Ногоон байгууламж бол аливаа улс, хотын хөгжлийн түвшинг илэрхийлдэг хэмжүүр. Гэхдээ ямар ч төлөвлөлтгүй энд тэнд тарьсан модод, хэлбэр дүрс муутай улиас, хэт их хөрөнгө зарцуулж донж маяг тааруухан тарьсан дөрөв тавхан зүйлийн нэг наст цэцэг, нэг нүхэнд олноор нь багшруулан тарьсан хайлаас лаю сайхан харагдахгүй байна. Учир нь ууланд жамаараа ургаж байсан модыг дуу чимээ, утаа тортог, тоостой хотын гудамжинд шилжүүлэн суулгачихсан. Үүний цаана маш их хөрөнгө мөнгөний асуудал ч яригдана.
Хотоо ногоо болгох гэж уулын модыг ховхлон байж тарьсан модод нь тэр зундаа нов ногоон, хоёр дах жил үнсэн ногоон, гурав дах жилдээ үнсэн саарал.
Харин дөрөв дэх жилдээ хатсан моддоо хог руу ачуулна.
Энэ бол нийслэл хотын ногоон байгууламжинд бүхний нүдний өмнө ил явагддаг, бараг стандарт болсон ажил.
2007 оноос хойш нийслэлд эхэлсэн энэ ажил үр дүнгүй, тохиромжгүй гэдэг нь олон жишээнээс харагддаг. Тодруулбал “Монголын цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо”-ны 2016 оны гуравдугаар сарын 22-ны мониторингийн тайланд Занабазарын гудамжинд 2011 онд 303 ширхэг нарс тарьснаас 11 нь амьд, 23 нь доройтсон, 269 нь үхсэн.
Энхтайваны өргөн чөлөөнд 2009 онд 500 ширхэг нарс тарьснаас 100 хувь үхсэн судалгааны тайлан гарчээ. 2007 онд баруун дөрвөн зам, Гандангийн гудамжинд 100 гаруй нарс мод тарьсан ч бүгд үхсэн. Сүүлийн хэдэн жилийн дүр зургийг харахад л АСЕМ-аар тарьсан 1000 ширхэг, Х хорооллоос Таван шар хүртэлх гудамжинд тарьсан 550 ширхэг нарс бүгд үхсэн гээд баримт сөхвөл хэдэн арван мянгаар тоологдож байна.
Гэтэл шилмүүст төрлийн модны үндэсний системийг, ялангуяа гол үндсийг гэмтээвэл амьдрах чадваргүй болдог. Байгалийн жамаараа ургасан том моддын үндсийг гэмтээхгүй ухаж авах нэн түвэгтэй. Том тогоолж ухна, тийм хэмжээний нүх үлдэнэ. Шим тэжээлт хөрс алдагдана, хөрсний цэвдэгт нөлөөлнө, эргэн тойрны моддын үндсийг гэмтээнэ, ингээд тэр хавийн модод хэсэг хэсгээрээ хатаж үхдэг. Ууланд ийм л гамшиг үлддэг. Харин хотод авчирч тарьсан мод гурав дөрвөн жил өөртөө хуримтлуулсан шим тэжээлээр амьдарсаар аргагүй эрхэнд хатаж үхдэг.
Нэг га талбайн ойжуулалтын зардал нэмэгдээд нэмэгдээд 600 мянга төгрөг хүрэхтэй үгүйтэй, харин уулнаас ганцхан том мод ухаж авчраад худалдахад 600 мянган төгрөг гээд бодохоор уулын мод ургах уу, устах уу.
Бодоод үзээрэй.
Ууланд учирдаг гамшгийг орхиё гэж бодъё. Байнгын арчилгаа, харуул хамгаалалттай газарт бол ургуулаад байна аа. Харин Энхтайвны өргөн чөлөө, Гандангийн урд талбай, Сөүлийн гудамж гээд нийтийн эзэмшлийн талбайд бол амьдралтын хувь нь нийт тарьсан модны тоотой харьцуулвал таван хувьд хүрэхгүй. Дэлхийн томоохон хотуудад таримал ойгоос эсвэл зориулалтын тарьц суулгац бойжуулдаг талбайгаасаа том моддыг гудамж талбайдаа шилжүүлэн суулгадаг. Манайд ийм мод үржүүлгийн газар, таримал ой байхгүй гэхэд хилсдэхгүй. Мод үржүүлгийн газартаа үнэнчээр тарьц суулгац ургуулж байгаа аж ахуйн нэгж, иргэд олон ч, тэдний тарьц суулгац энэ их бүтээн байгуулалтын ажлын хэрэгцээг хангахгүй. Тэгэхээр нэг хоёрхон жил тэвчээд уулнаас том мод шилжүүлэн суулгахад зарцуулдаг тэр их үр дүнгүй хөрөнгөө аж ахуйн нэгжүүдийн мод үржүүлгийн газрыг дэмжихэд зориулъя. Тэдэнд богино хугацаанд өндөр ургац авах дэвшилтэт технологи нэвтрүүлэх боломжийг олгоё.
Сэтгэгдэл бичих