Нийтлэл 06 сарын 12, 2019

Цаг хугацааны нийцгүй байдал ба ирээдүйн эрсдэл

Архи уух тусам яг тэрүүхэн үедээ таатай ч маргааш нь хэцүү гэдэг нь практик дээр маш олон тохиолдолд нотлогдсон зүйл байх. Эдийн засагт ийм асуудлыг "цаг хугацааны нийцгүй байдал" гэдэг. Аливаа зүйлийн нөлөө нь богино болон урт хугацаанд харилцан адилгүй үр дагавар авчирна гэсэн үг.

Жишээ нь, CEO хүн гэрээнийхээ хугацаанд компаниа ѳндѳр ашигтай ажиллуулах гээд санхүү болон хүний нѳѳцѳѳ яг одоо ашигтай байгаа тѳслүүдэд төвлөрүүлчихэж болно. Ингэснээр компани их мѳнгѳ олно, хувьцааны үнэ өснө, ажилтнуудын цалин орлого ч нэмэгдэнэ. Бүгд happy. Гэхдээ компаний R&D нь хаягдах, потенциальтай төслүүд зогсох улмаар ирээдүйд өрсөлдөх чадваргүй болж дампуурч ч болох юм. Харин энэ бол дараагийн CEO-ийн асуудал. Тэр үед одоогийн CEO ѳндѳр бонусаа аваад явчихсан, хаа нэгтээ цэнхэр устай далайн эрэг дээр сайхан бүсгүй тэврээд хэвтэж байх болно.

Сонирхолтой нь үүнтэй тѳстэй зүйлс хамгийн шилдэг компаниудын хувьд ч тохиолддог. Гэрэл зураг = Кодак, Гар утас = Нокиа, Бугуйн цаг = Swatch байсан үеийг санаж байна уу? Тэгвэл одоо яагаад дижитал камер, смартфон, ухаалаг цагны эрин үед нѳгѳѳ акулууд сураггүй байна вэ? Олон компани алс ирээдүйг харсан шийдвэр гаргаж чадаагүй одоодоо төвлөрснөөс болж алдсан байдаг.

Улс орны хэмжээнд ч иймэрхүү зүйл тохиолдож болно. Хэрэв бид бүх модоо хѳрѳѳдѳж унагаад, урагш нь гаргаад зарчихвал экспорт нэмэгдэж, эдийн засаг ѳснѳ. Олсон мѳнгѳѳ 3 сая хүндээ хуваагаад ѳгчихвѳл бүгд л баярлах байх. Гэхдээ дараагийн мод ургаж гүйцэх хүртэлх 200 жилд яах вэ гэдэг том асуудалтай үлдэх тул энэ мэдээж тогтворгүй өсөлт байх болно.

Сүүлийн хэдэн жил дэлхий нийтийн анхаарлыг татаж буй Венесуельд яг ийм асуудал тулгараад байгаа. Дэлхийн хамгийн их нефтийн нѳѳцтэй (300 тэрбум баррель!!! Үүнтэй харьцуулахад Ирак 140 тэрбум баррель нөөцтэй) энэ улс Hugo Chavez-ийн үед нефтийн орлогоо нийгмийн халамжид баруун солгойгүй цацаж байлаа. Мэдээж бүгд happy байв. Баррель нефть $100 давж байсан тер үеэс хойш үнэ 3-4 дахин унаж $30 хүрэхэд ийм халамжийн бодлого үргэлжлэх боломжүй болсон. Нефтийн экспортын орлого эрс хумигдаж улс орны санхүүгийн байдал хүндрэхэд даван туулах хуримтлуулсан нѳѳц ч байсангүй. Одоо тэгвэл Венесуельд инфляци жолоогоо алдаж, ажилгүйдэл ядуурал хавтгайрч байна. Засгийн газар нь 2014 оноос хойш эдийн засгийн статистикаа зарлахаа больчихсон байгаа. Эмнэлгүүд нь эм тариагаар тасарч, эрүүл ухаантай хүн бүр Венесуелээс дайжиж байна. Энэ бас л урт хугацаанд тогтворгүй бодлогын сонгодог жишээ.

Цаг хугацааны нийцгүй байдлын проблемыг хаа байсан "Халтар царайт"-ын орноос бид хайх хэрэггүй юм. Манайд ч ядуусын хороолол, баячуудын хороолол аль хэдийн бий болсон. Сонгуулийн үеэр ядуусаа баярлуулахын тулд эх орны хишиг, хүний хѳгжил сан гээд гаднаас зээлээд ч хамаагүй 1500, 500, 70, 20 мянгаар нь мөнгө тарааж л байсан. Чалкогийн ѳрѳѳ саяхан л тѳлж дуусгалаа. 2017 онд гэхэд л  Сайн хувьцаа гээд мѳнгѳ хэвлээд ч хамаагүй 300 мянгыг тарааж л байсан. 2013 оны Ипотек, 2016 оны бусад "сайн" нэртэй "хямд" зээлүүд ч үүнд хамаарна. Бүгд тухайн үедээ сайн дарс шиг амттай байсан, харин шарталт нь дараа нь мэдрэгдэх, огт хямд биш зүйлс.

Тэгэхээр яах ёстой вэ, ялангуяа сонгуулийн үед? Ѳнѳѳдѳр манайд ядуусын хороололд ч Итгэлт баянаас тарган хүн харж болно. Хавирга нь хэрзийсэн хүмүүсийг бид өлсгөлөнтэй улс орнуудын талаарх мэдээнээс л хардаг. Амьдрал хэцүү хүн олон бий ч, алсын хараагүй үйлдэл үүний шийдэл болохгүй. Иймд улстѳрчдѳѳс одоо сайхан байлгах "архи нэхэх" биш, харин "маргааш улс орныг шартуулахгүй байх" зөв үйлдлийг шаардах нь чухал. Сонгогчид юу хүснэ, улстѳрчид түүнийг л биелүүлэхийг оролдоно. Иймд, нам улстөрөөр хоорондоо талцаж маргалдах биш, харин улстөрчөөс юу хүсэх, шаардахаа л мэдэх нь тогтвортой хөгжлийн түлхүүр болно. Өнѳѳдрийн уушгинаас маргаашийн ѳѳх нь дээр.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon