Нийтлэл 05 сарын 20, 2019

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Гадаад сурталчилгаа ба орчуулгын асуудлууд

Гадаад харилцааны яам Монголын зохиолчдын эвлэл хамтран  “Гадаад сурталчилгаа ба орчуулгын асуудлууд” сэдвээр өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Үүнд Монголд орчуулагдаж буй бүтээлүүдийн чанар стандарт тэдгээрт тулгамдаж буй асуудлуудаас гадна монгол түүх, уран зохиолыг гадаад хэл рүү орчуулах Монгол соёлыг гадаад улс орнуудад танилцуулах зорилгоор зохиолч орчуулагч эрдэмтэд санал бодлоо солилцлоо.

Бид дэлхийн олон хэлнээс монгол хэл рүү орчуулга хийж чадаж байгаа боловч Монгол зохиолоо гадаад хэлээр орчуулах тал дээр дутагдалтай байна гэдэг асуудлыг олон хүн хэлж байлаа. Ингээд хэлэлцүүлгийн үеэр  Монгол улсыг дэлхийд сурталчлахад монгол уран зохиол, кино жүжиг зэрэг соёлын биет өвүүдийг гадаад хэлээр хэрхэн орчуулж, гадны олон оронд  хүргэж болох тухай  зарим эрдэмтэн судлаач, албаны хүмүүсийн саналаас тоймлон хүргэж байна.

МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Цэнджав: Орчуулга бол яг байгаагаар хуулах хуулан бичиг биш

Утга зохиол, соёлоороо дамжуулж дэлхийд танигдах боломж бидэнд бий. Гагцхүү үүнд үнэхээр төрийн дэмжлэг хэрэгтэй. Хятад улс өөрийн үндэсний утга зохиолыг дэлхий дахинд хүргэхийн тулд хэр хэмжээний хөрөнгө гаргаж ямар сайхан ажлууд зохион байгуулж байгааг та бүхэн мэдэж байгаа. Бид яг л тэдэн шиг орчуулагчийн ажлыг үнэлдэг, тэднийг сайшаадаг дэмждэг болмоор байна. Нөгөө талаас зохиолчдоо ч дэмжиж, тэдний ажиллах орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна. Ингэж дэмжиж ажилласныхаа төлөө тэднээс эргээд сайн зохиол, сайн агуулга нэхдэг байх хэрэгтэй. Анзаарч байхад Монгол хэлээр маш сайхан утга агуулгатай бичдэг атлаа гадаад хэлээр орчуулахдаа муу, гадаад хэлийг төгс эзэмшчихээд монгол хэлээрээ утга төгс буулгаж чадахгүй байгаа зохиолч орчуулагчид их байна.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг : Манай гадаад харилцааны яамны  Монгол улсаа дэлхийд сурталчлан таниулах зөөлөн хүчний бодлогод энэ орчуулгын салбар маш чухал үүрэгтэй. Тиймээс бид энэ салбарыг  дэмжиж ажиллана. Энэ хүрээнд гадаадад байгаа монгол хүүхдүүдийн асуудлыг анхаарна. Эдгээр хүүхдүүдийг монгол хэл соёлоос нь холдуулахгүй байхад анхаарах нь бидний үүрэг. Мөн орчуулагчид, зохиолчид та бүхний үүрэг.

МУИС-ийн багш Ш.Эгшиг: Ерөнхийдөө бол гадаад хэлний анги төгссөн хүмүүс орчуулагч болох хандлагатай байдаг. Гэхдээ бүгд мэргэжлийн орчуулагч болж чаддаггүй. Ур чадвар маш чухал. Ур чадварыг нь үнэлэх нь чухал асуудал.

Гадаад хэл эзэмшсэн л бол орчуулга хийж чадна гэсэн үг биш.

Хүний утга төгс сайхан зохиолыг өөрийн дураар баллаж болохгүй учир хариуцлагатай байх үүднээс салбар салбарын орчуулгыг ялгах хэрэгтэй.  

Зохиолч Д.Энхболд Кино урлагаараа дамжуулан дэлхийд танигдъя

Монгол зохиолыг гадаад хэл рүү орчуулах нь маш чухал боловч эхлээд тухайн улсын хэвлэлийн бодлогыг маш сайн судлах хэрэгтэй. Мөн монгол бүтээлээр дамжуулан монгол улсыг дэлхийн дахинд сурталчлахын тулд миний бодлоор хамгийн түрүүн бид кино урлагаа дэмжих хэрэгтэй. Манайд маш сайн кинонууд бий. “Тань руу нүүж явна”, “Өндөр ээж”, “Тунгалаг тамир” гэх мэт хуучны сайн кинонуудад бидний соёл уламжлал, монгол хүний зан төрх гээд “Монгол” гэдгийг илтгэх олон сайхан агуулга шингэсэн байдаг. Тиймээс би кино урлагаараа дамжуулан дэлхий нийтэд Монгол улсаа сурталчилъя гэсэн уриалга гаргаж байна.

ГССХГ-ын захирал Мандахцэцэг: Гадаад хэргийн яамны зүгээс аль болох монгол улсын түүх соёлыг гадны улсуудад таниулах сурталчилах ажлуудыг хийж зохион байгуулахаар хичээж байна. Түрүүн гарсан Кино урлагаар дамжуулан соёлоо түгээе гэдэг саналыг дэмжиж байна. Манай яамны зүгээс энэ ажлыг эхлүүлээд явж байгаа бөгөөд хуучны сайн кинонуудыг тухайн улсын хэлээр орчуулан хадмал орчуулгатайгаар хүргэхээр ажиллаж байна. Сар бүр ийм кино өдөрлөг ч хийх боломжтой.  Мөн бидний зүгээс тавих нэг санал байна. Гадаадын сайн найруулагч, зохиолчдод монгол улсад ирж кино хийх боломж олгоё. Үүгээрээ дамжуулан газар нутаг, ёс заншлаа сурталчилъя.

ГХЯ-ны зөвлөх Я.Ганбаатар: Өмнөх мянган жилд бид гадны зохиолыг монгол руу орчуулж ирсэн баялаг туршлагатай. Тэр тусмаа сүүлийн гучин жил бүр ч их идэвхжсэн. Төрөл зүйл нь нэмэгдсэн. Гэхдээ монгол хэлнээс гадаад хэл рүү мэргэжлийн түвшний тэр тусмаа утга зохиолын  орчуулга хийдэг хүн ховор байна.  Бас орчуулгын үнэлгээ муу байна.  Хятадад бол нэг нүүрний тал бичвэрийг орчуулахад 80 мянган төгрөг. Гэтэл манай үүний талд ч хүрэхгүй. Цалин хангамж муу. Ийм хэмжээнд орчуулга үнэлэгдэж байгаа болохоор залуучууд орчуулгыг сонирхохгүй байна.

Домог зүй судлаач, доктор С.Дулам: Монгол хэлээ мэдлэг шингэсэн хэл болгоё

 Би хоёр тийш орчуулах орчуулгын талаар хоёр чухал санаа хэлэх гэсэн юм. Нэгдүгээрт монгол хэлээ мэдлэг шингэсэн хэл болгох шаардлагатай байна. Уг нь монгол хэл маань мэдлэг шингэсэн хэл байсан.

Ямар нэг тусгай шинжлэх ухааны нэр томьёог яаж орчуулахыг заасан толь бичиг байгаа ч түүнийг орчуулагч нар маань олж үзэж чадахгүй байна уу маш буруу орчуулж байгаа харагдаад байна.

Бүүр манай оронд огт байгаагүй амьтан ургамлын нэр ч тэр толиудад байж байдаг. Энэ утгаараа манай монгол хэл маш баялаг учир гадны үгийг монгол хэл рүү орчуулах тал дээр анхаарах асуудал их байна. Мөн Зарим нэг орчуулж болохгүй монгол нэр томьёо байна. Жишээлбэл тэр Монгол нүүдэл гэдэг үгийг орчуулахгүй тухайн хэлээр нь галиглаад л хэрэглэх хэрэгтэй байна.

 Монголын зохиолчдын эвлэлийн тэргүүн Д.Мөнхтөр: Монгол хэлээ ч төгс мэддэг, гадаад хэлээр ч утга төгс ярьдаг хос хэлтэй орчуулагч хэрэгтэй байна

Гадаад хэлнээс монгол хэл рүү хийсэн орчуулга маш олон үүрэгтэй.  Тухайлбал өөр хэлээр туурвидаг шилдэг зохиолч яруу найрагчийг уншигчдад нээж өгөх, монгол хэл дээр уншиж буй хүмүүст өөр ертөнцийг таниулах, өөр үндэстний газар зүйн онцлог, ахуйн соёлтой танилцах зэрэг. Тэгвэл бид маш сайн агуулгатай   монгол зохиолоо гадаад хэл рүү орчуулахад л хангалттай сайн сурталчилгаа болно. Ингэхийн тулд төрөөс бодлогоор дэмжих шаардлага байна. Орчуулагчдын шинэ залгамж дараа үеийг бэлтгэх ажлыг тууштай хийх хэрэгтэй байна. Мөн орчуулагч зохиолчид монгол хэлээ төгс эзэмших нь ч чухал байна.

Ж.Гэндэндарам: Агуулга нь сайн ч үг хэллэг нь тааруу, үг хэллэг сайн ч агуулга муу зохиолууд их гарч байна

 Төрөөс дэмжихгүй биш бас ч гэж дэмжиж байгаа. Монгол улсын их сургуулийн утга зохиолын орчуулагчийн ангийнхныг орос руу мэргэжлийн зохиолч орчуулагчдын ангид сургасан. Гэтэл ирээд орчуулга хийж байгаа хүн нэг алга. Тэгэхээр утга зохиолд дуртай, авьяастай, улс орноо гэсэн сэтгэлтэй яг энэ чиглэлээр ажиллах мэргэжлийн орчуулагчдыг олж бэлтгэх нь чухал.  

Эдгээр саналуудаас гадна яг ямар зохиолыг гадаад хэлээр орчуулан хүргэх вэ гэдгээ тодорхой болгоё гэдэг асуудлыг судлаачид ярилаа. Тухайлбал  судлаач С.Энхбаяр орчин цагт Монгол уран зохиолыг “Нүүдэлчдийн уран зохиол болон Хотын уран зохиол” гэж ангилж байна. Хэрэв энэ төрлүүдээр авч үзвэл алийг нь гадаад хэлээр орчуулбал гаднынханд илүү ойлгомжтой байх вэ гэдгээ эхлээд тодорхойлох шаардлагууд үүсэж байна.  

 

Сэтгэгдэл бичих

arrow icon