Нийтлэл 04 сарын 28, 2019

Дутуу мэдлэг, үр дүнд нь ПОПУЛИЗМ

7 жил гадаадад амьдарсны дараа Монголд ирээд ажлын гараагаа арилжааны банкнаас эхэлж байсан. Эрсдэлийн удирдлага, ашигт ажиллагааны шинжилгээ г.м. тооцооллууд дээр суудаг байв. Гэхдээ банкны санал болгож буй хамгийн гол бүтээгдэхүүний үнийн талаар харилцагчид тайлбарлаж ѳгсѳн удаа байхгүй. Зээлийн хүү хэрхэн тогтдог талаар яриад тайлбарлаад байсан ѳѳр банкны ажилтан ч байгаагүй санагдана. Ер нь зээл хүссэн иргэд банкнаас "Энэ тэр бичиг баримтаа канондоод нотариатаар батлуулаад аваад ир" гэдэг үгийг л хамгийн их сонссон байж магад.

Уг нь банк Монголын ѳнцѳг булан бүрт бараг бүх хүнд хүрч ажилладаг салбар. Зээлдэгчийн тоо л гэхэд 1 сая орчим. Харилцах, хадгаламжийн дансны тоо зарим томоохон ритейль банкуудын хувьд 2 сая нэлээн гарчихсан байгаа. Одоо цалингаа банкаар авдаггүй, шилжүүлгээ банкны дансаар хийдэггүй хүн цѳѳхѳн үлдсэн биз. Харин банкны зээлийн хүү хэрхэн тогтдог, яавал ѳсдѳг буурдгийг мэддэг хүн 3 сая дотор хэд вэ? маш цѳѳн. Бүгд зээлтэй гэдэг ч үнэ нь хэрхэн тогтдогийг мэддэггүй гэхээр хачирхалтай ч гэмээр. Хагас бүтэнсайн, Наадам Цагаан сар, ѳдѳр шѳнийн алинд ч банкны үйлчилгээ зогсож байхыг харсан уу, гэхдээ банкууд архи тамхи үйлдвэрлэгчдээс ч муу нэртэй байдаг нь саркастик ч гэмээр.

Одоо тэгвэл зээлийн хүүг хуулиар тогтоох уу үгүй юу гэдэг зүйл яригдсаар байна. Хүүнд дээд хязгаар тогтоох нь массын дэмжлэгийг мэдээж авна. Харин хууль батлагдвал нэлээд таагүй үр дүн эдийн засагт бий болох болов уу. 70 гаруй орнуудын туршлагаар нотлогдчихсон зүйл тул мануус ч онцгойроод ѳѳр байхгүй л болов уу.

Жишээ нь, зах зээлийн хүүнд хүчээр хязгаар тогтоосноор зээл олголт зѳвхѳн барьцаа хѳрѳнгѳ ихтэй, олон жил харилцсан найдвартай бѳѳний зээлдэгч нарт (том компаниуд) тѳвлѳрсѳн тохиолдол маш их. Зардал, эрсдэл ѳндѳртэй газруудаад банкууд салбараа бүрмѳсѳн хаасан тохиолдол ч их. Зарим хүмүүст тогтоосон хүүгээр зээл олдлоо ч хугацаа нь маш богино болчихсон байх нь түгээмэл.Товчхондоо санхүүгийн хүртээмж буурна, эдийн засаг удааширна.

Тэгэхээр, банкууд харилцагчдаа гол бүтээгдэхүүнийхээ талаар сайн ойлгуулаагүйгээс болж нийгэмд дутуу мэдлэг үүссэн байна. Энэ дутуу мэдлэг нь улстѳрчдийн тоглоомны орон зайг үүсгэж, эргээд банкуудын толгой дээр цахиур хагалах нѳхцѳлийг бүрдүүллээ.

Нэг талаас хэн нэгэн улстѳрч олон түмний зүрх сэтгэлийг татсан баатар болохын тулд байлдаж дарах мангас хэрэг болно. Ойлгоогүй зүйл аймшигтай тул зээлийн хүү бол мэдээж атгаалжин хар мангас. Олон түмэн ч энэ мэдэхгүй зүйлийг дарахыг хүснэ, "баатрыг" дэмжинэ. Харин нѳгѳѳ талд шийдвэр гаргах улстѳрч олны хүсэлд нийцүүлээд гайгүй сэргэж байгаа эдийн засгаа алаад хаях уу, эсхүл сонгогчдын хүслийн эсрэг зүйл хийж ѳѳрийн нэр хүндээ шороонд хутгах уу гэдэг ацын шалаанд орно.

Дутуу мэдлэг, үр дүнд нь популизм, үр дүнд нь эдийн засгийн хувь заяа улстѳрийн гарт. Хуульчдын хэлдгээр, эс үйлдлийн үр дүн нь энэ.

Нийгэм анхнаасаа санхүүгийн боловсролтой байсан бол, зээлийн хүүгийн талаар ойлголттой байсан бол ийм сэдвээр хууль тогтоогчид үнэтэй цагаа үрэн таран хийхгүй байсан байх.

Улс орны хувь заяанд чухал ѳѳр асуудалд эрч хүчээ зориулах байсан байх. Банкууд 30 шахуу жилийн турш Монголын хүн бүртэй харилцсан хэрнээ хамгийн гол бүтээгдэхүүнийхээ талаар, зах зээлийн хүү, мѳнгѳ хүүлэлт хоёрын ялгааг тайлбарлаж чадаагүй нь энэ популизмын овоог босгожээ.

Мэргэжил, мэдлэгтэй хүмүүс дуугүй байх нь ийм л эрсдэлтэй.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon