Жил бүрийн тавдугаар сарын 31-нд тамхины хэрэглээнээс үүдэлтэй эрүүл мэндийн эрсдлүүдийг дэлхийн нийтэд таниулж, тамхидалт болон тамхитай холбоотой бүтээгдэхүүнүүдийн хэрэглээг бууруулах чиглэлд үр дүнтэй бодлого хэрэгжүүлэхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Засгийн газруудад уриалдаг юм.
ДЭМБ-ын мэдээлснээр, тамхины улмаас дэлхийн даяар жил тутам 7 сая хүн нас бардаг бөгөөд 780 мянга гаруй нь дам тамхидалтад өртсөн байжээ. Тамхины эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг нэмэгдүүлэхгүй бол энэ үзүүлэлт цаашид улам өсөх төлөвтэй байгаа аж. АНУ-д урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой нас баралт болон өвчлөлийн гол шалтгаан нь тамхины хэрэглээ болсон байна.
2019 онд дэлхийн тамхигүй өдрийг "Уушгаа хайрлая" сэдвийн хүрээнд тэмдэглэж байна. Сүүлийн жилүүдэд тамхи татдаггүй хүмүүс ч уушгины хавдраар шаналах болсон бөгөөд энэ төрлийн хавдар үүсэхэд нөлөөлдөг хамгийн гол хүчин зүйл нь тамхи болжээ. Тамхинаас гарах нь уушгины хавдар үүсэх эрсдлийг бууруулдаг бөгөөд 10 жил тамхи татаагүй хүний уушгины хавдар үүсэх эрсдлийг тогтооход тал хувиар буурсан байжээ.
Бага насны хүүхдүүдийн хувьд дам тамхидалтад хамгийн их өртөж байгаа бөгөөд энэ нь тэдний уушгины өсөлт болон үйл ажиллагааг сааруулдаг байна.
Жирэмсэн байхдаа тамхи татах нь хүүхдийг төрөхөөс нь ч өмнө дам тамхидалтад өртүүлж, астма зэрэг өвчин тусах эрсдлийг нь нэмэгдүүлдэг байна.
Сэтгэгдэл бичих