Хүн ажилд шалгаруулж авдаг хүний нөөцийнхөн, эсвэл дарга, захирлууд нэг зүйлийг анзаардаг байх. Ажил горилогчийн анкет дээрх өөрийнх нь юмуу, гэр бүлийнх нь эрхэлж байсан, одоо эрхэлж байгаа ажлын тухай асуулга дээр “хувиараа” гэх хариулт маш элбэг байдгийг. Аав нь хувиараа, ээж нь хувиараа, дүү нь хувиараа, өөрөө хувиараа. Ажилгүй биш, гэхдээ бас албан ёсны “ажилтай” гэсэн үг ч биш.
Цаг наранд хавчигдахгүй, хариуцлага, зохион байгуулалтад боогдохгүй, элдэв татвар, хураамж, нийгмийн даатгалаас ангид бүхэл бүтэн “хувиараа секторынхон” манай нийгэмд жинтэй байр суурийг эзэлнэ.
Тэр дунд өндөр орлоготой их гарын наймаачид ч бий. Худалдааны төвүүдээр лангуу ажиллуулдаг, үйлчилгээ эрхэлдэг, обьект түрээслэдэг гээд, жилдээ хагас тэрбумын ашигтай хүмүүс цөөнгүй. Татварын дарамтгүй, хуулийн этгээдийн бүртгэлгүй, орлого, зарлага нь хувь хүний дансаар гүйх бөгөөд тайлан баланс гаргахгүй, үйл ажиллагаанд нь хяналт тавих бараг боломжгүй. Тиймээс хөдөлмөрийн харилцаа, эрүүл ахуй, байгаль орчин, бусад нийгмийн хариуцлагуудтай холбоотой үүрэг даалгавар, түүнээс үүдэх зардал чирэгдэл болохгүй. Ажлаас халагдсаны тэтгэмж, ажил амралтын хуваарь, янз бүрийн нөхөн олговор гэх мэт хөдөлмөрийн хуулиар ажилчдыг хамгаалсан, ажил олгогчийг хариуцлагажуулсан тэр олон зохицуулалтууд хувиараа бизнестэй эзэнд падлийгүй, түүнд хамаарах ажилтанд ивээлгүй.
Би энд хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг буруутгах гэсэнгүй. Харин улс орондоо албан ёсоор бүртгүүлээд, тамга тэмдгээ аваад, татвар хураамжаа төлөөд, үүрэг хариуцлагаа үүрээд яваа хэдэн муусайн компаниа хэтэрхий дарамталсан тогтолцоотой, олон нийтийн ойлголт ч тааруу байдаг талаар онцолж ярихыг хүссэн билээ. Компани байгуулаад албан ёсоор явбал үйл ажиллагаа нь алдагдалтай байсан ч НӨАТ төлнө, нийгмийн даатгал, ХХОАТ төлөх болж, нэг мэдэхэд бөөн өрөнд орно. Жижиг компаниудын хувьд улирал тутамд санхүүгийн тайлан гаргана гэдэг шаггүй асуудал. Гаргасан тайлангаас алдаа заавал “олдох” учир татварын торгууль тавиулна. Нийгмийн даатгал дээр ч торгууль тавиулна. Төрийн байгууллагууд шат, шатандаа шоглоно. НӨАТ-ийн баримт цуглуулж гадуур явах ажлын төлөө тав, арван хүнтэй жижиг компани хүртэл орон тооны хүн авах нь холгүй юм болно. Яам тамгын газар, хэлтсээс ийм тоо мэдээ өг, тийм тайлан гарга гэнэ. Ойр орчмынхоо 50 метрт гудамж талбай цэвэрлэ, цас арилга, түүнээс болж хүн хальтирч бэртвэл танай дээр арга хэмжээ авна гэх нь наад захын жишээ. Цахилгаан, ус, дулааны төлбөрүүд хувь хүн, айл өрх дээр бол хямд, компани болуут үнэтэй. Төрийн болоод хувийн олон төрлийн үйлчилгээнд байгууллагад зориулсан тариф нь өндөр. Ийм байхад компанийн нэрээр илүү зардал гаргаж ажиллахаас хувь хүнээр явахыг илүүд үзнэ.
Шаардлага гарвал “икс тайлантай” компанийхаа тамгыг өврөөсөө гаргаж ирээд зохицуулчихна.
Хамгийн бага зардлаар аль болох их үнэ цэнэ бий болгох нь бизнесийн байгууллагын зорилго. Гэтэл манайхны хөдөлмөрийн бүтээмж бусад улс орнуудтай харьцуулахад доогуур хэр нь, зардал өндөртэй. Татвар, даатгал тооцохоор хүнд ажлын байр гаргаж өгөхийн тулд бодсоноос хамаагүй өндөр төлөөс төлдөг. Жишээ нь, нэг хүн ажилд авч, гар дээр нь 800 мянган төгрөгний цалин тавихын тулд компани хувь хүний орлогын албан татвар 100 мянга, нийгмийн даатгалын шимтгэлийн 200 мянга (тухайн хүн хариуцах, компани хариуцах хоёр нийлээд) төлж, цалингийн зардал нь НӨАТ-ын буцаалтад тооцогдоггүй учир цаанаа 100 мянгыг алдаж, нийтдээ 400 мянган төгрөгний зардлыг даах болдог! Энд байгууллагын ажилчиддаа зориулсан төрөл бүрийн арга хэмжээний зардал, гачигдлын тэтгэмж, сургалт хөгжлийн зардал, ээлжийн амралтын мөнгө зэргийг дурдаагүй байна! Хууль журмаар “ийм тийм тохиолдолд тухайн ажилтанд цалинтай чөлөө өг” гэсэн заалтууд олон. Гадуур ханиад элбэгшсэн үед хүүхдээ харахад нь зориулж тэдэн өдрийн цалинтай чөлөө олго, шүүхэд иргэний төлөөлөгчөөр оролцвол тухайн өдрүүдэд цалинтай чөлөө олго... гэхчилэн. Тэр цалинг нь төр даахгүй, компани л гаргана. Наанаа хүнийг хамгаалаад байгаа сайхан харагдах заалтууд цаанаа хувийн хэвшлийнхэнд зардал нэмнэ.
Хулгай, худалд орооцолдож ажлаас чөлөөлөгдсөн ажилтан нь шүүхдсээр байгаад ажилдаа буцан орж, шүүхдээд сар, жилээр ажилгүй байсан хугацааны бүх цалинг компани нөхөн төлнө.
Тухайн компанийн үйл ажиллагаа нь хүний хүчин зүйл, оюуны хөдөлмөрөөс бий болдог мэдээллийн технологийн, үйлчилгээний, сургалт хөгжлийн, консалтингийн байх тусмаа хүн хүчний зардал дийлдэхгүй.
Бид “Оюутолгойгоор биш, оюунтай толгойгоор хөгжинө” гэж ярьдаг ч, бодит байдал дээр олон хүн авч, олон ажлын байр бий болгох нь компаниудад дээр дурдсан олон зардал, чирэгдлийн эх сурвалж болдог учир хөшүүрэг нь эсрэгээрээ явж байна.
Хүн цөөн ажиллуулдаг, машин тоног төхөөрөмжөөр явуулдаг бизнес тусмаа сайн. Хүнийг орлож болох юм байвал аль болох л түүгээр шийдэхийг хүснэ.
Уул нь хүнийг хөгжүүлэх гол талбар бол хөдөлмөр эрхлэлт. Ажил хөдөлмөрөөр дамжуулж, тэр дундаа байгууллага, хамт олны харилцаан дунд хүн жинхнээсээ хөгждөг.
(2018.04.27) оны “Топ 100” аж ахуйн нэгжийн нэрс зарлагдлаа. Тэд бол албан ёсоор санхүү бүртгэлээ хөтөлдөг, хуулийн дагуу хөдөлмөрийн харилцаагаа үүсгэдэг, нийгмийн даатгал, хувь хүний татвартай нь төлдөг, НӨАТ болон аж ахуйн нэгжийн татварт олсон хэдээсээ өм цөм сугалуулдаг, нөгөө олон дүрэм журамд тааруулж нийцүүлэх гэж махийдаг, жаахан юмнаас болоод шүүхэд байнга дуудагддаг, төрийнхөнд дарамтлуулдаг, тэгээд дээр нь муу нэр зүүмтгий, үйлтэй хэсгийн гол төлөөлөл. Монголд орчин үеийн эдийн засаг, бизнес, нийгмийн харилцаа гэж байдаг юм бол, төр улсын данс тооцоо, үүрэг хариуцлага гэж юм байдаг юм бол тэр бүхнийг тээж, улс орныг нуруун дээрээ үүрч яваа гавьяатнууд бол тэд. Топ 100 компани өнөөдөр Монгол Улсын нийт татварын орлогын хагасыг бүрдүүлж байна. Тэд олон өрх айлын амьжиргааг залгуулаад зогсохгүй байгууллагын соёл, хөгжлөөр дамжуулан нийгмийн хөгжилд шууд хувь нэмэр оруулж байна. Компани байгуулж, хэдэн хүнд цалин өгч, олсон хэдээсээ татварт хайр найргүй зулгаалгаж, даатгал хураамжийн өрөнд орж үзээгүй хүн энд яриад байгаа асуудал зовлонг ойлгоход хэцүү.
Элдэв төрлийн татвар, нийгмийн даатгал, бусад зардал цаашид ч байх нь мэдээж. Харин алийг нь ихэсгэж, алийг нь багасгах, ялгамжтай тогтоох зэрэг нь бодлогын асуудал. Ямартай ч компани, аж ахуйн нэгжүүдийн туулдаг бэрхшээл, даадаг зардлуудыг ойлгож, “компани” гээчийг үзэх үзэлдээ манайхан өөрчлөлт оруулмаар байгаа юм.
Улс төрчдийн шийдвэр олон нийтийн сэтгэлзүйг дагамтгай. Тиймээс өнөөдрийг хүртэлх шиг компани гэхээр л чангалдаг, ад үздэг, хойд хүүхэд шиг ханддагаа нийгмээрээ болимоор байна. Компани эрхлэхэд тулгардаг бэрхшээл зовлонг нимгэлж, харин “хувиараа” бизнес эрхлэгчдийг албан ёсны болгож, бага хувьтай татварыг өргөн суурин дээрээс авдаг болох, НӨАТ-ийн хувь хэмжээг багасгаж, харин илүү дутуу хөнгөлөлт, тэглэлт байхгүй нэгэн жигд тогтоон, хүн ажиллуулахад гардаг нуугдмал олон зардлыг бууруулах шаардлагатай байна. Бизнесээ, хувийн хэвшлээ, баялаг бүтээгчдээ утгаар нь дэмжих тогтолцооны өөрчлөлтийг олон нийтийн зөв ойлголт, хандлага л авчирна.
2018 он.
Сэтгэгдэл бичих