Японы алдарт бизнесмэнүүдийн нэг, Инамори Казуогийн (稲森和夫) бичсэн “Инамори Казуогийн гүн ухаан” гэх номонд хүн юуны төлөө амьдардаг вэ талаар хүүрнэдэг. Номны нэг хэсгээс дурьдвал, бүх эцэг эхчүүд хүүхдүүдээ том мөрөөдөлтэй байж, түүнийгээ бодит болгохын тулд хичээгээсэй гэж хүсдэг. Хичээлдээ сайн зарим хүүхдүүдийн хувьд тэд аав ээжийнхээ ямар хүн болохыг хүссэн яг тэрэн шиг нь байхыг эрмэлзэн, нэг л мэдэхэд аав ээжийн хүсэл нь амьдралых нь зорилго болон хувирсан байдаг. Харин хичээлдээ тааруу хүүхдүүдийн хувьд олон жил суралцаж том салбарт амжилт гаргах нь хэцүү тул тэд өөрсдийн хүссэн зам буюу сонирхсон салбартаа орж ажилладаг. Тэдний хувьд сонирхолтой, онцгой амьдралыг туулахыг амьдралын зорилгоо болгоцгоодог. Гэвч амьдралын ямар ч зорилготой бай гэсэн эцэст нь бүгд нас ахиж, амьдралд юу чухал талаар бодоцгоодог. Ихэнхи настай хүмүүсийн хувьд ярианы гол сэдэв нь ”яаж урт наслах вэ” байдаг. Урт наслахын тулд би яавал дээр вэ гэх мэт. Өөрөөр хэлбэл, эцсийн эцэст нас ахих тусам бид бусдыг биш өөрийн амь нас эрүүл мэндийг л нэн тэргүүнд тавьж, эрүүл байхыг зорилгоо болгоцгоодог.
Дээрхээс харвал Адам Смитийн (Adam Smith) хүний амиа бодсон үзэл нь нийгмийн сайн сайхныг авчирч байдаг гэдэг үзлийг түр орхивол хүн төрөлхтөн бид нийгэмдээ ямар ч хувь нэмэр оруулдаггүй гэсэн үг болох юм. Магадгүй та нийгмийн сайн сайхныг юун түрүүнд тавьдаг хүмүүс байдаг гэж бодож болох юм. Гэвч Америкийн нэгэн кинонд гардаг шиг “энэ хорвоо дээр сэлфлэсс (өөрийгөө умартсан) хүн гэж байдаггүй юм” гэж хэлдэг шиг таны бодож буй нийгмийн төлөө хүмүүсийн олонхи нь эд хөрөнгө, алдар нэр, албан тушаал гэх зүйлсийг үл тоон зөвхөн нийгмийн сайн сайханд санаа зовнисон гэж бодохгүй байна.
Тэгвэл үнэхээр бидний амьдарч буй нийгмийг илүү тав тухтай сайхан болгохыг зорьж буй хүмүүс яг ямар хүмүүс байдаг вэ гэдэг талаар эргэцүүлцгээе. Японы агуу соён гэгээрүүлэгч Фүкүзава Юкичи (福沢諭吉) өөрийн “Эрдмийг эрхэмлэх ухаан” гэдэг номондоо ийн бичжээ. Хүн шоргоолж хоёр бараг л адилхан. Хүн өөрийн амьдарч буй орчин гэр бүлээ сайхан болгох гэж хичээдэг. Хүн мөн илүү тав тухтай сайхан амьдрахын тулд эд хөрөнгө хураадаг. Яг л шоргоолж шиг. Шоргоолж өөрийн үүр буюу гэрээ илүү том байлгах гэж зогсолтгүй ажилладаг. Мөн өлсөж үхэхгүйн тулд хоол хүнс хураадаг. Ингээд харвал хүн шоргоолж хоёрт ялгарах зүйл үгүй. Гэхдээ хүн өөрт хэрэгтэй боловсрол болон эд хөрөнгөө олж авч чадвал нийгмийн төлөө буюу бусдын төлөө санаа тавих чадвартай байдаг. Хэрэв хүн нийгэмдээ хувь нэмэр оруулж чадаагүй бол шоргоолжноос дээр амьдралаар амьдраагүйтэй ялгаагүй юм.
Номны энэ хэсэг Монгол ардын мэргэн үг “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэдэг үгтэй дүйцэж очих байх. Нэг бодлын хатуу байж болох ч үнэн үг шиг санагддаг. Бодитоор нийгэмдээ яаж хувь нэмэр оруулах вэ гэдэг нь өөр асуудал боловч, амьдарч буй нийгмээ илүү сайхан болгох юмсан гэсэн хичээл зүтгэл хүн бүрээс гарах болов уу.
Нийгмийн сайн сайхан гэж олон дахин давтах танд ойлгомжгүй байж болох юм. Энгийнээр хэлбэл илүү бага асуудалтай нийгэм гэж хэлж болно. Нийгмийн асуудлууд нь ихэнхдээ хувь хүний асуудлыг шийдэхээс хавьгүй төвөгтэй байдаг.
Учир нь зарим асуудлууд нь хувь хүний эрх шиг болон нийгмийн эрх ашгийн зөрчилдөөнтэй хэсгийг хөндөж байдаг. Үүнийг бид нийгмийн дилемма гэж дууддаг билээ. Хүмүүсийн хувьд яагаад нийгмийн асуудалд бодитой оролцдоггүй нэг шалтгаан нь нийгмийн дилемма юм. Үүнээс гадна хүмүүс нийгмийн асуудлыг чухалд үздэггүй бас нэгэн том шалтгаан бол тэд нийгмийн асуудлыг өөрт нь хамаагүй асуудал гэж хүлээж авдаг. Жишээлбэл, Улаанбаатар хотын цуутай агаарын бохирдол. Агаарын бохирдлоос болж, жилд олон хүүхэд эндэж, олон хүний уушиг устаж ужгирдаг. Гэвч ихэнхи хүмүүс надад падгүй гэсэн царай гаргацгааж, төр эсвэл гэр хорооллынхныг муулцгаадаг. Харин тэд өөрсдийн хүүхэд нь эндэж, уушиг нь устах үед л нүд нь нээгдсэн мэт болж асуудлыг нухацтайгаар харж эхэлдэг.
1956-70 оны Токиогийн хогны эсрэг дайн (東京ゴミ戦争), 1995 оны агаарын бохирдолын эсрэг хөдөлгөөн зэргээс бид нийгмийн асуудалд иргэд яаж хандаж болдогийг харж болно. Хэрэв Токиогийн иргэд идэвхитэй хөдөлгөөн өрнүүлж, төрөөс хэрэгтэй хууль тогтоомж бодлогуудыг шаардаагүй бол хэдий хүртэл хүрээлэн буй орчин нь бохир хордсон байдалтай байх байсныг тэд мэдэхгүй.
Бидний амьдарч буй Улаанбаатар хотод маань агаарын бохирдол, хог гээд олон янзын асуудлуудаас гадна дэд бүтэц, анагаах ухааны салбар зэрэг нэн тэргүүнд хөгжүүлэх ёстой олон салбарууд байна.
Хэдий хүртэл бид бохир заваан орчинд амьдарч хүүхдүүд маань эндэхийг харж, өөрсдөө өвчинд баригдаж суух ёстой юм бэ.
Ардчилалд шилжээд удаагүй байгаа ард түмэн гэхэд бид хэтэрхий цамаан, амиа бодсон байгаа юм шиг хааяа санагддаг. Ингэж хэлэх нь хатуу бөгөөд шудрага бус байж магадгүй. Гэхдээ та бодоод үздээ. Япон улс 1945 онд дайнд ялагдаж, олон улсад асар их хэмжээний өртэй хоцорсон. Дайныг эхлүүлсэн нь өөрсдөө болохоор яалтай ч билээ дээ. Гэхдээ Япончууд үүнээс 10-хан жилийн дараа үсрэнгүй хөгжлийн үеэ угтаж, бүтээн байгуулалтын асар том давалгааг эхлүүлсэн юм. Мэдээж тэр үед хүн амын дийлэнх нь боловсролгүй, мөн мөнгөгүй байсан. Америкийн нөлөөн дор ардчилсан шинэ нийгмийг бүтээж байх хугацаанд хүн бүр өөрсдийн амьдралаа боломжийн хэмжээнд авчирах гэж бүх чадлаараа хөдөлмөрлөж байсанд эргэлзэх зүйл үгүй. Гэвч тэд өөрсдийн амьдралаа болгохын хажуугаар нийгэмд нь ямар асуудал бий болж, хурцдаж байгааг зүгээр хараад суулгүй, асуудлыг шийдэх гэж дор бүрнээ хичээж ирсний үр дүнд өнөөгийн Япон орон бий болсон гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй байх.
Бид юугаараа дутах юм бэ? Улс орон яаж хөгжих ёстойг өндөр хөгжилтэй орнуудын жишээнээс бид харж суралцаж чадна. Бид юу нь зөв, юу нь буруу болохыг ялгаж чадна шүү дээ. Хамгийн том асуудал нь бид нийгмийн асуудлуудыг өөрийн асуудал гэж үздэггүйд л байгаад байна.
Энэ бүхний дараа Монгол хүн бид яагаад цамаан, амиа бодсон санагдаж байгаа ойлгох байх.
Эх орны хөгжил иргэн бүрээс гэж нэг мундаг үг бий. Энэ үгний жинхэнэ утгыг ойлгодог хүн олон болоосой гэдэг хүслээрээ өөрийн нийтлэлээ дуусгая.
Сэтгэгдэл бичих