Дэлхий олон хэлээр ярьж байсан ч арьс өнгө, шашин шүтлэг өөр байсан ч ойлголцож чадах цор ганц хэл бол хайр. Харин хайрыг түгээдэг, мэдрүүлдэг, илэрхийлдэг аугаа хүч бол урлаг.
Бидний амьдралын алхам тутмыг цаашлаад энэ дэлхийг урлаг уран бүтээлчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Бидний сонсох, аялах дуртай дуу, шүлэг, уран зураг, хөгжим, дуртай дүр, өмсөх хувцас бүгд хэн нэгэн уран бүтээлчийн бүтээл байдаг. Бид тэдний бүтээлээр хил хязгааргүй орон зайг туулж, бие биесээ хайрлаж хүндэтгэх, санагалзах гэх мэт хүний эрхэм чанараа хадгалж үлдэж чаддаг учраас уран бүтээлчдэд талархлаа илэрхийлэхээр уран бүтээлчдийн өдрийг зорин, урлагийн хил хязгааргүй ертөнцөөр аялсанаа хуваалцъя.
Төгс гэгээрсэн их багш Чин Хайн санаачлагаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг олон улсын уран бүтээлчдийн өдөр болгон тэмдэглэж бүхий л уран бүтээлчдэд талархлаа илэрхийлдэг болсон. Манайх энэхүү өдрийг хоёрдахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнгөрсөн жил 200 орчим уран бүтээлчдийг урьж тэдний урлагт зүтгэсэн он жилүүдийн дурсамж дурдатгал, бүтээл төрөх агшин, бүтээлийн хүмүүст хүргэх санаа зэрэг амтлаг яриа өрнүүлж байсан. Зарим төлөөллийн дурсамж яриаг эндээс уншина уу.
Энэ жил 500 орчим урлаг соёлын төлөөллүүд оролцсон бөгөөд “Эх тэнгэрийн ивээл” хүндэтгэлийн тоглолтыг үзэгчдэд толилуулж, Чин Хай багштай цахимаар холбогдон халуун яриа өрнүүлсэнээрээ онцлог байлаа.
Тус тоглолтын ерөнхий найруулагчаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт С.Сүхбаатар ажиллаж, Налайх дүүргийн хүүхдийн “бүжиг бүжиг” хамтлаг, Үндэсний дуурь бүжгийн эрдмийн театрын бүжигчид, балетийн бүжигчид, дуучин Б.Баярцэцэг, Т.Дэлгэрмөрөн, Б.Монголхүү, Э.Анхбаяр зэрэг уран бүтээлчид оролцож ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.
Эндээс Дуучин Дэлгэрмөрөнгийн дуулсан “Чулуун бурхантай хөөрөлдсөн нь” хэмээх дуу олон хүний сэтгэлийн утсыг хөндөж, дахин сонсохыг хүсэн, алга нижигнүүлсээр, нулимс урсгасаар л байсан юм. Үнэхээр сэтгэл хөдөлгөж, аз жаргал, уйтгар гунигийг зэрэг мэдрүүлсэн энэ дууг Чин Хай багш "ганга" мөрний эрэгт бясалган суухдаа зохиосон гэдэг. Үг бүрт нь, аялгуу бүрт нь хайр нигүүлсэл шингэж үргэлж бусдад аз жаргалыг түгээхийг хүссэн нь мэдрэгдэж нээрээ л буддатай ярилцаж байгаа юм шиг мэдрэмж төрж байлаа. Тоглолтын дараа ганц нэг хүмүүстэй яриа өрнүүлж тэр дууг сонсоод юу мэдэрсэн тухай асуухад:
"Хүн бүрийн дотор бурхан оршиж байдаг атал хүмүүс яагаад чулуун бурханд очиж мөргөөд, уйлаад гуниглаад байдаг юм бол. Уг нь чамд зовлон гуниг тохиолдвол чулуун бурханд очоод мөргөж, зовлонгоо тоочих биш дотооддоо төвлөрч өөрийгөө сонсож чадвал аз жаргалыг мэдэрч, зовлон гунигаасаа салж чадна гэсэн утгатай дуу юм шүү дээ. Маш их хайрыг маш их амгалан тайвныг мэдэрлээ"
Бас тэр “дуучин Дэлгэрмөрөн тайзан дээр бурхны дүрд хувираад уйлж, дуулж байх шиг санагдсан” гэж хэлсэн. Надад ч бас. Түүний энэ дуугаар дамжуулан тэр танхимд байсан хүн бүр өөрийн дотоод сэтгэлтэйгээ чин үнэнээсээ хөөрөлдөж чадсан байх.
Дээр дурдсанчилан Их багш Чин Хайтай цахимаар холбогдож зарим хүмүүс түүний уран бүтээлийн тухай асууж тодруулах зүйлсээ асуусан. Олон асуулт дундаас Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмидийн “Таны уран бүтээлүүдээс бидний харж байгаагүй, бидний мэдэхгүй тийм ертөнц харагддаг. Үүний учир юу вэ, та уран бүтээлээрээ дамжуулж юу хэлэхийг хүсдэг вэ?” гэсэн асуултад:
“Таны мэдэрч байгаа мэдрэмжийг яг одоо би ч мэдэрч байна. Та өөрийнхөө дотоод сэтгэлийг чагнан, дээд оюун ухаан, сүнслэг түвшний мэдрэмжийг мэдэрсэн байх. Би хүмүүсийг өөрийнхөө дотоод сэтгэлийг нээж гаргадаг байгаасай, үргэлж өөрийгөө сонсдог, мэдрэмжээ илэрхийлдэг байгаасай гэж хүсэж уран бүтээлээ туурвидаг.
Хүн бүрийн дотор бурхан чанар бий.
Үргэлж тэр бурханлаг чанарыг гэрэлтүүлж бусдад түгээж явах нь чухал. Бас хүнд байдаг гайхалтай нэгэн чадвар бол дээд оюун ухаан. Түүгээрээ дамжуулж хил хязгааргүй ертөнцийг туулж, дэлхийн бүр гариг эрхэсийн хаана ч очиж, юуг ч мэдэрч болно. Мөн уран бүтээлч хүн гэдэг бусдад сайн сайхан зүйлс түгээж байхын тулд үргэлж өөрийгөө золиослох чадалтай хүмүүс байдаг”
гэж хариулсан юм. Яг үүнтэй ижил санааг уран бүтээлчдийн өдрийн хүндэтгэлийн тоглолтыг нээж Ц.Хулан найрагч үг хэлэхдээ “уран бүтээлч хүн авьяас гэх бурхны бэлэг, адын зовлонг насан туршдаа үүрч явдаг
” гэж хэлсэн. Нээрээ л тэдний авьяас нь нэг талаас бурхны бэлэг ч нөгөө талаас адын зовлон байдаг гэлтэй. Үргэлж бусдыг баясгах, соён гэгээрүүлэх гэж явахдаа тэд үргэлж өөрийгөө болон гэр бүлээ золиосолж байдаг ч хэзээ үүндээ гомдоллож тунирхаж байдаггүй хүмүүс юм билээ.
Ингээд халуун дотно ярианд хаан хуурийн эгшиг, хатан хөгжмийн хэмнэлт айзамаар хөг нэмсэн уран бүтээлчдийн уулзалт аз жаргалтайгаар өндөрлөсөн юм
.
Манай дарга үргэлж хэлдэг. Ажлыг таашааж хийвэл урлаг, бодож хийвэл бясалгал гэж. Нээрээ би тэр танхимд ажлаа таашааж, бас бясалгаж хийсэн юм.
Сэтгэгдэл бичих