Монгол улсад амьд явах баталгаа байна уу? гэсэн сэдвээр телевизийн нэвтрүүлэг гарахтай зэрэгцэн ой долоон сартай хүүхэд машинд дайруулан нас барсан тухай харамсалтай мэдээ цахим орчинд тархав. Яг ийм мэдээлэл өнгөрсөн намар хавар, тэрний өмнө хавар гээд урин дулаан цагаар үргэлж гардагийг уншигч та анзаарч байсан уу?
Эмээ нь, ээж нь аав нь ухарч байхдаа ардаа байсан бяцхан хүүхдийг харалгүй дайрсан тухай мэдээ жил бүр урин дулаан цаг орохтой зэрэгцэн тархаж хүмүүс хэсэг шуугиад мартдаг. Хэд хоног эвий хөөрхий нялх амьтан гэж халаглаад л өнгөрнө. Гэтэл энэ гашуун түүхээс авах ёстой сургамжыг мартчиж, дахин алдаж болохгүй алдааг бид давтсаар л байна.
Гадаа дулаарч хүүхэд тоглож байгааг мэдсээр байж хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой байж чадахгүй байна.
Судлагаанаас харвал бага насны хүүхдийн бэртэл гэмтэл, амь насаа алдах явдлын маш их хувийг нь зам тээврийн осол гэмтэл байдаг юм байна.
Тухайлбал 2019 оны эхний гурван сарын байдлаар 145 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 7 хүүхдийн амь нас хохирч, 33 хүүхэд хүнд хөнгөн хэлбэрээр бэртсэн байна
. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.3 дахин өссөн үзүүлэлт юм. Насаар нь ангилж үзвэл 0-14 насны буюу ид хөгжиж, өсөн торниж буй хүүхдүүд зам тээврийн ослын улмаас хохирч байна.
Мэдээж хэрэг энэ бүхний цор ганц буруутан томчууд. Үр хүүхэддээ зам хөдөлгөөний дүрэм сахилга батын тухай заагаагүй, хүүхдүүдээ хараа хяналтгүй орхисон эцэг эхийн буруу, хурдаа тохируулж эргэн тойрноо анзаараагүй жолоочийн буруу, иргэний боловсролын тухай хичээл дутуу заадаг боловсролын буруу.
Швед улсад эцэг, эхчүүд
“Хэрэв миний хүүхэд үржүүлэхийн хүрд мэдэхгүй бол энэ нь амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдалд тэр болгон хүргэхгүй. Харин гудамж замд аюулгүй зорчих дүрмээ мэдэхгүй бол амьд явах баталгаа бараг байхгүй гэж хэлэхэд болно”
гэж үзэн багаас замын хөдөлгөөний дүрмийг маш сайн заадаг бол манайхны зарим эцэг эхчүүд хүүхдээ дагуулаад улаан гэрлээр гүйж, гарцгүй газраас жолоочтой хэрэлдэн барин гүйдэг.
Хүүхдэд бол эцэг эхтэйгээ хамт явж байхад хийсэн үйлдэл бүхэн нь зөвшөөрөгдөх мэт, хэрэв тухайн үед юу ч тохиолдоогүй бол дахин тэр замаар явахад бүх зүйл тийм л байх юм шиг бодох төдийгүй аав, ээжүүдийн хийсэн үйлдлийг ямагт зөв гэж үзэж, хүүхэд дахин давтах нь элбэг байдаг.
Иймд ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөнд оролцож байгаа та Замын хөдөлгөөний хууль, дүрмээ биелүүлж, хариуцлагаа дээшлүүлэх, бусдыг хүндэтгэх хэрэгтэй байна. Мөн эцэг эхчүүд хүүхдэдээ зөв үлгэр дуурайлал үзүүлж, замын хөдөлгөөнд зөв оролцох хандлага, дадал хэвшүүлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох талаар байнга зааж зөвлөдөг байх нь чухал байна
. Дахин анзаарсангүй, хурдаа хасаж амжсангүй, харагдсангүй гэх мэт хайхрамгүй хүйтэн үгсээр бяцхан үрсийнхээ амь насыг сольмооргүй байна.
Сэтгэгдэл бичих