Японы эзэн хаан Акихито өөрийн хүү Нарухитод хаан сууриа шилжүүллээ. Акихито хаан энэ жил нас сүүдэр наян тав хүрч байгаа бөгөөд тэрбээр амьд сэрүүн байхдаа хаан ширээгээ хүүдээ шилжүүлж буй цөөхөн тохиолдлын нэг боллоо. Энэ ёслол Хэйан эриний буюу 202 жилийн өмнөх Коокакү Тэнногийн ёс жаягаар, өнөөгийн хууль ёсны дагуу болов.
Акихито эзэн хаан бол Япон Улсын 125 дахь хаан сууринд 1989 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр залагдсан ба тэрбээр Шёовагийн Эзэн хааны хүү, Тайшёогийн Эзэн хааны ач, Мэйжийн Эзэн хааны жич хүү юм.
Түүний үе буюу Хэисэигийн үед Япон улсад байгалийн аймшигт гамшиг сүйрэл, газар хөдлөлт хэд хэдэн удаа тохиолоо, тэрбээр ямагт ард түмэнтэйгээ зовлон зүдгүүрийг нь хуваалцаж ирсэн юм. Ийнхүү Хэйсэйгийн үе 30 жил 113 хоног үргэлжлээд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болж байгаа юм.
Тавдугаар сарын нэгнээс эхлэн хунтайж Нарухито хаан ширээг залгамжлан авч Рэйва эрин эхэлнэ.
Он тооллын нэрийн хувьд эртний судар шашдираас эх авах нь олонтоо ч энэ удаа Японы өөрийн эртний утга зохиолын бүтээлээс эшлэж сонгожээ. Тодруулбал “Рэйва” гэдэг энэ нэр бие даасан нэр үг биш бөгөөд “Ман ёо шюү” эмхэтгэлийн дотроос энэ удаа дээр өгүүлсэн бэлэгдлээр зохиож гаргасан зохиомол оноосон нэр гэж ойлгож болно. Мөн "Хүмүүс дэлгэр сайхан сэтгэлээ нийлэлцүүлэн, тэр дундаас соёл ундран дэлгэрч, төлжиж хөгжинө “ гэсэн утга санаа агуулагдаж буй гэж Японы Засгийн газар тайлбарлаж байна.
Сэтгэгдэл бичих