Нийтлэл 04 сарын 16, 2019

Тусгаар тогтнолын хана хэрэм ба үндэсний үзэл

Нэг монгол залуу Хятад улсад хүнд гэмтээд түүнд тухайн газрын иргэний цус сэлбэх гэтэл «Үхсэн ч хужаагийн цусаар өөрийгөө бузарлахгүй.» хэмээн эсэргүүцсэн тухай онигоо шиг мэдээлэл нийгмийн сүлжээгээр явж харагдсан. Та ч гэсэн бодвол уншаа байлгүй. Үнэн ташаа нь үл мэдэгдэх энэ мэдээллийн цаана үндэс угсаа, монгол цусаа дээдлэх монгол хүний үзэл санаа тодорхой хэмжээгээр нуугдаж байгаа нь тодорхой. Тийм ч учраас цөөн тоотой атлаа хүн амын бүтэц бүрэлдэхүүний хувьд авч үзвэл нэг үндэстэн илт давамгайлсан дүр зураг хэн бүхний өмнө дурайн харагддаг л даа.

Манай дийлэнх хүмүүсийн «уусчих вий» хэмээн битүүхэн жийрхэн болгоомжилдог хятадуудын сэтгэлгээнд тусгаар тогтнолын хүрээ хязгаарыг «цагаан хэрмээрээ» зааглаж байснаас гадна үндэсний соёлын үүргийг онцгойлон авч үзсээр ирсэн нь олон зүйл дээр ажиглагддаг. Тухайлбал эртний нангиадын «Хятадын соёлд орсныг хятад хэмээн тооцъюу. Хятадын соёлоос дорой буурай болгоныг зэрлэг бүдүүлэгт тооцъюу.» хэмээх хэлц үгнээс харж болно.

Тэгвэл хүн амын тоогоор манай улсаас төдийлөн олонгүй атлаа тэрбум гаруй хүн амтай дайсагнагч арабын улс орнуудаар хүрээлэгдсэн Израйль улсын тусгаар тогтнолын хана хэрэм бат бөх байдгийн нууц юу билээ гэдэг талаар та бүхэн урд өмнө бодож үзэж байсан уу?

Нобелийн шагналтангуудын 63 хувь нь еврейчүүд байгаа. Энэ бол маш том үзүүлэлт. Танай Израйлийн боловсролын тогтолцооны ололтын нууц юунд байдаг талаар та цөөн хэдэн үгээр хариулахгүй юу? хэмээх гадаадын нэг сурвалжлагчийн асуултанд Боловсролын сайд нь торох зүйлгүй

"Үүнд айхтар нууцсаад байх зүйл байхгүй ээ. Хүүхэд залуусаа бүтээлч сэтгэлгээтэй, нийгмийн идэвхи сайтай, өөрийгөө илэрхийлэх чадавхи бүхий хүн болгоход л манай боловсролын тогтолцооны гол зорилго чиглэгдэж байдаг юм даа."

хэмээн хариулсан байдаг.

Мянга хол илүү жил үргэлжилсэн Европын дундад зууны харанхуй бүдүүлэг байдал хийгээд Манжийн дарлалын үед Буддын шашны мөн чанарыг гуйвуулан ашиглаж Монгол үндэстнийг Европчуудаас дутуугүй дорой буурай байлгаж байсны цаад учир шалтгаан нь ердөө чөлөөтэй сэтгэн бодох оюуны эрх чөлөөг боомилон хязгаарлаж байсан явдал бус уу? Би энэ бичлэгийг эхлэхээс өмнө уншигчид энэ тал дээр ямархуу байр суурьтай байдгийг багцаалдан үзэх гээд тавьсан асуултанд хил хязгаар, тусгаар тогтнол, эх оронч сэтгэл, хэл хил мал гурав....... гэх мэт маш олон янзаар хариулжээ.

Хятадын түүх бичлэгийг дотор нь албан ёсны түүх, сул түүх хэмээн хоёр ангилсаар ирсэн бөгөөд албан ёсны түүхчид нь өөрсдийн хэмээн өөриймшүүлэн тооцдог 25 төр улсын 5000 гаруй жилийн түүхийн урт удаан урсгалын явцад цэвэр хятад угсаатан төр барьсан хугацаа нь ердөө 300 гаруйхан жил байдаг гэсэн сонирхолтой статистикийг зарим сул түүхчид нь гаргасан байдаг л даа. Өөрөөр хэлбэл бусад 4700 гаруй жилийн хугацаанд Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Зөрчид, Хятан, Монгол, Манж зэрэг нүүдэлчин угсаатнууд төрийн сэнтийг нь эзэгнэж байсан гэсэн үг юм. Тэмээн тоотой цөөхөн нүүдэлчдийн түрэмгийллээс хамгаалах гэж тэрбум гаруй хүн амтай хятадуудын өвөг дээдэс янз бүрийн зөөлөн хатуу арга чарга хэрэглэж байсны хамгийн том бэлэн жишээ гэвэл «Түмэн газрын цагаан хэрэмийн» бүтээн байгуулалт болой.

Хүн амын тоо, зэр зэвсгийн нөөц, төрийн чанга хатуу бодлого, өндөр хөгжсөн соёл, эдийн засгийн хүчин чадал зэрэг хатуу зөөлөн хүчний аль ч талаар илт давуу байсан өмнөд хөрш болон бусад улсуудыг цөөн хүн амтай нүүдэлчид эзэрхийлэн дарлаж чадаад байсны нууцыг эрдэмтэн мэргэд эртнээс нааш судлаж сурвалжласаар ирсэн л дээ. Миний санахад тэрхүү эрэл сурлын зүг чигийг хамгийн зөв оновчтой тодорхойлж чадсан нь гагцхүү германы сонгодог философич Гегель бөгөөд түүний сайн шавь Штейнер багшийнхаа «Монгол ухааны» талаарх судалгааг амжилттай үргэлжлүүлсээр 1866 онд «Оюуны эрх чөлөөг эрхэмлэх нь Монгол ухаан болой.» хэмээх алдартай тодорхойлолтоо айлдсан байдаг.

Би энэ бичлэгтээ тусгаар тогтнолыг бататган хамгаалах хил хязгаар, бүрэн эрхт байдал зэрэг хатуу тогтсон орчингоос гадна, үндэстний цул нэгдмэл цэвэр ариун байдлыг эрхэмлэх, соёл зэрэг зөөлөн хүчин зүйлийн далд нөлөөлөл маш чухал үүрэгтэй байдаг талаар товч тоочин өгүүллээ. Тэр дунд баригдмал бус «чөлөөт сэтгэлгээ» онцгой чухал гэдэг санааг хөндөн өгүүлэх гэсэн болохыг та бүхэн одоо ойлгож байгаа буй за.

Ердөө 2030 он гэхэд 800 сая хүний ажлын байрыг оньсон хүмүүд эзэгнэх тухай сэтгэл сэрдхийлгэм тоо баримтыг эрдэмтэд дурьдан өгүүлэх боллоо. Сүүлийн 200 гаруй жилийн турш хувиралтгүй оршин тогтносоор ирсэн мэдлэг мэдээллийг идэвхигүй дамжуулан эзэмшүүлэх арга хэлбэр зонхилсон янз бүрийн шатны сургуулиудыг эрс шинэтгэн өөрчлөхгүй бол оньсон хүмүүдтэй хийх өрсөлдөөн дунд оюун ухаант хүмүүс бид идэвхигүй ялагдсан байдалтай үлдэж хоцрох төлөв байгааг ч тэд сануулан хэлж байна.

Миний бага залууд улс орнуудын өрсөлдөөн, нөлөөлөл байр суурь улс төр, үзэл суртал, цэрэг зэвсгийн хүчин чадлаар тодорхойлогдож байсан. Яваандаа хоёр системийн задралыг дагалдаад улс орнууд эдийн засаг, эрчим хүчний салбарт хүчтэй өрсөлдөж эхлэсэн бол өнөө цагт мэдлэг мэдээллийн салбарт эрчээ аваад байгаа улс орнуудын өрсөлдөөн эцсийн дүндээ хүний хөгжил, боловсролын салбарт зонхилон явагдах болно гэж ирээдүй судлаачид таамаглах болсон нь үнэнээс тэгтэл хол зөрөхгүй байх аа.

Бага дунд ангийн монгол хүүхдийн гэрийн даалгаврын ачаалал дэлхийн дундажаас 13 дахин их байгаа тухай мэдээллийг та ч гэсэн уншиж байсан буй . Бүр бага балчир насандаа үе тэнгийнхнээсээ 13 дахин их ажиллаж байгаа хүүхдүүдийнхээ хүчээр Монгол улс маань дэлхийн хөгжлийг түүчээлж байх учиртай бус уу? Гэтэл энэхүү «гэгээлэг мэдээллийн» хажуугаар «Сүүлийн таван жилийн хугацаанд 2000 гаруй хүн амиа хорлосны дийлэнх нь 29 хүртэлхи насны хүүхэд залуус байна.» хэмээх хар бараан мэдээг сонссон хэн хүний сэтгэл төвдөхгүй байхын аргагүй. Өсвөр залуу үеийнхнийг маань алтан амиа тэвчтэл сэтгэлийн дарамтанд оруулдаг хүчин зүйл нь дээр дурдсан айхтар даалгаврын ачааллаас үүдэлтэй байдаг юм биш биз дээ гэдгийг ч ултай сайн бодож үзэхэд гэмгүй.

Одоо цагт янз бүрийн шатны сургуулиудын сургалтын хөтөлбөрийн агуулгын дийлэнхийг “цахим оюун” дотор хадгалчихаад хүссэн цагтаа сэргээн үзэх боломжтой болжээ. Харин одоогоос хорин жилийн өмнө бол ийм зүйлийг зөвхөн уран зөгнөлт зохиол дээрээс л олж үзэх боломжтой байсан юм шүү. Оюун ухаант хүнд л байдаг «задгай сэтгэлгээ», «чөлөөт сэтгэлгээ» хийгээд «бүтээлч сэтгэлгээг» хүүхэд залуустаа суулган өгч чадваас оньсон хүмүүдтэй хийх өрсөлдөөн төдийгүй улс орнуудын боловсролын салбарт удахгүй өрнөж эхлэх хатуу ширүүн өрсөлдөөн тэгтэл хол хоцрохгүй үлдэх гол арга зам болох нь тодорхой.

. «Боловсролын салбар дахь өрсөлдөөн багшийн чадавхи, тэднийг бэлтгэн гаргаж байгаа багшийн их сургуулиудын чанар чансаагаар тодорхойлогдох цаг тун холгүй байгаа.» талаар Алибабагийн тэргүүн Ма Юнь саяхан өөрийн төрөлхи сургууль болох Ханжоугийн багшийн их сургууль дээр зочлохдоо хэлсэн байна лээ. Багшийн чадавхийг сайжруулах тухай асуудал манай улсын боловсролын шинэтгэлийн хувьд амин чухал зорилт болох нь тодорхой.

Дэлхийн дундажаас 13 дахин их даалгаврын ачааллыг сурагчдадаа үүрүүлчихээд ажиггүй яваад байдгийн гороор «Сэтгэн бодох чадваргүй зомбинуудын» бүхэл бүтэн арми үйлдвэрлэгдэн гараад байгаа нь хамгийн аймшигтай.

«Ямар ард түмэн байна вэ? Тийм л парламент байдаг.»

хэмээх хатуу үнэний учигийг ч дээрх байдалтай холбон дүгнэхэд хол зөрөхгүй байж таарна. Угтаа бол улс орны «оюун тархи» байх учиртай УИХ-ын маань дийлэнхи олонхийг бүрдүүлдэг бөх, уяач, яруу найрагч, дуучин, ганзагачин нөхдийг учиргүй айхтар сэтгэгчид гэхэд би л хувьдаа эргэлзэж байдагтай та ч гэсэн санал нийлэх байх аа.

.Ийм будангуй орчинд бусдаасаа жаахан сүйхээтэй сэтгэдэг цөөн хэдэн нөхөд бужигнуулж төрийн жолоог буруу залаад байгаагийн хор хөнөөлөөр ард түмний амьрал доройтож улс орны хөгжил уруудаад байна гэхэд хилсдэхгүй. Тийм учраас «Ундрага нь ариун бол урсгал ч нь мөн цэвэр ариун» байдаг ёсонг үлгэрлэж боловсролын салбарын шинэтгэлийг бодлоготой хэрэгжүүлэн бүтээлч задгай сэтгэлгээтэй хүүхэд залуусыг олон арваар бэлтгэн гаргах шимтэй хөрсийг буй болгох сайн цаг ирээсэй хэмээн залбирч энэхүү бичлэгийг тэрлэвэй. Хэрвээ тэгж л чадах бөгөөс тусгаар тогтнолын маань тулах багана улам батжин бөхжих учиртай бус уу?

 

Сэтгэгдэл бичих

arrow icon