Монгол орны хөгжилд хоёр хөрш маань үнэхээр чухал, үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэсэн гэдгийг өнгөрсөн зууны түүхээс харж болно. Энд би манай улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын тухай биш зөвхөн эдийн засгийн асуудлыг хөндөх гэсэн юм.
Нэг. XX зууны эхэн үеийн Монгол нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг, сая хүрэхгүй хүн амтай энэ дэлхийн хамгийн хоцрогдсон орны нэг байлаа. 1921 оны Ардын хувьсгалын дараагаар манай хойд хөрш болох Зөвлөлт орон Монголыг өөрийн нөлөөндөө байлгахын тулд янз бүрийн хөнгөлттэй зээл, тусламж үзүүлэх болсноор манай улсад орчин үеийн эдийн засгийн суурь тавигдсан юм. Тухайлбал, Улаанбаатарын дулааны цахилгаан станц, Арьс ширний үйлдвэр, Нэхмэлийн үйлдвэр, Гутлын үйлдвэр, Цэмбэний фабрикийг бүрэлдэхүүндээ багтаасан Аж үйлдвэрийн комбинатыг барьж 1934 онд ашиглалтад оруулав. Тус комбинат нь манай үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх, ажилчин анги бүрэлдэн бий болоход чухал үүрэг гүйцэтгэжээ.
Аж үйлдвэрийн комбинатыг анх ашиглалтад ороход 1200 орчим хүн ажиллаж байсны 40 шахам хувь нь зөвлөлтийн мэргэжилтнүүд байв. Энэ нь нэг талаасаа манайд мэргэжлийн ажиллах хүчин ховор, нөгөө талаар хүн ам цөөн байсантай холбоотой.
Тэр үед сая хүрэхгүй монголчуудын дийлэнх нь хөдөө мал аж ахуй эрхэлдэг байлаа.
Зөвлөлтийн тусламжаар 1947-1949 онд Наушки-Улаанбаатарын, 1952-1955 онд Улаанбаатар-Эрээний төмөр замыг барьж дуусгаснаар трансмонголын энэ төмөр зам манай хоёр хөршийг холбоод зогсохгүй бид гадаад ертөнц рүү гарах гарцтай болсон юм
. Мөн 50-иад оны сүүлч, 60-аад оны эхээр ЗХУ-ын техник-эдийн засгийн тусламжтайгаар атар газар эзэмшсэнээр манай оронд газар тариалангийн суурь тавигдлаа.
ЗХУ-аас манай улсад олгосон удаан хугацааны хөнгөлөлттэй зээл, тусламжийн хүрээнд хэдэн арван мянган хүнтэй зөвлөлтийн барилгын байгууллагууд (трестүүд) болон тэдний барилгын цэргийнхний хүчээр олон тооны сангийн аж ахуй, саалийн фермүүдээс эхлээд Соёлын төв өргөө, томоохон эмнэлгүүд, орон сууцны хорооллууд, цахилгаан станцууд, “Эрдэнэт” үйлдвэр гээд улс ардын аж ахуй, нийгэм - соёлын бүхий л салбарт “түлхүүр өгөх” нөхцлөөр болоод техникийн туслалцаатайгаар 878 иж бүрэн обьект барьж ашиглалтад оруулсан байдаг. Энэ бүхний ачаар Монгол Улс орчин үеийн эдийн засаг бүхий орон болсон юм.
Манайх 1949 оноос хойш ЗХУ-тай байгуулсан 34 удаагийн зээлийн хэлэлцээрийн дагуу 10 орчим тэрбум шилжих рублийн (нэг шилжих рубль бараг нэг ам. доллартай тэнцэж байв) зээл авч ашигласан байдаг. Эдгээр зээлийг хэрхэн ашигласныг дараах хүснэгтээс харж болно.
“Их өр” хэмээх эдгээр зээлийн тооцоог 2003 оны 12 дугаар сарын 29-нд бүрэн хийж дууссан гэдгийг хэн хүнгүй мэдэх билээ.
Хоёр. Зөвлөлтийн зээл тусламжаар баригдсан барилга байгууламжийн талаар бид сайн мэдэх боловч БНХАУ-ын зээл, тусламжаар баригдсан обьектуудын талаар тэр бүр сайн мэддэггүй юм билээ. Харин саяхан манай нэрт түүхч Ч.Дашдаваагийн хүү, залуу эрдэмтэн Д.Наранжаргалын “Хятад ажилчид БНМАУ-д (1949-1964)” гэсэн тун сонирхолтой ном гарчээ. Уг номонд дурдсан баримтуудыг тулгуурлан өнгөрсөн зууны дунд үед БНХАУ-аас манай оронд олгож байсан буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн ашиглалтын талаар дараах зүйлийг толилуулж байна.
БНХАУ манай улсад эдийн засаг-техникийн тусламж үзүүлэх тухай хэлэлцээрүүдийг 1956, 1958, 1960 онуудад байгуулж тухайн үедээ ихээхэн цар хүрээтэй зээл, тусламжийн хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн байна. 1956 оны хэлэлцээрээр 160 сая рублийн буцалтгүй тусламж үзүүлж үйлдвэр, үйлчилгээний 14 обьект барихаар болжээ. 1958 оны хэлэлцээрийн дагуу БНХАУ-аас олгох 100 сая рублийн зээл, 1960 оны хэлэлцээрээр 200 сая рублийн зээл олгохоор болсны 36 сая рублийн буцалтгүй тусламж, 67 сая рублийн хүүгүй зээл багтсан байдаг.
Эдгээр зээл, тусламжийн хөрөнгөөр үйлдвэр, аж ахуйн газар, бусад обьектыг барих, ажиллуулахад олон мянган ажилчин хэрэгтэй байв. Гэтэл манайд ийм хэмжээний ажиллах хүч байхгүй тул БНХАУ-аас ажилчид урьж ажиллуулахаар хоёр тал тохирсны дагуу 1955-1961 оны хооронд 17-18 мянган хятад ажилчид ирж ажилласан байдаг. Манайх БНХАУ-аас ажиллах хүчин авах хүсэлтийг бүр 1950 онд тавьж байсан гэнэ. БНХАУ дөнгөж байгуулагдсан, улс орны дотоод амьдралыг төвхнүүлэх ажил ихтэй байсан, Солонгосын дайн дэгдсэн зэргээс шалтгаалан тухайн үед Монголын талын саналыг хүлээн авах боломжгүй байжээ. Харин тавиад оны дунд үеэс байдал өөрчлөгдсөн тул манай талын хүсэлтийг хүлээн авч ажиллах хүчнээр туслах боломжтой болсон байна.
Ингээд БНХАУ-ын зээл, тусламжаар дараах барилга байгууламжуудыг хятад ажилчид Монгол оронд босгосон байна:
1. Үйлдвэрийн барилга байгууламж
Цахилгаан станцууд
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Толгойт, Чойбалсан (Дорнод аймаг), Сүхбаатарын (Сэлэнгэ аймаг) цахилгаан станцуудыг барьж байгуулжээ.
Улаанбаатар хотод 12000 киловатт цагийн энерги гаргах цахилгаан станцыг 1961 оны 12 дугаар сард ашиглалтад хүлээж авах үед 50 гаруй хятад мэргэжилтэн ажиллаж байсан бол 1964 он гэхэд голдуу үндэсний мэргэжилтнүүд ажиллах болсон байна. Энэхүү цахилгаан станцын үндсэн барилгаас гадна үйлдвэрийн туслах барилгууд, захиргааны байр, ажилчдын орон сууцны барилгыг мөн барьжээ.
Сүхбаатар хот дахь цахилгаан станцыг 1958 оны эцэст ашиглалтад оруулжээ. Тус бүр 750 киловаттын хүчтэй дөрвөн генератораас бүрдсэн энэхүү станцыг үндсэн ба туслах байр, захиргааны байр, ажилчдын орон сууцны хамт барьжээ.
Чойбалсан (Дорнод аймгийн) хотод 3000 киловатт цагийн энерги гаргах хүчин чадалтай цахилгаан станцыг 1961 онд ашиглалтад оруулжээ. Станцын үндсэн барилгаас гадна туслах барилгууд, захиргааны байр, ажилчдын орон сууцны барилгыг барьжээ.
Зүүнхараа хотод 1500 киловатт цагийн энерги гаргах хүчин чадалтай цахилгаан станцыг мөн барьж ашиглалтад оруулжээ.
Мод боловсруулах үйлдвэрүүд
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын мод боловсруулах үйлдвэрүүдийг 1959 онд ашиглалтад оруулжээ. Мод боловсруулах үйлдвэр жилд 45 мянган шоо метр модон материал боловсруулах хүчин чадалтай байв. Стандарт угсармал байшингийн материал 20 мянган дөрвөлжин метр буюу 700 айлын орон сууц, 45 мянган дөрвөлжин метр цонх, хаалга үйлдвэрлэх хүчин чадалтай угсармал байшин үйлдвэрлэх заводыг ашиглалтад оруулжээ. Үүний хамт 3000 шоо метр фанер гаргах үйлдвэрийг байгуулжээ. Модыг химийн ба машины аргаар боловсруулж Цаас үйлдвэрлэх фабрикийг үндсэн ба туслах үйлдвэрийн байр, агуулах, захиргааны байр, ажилчдын орон сууцны хамт барьжээ. Жилд 3000-3500 тонн сонины, бичгийн, хэвлэлийн болон баглаа боодлын цаас үйлдвэрлэх болжээ. Модон материалыг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажил том үйлдвэрүүдэд төдийгүй аймаг, сумын төв дэх жижиг үйлдвэр, цехүүдэд ч явагдаж байсан ажээ. Модыг зүсэж банз гаргах, тос хийх том бөөрөнхий сав (торх) үйлдвэрлэх ажлыг мужааны мэргэжилтэй хятад ажилчид хаа сайгүй хийж байв.
Чүдэнзний үйлдвэр
1955 оны эцэст Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод ашиглалтад орсон энэ үйлдвэр байгуулагдсанаар банзан чүдэнз үйлдвэрлэдэг хуучин технологийг бүрмөсөн халж, улс орны чүдэнзний хэрэгцээг үндсэнд нь хангах болжээ.
Тоосгоны үйлдвэр
Машинаар үйлдвэрлэх тоосго, черепицэн дээврийн үйлдвэрийг Улаанбаатар хотод 1957 онд ашиглалтанд оруулав. Энэ үйлдвэр жилд 15 сая тоосго, хагас сая черепиц буюу вааран дээвэр үйлдвэрлэж байв. Улаанбаатар хотод баригдаж байсан үйлдвэр, аж ахуйн газрууд, орон сууц, нийгэм - соёлын барилгуудыг тоосго, дээврээр хангахад энэ үйлдвэр багагүй хувь нэмэр оруулжээ.
Шилний үйлдвэр
Налайхад барьсан энэ завод 1958 оны эцэст ашиглалтад оржээ. Шатаах зуух ба гар ажиллагаанд тулгуурлан машины тусламжтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх энэ заводын барилга байгууламж нь үйлдвэрийн байр, агуулах, захиргааны байр, ажилчдын орон сууцнаас бүрдэж байв. Жилд янз бүрийн лонх 0,9 сая ширхэг, төрөл бүрийн сав 200 мянган ширхгийг үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөсөн энэ үйлдвэр 1959 онд 505,0 мянган ширхэг, 1960 онд 571,6 мянган ширхэг, 1962 онд 490,9 мянган ширхэг, 1963 онд 338,8 мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байдаг. Үүнээс үзэхэд үйлдвэр ашиглалтад орсноос хойшхи 4-5 жилийн хугацаанд хүчин чадлынхаа ердөө 39-51 хувийг ашиглаж байсан ажээ.
Шаазан ваарын үйлдвэр
Энэ үйлдвэрийг Улаанбаатар хотод 1956 онд ашиглалтад оруулжээ. Янз бүрийн аяга, сав суулга зэрэг шаазан эдлэлийг үйлдвэрлэж байв.
Чихэр боовны үйлдвэр
Хэд хэдэн үйлдвэр, цех байгуулагдсаны нэг нь Улаанбаатарын нарийн боовны үйлдвэр байв. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор боорцог, мушгиа боов, танзуур, маахуур зэрэг олон төрлийн нарийн боов, чихэр зэрэг бүтээгдэхүүнээр хүн амын хэрэгцээг хангах ажилд ихээхэн ахиц гарсан байна.
Ноосон нэхмэлийн үйлдвэр
Ноосыг бэлтгэх ажлыг гараар гүйцэтгэсний дараа механикжсан ажиллагаагаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх 3400 ширхэг ээрүүл, үүний дотор 1800 бүдүүн утасны ээрүүл, 1600 нарийн утасны ээрүүл бүхий энэ үйлдвэрийг үндсэн ба туслах байр, агуулах, захиргааны байр, ажилчдын орон сууцны барилгын хамт ашиглалтад оруулжээ. Хувцасны цэмбэ, пальтоны драп зэрэг бүдүүн ноосон эдлэл, 400 мянган метр ноосон хөнжил, шилэн трико зэрэг 200 мянган метр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байв. Энэ үйлдвэр 1960 онд 226,5 мянган метр, 1961 онд 399,3 мянган метр, 1963 онд 524,3 мянган метр ноосон даавуу үйлдвэрлэсэн байна.
Уул уурхайн үйлдвэр
Их хайрханы уулын үйлдвэрийг байгуулахаар хятад ажилчид ирэх үед уг нутаг хүн амьтангүй, зэлүүд газар байсан бол гурван жилийн дотор буюу 1960-1962 оны хооронд үйлдвэр, аж ахуйн 30 гаруй барилга байгууламж барьж ашиглалтад оруулжээ.
Шувууны фабрик
Улаанбаатар хотод шувууны фабрикийг 1960 онд ашиглалтад оруулжээ. Жилд 4-4,5 сая өндөг, 60-70 тонн шувууны мах үйлдвэрлэх хүчин чадалтай энэ фабрик үйлдвэрийн үндсэн болон туслах байр, агуулах, захиргааны байр, ажилчдын орон сууцны барилгаас бүрдэж байжээ.
Спиртийн завод
Зүүнхараа хотод спиртийн заводыг үндсэн ба туслах барилга, агуулах, захиргааны байр, ажилчдын орон сууцны хамт 1960 онд ашиглалтад өгчээ. Төмс, улаан буудайг гол түүхий эдээ болгосон энэ завод жилд 95-аас дээш градус бүхий нэг сая литр спирт үйлдвэрлэх хүчин чадалтай байв.
Цардуул, чихрийн чөмгөний үйлдвэр
Энэ үйлдвэр үндсэн ба туслах барилга, агуулах, захиргааны байр, ажилчдын орон сууцтайгаар баригджээ. Жилд 2000 тонн төмсний цардуул, 400 тонн чихрийн чөмөг үйлдвэрлэх хүчин чадалтай байв.
Төмрийн заводын өргөтгөл
Өргөтгөлийн барилгыг 1960-1962 онд барьснаар хөдөө аж ахуйн болон үйлдвэрийн машин механизмын хялбар эд анги бүхий сэлбэг хэрэгсэл, барилгын болон сантехникийн зарим тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний төмөр эдлэлийн үйлдвэрлэлийг өргөтгөж чадсан байна.
Байшин үйлдвэрлэх комбинат
Улаанбаатар хотод хятад ажилчдын барьж байгуулсан томоохон үйлдвэрийн нэг нь байшин үйлдвэрлэх комбинат байв. Энэ комбинат жилд 70 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий орон сууцны барилга үйлдвэрлэж байв. 60 айлын орон сууцыг 20 барилгачин 90 хоногт барих болсон байна.
2.Хөдөө аж ахуйн барилга байгууламж
Ногооны комбинат
1959 онд ашиглалтад оруулсан энэхүү аж ахуй нь 10 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд хүнсний ногоо тарих байр (теплиц), ногоо ургуулах дулаан талбай (парник), ногоо хадгалах зоорь, ногоо давслах газар зэрэг үйлдвэрлэлийн барилгуудаас гадна агуулах, захиргааны байр, ажилчдын орон сууц зэрэг барилга байгууламжаас бүрдэж байв. Зоорь нь 2000 тонн ногоо хадгалах хүчин чадалтай байв. Тарьж ургуулах хүнсний гол ногоо нь өргөст хэмх, улаан лооль, бөөрөнхий сонгино, сармис, улаан лууван, шийгуа, шангуа, баклажан, перц, ши хү ли, хун шан, чин цай зэрэг байжээ.
Хархорины усжуулах систем
Хятад ажилчид 9636 га газар услах хүчин чадалтай усжуулах системийг Хархоринд (Өвөрхангай аймаг) барьж байгуулжээ. Уг сувгийн урт нь 17 км, өндөр нь 2,3 метр, гурван том салаатай, түүнээс 214 жижиг суваг салаалдаг. Сувгийн нийт урт нь 375 км, сувгийн дагууд 2480 бетон хаалт, гүүр зэргийг барьж байгуулжээ. Үүний хамт 528 киловаттын хүчин чадалтай усан цахилгаан станцыг барьсан байна.
3. Зам, тээврийн барилга байгууламжид
Засмал зам
Авто машин явах засмал замыг Улаанбаатар хотын доторх засмал зам, хот орчмын засмал зам гэж хоёр хувааж барилгын ажлыг гүйцэтгэжээ. Хот доторх засмал замын барилгын ажлын хайгуул шинжилгээг 1956 онд эхэлсэн бөгөөд бохир ба цэвэр усны хоолойн барилгыг дуусгасны дараа зам барих ажлыг хийжээ. 1958 оны эцэс гэхэд хотын дотор 300 мянган хавтгай дөрвөлжин метр газар асфальталсан зам, 100 мянган хавтгай дөрвөлжин метр газарт бетонон ба асфальталсан явган хүний замыг барьж байгуулжээ.
Улаанбаатар хотын орчин тойрны засмал замын хувьд Улаанбаатар-Нүхтийн хоорондын автомашины асфальталсан засмал замын барилгыг 1957 онд дуусгаж, Зайсан толгойн засмал зам, Сэлбийн гүүрнээс БНХАУ-ын Элчин сайдын яам хүртэлх автомашины асфальталсан засмал замыг барьжээ.
Улаанбаатар-Налайхын автомашины засмал замыг мөн хятад ажилчид барьж байгуулсан юм. Засмал замын суурь шороо нь 80 см-ээс нэг метр хүртэл өндөр. Олон км газарт суурь газар шорооны ажил хийх болсонтой холбогдон барилгыг дуусгах хугацаа хойшилж уг замыг 1963 оны эхээр ашиглалтад оруулжээ.
Төмөр бетонон гүүр
Улаанбаатар-Налайхын 140 метр урт Баянзүрхийн гүүр, Улаанбаатараас нисэх онгоцны буудал хүрэх замын 150 метр урт Яармагийн гүүрийг барьж байгуулсан нь автомашины хөдөлгөөнийг саадгүй, хурдтай өрнүүлэх нөхцлийг бий болгожээ. Дээрх хоёр гүүрний өргөнийг долоон метр, явган хүний явах хоёр талын зайг 0,75 метрээр байгуулжээ.
Зөвхөн Улаанбаатарт төдийгүй хөдөө нутагт ч автомашины бетонон гүүрийг БНХАУ-аас олгосон зээлийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулжээ. Булган аймгийн Могойтын аманд Орхон гол дээр 180 метр урт гүүр барьжээ. Автомашины замын өргөн нь долоон метр, явган хүний зам нь 0,75 метр өргөнтэй байв.
Мөн Урд Тамирын голд 140 метр урт бетонон гүүр барьсан байна. Орхон, Тамирын гол дээр гүүр барихдаа голын хоёр эргийг бэхлэх, уснаас хамгаалах далан байгуулжээ.
1958 онд Улаанбаатар хотод хятад ажилчдын бүтээн босгосон том гүүр бол “Энх тайвны гүүр” юм. “Энх тайвны гүүр” нь 400 метр урт, 12 метр өргөн, хоёр хажуугийн явган хүний зам нь 1.5-2 метр өргөн. Улаанбаатар хотын төв хэсгийг өмнө дүүрэгтэй холбосон, доогуур нь төмөр зам, автомашины зам бүхий энэхүү гүүр өдгөө ч Улаанбаатар хотын чухал барилга байгууламжийн нэг хэвээр байна.
4. Орон сууц, нийтийн аж ахуй, соёл, боловсрол, спортын барилга байгууламж
Хятад ажилчдын бүтээн босгосон барилга байгууламжийн дотор орон сууц, нийтийн аж ахуй, соёл, боловсрол, спортын барилга байгууламж нь үйлдвэр, аж ахуйн барилга байгууламжтай эн зэрэгцэх том хэмжээний бүтээн байгуулалт байсан юм.
Орон сууцны барилга
Хятад ажилчид Улаанбаатар хотод 1956 онд 48, 55, 60, 100, 1957 онд 40, 48, 54, 55, 120, 1958 онд 45, 60, 62 айлын орон сууцны (ихэнх нь нэг дүгээр дөчин мянгатын) барилгуудыг барьжээ. Эдгээр барилга Улаанбаатар хотын энд тэнд баригдсан боловч хүн амыг орон сууцаар хангах, хотын өнгө төрхийг өөрчлөхөд чухал хувь нэмэр болсон юм. 48 айлын орон сууц гэхэд л давхар бүхэндээ гурван айлтай, нэг орцондоо 12 айлтай, нийтдээ дөрвөн орцтой, дөрвөн давхар байшин байсан юм. Үүнээс дээрх байшингуудын хэлбэр хэмжээ, багтаамжийг ойлгож болно.
Улаанбаатар хотын төвд 50 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай орон сууцыг (тавин мянгат) дэлгүүр, гуанз, цэцэрлэг, яслийн хамт барьж 1959-1960 онд ашиглалтад оруулжээ. Эдгээр орон сууцны байшингууд нь дөрвөн давхар, давхар бүр нь гурван метр өндөр, 1-3 өрөөтэй бөгөөд тэдгээрт 737 айл оршин суух болжээ.
Улаанбаатар хотод “Хоёрдугаар дөчин мянгат” гэж нэрлэгдсэн орон сууцны хорооллын 1, 6, 11, 23, 27 дугаар байрны барилгын ажлыг 1959 онд дуусгажээ.
Улаанбаатар хотод 100 айл суух нэг давхар орон сууцны барилгыг хятад ажилчид бүтээн босгосон юм. Үүнээс хойш энэ бяцхан дүүргийг “100 айл” гэж нэрлэх болсон байна.
Жараад онд Улаанбаатар хотод хятад ажилчдын бүтээн босгож эхэлсэн орон сууцны томоохон барилга байгууламж бол 220 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий хороолол юм. Эдгээр барилга байгууламжийг хятад ажилчид барьж дуусгалгүй нутаг буцсан бөгөөд үлдсэн орон сууц, “Баянгол” зочид буудлын барилгуудыг хожим монгол ажилчид гүйцээн барьж ашиглалтад оруулсан билээ.
Ийнхүү хятад ажилчид Улаанбаатар хотод үйлдвэр, аж ахуйн газрууд, асфальталсан автомашины зам, гүүр, орон сууцны, нийтийн аж ахуй, соёл, боловсрол, спортын олон барилга байгууламж барьж байгуулсны үр дүнд нийслэлийн өнгө төрхөд үндсэн өөрчлөлт гарчээ. Улаанбаатар хот 1960 аад оны эхээр ийнхүү орчин үеийн хот болон хувирчээ.
Улаанбаатар хотод төдийгүй хөдөө орон нутагт орон сууцны бүхэл бүтэн дүүрэг, тосгодыг хятад ажилчид барьж байгуулсан юм.
Хээр тал байсан газарт Налайх тосгоныг сүндэрлүүлэн босгосныг юуны өмнө дурдаж болно. Гуч орчим хоёр давхар орон сууцны тоосгон байшин, дэлгүүр, клуб, гуанз зэрэг нийтийн ахуйн барилгууд баригджээ.
Сүхбаатар (Сэлэнгэ аймаг) хотод 10 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай (70 хувь нь нэг өрөө сууц, 30 хувь нь хоёр өрөөтэй сууц) орон сууцны барилгыг барьж 1963 онд ашиглалтад оруулжээ.
Сургуулиудын барилга
Улаанбаатар хотод 1956 онд Санхүүгийн техникум, 1957 онд XIV дунд сургууль, 1958 онд V болон VI дунд сургууль, Төмөр замын техникумын барилгуудыг барьж байгуулжээ. 1950-иад оны эцэс, 1960-аад оны эхээр ихэнх аймгийн төвд баригдсан ерөнхий боловсролын 10 жилийн сургуулийн барилгыг хятад ажилчид бүтээн босгосон байна.
Хятад сургуулийн барилгыг биеийн тамирын заал, багш, ажилчид болон дотуур байрын хамт барьсан байдаг. Одоо сургуулийн байр нь МУИС-ын хичээлийн IV байр болон ашиглагдаж байна.
Пионерийн ордон
Улаанбаатар хотод барьсан сургууль, соёлын томоохон барилга байгууламжийн нэг нь Пионерийн ордон юм. 1958 онд барьж дуусгасан Пионерийн ордонд (Одоогийн Хүүхдийн урлан бүтээх төв - ДН) шинжлэх ухаан, спорт, урлаг, уран сайхны олон арван дугуйлан ажиллаж, хүүхэд сурагчдын эрдэм мэдлэгийг дээшлүүлэх, авьяас билгийг нь хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байв.
Соёлын байгууллагуудын барилга
Хятад ажилчдын хүчээр 1955 онд Улсын төв музейн, 1957 онд Барилгын ажилчдын клубийн барилгыг барьж байгуулжээ. Ихэнх аймгийн төвийн клуб, соёлын ордны барилгыг барих ажлыг хятад ажилчдын хүчээр гүйцэтгэжээ. Хятад ажилчдын барьсан томоохон барилгын нэг нь Кино үйлдвэрийн барилгын өргөтгөл байв.
Захиргааны байр, ордон
1950-иад оны эцэс, 1960-аад оны эхээр аймгийн төвүүдэд баригдсан аймгийн захиргааны байрыг барихад хятад ажилчдын хүч хөдөлмөрийг ихээхэн ашиглажээ. Улаанбаатар хотод 1955 онд Үйлдвэрчний эвлэлийн Төв зөвлөлийн ордон, 1956 онд Үйлдвэрийн хоршооллын Төв зөвлөлийн захиргааны байр, 1957 онд Улсын барилгын хорооны захиргааны байр зэргийг барьж ашиглалтад оруулжээ. Хятад ажилчдын барьсан томоохон барилга байгууламжийн нэг бол Засгийн газрын ордны өргөтгөл юм.
Зочид буудлын барилга
Улаанбаатар хотын төвд 1961 онд “Улаанбаатар” зочид буудлын барилгыг барьж дуусгажээ. Долоон давхар энэхүү зочид буудал өнөөг хүртэл олон арван жилийн турш гадаадын зочдыг хүлээн авч байрлуулдаг нийслэлийн хамгийн том зочид буудлын үүргийг гүйцэтгэж ирсэн хэвээр байна.
Гадаад улс орны төр, засгийн дээд хэмжээний төлөөлөгч, зочдыг тусгайлан хүлээн авч үйлчилдэг зочид буудлын цогцолборыг Богд уулын Их тэнгэрийн аманд мөн байгуулжээ.
Эмнэлгийн барилга
Улаанбаатар хот дахь 100 ортой, эмчилгээний зохих төхөөрөмж бүхий Сүрьеэ өвчтөний сувиллын газрын барилгыг гуанз, клуб, ажилчдын орон сууцны хамт 1959 онд барьж ашиглалтад оруулжээ.
Улаанбаатар хотын зүүн дүүргийн хүн амд үйлчлэх эмнэлгийн барилгыг мөн хятад ажилчид барьж ашиглалтад оруулсан байна.
Үүнээс гадна хятад ажилчдад зориулсан эмнэлгийг Улаанбаатар хотод барьж байгуулсан бөгөөд тэднийг нутаг буцсанаас хойш энэхүү эмнэлгийг Гэмтэл согогийн эмнэлэг болгон ашиглах болсон юм.
Улсын их дэлгүүр
Улаанбаатар хотод хятад ажилчдын барьсан томоохон барилгын нэг нь Улсын их дэлгүүр (УИД) юм
. Энэ барилга өнөөг хүртэл 60 шахам жилийн туршид нийслэлийн хамгийн том их дэлгүүр хэвээр байна. Улсын их дэлгүүрийг 1961 оны 6 дугаар сарын 29-нд буюу үндэсний их баяр наадмын 40 жилийн баярын өмнөхөн нээжээ. УИД нь худалдааны дөрвөн их танхим, 710 ажилчин, албан хаагчидтай ажиллах болжээ. 1961 онд давхардсан тоогоор 3 сая орчим хүнд үйлчилжээ.
Спортын төв ордон
Улаанбаатар хотын төвд 2800 хавтгай дөрвөлжин метр талбайтай, 1000 гаруй үзэгчид багтах хоёр том танхимтай, бэлтгэл сургуулилт хийх олон өрөө бүхий спортын ордныг 1959 онд ашиглалтад оруулжээ. “Спортын төв ордон” хэмээн нэрлэх болсон энэ ордонд гимнастик, гар бөмбөг, сагсан бөмбөгийн болон бокс, чөлөөт бөх, самбо, жүдо бөхийн үндэсний болон олон улсын тэмцээн зохиогддог. Цагаан сарын үндэсний бөхийн барилдаан чухамхүү энэ ордонд олон арван жилийн турш зохиогдож иржээ. Энэ ордон өнөөдөр ч Монголын спортын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсаар байна.
Цэнгэлдэх хүрээлэн
Улаанбаатар хотод Энх тайвны гүүрний зүүн өмнөх зэлүүд газарт 15 мянган хүний багтаамжтай Цэнгэлдэх хүрээлэнг барьж 1960 онд ашиглалтад оруулжээ. Төв цэнгэлдэх хүрээлэн өнөөг хүртэл Ардын хувьсгалын их баяр наадмыг жил бүр зохион байгуулдаг гол газар хэвээр байна.
Хятад ажилчдын хөдөлмөрийн нөхцөл ба цалин хөлс нь монголчуудынхтай нэгэн адил байсан байна. Тэдний ажиллах хугацаа гурван жил байсан хэдий ч хугацаагаа дуусгаад сайн дурын үндсэн дээр Монголд үлдэн үргэлжлүүлэн ажиллах бололцоотой байж. Хот, хөдөөгийн олон газар ажиллаж байсан хятад ажилчид орон сууцаа голж, гомдол гаргаж байсан явдал бараг үгүй гэнэ. Хятад ажилчдын асуудлыг 1955 онд байгуулагдсан Хятад ажилчдын хэрэг эрхлэх газар (1963 оноос Хятад ажилчдын хэрэг эрхлэх товчоо болон өөрчлөгдсөн) хариуцдаг байжээ.
Гурав. Хүн ам цөөнтэй манай оронд ажиллах хүчний асуудал нэн чухал байсан нь ойлгомжтой. Манай орны бүтээн байгуулалтад хоёр хөршөөс олгосон зээл, тусламжийн хүрээнд олон арван мянган мэргэжлийн ажилчид ирж оролцож байсан талаар дээр өгүүллээ. Гэтэл бас гадаадын нэгэн орны хэдэн мянган хүн манай бүтээн байгуулалтад гар бие оролцсон байдаг. Энэ бол Японы олзлогдсон цэргүүд.
1945-1947 онд Японы 12 мянга гаруй олзны цэргүүд манай улсын бүтээн байгуулалтад хүчин зүтгэж байсан юм. Энэ талаар түүхч эрдэмтэн Ж.Урангуагийн “Дайны золиос болсон хүмүүс: 1945-1947 онд Монголд байсан япончууд” гэсэн сонирхолтой ном өнгөрсөн онд хэвлэгдэн гарчээ.
Ж.Урангуагийн дээрх номд дурдсанаар олзлогдсон япон цэргүүд дараах обьектууд дээр ажиллаж байсан байна:
Засгийн газрын ордны барилгын суурь тавьсан, зарим хэсэгт өрлөг эхлүүлсэн;
Улсын их сургуулийн хоёрдугаар ээлжийн өнгөлгөөг хийсэн (будгаас бусдыг);
Улсын номын сангийн барилга (шавардлага, будаг зэрэг);
Гадаад явдлын яамны барилга, 23 айлын сууцны хамт (будаг, паркетан шал зэрэг нарийн ажлыг манайхан өөрсдийн хүчээр хийсэн);
Кино театр (Элдэв-Очирын нэрэмжит) (будгийн ажлаас бусдыг);
Намын сургуулийн хичээлийн байрыг дуусгаж, гуанз, клубын суурь тавьж ханын өрлөг эхлүүлсэн;
Амбулатори (1 дүгээр төрөх) өнгөлгөөг хийж эхэлсэн;
Төв (дуурийн) театрын барилгын суурь тавьж, ханын өрлөгийг эхлүүлсэн;
8 дугаар дэлгүүртэй сууцны барилга (дутуу);
Хотын модон завод, төмрийн тасгийн барилгын их биеийг босгосон;
Сонгинын амралтын жижиг барилгыг босгосон;
Тоосго, шохой боловсруулах зэрэг ажилд нэлээд хүмүүс ажиллаж байсан;
Мах комбинатын зоорь;
Төв бараа баазын агуулах;
Хотын тоосгоны заводын нэгдүгээр өргөтгөл;
Төв Хорооны 12 айлын сууц.
Мөн хөдөө Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Жаргалант, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Зүүнбүрэн, Ерөө, Баруунхараа, Зүүнхараа, Архангай аймгийн Өгийнуур зэрэг газруудад бас ажиллаж байжээ.
Манай улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих хүнд хэцүү үед Япон улс монголчуудад сэтгэл харамгүй туслалцаа үзүүлснийг энд бас онцлон тэмдэглэмээр байна. Тухайлбал, IV цахилгаан станцын хэвийн ажиллагааг хангах, харилцаа холбооны салбарт ИНТЕЛСАТ станц суурьлуулах, Замын-Үүдийн ачаа шилжүүлэх байгууламжийг өргөтгөн сайжруулах, аймаг, сумдад дизель станцууд байгуулах, бага, дунд сургуулиудыг өргөтгөн шинэчлэх зэрэг олон тооны төслийг Япон улсын дэмжлэг туслалцаатайгаар хэрэгжүүлсэн юм. Японы Засгийн газраас 1977-2018 онд нийт 320 гаруй тэрбум иен (ойролцоогоор 3 тэрбум ам.доллар)-ий зээл, тусламжийг манай оронд үзүүлжээ.
Дээр өгүүлснээс үндэслээд дараах зүйлийг хэлэх байна:
Зөвхөн нүүдлийн мал ахуй эрхэлдэг хоцрогдсон Монгол орныг дэлхийн бусад улс оронтой хөл зэрэгцэхүйц өнөөгийн хэмжээнд хүрэхэд хоёр хөрш онцгой үүрэг гүйцэтгэжээ;
Хүн ам цөөнтэй, ажиллах хүчин дутмаг Монгол орны бүтээн байгуулалтад орос, хятад мэргэжлийн ажилчид, олзлогдсон япон цэргүүд үнэлж баршгүй тусламж үзүүлжээ;
Сул дорой хөгжилтэй орныг үсрэнгүй хөгжүүлэхэд гадаадын зээл, тусламж чухал үүрэгтэй байдаг юм байна;
Манай орны цаашдын хөгжил ч хоёр их хөршөөс шууд хамаарна
. Хоёр их хөрштэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийн тулд “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т заагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх талаар манай төр, засгаас чармайлт гарган ажиллах хэрэгтэй байна.
Та 10,000 еврогоос 10,000,000 еврогийн зээл (арилжааны болон бизнесийн зээл, хувийн зээл, хувийн зээл, моргейжийн зээл, автомашины зээл, өрийг нэгтгэх зээл, венчур капиталын зээл, эрүүл мэндийн зээл гэх мэт) авах бодит санхүүгийн зээлийн компани хайж байна. ))Эсвэл ямар нэгэн шалтгаанаар банк, санхүүгийн байгууллагаас зээл авахаас татгалзсан уу?Яг одоо хүсэлтээ гаргаж, бодит санхүүгийн зээл аваарай. 3 хоногийн дотор боловсруулж батлуулна. Номхон далайн САНХҮҮГИЙН ЗЭЭЛИЙН ПРОЦ Бид олон улсын зээл олгогч байгууллага бөгөөд хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд 2%-ийн бага хүүтэй бодит санхүүгийн мэдээллийг өөрийн улсын хүчинтэй иргэний үнэмлэх, гадаад паспортын хамт баталгаажуулж өгдөг. Зээлийн эргэн төлөлт зээл авснаас хойш 1 (нэг) жилийн дараа эхэлнэ. мөн эргэн төлөгдөх хугацаа нь 3-35 жил байна. Яаралтай хариу өгөхийн тулд ажлын 2 өдрийн дотор хилээр нэвтрэх хүсэлтээ боловсруулна уу [email protected] гэсэн шуудангаар бидэнтэй шууд холбогдоно уу Дараах мэдээллээр бидэнтэй холбогдоно уу. Бүтэн нэр: ____________________________ Зээл авахад шаардагдах мөнгөний хэмжээ: ________________ Зээлийн хугацаа: _________________________ Зээлийн зорилго: ______________________ Төрсөн өдөр: ___________________________ Хүйс: ________________________________ Гэрлэлтийн байдал: __________________________ Холбоо барих хаяг: _______________________ Хот / ZIP код: __________________________ Улс: ________________________________ Мэргэжил: ____________________________ Гар утас: __________________________ Шууд хариу авах хүсэлтээ [email protected] хаягаар илгээнэ үү. баярлалаа Гүйцэтгэх захирал: Pen Fed VICTORIA JOHNSON