УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтыг үргэлжлүүлэв. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалтын буюу 6.1.14 дэх заалтыг харилцаа холбоо, мэдээллийн технологитой холбогдуулж төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагаас үйлчилгээ үзүүлэх журам; захиргааны байгууллагын цахим мэдээллийн санг байршуулах, шинэчлэх, хадгалах, түүхчилсэн бүртгэл үүсгэх, ашиглах журам; төрөөс иргэдэд хүргэх радио, телевизийн нэвтрүүлгийг дамжуулах үйлчилгээний журам; интернэтийн дундын холболтын журам баталж мөрдүүлэх гэсэн агуулгаар өөрчлөн найруулахаар болов.
Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 6 дахь заалт буюу 25.2 дахь хэсэгт “хэрэглэгчийг регистрийн дугаараар бүртгэх”; “бусад үйлчлэгчид ижил нөхцөлөөр үйлчлэх” гэсэн агуулгатай 25.2.11, 25.2.12 дахь заалтыг нэмж оруулахыг гишүүдийн олонх нь дэмжсэн юм.
Түүнчлэн төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалтын буюу 6.1.3 дахь хэсгийг “харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр шинэ технологи нэвтрүүлэх, давамгай байдлаа сөргөөр ашиглахыг хязгаарлаж, өрсөлдөөнийг дэмжихэд баримтлах чиглэл, шинэ технологи нэвтрүүлэхтэй холбогдсон журам, заавар, аргачлал батлах, хэрэгжилтийг зохион байгуулах” гэж өөрчлөн найруулахаар тогтов.
Харин төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь заалт буюу 8.7 дахь хэсгийг “3охицуулах хороонд харилцаа холбооны улсын байцаагч ажиллана” гэж өөрчлөн найруулах саналын талаар гишүүд ойлголтын зөрүүтэй байсан тул уг саналыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагч өгсөн юм.
Мөн төслийн 3 дугаар зүйлийн 6 дахь заалт буюу “Дотоодын хэрэглээний холбооны сүлжээ” гэсэн 21 дүгээр зүйлийг ”Аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо ашиглах зориулалтаар дотоодын хэрэглээний холбооны сүлжээ байгуулан ажиллуулж болно”, гэхдээ энэ сүлжээг ашиг олох зорилгоор бусдад ашиглуулахыг хориглох бөгөөд Зохицуулах хороо дотоодын хэрэглээний холбооны сүлжээнд зохицуулалт хийх журмыг баталж, хэрэгжилтэд хяналт нь тавихаар өөрчлөн найруулж зохицуулах нь зүйтэй гэж үзлээ.
Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 17, найруулгын шинжтэй 11 саналаар санал хурааж дуусган, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
Сэтгэгдэл бичих