Виржиниа Вүүлф (Стефен) 1882 оны нэгдүгээр сарын 25-нд Викториа хатны үеийн сэхээтний гэр бүлд төржээ. Хүчирхийлэл, гэрлэлт, амиа хорлох оролдлого, улс төрийн идэвх, сэтгэцийн өвчин, хайр дурлал, дотно нөхөрлөл, хэд хэдэн дайн түүний амьдралд ул мөрөө үлдээсэн аж.
Виржиниа Вүүлф бол XX зууны эхний хагасын хамгийн чухал уран бүтээлчдийн нэг төдийгүй бүх цаг үеийн хамгийн нөлөөтэй эмэгтэй зохиолчдын нэг
билээ. Тэрээр эхлээд ээжийгээ, дараа нь аавыгаа нас барахад сэтгэлийн гүн хямралд нэрвэгджээ. Вүүлф сэтгэлийн хямрал, хоолны дуршилгүй болох зэрэг өвчинд нэрвэгдсээр 1913 онд амиа хорлохыг завджээ. Гэхдээ энэ бүгдийн дараа эрүүл мэнд нь сайжирч, өөрийн нөхөр Леонардын хамт 1917 онд Хогарт хэвлэлийн газрыг байгуулсан юм. Үүний дараагаас Виржиниа романуудаа ар араас нь хэвлүүлэв. Вүүлфийн эцэг эх нь хоёулаа утга зохиолтой холбоотой хүмүүс байсан байна. Аав нь түүх, намтар судлал болон нэвтэрхий толь бичиж байв. Түүний бичсэн 18-р зууны Английн сэтгэлгээний түүх /1876/ ном нь энэ салбарт чухал ач холбогдолтойд тооцогддог. "Гэрэлт цамхаг тийш" зохиолын ноён Рэмзи дүрийг бүтээхдээ Вүүлф эцгээсээ санаа авсан байдаг.
ЗОХИОЛЧ ВИРЖИНИА ВҮҮЛФ НЬ ХОЁР ЗУУНЫ ЗААГ ДАХЬ ХАМГИЙН ЧУХАЛ ЗОХИОЛЧДЫН НЭГ ЮМ.
Виржиниа Вүүлф хамгийн сүүлийн ном болох "Үзэгдлүүд хооронд"-оо 1941 оны 2 дугаар сард дуусгажээ. Үүний дараа түүний эрүүл мэнд эрс доройтож, ахин сайжрахгүй гэж айсандаа нөхөртөө гэрээслэл зурвас бичиж үлдээгээд Виржиниа гэрийнхээ ойролцоох Уз голд живж амиа хорлосон юм.
Түүний бүтээлүүдийн тухай дэлгэрүүлбэл,
Ах нартайгаа цуг гэр бүлдээ зориулж гаргасан “Хайд Парк Гейт ньюс” (Hyde Park Gate News) хэмээх сонинд жижиг нийтлэлүүд бичсэнээр түүний уран бүтээлийн гараа эхлэв. Насанд хүрсэн хойноо анх эсээнүүдээ хэвлүүлсэн бөгөөд үүгээрээ тун их бахархаж байжээ. Хэдийгээр баримтат зохиолуудаа романуудтай нь дүйхгүй гэж үзэж, доогуур үнэлж байсан ч утга зохиолын энэ төрөл түүний бүтээлүүдэд чухал байр эзэлдэг. Эдгээрээс хамгийн гарамгай зохиолууд нь Өөрийн гэсэн өрөө (1929, эмэгтэй хүний өнцгөөс утга зохиолыг судалсан судалгаа) болон “Гурван гиней” (Three Guineas, 1938, энх тайванч үзэл ба феминизмийг хамгаалсан бүтээл) юм.
Аав нь нас барж, өөрөө амиа хорлохыг завдаж, Леонард Вүүлфтэй гэрлэснийхээ дараа л Виржиниа “Зугаалга” (The Voyage Out, 1915) хэмээх анхны романаа хэвлүүлэв. Үүний дараах “Өдөр, шөнө” (Night and Day, 1922) роман өмнөхийн нэгэн адил төдий таатай шүүмжлэл хүртсэнгүй. Эхний хоёр роман нь харьцангуй уламжлалт хэв маягтай байлаа.
“Өдөр, шөнө” романаас нь хэдэн сарын дараа хэвлэгдсэн “Жейкобын өрөө” (Jacob’s Room) роман нь түүний шинийг туршсан хэв маягийг анх олноо харуулсан бүтээл юм. Энэ зохиолд гол дүрийн тухай хүүрнэгчийн зүгээс шууд өгүүлэлгүй, харин түүний амьдралд оролцсон өөр өөр хүний, өөр хоорондоо зөрчилдсөн сэтгэгдлүүдээр дамжуулан дүрсэлнэ. “Жейкобын өрөө” өнөө цагт модернист уран зохиолын онцлог бүтээлүүдийн нэгд тооцогдох болжээ.
Үүнээс гурван жилийн дараа хэвлэгдсэн “Хатагтай Дэллоуэй” ( Dalloway) роман Вүлфийн шүүмжийн хувьд ч, арилжааны хувьд ч амжилтад хүрсэн анхны бүтээл юм. Уг романд үдэшлэгт зохиохоор зэхэж буй чинээлэг гэрийн эзэгтэй хатагтай Дэллоуэй болон сэтгэлийн их цочролд автсан залуу эр хоёрын нэгэн өдрийн амьдралыг хүүрнэнэ.
Эдгээр сэдвээр уран яруу хүүрнэх эрмэлзэл нь өөрийн хүүхэд ахуйн дуртгалдаа ерөнхийдөө тулгуурласан “Гэрэлт цамхаг тийш” (To the Lighthouse, 1927) романд нь ч мөн үргэлжилнэ. Ээж нь нас барахаас өмнө болон нас барсны дараагаар, далайн эргийн нэгэн байшин руу хоёронтоо аялж буй гэр бүлийн тухай уг роман өгүүлдэг. Гэхдээ “Хатагтай Дэллоуэй” романаас ялгаатай нь, Вүлф энэ удаад, хувь хүний тусгаарлагдсан ухамсраас гадна энэхүү ухамсар, бусадтай үүсгэсэн харилцаатай хэрхэн огтлолцож сүлжилддэгийг судалжээ.
Тэрээр 1928 онд “Орландо: Намтар” (Orlando: A Biography) бүтээлээрээ арилжааны амжилтынхаа оргилд хүрэв. Вүүлфийн хайрт Лэди Сэквилл Уэстийн түүхээс сэдэвлэсэн “Орландо” роман, нэг ч өдөр хөгшрөлгүйгээр, Элизабет хатны үеэс өнөөг хүртэл (1928) амьдарч, энэ зуур яруу найрагч, эмэгтэй хүн, эх хүн болдог нэгэн язгууртан эрийн цуутай түүхийг өгүүлэх хуурамч намтар юм. Энэ егөөтэй өнгө аясаараа, Вүүлф зөвхөн хувь хүний түүх төдийгүй түүхэн болон нийгмийн амьдралыг судалж сонирхож эхэлснээ харуулжээ. Цаашдын романууд нь ч хувь хүний амьдрал, нийгэм, түүх өөр хоорондоо өөр хоорондоо ээдэрч холбогддогийг улам бүр онцлох илүү нухацтай өнгө аятай болж эхэлсэн билээ.
Вүүлф 1931 онд “Давлагаанууд” (The Waves) хэмээх романаа хэвлүүлэв. Уг романд өмнөх “Жейкобын өрөө” романы гол дүрийн нэгэн адил хэзээ ч шууд үл дүрслэх нэгэн найзаа алдсаныхаа дараа, энэ л үйл явдлын улмаас өөр хоорондоо холбогдож буй зургаан найзын дотоод амьдралыг мөшгөнө. Заримдаа үргэлжилсэн үгийн зохиол гэхээс илүүтэй яруу найрагтай төстэй санагдах энэ ер бусын шүлгэн хүүрнэлтэй бүтээл шүүмжлэгчдэд гойд таалагдсан ч арилжааны хувьд төдий амжилт олсонгүй.
“Он жилүүд” (The Years, 1937) романаараа Вүүлф нэгэн гэр бүлийн амьдралаар түүхэн үйл явдлуудыг харуулахаар тун ч цөхрөлтгүй хичээжээ. Уг романд нийгэм, эдийн засгийн амьдралаас гадна хувь хүний зан, ухамсарт үзүүлэх тэдгээрийн нөлөөг авч судалсан байна. Паржитерын гэр бүлийн гишүүдийн амьдралыг 1880 оноос 1937 он судлах уг бүтээлд романыг эсээтэй хольж шинийг турших оролдлого хийгджээ. Энэ ном судлаач, уншигчдаас муухан үнэлгээ авсан төдийгүй Вүүлфийн нөхөр Леонардад ч төдий таалагдаагүй. Ном нь таагүй шүүмжлэл хүртсэнээс гадна зээ нь Испанийн иргэний дайнд амь үрэгдсэн нь Вүлфийн сэтгэцийн эрүүл мэндэд нэмэлт дарамт учруулав.
Хамгийн сүүлчийн “Үзэгдлүүд хооронд” (Between the Acts) роман нь Вүүлфийг таалал төгссөний дараа, 1941 онд хэвлэгджээ. Вүүлф амиа хорлохоосоо өмнө романдаа засвар ч хийж амжаагүй аж. Тухайн үед Вүүлфийн амьдарч байсантай тун төстэй Английн нэгэн хөдөөний тосгоны нэгэн өдрийг уг романд өгүүлнэ. Өөр өөр дүрүүд болон Британийн түүхийн тухай тэдний үзүүлбэрээр дамжуулан, Вүүлф “Он жилүүд” романыг бичсэнээс хойш санааг нь чилээсэн тэр л сэдвээ дахин нэгэнтээ хөнджээ.
Вүүлфийн бүтээлүүд модернист уран зохиолд тун чухалд тооцогдоно.
Тэрээр “ухамсарын урсгал” хэмээх арга барилыг хөгжүүлж, хошин шогийн мэдрэмж бүхий сэтгэл хөдлөлийн болон уран хүүрнэлийн өөрийн гэсэн хэв маягийг төгөлдөржүүлжээ. Түүнчлэн феминизм, энх тайванч үзэл, урлагийг хэлбэржүүлсэн маргаануудад өөрийн хувь нэмрээ оруулж, цаг үеийнхээ соёл, улс төрийн амьдралд идэвхтэй оролцоо үзүүлсэн юм. Вүүлф тухайн үеийн эрэгтэй зохиолчидтой харьцуулахад амьд ахуйдаа харьцангуй дутуу үнэлэгдсэн хэдий ч ирэх олон арван жилд уншигч шүүмжлэгчдийн анхаарлыг улам бүр татаж, зохих ёсоор танигдаж алдаршиж эхэлсэн билээ.
Сэтгэгдэл бичих