Нийтлэл 05 сарын 02, 2019

НОМЫН ТЭМДЭГЛЭЛ: Харь хэлээр яригсад

Өмнөх тэмдэглэлд “Чамд хэн итгэх юм бэ” романы “Вангийн нулимс” түүн дотор хэрхэн амьдарч байсан тухайгаа хуваалцсан. Энэ удаад түүний удаах дэвтэр болох Харь хэлээр яригдсын тухай ярья. 

Чамд хэн итгэх юм бэ романы тэргүүн дэвтрийг уншиж байхдаа Агиа гэх бүсгүйн дүрээр амьдарч байсан бол “Харь хэлээр яригсдын” дүрүүдээс сонгох гээд сонголт хийж чадсангүй. Бүгд л боломжтой санагдаад бүгдийнх нь дүрд орж, гарч явсаар ном дуусчихлаа.

Зохиолд дэлхийн хоёрдугаар дайны үеэс эхлэлтэй сайнаар харвал анагаах ухааны дэвшил, муугаар харвал аймшигт туршилтын тухай болон орчин цагт хүний наймаа, хар тамхи тэр дундаа хүүхдийн хулгайн асуудлыг хөнджээ. Ингэхдээ өмнөх цаг үед болсон түүх, үйл явдлуудтай холбож уншигчдын мартсан түүхийг сөхөж, эсвэл мэддэг юм шиг хэрнээ үнэн хэрэгтээ сайн мэддэггүй түүхийг энд бичсэн байна.

Зохиолын товч 
Зохиол “Хөвсгөл аймагт ямар хэлээр ярьж, хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй хүүхдүүдээ дагуулсан нэгэн эмэгтэйг хаанаас ч юм хэсэг нөхдүүд гарч ирээд толгой дараалан буудаад, хүүхдүүдийг тоолсоноо дахиад нэг охин байх ёстой гэж хайх” энэ сонин үйл явдлаас эхэлсэн гэхэд болно. 
Энэ алга болсон охин бол “Цагаан” гэх нэртэй хүний гэх ямар ч ааш араншин, үйл хөдлөл, мэдрэмжгүй амьд ургамал гэлтэй охин. Хожим энэ охин “Вангийн нулимсын” гол дүр болох Улсаа, Польш доктор Людвик, түүний охин Анна, Бат гэх хүмүүс мөн ДЭМБ, ЮНЕСКО зэрэг томоохон байгууллагууд нэгдэн түүнийг судалж эхэлнэ.

Тэгвэл “Цагаан” яг яагаад ийм болчихсон юм бэ гэх асуулт гарч ирж байгаа биз. 
Дэлхийн хоёрдугаар дайны үед улс орнууд өөрсдийн сүр хүч газар нутгаа тэлэх гэсэн хүсэл аль ч улс оронд байсан тул бүгд хашир санаалж, башир арга хэрэглэж байсан нь мэдээж. Хэн нь хялбар тэгээд өөрийн цэрэгт хохиролгүй аргаар дайснаа дарах гэдэг тулаанд Япончуудын бодож олсон арга бол анагаах ухааныг ашиглан бактерлогийн зэвсэгтэй болох. Тэдэнд туршихгүй, хийхгүй зүйл байсангүй. Японы цэргийн Пинь Фан дахь 731 – р анги нэгтгэлийн тухай уншигч та өмнө сонсож байсан бол энэ номд тэр харигслал, тэр тамлалуудыг маш дэлгэрэнгүй бичсэн байна.

Энэ үед хиймлээр үр суулгахыг, хийсвэр хагалгааг, хүйтэн болоод халуунд тэсвэрлэх чадвар элдэв халдварт өвчнүүд гээд маш олон анагаах ухааны туршилт хийсэн. Энэ туршилтууд хожмоо Ху Шень болон Ван доктор зэрэг орчин цагийн эмч нарт уламжлагдсан ирж олон үйл явдал хөвөрнө. Тэрхүү үйл явдлууд Луужин бүлгээс эхлэлтэй. 

 

731- р ангийн туршилтад орсон Нацаг гэх монгол залуу хэлээ таслуулаад монгол руу буцахдаа нэгэн Өвөрмонгол залуутай танилцаж, түүний амийг авраад өөрөө үхнэ. Энэ тусыг санаж Өвөрмонгол залуу хожмоо хүүтэй болж түүнийгээ Бэлэгт гэж нэрлэсэн нь энэ хүртэлх бүхий л үйл явдлын нууц ноёнтон байсаар ирсэн луужин бүлгийн толгойлогч По ноён. Тэр луужин гэх бүлэг ямар учиртай, яагаад энэ бүхнийг хийж байгаа зэрэг нь сонирхол татсаар л байгаа. Дан ганц мөнгө эрх мэдлийн төлөө биш гэдэг нь Нацагийн үхэл болоод По ноёны аав болох Өвөрмонгол залуу хоёрын тэр нэг өдрийн нөхөрлөл тэдний хоорондын харилцаа итгэлцэл харуулаад байгаа Ямартай ч луужин бүлгийнхэн бас нэг төрлийн туршилт хийдэг. Тэд хүүхэд хулгайлж, охид эмэгтэйчүүдэд хиймлээр үр суулгах гэх мэт үйлдлүүд хийдэг. Нарийн тодорхой зүйл гарахгүй байсаар ном дуусав. Дахиад л дараагийн бүлэгт гарах биз. Харин Цагаан бол Луужин бүлэг болоод тэдний хамсаатнуудын туршилтад орсон хүүхдүүдийн нэг биз. 

Мөн Харь хэлээр яригсад дээр Вангийн нулимсын өмнөх үйл явдлууд болоод дараагийн үйл явдал бүүр тэртээ хоёрдугаар дайны үеийн түүх, буурал Европын түүх, Манж Го улсын түүх хийгээд бид манжид яагаад эзлэгдсэн, энэ үед Оросууд ямар арга хэмжээ авч байв, том гүрнүүд жижиг буурай орнуудаар хэрхэн тоглодог зэрэг маш сонирхолтой түүхэн үйл явдлуудыг яг одоо цагт болж байгаа үйл явдлуудтайгаа маш гоё холбожээ.  
Яг л цаг хугацаагаар аялах боломж олгох мэт би Европын оронд хэдэн цаг, Манжийн дарлалын үеийн монголд хэдэн цаг, Япончуудын бактерлогийн зэвсэгээ бүтээж, аймшигтай туршилт хийж байсан хүйтэн дайны үед хэдэн цаг, бүүр 11 жилийн өмнө буюу 2008 оны 7 сарын 1-ний үйл явдалд ч эргэн очив. 
Бас зэвүүрхэж, цэрвэмээр зүйлс энэ номд олон байв.  Үнэн үг хэлсэн хүнд үхэр өшөөтэй гэдэг шиг зарим зүйлсийн талаар нээрээ тийм л дээ. Гэхдээ энийг ингэж хэлээд байхдаа яадаг юм заавал энэ ингэх хэрэг байна уу гэж дотроо зохиолчтой хэрэлдсээр л байв. Маш олон нүд бүлтийлгэм гэнэтийн үйл явдлууд ч болов. Зохиолд гарч ирсэн шинэ дүр болох Дариа гэх хөөрхөн эмэгтэйг бүдүүн ээж байх юм гэж төсөөлөө ч үгүй. Бас Шанхайд очоод үхсэн гэж бодож байсан Инээмтгий эр Дуу цѳѳнт гэх өмнөх романы дүрүүд энд гол дүр болоод гарч ирэхэд гараад ирэхээр Тѳвѳнх гэж "Шазам" шиг залуу аварчдээ гэж бодсон чинь тэр үйл явдлаас ѳмнѳх буюу Дуу цѳѳнт, инээмтгий эр, Оготно хочит залуу болон Дариагийн дүр хэрхэн бүрэлдэн бий болсоныг энд харуулав. Эндээс дүрүүдийн ѳсѳлт хѳгжил сэтгэлзүйн ѳѳрчлѳлт харагдана.

Энэ мэт дүр дүрслэл бүхэн хоорондоо ямар нэгэн сэжимээр холбогдож, дараагийн үйл явдалдаа маш сонирхолтойгоор хөтөлж байлаа. Нэг дүрийг эхнээс эцэс хүртэл дэс дараатай эмх цэгцтэй уншигчдад танилцуулахдаа уншигчдад тухайн дүрээ өөр өөрийнхөөр төсөөлөх  боломж олгосон нь уншихад нэн тааламжтай байлаа. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon