Дэлхийд сурлагын түвшин(тогтоох шалгалтын үр дүн) -гөөрөө тэргүүлдэг Финлянд улсын боловсрол дэлхийд үнэлэгдэх болсон гол шалтгаан, хүчин зүйл нь гэрийн боловсролоос үүдэлтэй харилцааны өндөр чадвар гэж үзэгддэг байна. Хүний яриаг сонсож сурах, өөрийгөө илэрхийлэн ярьж сурна гэдэг бол ухаанлаг байхын үндэс суурь болдог бөгөөд Финлянд хүүхдүүд бага балчираасаа том хүнтэй харьцаж энэхүү чадварыг эзэмшдэг байна.
1.Хүүхэдтэйгээ ойр байж, тэдэнд зориулж цаг гаргаж ярилцаж бай
Орой ажлаа таран гэртээ ирсэн эцэг эхчүүд оройн хоол цай гэх мэт гэрийн ажилд хутгалдаад хэн хүнгүй л завгүй байдаг. Финлянд улсад ч мөн эцэг эх нь хоёулаа ажилладаг гэр бүл олон байдаг ч тэд хүүхэддээ зориулах цаг заавал гаргадаг байна. Финлянд эцэг эхчүүд хичнээн завгүй байсан ч хүүхдээ тэвэрч, өвөр дээрээ суулгаж ярилцахад цагаасаа зориулдаг. Хүүхэддээ цаг гаргана гэдэг нь олон цагийг тэдэнтэй хамт өнгөрүүлэхгүй бол болохгүй гэсэн үг биш юм. Хамгийн гол нь та тэдэнд хайртай гэдгээ илэрхийлж тэдэнд мэдрүүлэх нь чухал юм.
Үр дүнд нь хүүхдийн сэтгэл санаа тогтворжиж тайвширдаг бөгөөд томчуудад итгэн сэтгэлээ нээн ярилцдаг байна. Мөн яриаг нь сонсож хүлээн авч байгаа томчуудын яриаг ч гэсэн хүлээцтэй сонсож боловсруулах чадвартай болдог.
2.Хүүхдээ хайрлах гэдэг нь эрхлүүлэхийг хэлдэггүй
Хүүхдийг хайрлаж, хүсэл эрмэлзлийг нь хүндэтгэн, хиймээр байгаа зүйлийг нь хийлгэх зөв хэдий ч хийж болохгүй зүйлийг “Болохгүй” гэж хатуу сануулах, шаардлагатай бол загнаж зэмлэх хэрэгтэй. Ингэснээр хүүхэд аливаа зүйлд хэтрүүлэггүй хандаж сурахаас гадна өөрийгөө хянах болон бие даахад суралцдаг байна.
3. Чангаар уурлаж загнах нь айлгахаас өөр ямарч үр дүн өгдөггүй
Хүүхэд тань болохгүй зүйл хийсэн тохиолдолд “Болохгүй” хэмээн загнаад өнгөрөлгүй, “Ямар учраас, яагаад болохгүй вэ” гэдэг тэр шалтгааныг нь заавал тайлбарлан хэлж байгаарай. Энэ нь хүүхдийг тухайн алдаагаа дахин давтахаас сэргийлдэг. Учир шалтгааныг тайлбарлахдаа та чангаар хашгирч болохгүй ба нам дуугаар (бүр шивнэсэн ч болно) хүүхдийнхээ нүд рүү нь харж хэлэх хэрэгтэй. Учир нь чанга дуу хүүхдийг зөвхөн айлгаад л орхидог ба таны хэлж ойлгуулахыг хүссэн зүйлс тань хүүхдэд хүрч чаддаггүй. Мөн “Яагаад болохгүй зүйл хийсэн“ талаар хүүхдээсээ асууж, тухайн нөхцөлд ямар үйлдэл зөв байсан, яавал арай дээр байх байсан зэргээр ярилцан хүүхдээр өөрөөр нь асуудлыг шийдвэрлүүлэх нь маш үр дүнтэй байдаг.
4.Сайн дэмжиж багахан тусал
Таны хүүхэд ямар нэгэн зүйлийг хийж чадахгүй байна. Та энэ тохиолдолд яах вэ? Хийж чадсангүй гэж загнаж зэмлэх үү? Эсвэл, зүгээр очоод хийгээд өгөх үү? - Үгүй ээ. Энэ бол аль аль нь буруу. Та хүүхдийнхээ чадахгүй байгаа тэр л багахан хэсэгт жаахан тусалж дэмжиж өгөх л хэрэгтэй. Хүүхэд “би өөрөө хийх ёстой” гэсэн сэтгэлгээгээр хандаж, тухайн асуудлыг бие даан шийдвэрлэснээрээ бие даах болон сэтгэн бодох чадвар нь хөгждөг ба хамгийн гол нь “Би чадсан, чадна” гэх өөртөө итгэх итгэлийг олж авдаг.
5.Ном унших.
Ном уншиж өгөх нь Финлянд улсын боловсролын гол түлхүүр нь гэж хэлж болно. Гэртээ эцэг эхчүүд нь, сургууль дээрээ багш нар нь хүүхдүүддээ ном уншиж өгдөг ба хүүхэд өөрөө бие дааж уншиж бичдэг болсны дараа ч ном уншиж өгөхөө үргэлжлүүлдэг байна.
Ном уншиж өгөх нь хүүхдийг номонд дуртай болгохоос гадна, томчууд хүүхдүүдийг холбож өгдөг харилцааны чухал нэгэн гүүр нь болдог.
Та хүүхэддээ ном уншиж өгөхдөө доорх зүйлсийг анхаараарай.
Хүүхэдтэйгээ харилцан ярилцаж унших.
Энэ нь хүүхдийн сэтгэх бодох, асуудлыг шийдвэрлэх, харилцан ярилцах чадваруудыг хөгжүүлдэг.
Унших номоо хүүхдээрээ сонгуулах
Багахан зүйл дээр ч гэсэн хүүхдийн сонголтыг хүндэтгэснээр хүүхэд өөрийгөө илэрхийлж сурдаг.
Ном уншихдаа хүүхдээ өвөр дээрээ суулгах
Ном унших нь зүгээр нэг ном унших биш, эцэг эх нь хүүхэддээ хайраа илэрхийлэх нэг арга байдаг ба өвөр дээрээ суулгах, гарыг нь атгах, мөрийг нь зөөлөн тогших зэрэг ямар нэгэн байдлаар хүүхдийнхээ биенд хүрч байгаарай.
Хүүхэд тань өөрөө уншиж бичиж чаддаг болсон ч гэсэн ном уншиж өгөхөө үргэлжлүүлээрэй.
Ном уншиж өгөх нь хүүхэдтэйгээ харилцаж дотно байх нэг арга болж өгдөг бөгөөд хүүхэд тань өөрөө уншиж чаддаг болсны дараа ч гэсэн ном уншиж өгөхөө үргэлжлүүлсээр байгаарай.
Сэтгэгдэл бичих