ, шүүгч яагаад хараат бус байх ёстой вэ гэх зэрэг хуулийн хүрээний мэдээлэл ард иргэдийн дунд хангалттай биш байгаа байх. Тэд харснаараа өөрийнхөө хүссэнээр дүгнэнэ. Дандаа хар бараан зүйлсийг нь үзүүлж харуулаад байхаар шүүхийг үзэн ядахаас аргагүй. Гэтэл энэ батлагдсан хуулийн цаана ардчиллын үнэт зүйл зорилго гэх зүйл маш ноцтой зөрчигдөөд байгааг мэдэхгүй байна.
ҮАБЗ гэдэг байгууллага яг ямар үүрэгтэй, яг юуг яаж зохицуулах эрх үүрэгтэй юм бэ?
Судлаач Б.Гүнбилэг: Хуулиар УИХ өөрөө ҮАБЗ-ийн бүрэлдэхүүний гаргах эрхтэй. Парламент бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд УИХ-ын даргыг ҮАБЗ-д оруулчихсан байгаа. ҮАБЗ бол Монгол улсын язгуур эрх ашгийг хамгаалах ёстой. Одоо үүсээд байгаа нөхцөл байдал гэвэл ямар үндэслэлээр шүүгчийг түдгэлзүүлж огцруулж байгаа гэдгээ оруулахгүй болчихлоо шүү дээ.
Одоо энэ хууль батлагдсанаар яг ямар аюул тулгараад, Үндсэн хуулийн яг ямар ямар заалтыг зөрчөөд байгааг тайлбарлана уу?
Судлаач Эрхэмбаяр: Үндсэн хуулийн дараах зүйл заалтуудыг зөрчсөн.
Монгол улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.
Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хорилосон.
20.3 Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хуулиар тогтоосон эрх зүйн, эдийн засаг, нийгмийн хамгаалалт зэрэг хараат бус халдашгүй байдлын баталгааг ямар нэг замаар, ямар нэг хэлбэрээр дордуулсан хууль тогтоомж гаргахыг хориглоно.
49-р зүйл
Шүүгч хараат бус байж, гагцхүү хууль захирагдана.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд УИХ-ын ба Засгийн газрын гишүүн, төр нам, олон нийтийн бусад байгууллагын алына тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцохгүй.
51-р зүйл
Үндсэн хууль шүүхийн тухай хуульд заасан үндэслэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсвэл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.
МУИС-ийн багш О.Мөнхсайхан: Яг ямар аюул үүсээд байгаа юм гэхээр хэн нэгний дур зоргын асуудлаар шүүх байгууллагыг өөрчилдөг болсон нь маш том аюул. Шүүгчийг өөрөө 6 жилийн хугацаатай томилдог тэгээд Эрхэмбаярын хэлсэн зүйл заалтуудаар хамгаалахаас гадна 6 жилийн хугацаа гэдэг хараат бус ажиллах суурь зарчим нь байсан. Одоо байхгүй болсон. Ер нь нэг хүний засаглал тогтож, нэг хүнд хэтэрхий эрх мэдэл төвлөрөх аюул ойрхон байна
. Өөр бусад улс орнууд яг энэ зарчмаар явж байгаад ямар байдалд хүрснийг би болон бусад хуульчид хэлсээр л байгаа.
Судлаач Б. Гүнбилэг: Одоо ерөөсөө төр хувийн хэвшилд хамгаалалт хууль эрх зүйн орчин сул болсон гэдгийг баттай хэлж байна. Сэтгүүлч та нар ч ямар нэгэн эрх мэдэлтэнд таалагдахгүй зүйл хийхэд тэдний хүсэлтээр эрүүгийн хариуцлага хүлээх боломж бүрдсэн. Одоо нөгөө захиргааны ерөнхий хууль, ШХАБ зэрэг хүч нь хүрэхгүй баталж чадахгүй байсан хуулиудаа батлахад амархан боллоо л гэсэн үг.
Судлаач П.Бадамрагчаа: Аюул нь бол тодорхой. Арчилсан тогтолцоонд аюул үүсэж байна. Монгол улс бол ардчилсан тогтолцоот улс. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сонгох сонгогдох эрхтэй. Үүнийг аажмаар сааруулах нэг хүний дарангуйлал тогтовий гэсэн айдастай байна.
Сэтгэгдэл бичих