Нийтлэл 05 сарын 21, 2019

БОДЛОГО БОЛОВСРУУЛАГЧДАД: Aggregate concentration гэж юу вэ?

ТОП 100 компани,  Huawei тойрсон АНУ Хятадын зодоон зэрэг сэдэв олны анхааралд байгаа дээр нэг юм хэлээд авъя. Нөгөө л эрх чөлөө, зах зээл, өрсөлдөөний тухай. Өмнө нь "Хулхи либералуудаас зах зээлийг хамгаалах нь" тэмдэглэлээр корпорацууд гэхээсээ зах зээл буюу өрсөлдөөнийг хамгаалахад либерал эдийн засгийн үзэл санааны цөм нь оршдог тухай товч тэмдэглэл хүргэсэн.

Корпорацууд, тэр дундаа хувьцаат компани нь зах зээлийн гол зүтгүүр, баялаг бүтээх хамгийн хүчирхэг механизм мөн. Гэхдээ ямар ч power буюу хүчний шинж чанар тийм байдагчлан, ийм их хүч эргээд өрсөлдөөнийг дарангуйлж, хөгжилд тээг болох эрсдэлийг ч дотроо агуулдаг. Ер нь сая сая жилийн түүхтэй байгаль дэлхийтэй харьцуулахад хүний нийгэм, тэр дундаа одоо үеийн эдийн засгийн систем нялх хүүхэд л гэсэн үг. Үйлдвэрлэлийн технологид их тэсрэлт гарсан 18-р зууныг дамжаад 19-р зууны сүүл үеэс аварга том нэгдлүүд төрөх болж, тэднийгээ задалж нэг үзэж, задгай тавьж нэг үзсэн төрийн бодлогын практик 100 гаруй жилийн л туршлагатай.

Гэхдээ суралцаж чадвал 100 жил гэдэг богино хугацаа бишээ. Санхүү, төмөр зам, төмөрлөг, газрын тос дамнасан асар том трастууд үүсч, энэ нь нийгэмдээ яг өнөөдрийн Монгол шиг туйлширсан популизм дагуулж байсан ХХ зууны эхэн үеийн АНУ-ын төрийн бодлогын талаар  Хүрэлсүх чадах уу? тэмдэглэлээр хүргэж байсныг сэргээж уншаад энэ тэмдэглэлийг цааш нь уншвал дүр зураг илүү ойлгомжтой болно. Колумбийн Их Сургуулийн профессор Тим Ву нарын судлаачдын үзэж байгаагаар том бизнесүүд төр, нийгмээ зайдлах хэмжээнд хүрмэгц төрийн төмөр нүүр үзүүлж зах зээл, өрсөлдөөнийг хамгаалдаг нь уг нь Америк уламжлал аж. Нэн ялангуяа өөрсдөө том бизнесийн эзэд болох эцэг хүү Бушийн засаглалаас хойш энэ уламжлалаа алдаж, монополийн эсрэг засаглалын хүч суларснаар технологийн салбарт Амазон, Google, Facebook зэрэг өрсөлдөгчдөө залгиж томордог асар том корпорацууд бий болжээ. Хэт жижиг байвал хэмжээний эдийн засаг үүсэхгүй (талаар энд бичсэн), хэт том байвал өрсөлдөөн унтарч олон улсын зах зээлд ялагдана. Ойрд яригдаж байгаа Huawei, Apple-ийн дайн технологийн өрсөлдөөний шинжээ гээж, үйлдлийн системээр боох гэх мэт шууд зодооны шинжтэй болж байгаа нь хэт томорсон АНУ-ын компаниуд технологийн өрсөлдөөнд ялагдаж ирж байгаагийн нэг тусгал гэж харж болно.

Хэт том байх нь өөрсдийнх нь дотоод хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх магадлалыг аль болох энгийн жишээгээр тайлбарлавал: Ангид хамгийн том биетэй 4-5 хүүхэд бүлэг болж атаман болмогц өөрсдийгөө хөгжүүлж өрсөлдөхөөс илүүтэй хүчээр дээрэлхэж эрддэг болох, нийгэмд жинхэнэ өрсөлдөөнд гарсан хойноо өөрсдөө лүүзэр амьдардагтай төстэй. Компаниуд ч хэт хүчтэй болмогц дотоод хөгжлөөс илүүтэй улсын төсөв рүү хууль оруулах, хямд зээл хөөцөлдөх гэх мэт улстөрийн лоббид дулдуйдах болж, энэ нь эцэстээ ямар үр дагавар дагуулдгийг манай улс бол гудамжинд гараад харж болохоор болж.

Уг нь Монголынхоо асуудлыг хөндөх зорилгоор бичиж байгаа ч эхлээд гадагш даялсан учир нь хаа байсан 1890 онд Шерманы Акт баталж, эдийн засгийн түүхэнд төрсөн хамгийн мега трастуудыг задалж байсан тэргүүлэгч эдийн засгийн төрийн бодлого ч том корпорацууд ба тэдний лобби, түүнээс үүдэх сөрөг үр дагавраас ангид явдаггүйг хэлэх гэсэн хэрэг.

За эндээс олон улсын агуулгад оршил бичихээ дуусгаад Монголынхоо хэрүүл рүү оръё. Дээр дурдсан салбар судалгаанд aggregate concentration, market concentration зэрэг индексүүд хэрэглэгддэг. Энэ удаагийн сэдэвт хамаарах aggregate concentration гэдэг нь юув гэхээр хамгийн энгийндээ нийт эдийн засагт эзлэх том конгломератуудын жин юм. Нэгдсэн аргачлал байхгүй ч топ 100 компанийн жинг тооцох арга түгээмэл хэрэглэгдэнэ. Ер нь АНУ-д trust, Японд zaibatsu, Солонгост chaebol гэх мэтээр нэрлэгдэх том нэгдлийн өөрсдийнх нь болоод салбар зах зээл, нийт эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тооцож бодлогод тусгаж ирсэн түүхтэй. ТОП 100 гэхээр таны чихнээ нэн танил сонсогдож байгаа буйзаа. Аливаа юмны мөн чанарыг алахдаа гарамгай монголчууд жил бүр Монголын залуу ардчилал, зах зээлд түүний амин сүнс нь болох өрсөлдөөн үхсэнийг тэмдэглэн баяр хийж, хамгаас дуртай цол тэмдэг одон медалаа тарааж ирэв.

Хувийн салбарынхан манай группээс төдөн компани ТОП 100-д шалгарлаа гэж баярлах нь байг. Тийм хүнд нягтрал яагаад үүссэн шалтгааныг судалж, тэгш гараа, өрсөлдөөний боломжийг зохицуулж байх үүрэгтэй төр өөрөө гараа гаргаж ирээд шагнадаг нь жүжгийн хамгийн оргил үзэгдэл. Тэгснээ чуулганы танхим руу буцаж ороод телевизийн дуран хармагцаа жижиг дунд бизнес, өрсөлдөөн гэхчлэн бурцгаана.

Энэ жилээс дүр зураг бүр гоё болж ирсэн. Сангийн сайд Хүрэлбаатар шилдэг эдийн засагч болж гэнэ хаха. Шалгаруулсан нь манай хамгийн том конгломератын нэг (тэр талаар энд бичсэн) сахал эзний медиа.  Хуучин цагт төрийн ноёд, түшмэд мөнгөтэй данжаадуудад очиж долдойдог байсан тухай хэлцдэг. Одоо компаниуд данжаадыг орлох болж, төрийн институцууд жагсаж байгаад тэдэндээ цол шагнал өгөх төдийгүй эргээд өөрсдөө шагнуулдаг болж байгаа юм байна. Агуу сайхан эдийн засаг бүтээлцлээ гэж нэг нэгнийгээ харилцан долоохдоо ядаж байхад сүүлийн 30 жил улсаараа Эрээний эдийн засгийг тэтгэж байгаа эмгэнэлийн бэлэг тэмдэг салж унамаар шил шавар солилцон байх нь юутай даажинтай.

Уг нь төр гэдэг өрсөлдөөнд аюултай этгээдийг хуулийн өмнө шүүхээр дуудаж, төрийн төмөр нүүр үзүүлж нийтийн эрх ашиг, чөлөөт өрсөлдөөнийг хамгаалж байдаг юм. Хүрэлбаатар сайд шиг төрийн түшээд Сахал Эрдэнэбилэг мэтийг байранд нь тавих үүрэгтэй болохоос цол шил аваад кабинетээрээ баярлаад сууж байх нь Монголын их тэнэглэл. 

Төрөөс гадна төвийг сахих үүрэгтэй эдийн засагчид, судлаачид ядаж хаа байна? Монгол хүний долдой, палдий гэдэг ер нь тамтаггүй. Тэр дундаа эдийн засагчид гэж хаана эрх мэдэл, мөнгө, хүч байна, тэрийг долоогоод сурталчлаад явж байдаг нэг бүлэг байна.  Да.Ганболд, Р.Амаржаргал нараас авахуулаад шинэ системийн бодлого, хувьчлал хамаг юмаа даатгасан “эдийн засагчид” нь бүгд “эзний” талд дуугарна. Араас нь их сургуулийн багш нар үзэл бодлын наймааны зах зээл рүү хүч түрэн орж байна. Бодлогын орчинд судалгаа, онол алга. Байгаа нь пиар, пальдагазүй, тархи угаалт. Хөгшчүүд нь яахав тэгээд улстөрийн бүлэглэлүүдийн нохойд барьдаг мод болсон байж. Ядаж надтай л гэхэд манай үеийн хамаг аваргууд эдийн засгийн онолоор тэтгэлэг авч олон оронд суралцаж ирсэн. Тэд нар хаана байна? Монголын "сэхээтнүүд" гэж бас тамын тогооны үлгэрийн далд хэлбэр, нэг нэгэнтэйгээ барьцаж дотроо сэмхэн шиг би илүү дээ гэж бодож суухаас бусдаар эрх ашгаа хамгаалах зангараг байхгүй.

Дөнгөж сонгогдсон шинэ дүр танхимын тэргүүн О.Амартүвшин ч ах нарын тогтоосон дүрмийг дагалдагч болохоос шинэчлэл, манлайлал хийх шинж алга. ТОП 100 манай ДНБ-ий 96,6 хувийг бүрдүүлж байна гэж ирээд бахархсан шинжтэй жиргэж сууна лээ зайлуул. Ийм өндөр нягтрал аюулын дохио болохоос алга таших үзэгдэл мөн үү?  АНУ-д гэхэд трастуудын эсрэг ид ажиллаж асан 1919 онд санхүүгийн бус капитал эзэмшсэн хувиар хэмжихэд ТОП 100-ын нягтрал 16,6 хувь, Англид 1982 онд 28,2 хувьтай байсныг энд линк холбосон судалгаануудаас харж болно. Ийм түвшинд ч судалгааны салбарынхан нь хараат бус ажиллаж дохио зөвлөмж өгч, бодлогын салбар ч ажлаа хийж явдаг байна.

Хаа очиж залуу үеийнхэн хамаагүй илүү эрх чөлөөний мэдрэмжтэй, хамт суугаад ярилцахад цэвэрлэгээний зах зээл хүртэл үлдээхгүй хамдаг томчуудын бодит байдлыг онигоо болгоод хэлээд өгнө. Харин тэдний дээрээс төр, эдийн засагчид нийтлэлчид тэргүүтэй хамаг power нягт нийлж лаглайх нь нэн ичгүүргүй. Жинхэнэ Монгол маягийн их нягтрал, aggregate concentration гэдэг чинь тэнд л байна. Чи минь ёстой топ шүү, күэ харин ч чи минь шилдэг шүү гээд л тэ.

Ер нь та нар энийг уншсанаасаа хойш ажиглаад үз. Улстөрийн болоод эдийн засгийн хамаг нөөц, эрх мэдлийг атгаж байгаа хоёр нам болоод хэдэн конгломерат ямагт та нарт одоогийн оршин байгаа power, хүчний тэнцвэрийг сурталдаж, шүтүүлэх юм хийж байдаг. Нийлээд гоё форум хийж долдой эдийн засагчид хөлөө ачиж суугаад дэлхийд байхгүй изм гаргаж ирнэ, зурагтаар хөрөнгө тарааж уйлуулна, топ 100-ийн пиар ч нэг хэсэг нь. Одоо бүр Ерөнхий сайд нь энд тэнд нуруугаар илүүрхэж хүний толгой илж явна, танк унаад буу барьсан ч явах шиг хаха. Энэ бүхэн бүгд эрх чөлөөг биш эрх мэдлийг сурталдах, улам бүр justified буюу шударга бусын зөвтгөл, итгэл үнэмшлийн халдлага хийж байгаа зөөлөн хүчний бодлого юм.

Ер нь ингээд харахнээ монголчууд 21-р зуун гараад хорин жил өнгөрч буй өнөөдрийг хүртэл эрх чөлөөний нар, жинхэнэ либерал нийгэм үзсэнгүй. Дундад зуунаас коммунизм, улмаар клептократ тархи угаалтын эринд шилжин оров. Өмнөх тэмдэглэлд хэлснээ дахин давтмаар байна. Орчин цагт Power гэх ойлголтод зөвхөн засгийн газар, арми биш хувийн салбарын тоглогчид багтана. Power-ийг шүтэж байна уу, эн тэнцүү харилцаж хянаж байна уу? Эднээс л орчин цагийн нийгэм мөн биш эсэх нь ялгардаг юм байна. Ард түмэн ядуу, дорой байх тусмаа орчин цагаас ухарч, эрх мэдлийг шүтэх хандлагатай болж ирдэг байна. Бид 30 жил чөлөөт зах зээлийн эдийн засаг, либерализм ярьсан хэрнээ түүний гол дүрүүд нөгөө талын хүчнүүдэд үйлчлэх болж, үүнийг зөвтгөх үзэл санаа улам бүр шашин шүтлэгийн чанартай болж ирж байгааг анзаарч тусгана гэж найдсан 2019/05/21.

 

@bolushka

arrow icon