Сая болж өнгөрсөн номын үзэсгэлэн худалдаан дээр манай хамаатны хоёр жаахан хүүхэд хүрч ирээд хойгуур урдуур үймэлдэн тоглоод байсан юм. Гэтэл хаанаас ч юм бүү мэд «Ёстой гоё номтой болсон.» гээд хоёр ханз үсгийн хадмал орчуулгатай ном барьсаар гүйж ирснийг харвал тэнгэр лүгээ сацуу Богд «Тэнгэрийн орныг түйвээсэн үлгэр», «Хоу И баатар арван нарыг харвасан үлгэр» нэртэй зурагт ном ажээ. Хятадад арван найман юаний үнэтэй зарагддаг тэр гоёмсог зурагтай ном арав ч хүрээгүй тэр хоёр жаахан хүүхдийн гарт хаанаас яаж орж ирсэн нь сонин.
Гол нь агуулгыг гүйлгэн хартал тэнгэр лүгээ сацуурхах, мөчөөрхөх, тэмцэлдэн ялж буй үйл явдал гарч байгаагийн зэрэгцээ Хятадуудын дээдлэн шүтдэг Бомбын ёсны гол шүтээнийг Дилова хэмээн нэрлэчихсэн байх юм. Гоёмсог зурганд нь хууртсан учир мэдэхгүй хүүхдүүд дор зургийг нь хавсаргасан «Үлэмж дээд бомбо» хэмээх Хятад шүтээнийг хожим хаа нэгтээ хараад энэ чинь манай өвөө эмээ, аав ээжийн шүтдэг Дилова хутагт байх нь хэмээн эндүүрэх явдал энүүхэнд байж мэдэх биш үү?
Угтаа бол «Баруунш зорчсон тэмдэглэл» сонгомол романаас сэдэвлэн бичсэн үлгэр л дээ. Гэхдээ л учир мэдэхгүй бага насны хүүхдүүдэд уншуулах нь хэр зэрэг зохимжтой байдаг бол гэсэн шүү юм бодоод нөгөө номыг авч унштал Хоу И нэрт хятад баатар нар сарыг харваад эхлэв.
Энэ домгийн уг гарал хятадын эртний «Уул усны судар» нэрт түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн бөлгөө. Түүнд өгүүлснээр хятад домог биш Хүннүгээс гаралтай үлгэр бөгөөд Да И нэрт баатар сайн эр арван нарыг харваж ганцыг нь алдаж тавьсан тухай өгүүлдэг нь хожим Монгол ардын «Эрхий мэргэний домог» болон хувирсан байх магадлалтай юм. Өөрөөр хэлбэл хятад домог үлгэр биш жинхэнэ нүүдэлчин угшлын домог бөлгөө.
Сайтар нягтлан үзвээс арван нарыг тотем сүлд болгон залдаг Тэнгэрийн хаан нэрт ахлагч бүхий овог аймгийг ялж ахлагчийнх нь арван хүүгийн есийг нь алсан өөр нэг хүчирхэг аймгийн ялалтаас энэ домог үүдэлтэй болохыг эрдэмтэн судлаачид тогтоосон бөлгөө.
Тэрхүү Хүннү домгоос улбаалсан хувилбарууд Хятад Японд түүхийн зурвас үеүүдэд дэлгэрч байсны нэг нь «Хоу И баатар нарыг харвасан» домог юм л даа. Энэ нарийн учрыг мэдэхгүй арав хүрээгүй жаахан жаалууд Хоу И нэрт хятад баатрыг бахдан дууриаж тэнгэрийн нарыг харваж тоглоод эхлэх вий дээ.
Хамгийн гол нь тэдний сэтгэлийн орон зайд хүндтэй байр суурь эзлэх учиртай «Эрхий мэргэн баатар» Хоу Игаас болоод тодорхой хэмжээгээр бүдгэрч мэдэх юм шүү.
Санамсаргүй тохиолдлоор гарт орж ирсэн хоёрхон гадаад номонд л тэнгэрээ дээдлэж ирсэн монгол ахуй уламжлалтай айхтар зөрчилдөхөөр хурц санааг агуулжээ.
Угтаа бол үндэсний ухамсрын ялгаа зөрүү гэж ийм ноцтой зүйл байдаг л даа.
Үүнийг хэвлэн нийтлэж орчуулж байгаа хүмүүс маш ултай сайн бодох учиртай юм аа. Хамгийн гол нь ийм агуулгатай номнууд хичнээн олон тоотой хэвлэгдэн орж ирээд үнэгүй тараагдаж байгаа бол гэж бодохоос сэтгэл сэрдхиймээр.
Манай улсад хил гааль, соёлын асуудал хариуцсан яам агентлаг гэж байдаггүй бил үү?
Си Зиньпин дарга 2014 онд Монголд айлчлахдаа манай улсад 25 ширхэг олон ангит кино бэлэглэх тухай мэдэгдэл хийснээс хойш өмнө зүгээс соёлын бүтээгдхүүний үер энэ мэт халгин орж ирэх болсныг олонхи хүмүүс мэдэж байгаа. Энэ асуудлыг учиргүй зөөлөн хүчин зүйлийн нөлөөлөл гэж хартай сэтгэлийн үүднээс бодож цэгнэхээс илүүтэй эдийн засгийн хувьд хүчирхэгжиж байгаа аливаа том гүрнүүд дэлхийн зах зээл дээр соёлын нөлөөллөө давхар тэлэх бодлого агуулдаг зүй тогтлын үүднээс ойлгож болох юм. Америк, Япон зэрэг улсын соёлын зах зээлийн тэлэлтийн бодлого, түүний үр нөлөө зэргээс үүнийг харж болно.
Хятадууд ганц Монгол улсад биш дэлхий даяар энэ бодлогоо хүчтэй хэрэгжүүлэхээр оролдож байгаа хэдий ч өрнийн хөгжингүй улс орнуудын бат суурьтай соёлын цайз хэрмийн өмнө хүчин мөхөсдөж африкийн улс орнуудад нэлээд үр дүнтэй байгаа тухай хятадын хэвлэл дээр түлхүү бичигдэж байна.
Хятадын коммунист намын төв хорооны суртал ухуулгын хэлтэс, соёлын яам зэрэг толгой байгууллагаас удирдан зохион байгуулаад хэрэгжүүлж байгаа энэхүү гадаад үйл ажиллагааг жижигхэн монгол улс жинтэйхэн бэлтгэлтэй тосон авахгүй бол бэлтэй улсын хүчтэй ширвэлтэнд хүүхдийн зулай шиг эмзэг үндэсний соёлын дархлаа маань гэмтэж бэртэх нь энүүхэнд байж мэдэхийг тохиолдлоор гарт орж ирсэн хоёр хүүхдийн номны агуулга сануулж байна.
Надад ч гэсэн иймэрхүү зүйл орчуулах санал бишгүй нэг ирдэг л дээ. Миний хувьд өмнө зүгийн улс төр, үзэл суртал, хүүхдийн уран зохиолын сэдэвтэй зүйлс орчуулахгүй гэсэн зарчим баримтлахыг хичээдэг болохоор эелдэгхэн татгалзаад өнгөрдөг.
Тус бичлэгтээ хэлэх гэсэн хамгийн гол санаа гэвээс ерөнхийлөгч, УИХ-ын дарга, ерөнхий сайд нар энэ асуудлыг онцгой анхааран үзэж тус бүрийнх нь соёлын зөвлөх буюу боловсрол соёлын яамны сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулаад түүнд соёлын салбарын нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүдийг багтааж холбогдох санаа оноог нь сонсдог болоосой. Хамгийн гол нь энэ асуудал дээр “Нэг цонхны” бодлого хэрэгжүүлж хятадын зах зээл дээр гарч байгаа хамгийн сайн чанартай бүтээгдхүүнийг бодлоготойгоор шилж сонгон оруулж ирээд шилдэг сайн бэлтгэгдсэн залуусаараа орчуулан олон нийтийн хүртээл болгож яагаад болохгүй байх билээ.
Гол нь утга агуулгыг нягтлан, тоо хэмжээг тогтоож хил гаалийн хяналтыг чангатгаж өгөхгүй бол болохгүй нь ээ гэдэг эмзэглэлийн үүднээс «Энгэр задгай төр» хэмээх нэлээд хурц нэр энэ бичлэгтээ өгснийг эрхэм уншигчид ойлгон хүлээж авах буй за.
Сэтгэгдэл бичих