Капитал банкыг татан буулгаж , харилцах, хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэл сая төгрөгийн мөнгөн хөрөнгө Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу даатгагдаж, хамгаалагдсан тул тус банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэл сая төгрөгийн мөнгөн хөрөнгийг Хадгаламжийн даатгалын корпорациас Хаан банкаар дамжуулан олгоно гэж мэдэгдсэн. Харин даатгалд хамрагдаагүй иргэд хадгаламжийн мөнгө хэрхэн авах нь татан буугдах банкны актив хөрөнгийн борлуулалт, зээлийн эргэн төлөлтөөс хамаарах тул мөнгөө гүйцэт хурдан шуурхай авч чадахгүй байх вий гэх айдас капитал банкны хадгаламж эзэмшдийн дунд байгаа юм. Тэд өөрсдийн хөдөлмөрлөж олсон хэдэн төгрөгөө, харийн нутагт өөрөөсөө ч нуун өндөр хүүг нь бодон хадгалажинд хийсэн мөнгөө бүрэн бүтнээр хурдан шуурхай авахыг хүсэж байна. Ингээд зарим хадгаламж эзэмшигчдийн сэтгэгдлээс хүргэж байна.
Д.Мөнхбаяр: 20 хүртэлх төгрөг хадгалуулсан хүний мөнгийг хаан банкаар олгох асуудал яригдаж байна. Миний хувьд 18 сая төгрөгийн хадгаламжтай. Хэзээ яаж авахаас мэдэхгүй байна. Яг үнэндээ мэдээлэл их дутмаг байна. Мөнгөө арвин болгохыг төлөө хичээж зүтгэж явахдаа энэ бүх завхарлыг хараагүй миний л буруу байх. Их санасан газраа есөн шөнө хоолгүй гэдэг болох вий гэх айдас байна.
М.Аюур: Миний хувьд 20 саяас илүү мөнгө хадгалуулсан. 20 хүртэлх хадгаламжийг хаан банкаар дамжуулан олгоод үлдсэнийг нь банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилнэ гэж байна. Үнэндээ ядаргаатай санагдаж байна. Зүгээр л мөнгөө хадгалуулаад л явж байсан хүмүүс гэнэт л хэнээс хаанаас өөрийнхөө мөнгийг авах мэдэхээ больчихсон байх юм.
Үнэхээр бухимдалтай. Тэр үлдсэн мөнгөө нэхэмжлээд хэр хугацаанд хэзээ ч гаргаж өгөх юм бүү мэд.
н.Эрдэнэдаваа: Байр авахаар хадгалж байсан хэдэн төгрөгөө буцааж авч чадах эсэх нь ч мэдэгдэхгүй хэцүү байдалтай байна. Капитал банкны харилцагч болоод 18 жил болж байна. Анх Сансарт байдаг салбараар нь үйлчлүүлж байтал тэр салбар нь хаалгаа барьчихсан. Дараа И-Мартын салбар нь татан буугдахаар нь сэжиг төрөөд 2018 оны 12 сараас хойш л хадгаламжын мөнгөө авах гээд чадсангүй. Насаараа хуримтлуулсан мөнгөө ингээд энэ хүмүүсийн тоглоом шоглоом болгомооргүй байна.
Б.Номин: Хадгаламжийн хүү зэрэг бусад зүйлсийг байг гэхэд өөрийнхөө хадгалуулсан мөнгөө л авмаар байна. Удахгүй мөнгөө аваад тийм тийм зүйлс зарцуулна гээд төлөвлөсөн байсан. Одоо тэр ажлууд маань ч хойшилохоор боллоо.
Д.Халзан: Гадуур явж байгаа шуум яриаг сонсоод банкнаас асуухаар манайд тийм асуудал байхгүй л гэдэг байсан. Манай хөгшин бид хоёрын багахан бизнсийн мөнгө. Бас чамлахааргүй мөнгө. Анхнаас иймэрхүү асуудал байсан бол үйлчлүүлэгчдээ хэлэх нь ёс зүйд нь нийцнэ биз дээ.
Х.Дашнямбаатар: Сүүлийн 10 жилийн хөдөлмөрлөж олсон мөнгөө Капитал банкинд хадгалуулсан. Мөнгө хадгалсан хуримтлалтай хүний хувьд сэтгэл тайван явж байсан. Одоо ямартай ч биднийг хохироож үлдээхгүй байлгүй гэж найдаж байна.
С.Туул: Төрийн хичнээн тэрбум төгрөг энэ банканд хадгалуулж байсан гэв. Яг үнэндээ айж байна. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн өчнөөн их мөнгийг буцааж төлж чадахгүй байхад бидний мөнгийг яах юм бүү мэд. Биднийг хохиролгүй болголоо гэхэд улсын мөнгийг яах юм. Дахиад л улс хохироод үлдэх юм уу.
Тэр чинь татвар төлөгчдийн мөнгө. Хий дэмий татвар төлж байсан болж таарах уу? Капиталыг сонгосондоо үнэхээр их харамсаж байна.
Сэтгэгдэл бичих