Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа.
Тодруулбал Захиргааны ерөхий хуульд оруулах өөрчлөлт нь замбараагүй, хяналтгүй, үр өгөөж муутай байгаа ашигт малтмалын салбарт өөрчлөлт гарч, байгалийн баялгаа зохистойгоор ашиглах чиглэлд төрийн хяналт сайжран, үр өгөөж нь нэмэгдэнэ гэсэн ойлголтыг нийгэмд түгээж байгаа боловч нөгөө талдаа Улсын Их Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх нэрийн дор Үндсэн хууль болон түүнтэй нягт уялдсан хуулийн зохицуулалтыг зөрчсөн байдлаар хадгалж, хамгаалах шаардлагатай газар нутагт ашигт малтмал олборлох шийдвэрийг гаргах, ингэж гарсан Засгийн газрын болон түүний харьяа байгууллагын шийдвэрийг шүүх хянахгүй байх, эрх ашиг нь зөрчигдөж байгаа иргэд шүүхээр эрхээ хамгаалуулж чадахгүйд хүрэх зэрэг ноцтой үр дагаврууд бий болох эрсдэлтэй байна гэлээ. Тиймээс тус хуульд хориг тавихдаа дараах үндэслэлүүдийг албан бичигтээ тусгажээ.
Сэтгэгдэл бичих