Олон зуун мянган жилийн мөчлөгийг авч үзвэл одоогийн бидний амьдарч буй хугацаа байгаль дэлхий жамаараа дулаарах үед хамаарагдаж болохыг нийтлэлээс (http://www.trends.mn/n/6154) харж болно. Гэвч энэхүү жамаараа дулаарах явцыг хүмүүс бид 170 дахин хурдлуулсан цаг үед амьдарч байна. Хүлэмжийн хийн нөлөөгөөр агаар мандал, газар, далайн усанд секунд тутамд Хирошимагийн 4 атомын бөмбөгөөс ялгарах хэмжээний дулаан шингэж, 1998 оноос хойш гэхэд ~2.5 тэрбум атомын бөмбөгөөс ялгарах хэмжээний дулаан хуримтлуулчихаад байна (эндээс харах http://4hiroshimas.com/).
Аливаа зүйлд сайн, муу тал бий гэдэг. Дэлхийн дулаарал сөрөг үр дагавар ихтэй ч гарч болох таатай нөлөөг сонирхъё. Гэхдээ, үүгээр дэлхийн дулаарлыг хөхүүлэн дэмжиж буй хэрэг биш юм!!
- Өвөл дулаарч, холбогдох осголт, эндэгдэл багасч, хүйтэнтэй холбоотой өвчлөл буурна.
- Орон сууц, гэрийн халаалтын зардал буурна.
- Хойд өргөрөгт ой, ургамлын ургалт нэмэгдэнэ.
- Хөдөө аж ахуйд таатай болж, газар тариалан эрчимжиж, жилд авах ургацын тоо нэмэгдэнэ.
- Гринландад “амьдрал цэцэглэнэ”
- Арктикийн мөс багассанаар хугацаа, зардал хэмнэсэн Хойд мөсөн далайн тээвэр өргөжнө.
- Хойд мөсөн далайн доорх баялгийг олборлох боломжтой болно.
- Цэвдэг хайлснаар барилга байгууламж, автозамд учрах өөрчлөлт алга болно.
- .... Дэлхийн дулаарлын үр нөлөөгөөр Арктикийн мөс хайлж буйн улмаас улс орнуудын Арктикийг сонирхох нь ихээхэн нэмэгдэж байгаа билээ.
Хэд хэдэн шалтгаан байна: байгалийн баялаг, усан замын тээвэр, аюулгүй байдал, загас агнуур, аялал жуулчлал, судалгаа шинжилгээ. Байгалийн баялгийн хувьд тэнд судлагдаагүй нефтийн 15%, байгалийн хийн 30% болон бусад баялаг бий. Энэ их баялаг хэнийх вэ?
Одоогоор хэнийх ч биш!
Арктикийн тойрог гэж хойд өргөргийн 66°-аас хойших газар нутгийг хэлэх ба тойрогт Америк, Канад, ОХУ, Финлянд, Швед, Норвег, Дани, Исланд улсуудын газар нутаг орно. Арктик руу усан гарц бүхий Америк, Канад, ОХУ, Норвег, Дани гэсэн 5 орон Арктиктай холбоотой асуудалд түлхүү оролцдог.
Гэвч Арктик аль ч улсын нутаг биш, далай, сансрын орон зайтай адилаар олон улсын эрх зүйгээр зохицуулагдана.
ОХУ Арктикийг өөрийн газар нутаг болохыг батлахын тулд судалгааны экспедицүүд олныг явуулж, Ломоносовын нурууг Оросын эх газрын үргэлжлэл болохыг олон улсад зарлаж байсан, 2007 онд далайн ёроолд өөрсдийн тугийг хатгаж байсан. Энэхүү ээлжит экспедицүүдэд надтай тохой зэрэгцэн сурч байсан 3 орос хэд хэдэн удаа оролцсон. Зөвлөлтийн үед хойд, өмнөд туйл руу экспедицээр явах нь тогтмол цалинтай судлаач хүний насны мөрөөдөл шахуу байсан гэдэг. Учир нь нэг явалтаар “насны хоол”, орон сууцтай болоод ирдэг байсан хэрэг. Гэтэл манай ангийн гурав цөөн хэдэн жилийн хугацаанд гурав хүртэл удаа явчихсан, улс дэлхийн хэмжээний чухал ажлын ард гарчихсан болохоор одоо эхнээсээ “гавьяаны” амралтаа аваад жаргалтай суугаа. Юу хэлэх гэсэн гэхээр, Арктикт Оросуудын сонирхол эрс өссөн нь дэргэдээс илхэн харагдаж байна. ЗХУ задарснаас хойш ашиглахаа больсон нисэх буудлаа сэргээсэн, цэргийн хээрийн сургууль явуулдаг, бааз байгуулсан зэргээр ихээхэн идэвхтэй байгаа. Батлан хамгаалах техник хэрэгслийн чадавхиараа ОХУ Арктикийн 5 орон дотроо маргаангүй хүчтэй нь. “Арктик бол Оросын ирээдүйг хангах маш чухал газар. Бусад улстай хамтарч болно, гэхдээ оросууд давуу байдлаар... 2025 он гэхэд ОХУ одоогоор хаана ч байхгүй мөс зүсэгч атомын 4 хөлөг онгоц гаргана
. 2050 он гэхэд нүүрс устөрөгчийн 30%-ийг Арктикаас олборлох болно...” мэтээр Арктикийн талаар оросын тал маш идэвхтэй байгаа. Одоогоор Оросууд Арктикийн асуудлаар 1500 орчим том төсөл хэрэгжүүлж байна. Арктикийн 5 орноос гадна Хятад, Өмнөд Солонгос, Япон, Европын орнууд Арктикийг идэвхтэй сонирхож байгаа юм.
Хэний ч өмч биш их баялаг тэднийг соронздож байгаа. Мөн хамгийн хямд тээвэр болох далайн тээвэр улс орнуудын сонирхлыг эрхгүй татна. Хойд замын далайн тээвэр Суэцийн сувгийн тээвэрлэлтийг бодвол хугацаа, зардлын хувьд үлэмж хэмнэлттэй. Дэлхийн дулаарал дэлхий нийтийг яах аргагүй хөдөлгөөнд оруулж буй нэг жишээ нь Арктикийн асуудал юм.
Ойлгомжтой, энгийн үгээр сайн бичиж. Гэхдээ... Arctic Cycle гэдгийг Арктикийн тойрог гэхгүй, 'Хойд туйлын цагариг' хэмээн дээр үеийн эрдэмтэд хэрэглэж заншсан нэршил билээ.
тэнэглээд бай. мөстлөгийн дараа хуурай газар их хэмжээгээр тэлсэн. хүн нь багтахгүй байж юун сайхан болно гэж.