2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл”[1]-ийг УИХ-ын 62 гишүүн гарын үсэг зурж, Их Хурлын даргад өргөн мэдүүлжээ. Төслөөс үзвэл Үндсэн хууль, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай зарим хуулийг мөн зөрчсөн гэж үзэж болохоор байна. Учир нь төслийн нэр 1999 (2000) оны “нэмэлт, өөрчлөлт” хийгээд 2017, 2018, 2019.04.04-ний өдрийн төслийнхтэй яг ижил болсон. Хуульд хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулдгийг дахин сануулах нь илүүц биш болов уу. Мөн 62 гишүүн гарын үсэг зурж өргөн мэдүүлсэн нь Үндсэн хууль (26.1 дүгээр зүйл)-ийг мөн зөрчихөд хүрээд байна.
Тус зүйлд зааснаар Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрхтэй. Гэтэл энэ удаад УИХ-ын гишүүн биш УИХ бүрэлдэхүүнээрээ (УИХ 76 гишүүнтэй, үүний 62 нь буюу 80 гаруй хувь нь гарын үсэг зурж баталгаажуулсан) төслийг санаачилснаараа өмнөх 1999 (2000) оны түүхийг давтжээ. Ердийн хуулийг 20 гишүүн баталдаг, үүнийг 20 гишүүн баталлаа гэдэггүй, УИХ л баталсан гэнэ. Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар батална гэж Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлд заасан. Энэ нь 57 гишүүн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 57 буюу түүнээс дээш гишүүн (62 гишүүн) Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүлсэн тул УИХ бүрэлдэхүүнээрээ хууль санаачилсанд тооцно.
Дээрхээс харвал төсөл санаачлагч нь гишүүн бус, харин УИХ болчихоод байна. Энэ мэт Үндсэн хуулиа дахин дахин ингэж зөрчиж, өөрчилж урьдын алдаагаа дахин давтахаас болгоомжлох үүднээс өмнө нь Үндсэн хуульд орж байсан өөрчлөлт шинэчлэл хийгээд алдаа оноог эргэн сануулъя.
Манай улс 1924, 1940, 1960, 1992 онд шинээр Үндсэн хуулиа баталж, тухай бүр санаатай ба санамсаргүй алдаатай нэмэлт, өөрчлөлт оруулж байсан түүхтэй. Өдгөө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хүчтэй яригдаж, иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачид, улс төрчдийн дунд хэлэлцүүлэг, маргаан, яриа, шүүмж идэвхтэй өрнөж байна. Энэ завсар 2006, 2011, 2012, 2015, 2017, 2018, 2019 онуудад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудал яригдаж, УИХ-ын гишүүд хэд хэдэн төсөл өргөн мэдүүлж, заримыг нь Байнгын хороогоор хэлэлцүүлж ч байсан удаатай.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар, ялангуяа энэ чиглэлээр буюу Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн судлаачид өөр өөрсдийн үндэслэл бүхий байр суурийг хангалттай тодорхой илэрхийлсэн, илэрхийлсээр байгаа тул их хурлын гишүүд тэдгээр эрдэмтэн, судлаачдынхаа шинжлэх ухаанд суурилсан бодит судалгаа, санал, шүүмжид авах гээхийн ухаанаар хандах, улмаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах улс орны амин чухал асуудлыг шийдвэрлэх гэж буй энэ цаг үед нухацтай хандаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг харгалзан үзэж, ухаалагаар хандахыг нийгэм, олон нийт хүлээж буй
, тийм шаардлага ч бий билээ.
Судлаачийн зүгээс энэ удаад Монгол Улсын Үндсэн хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж ирсэн өмнөх түүхэн туршлага, бодит нөхцөл, алдаа оноог тодорхой баримт түшин гаргаж ирэх, улмаар өнөөдрийн хэлэлцэгдэн буй эл асуудалтай холбоотойгоор судлаачид, улс төрчдийн анхаарлыг энэ зүг хандуулахыг гол зорилго болгов. Судлаачид, улс төрчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг гол төлөв 1992 оны Үндсэн хуулийн, тэр дундаа 2000 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд тал бүрээс нь судлан шинжилсэн[1]. Энэ нь ч зүйн хэрэг байв.
Харин өмнөх үеийн Үндсэн хуулиудад ямар журмаар, хэрхэн, яаж нэмэлт, өөрчлөлт оруулж байсан, түүний үр дагавар ямар байсан бэ, түүхэн сургамж нь юу байв аа гэдгийг нарийвчлан судалж, анхаарсан нь тун цөөн бололтой[2]. Ялангуяа түүхэн судалгааг аль нэгэн институтээр нь өдгөө ид өрнөж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулсан судалгаа бүр ч үгүй байгаа нь цаашид ийм судалгааг нарийвчлан хийх шаардлагатайг харуулж байна. Ийнхүү судлагдаагүй явдал нь өөрөө судлах шаардлага, шинжлэх ухааны ач холбогдлыг мөн бий болгож байна.
Үндсэн хуулийн эрх зүйд Үндсэн хуульд тавих нийтлэг шаардлага (агуулга, хэлбэр, процедурын)-ыг тогтоож өгсөн байдаг бөгөөд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг боловсруулахдаа тухайн шаардлагатай ягштал нийцүүлэх нь хууль тогтоогчдын гол үүрэг. Мэдээж хэрэг эдгээр нийтлэг шаардлагыг өмнөх тогтолцоонд дагаж мөрдсөн 3 Үндсэн хуульд таацуулан үнэлэх нь бололцоогүй төдийгүй “байгаа оноогүй” хэрэг болно. Өнгөрсөн түүхийн аливаа асуудлыг орчин үеийн үнэт зүйлийн шалгуураар үнэлж цэгнэж хэрхэвч болохгүй. Харин яагаад, ямар учраас, юунаас болж алдсан бэ гэдгийг тодруулах, үндэслэгээ, уг язгуур, цаад мөн чанар, шалтгааныг эрж хайх нь өөр хэрэг. Иймд эл өгүүлэлд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах агуулгын шаардлагыг огт хөндөлгүйгээр зөвхөн хэлбэрийн болон процедурын зарим шаардлагыг гол болгож асуудлыг судалсан болно. Энэ нь өөрөө хууль дээдлэх, түүнийг хэлбэрэлтгүй дагаж мөрдөх зарчимтай нягт холбоотой.
Түүх бол зүгээр нэг өнгөрсөн үеийн алдаа, онооны цуглуулга биш, бид түүхээс ямар сургамж авах вэ?, цаашид юун дээр анхаарах вэ? гэдгээ олж харах, улмаар алдсан алдаагаа дахин давтахгүй байх нь л нэн чухал
болой.
Анхдугаар Үндсэн хуулийн “өөрчлөлт” ба зөрчил
Монгол Улсад үндсэн хуульт байгууллыг анхлан тогтоосноороо, Монгол Улсын тусгаар тогтнолыг Үндсэн хуулийн хэмжээнд тунхагласнаараа, Монгол Улсын эрх зүйн бусад салбарын эрх зүйн үндэсийг анхлан тавьснаараа онцгой гавьяатай анхдугаар Үндсэн хууль нь 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр батлагдсанаас хойш 16 жил үйлчилж, түүхэн үүргээ гүйцэтгэсэн бүлгээ. Үндсэн хуулийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал тухайн үеийн ноёд, сэхээтнүүдийн дунд хүчтэй яригдаж, хэлэлцэгдэж байсныг бид түүхээс мэдэж болно. Энэ тухай анхдугаар Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байсан баримтад:
“...Төлөөлөгч Лувсанчой: Энэхүү Үндсэн хуулийг үүрд журамлан дагаж явах буюу? гэсэнд Ерөнхий сайд Цэрэндорж: Бид бодвоос үргэлжид дагаж явах Үндсэн хууль хэмээх бөгөөд хэд хэдэн арван мянган жил болоход үл болохоор үгүй. Одоо болбоос харьяат улсын тохинон батадсан зэргээр анх Үндсэн хуулийг батлан буй бөгөөд бас бидний Үндсэн хуульд ороогүй орхигдсон зүйл байж болох тул энэхүү Үндсэн хуулийн зүйл ангиас өөрчлөгдөх нь болзошгүй боловч Улсын их хурлаас бус өөрчлөх эрхтэй газар үгүй...”[3]
гэснээр Үндсэн хуулийн 6 дугаар зүйл “Улсын Үндсэн хуулийг өөрчлөх, батлах явдлыг гагцхүү Улсын Их Хурлаас эрхлэн шийтгэвэл зохино”[4] хэмээн хэвээр батлагдсан байна. Үндсэн хуулийн тус зүйлд зааснаар Үндсэн хуулийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрх Улсын Их Хурал (цаашид УИХ гэнэ)-д олгогджээ.
Анхдугаар Үндсэн хуулиа баталснаас хойш хоёр дахь (1940 оны) Үндсэн хууль үйлчлэх хүртэл хугацаанд тус Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт ороогүй гэж үздэг. Үнэхээр ч ороогүй гэж үзэх хэд хэдэн үндэслэл, шалтгаан бас бий. Учир нь 1940 оны Үндсэн хууль батлагдах хүртэл анхдугаар Үндсэн хуулийг хэвлэсэн албан ба албан бус бүх хэвлэлд нэмэлт, өөрчлөлтийг тусган хэвлэсэн хэвлэл ер байдаггүй. Нөгөө талаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмыг тус хуулиар тогтоогоогүй.
Үндсэн хуулийн дээр дурдсан зүйлд зааснаас үзвэл төрийн эрх барих байгууллага болох УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрхийг эдэлнэ. Үүнтэй холбоотойгоор энэ бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн үеийн хууль тогтоох байгууллага олон хууль тогтоомжийг баталж, нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Үүний хүрээнд Үндсэн хуульд “өөрчлөлт” оруулсан асуудал ч бий. Тэгэхээр анхдугаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаагүй гэж шууд хэлэхэд хүндрэлтэй. Ямартай ч Үндсэн хуулийн холбогдох зүйлүүдийг “зөрчиж” бүрэн эрхээ “эдэлсэн” зарим цөөн баримтыг доор авч үзье.
Баримт 1:
Анхдугаар Үндсэн хууль батлагдахаас өмнө төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг БНМАУ-ын Улсын Хурлын дүрмээр[5] зохицуулж байв. Тус дүрэмд УИХ-ын бүрэн эрхийн хугацааг 3 жилээр тогтоосон. Дараа нь анхдугаар Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх үеэр Зөвлөлтийн төлөөлөгч Рыскулов:
“Энэхүү Үндсэн хуулийг төлөвлөхөд би мөн туслалцсан бөгөөд тухай дор Улсын хурлыг нэгэн жилд нэгэн удаа хуралдуулах гэсэн бодлого болбоос зүйл зүйлийн учраас болсон буй. Юуны урьд элдэв зарлага, чирэгдэл, сүйдэл үлэмж учир тийм бөгөөд Улсын Их Хурал болбоос харьяат улсын үндсэн чухал хэргийг хэлэлцэн тогтоож өгөх буюу мөн хурлын чөлөө цагт тус хурлаас сонгогдсон Улсын Бага Хурал хуралдан элдэв хэргийг Их хурлын төлөөнөө гүйцэтгэх хэмээхээс гадна үүний урьд Улсын хурлын төлөөлөгчдийг гурван жилийн хугацаагаар тогтоосон боловч эдүгээ нэг жил болгон өөрчилсөн учир Засгийн газар ба олон ард хоёрын холбоо явдалд маш дөхөм болно. Мөн, Бага хурлын гишүүдийг хөдөө томилон Засгийн газар ард түмэн лүгээ холбоотой явахад туйлын дөхөмтэй болох учир Бага хурлыг байгуулан, төлөөлөгчийн хугацааг хомстгосон учир буюу.”[6]
хэмээснээр Үндсэн хуульд УИХ-ын бүрэн эрхийн хугацааг 1 жил болгосон байдаг. Ийнхүү БНМАУ-ын Үндсэн хуулийн Долдугаар зүйлд
“Улсын Их Хурал бол олон аймаг ба хот, жич ардын цэргийн төлөөлөгчид хуралдах бөгөөд тоог төлөөлөгчид сонгох газрын хүн амын олон цөөнийг үзэж нэгэн жилийн хугацаагаар сонговол зохино.”[7]
гэснээр УИХ-ын төлөөлөгчдийг арван гэр, баг, сум, хошуу, аймгийн төлөөлөгчдийн хурлаас шат дараалан сонгож байхаар тогтоожээ. УИХ дараагийн Үндсэн хууль үйлчлэх хүртэлх хугацаанд ердөө 7 удаа хуралдсан байдаг[8]. 1928 он хүртэл жил бүр хуралддаг байсан бол үүнээс хойш 1930, 1934 онд 1 удаа хуралдсан. Энэ тухай Улсын Бага Хурал (цаашид УБХ гэнэ)-ын дарга Х.Чойбалсангаас
“…Улсын Их Хурлын дүрмийн ёсоор 1929 оны 11 сарын 1-нд хуралдуулбаас зохих байсан боловч энэ завсар нам эвлэл, албан хаагчдын шалгалт, феодалын хөрөнгө хураах, коммун, хоршоо эвлэл байгуулах, нам эвлэлийн их хурал давхардсанаас хойшлогдов”[9]
хэмээн УИХ тогтоосон хугацаандаа хуралдаагүйн шалтгааныг дурджээ. БНМАУ-ын VII Их Хурлаас (1934 онд хуралдсан) Үндсэн хуулийн 7 дугаар зүйлд өөрчлөлт оруулж, УИХ-ыг гурван жилийн хугацаагаар[10] сонгон байгуулж байхаар[11] тогтоосон. Ийнхүү УИХ-ын бүрэн эрхийн хугацааг Үндсэн хуулийн бус аргаар буюу Үндсэн хуулиа зөрчиж өөрчилсөн. УИХ 3 жил тутамд 1 удаа хуралдах шийдвэрийн дагуу 1937 онд хуралдах байсан боловч ...хэлмэгдүүлэлт, ... зэрэг тухайн үеийн нийгэм улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор үүргээ гүйцэтгэж чадаагүй юм.
Баримт 2:
БНМАУ-ын Үндсэн хуулийн Наймдугаар зүйлд “Улсын Их Хурлын тогтмол хурлыг Улсын Бага Хурлаас эрхлэн жил бүр нэгэн удаа хуралдуулбал зохино.”[12] гэжээ. УБХ нь УИХ-ыг зарлан хуралдуулах бүрэн эрхтэйг дээрх заалтаас харж болно. БНМАУ-ын ХVII онц бага хурлаас Улсын VII Их Хурлыг 23 (1933) оны эхэнд хуралдуулах явдлыг Бага хурлын тэргүүлэгчдэд даалгасан[13] байдаг. Энэ дагуу БНМАУ-ын VII Их Хурал 1934 оны 12 сард хуралдан
“Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 8 дугаар зүйлд Улсын Их Хурлын тогтмол хурлыг Улсын Бага Хурлаас эрхлэн жил бүр нэг удаа хуралдуулбал зохино гэсэн боловч тус улс нь одоо үед нэлээд бат тогтвортой байдлыг олсон бөгөөд өөрийн хөгжил байдалд тохируулж Улсын Их Хурлын тогтмол хурлыг 3 жилд нэг удаа Улсын Бага Хурлаас эрхлэн хуралдуулж байхаас гадна Улсын онц их хурлыг хуралдуулах явдал тохиолдох ахул Үндсэн хуульд заасан ёсоор хуралдуулж байваас зохино. Улсын Их Хурлыг хуралдуулах сар өдрийг тухай бүр Улсын Бага Хурлаас эрхлэн тогтоож гүйцэтгүүлбэл зохино”[14]
гэж тогтов. Дээр дурдсанаар 1937 онд Улсын VIII их хурлыг хуралдуулж чадаагүй тул Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн хамтарсан 1940.04.29-ний өдрийн 22/14 тоот тогтоолоор БНМАУ-ын VIII Их Хурлыг мөн оны зургадугаар сарын 20-нд хуралдуулахаар шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэр нь угтаа Үндсэн хуулийн 8 дугаар зүйлийг мөн зөрчиж, өөрчилсөн хэрэг байв.
Баримт 3:
Монгол Улсын төрийн байгууллагын тогтолцоонд ихээхэн онцлогтой байр суурийг эзэлж байсан институт бол УБХ юм. Үндсэн хуулийн Аравдугаар зүйлд “Улсын Их Хурал нь гучин гишүүдийг сонгож, Улсын Бага Хурлыг байгуулна.”[15] гэж заасан. Энэ үед УБХ-ын тухай тусгайлсан хууль, дүрэм батлагдаагүй бөгөөд УБХ-ын зохион байгуулалт, үйл ажиллагааг зөвхөн Үндсэн хуульд заасан журмаар зохицуулж байв. УБХ нь УИХ-аас сонгосон гишүүдээс бүрдэж үйл ажиллагаагаа явуулан, ажлаа Их Хурлын өмнө хариуцан тайлагнана. Бага Хурал нь Бага Хурлын тэргүүлэгчид ба Засгийн газрыг байгуулах эрхтэй. Үндсэн хуульд зааснаар Анхдугаар их хурлаас (1924 онд хуралдсан) УБХ-ыг 30 гишүүнтэйгээр[16] сонгож байгуулсан. Гэтэл дараа дараагийн Их Хурлуудаас Үндсэн хуульд заасан 30 гишүүнтэй байхаар тогтоосон тоог нэмэгдүүлэн өөрчилсөөр иржээ. Тухайлбал, Улсын II их хуралд (1925 онд хурлдсан) МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Г.Гэлэгсэнгээс
“Улсын Их Хуралд хэлэлцэх хэрэг дууссан бөгөөд одоо Улсын Үндсэн хуулийн ёсоор Бага Хурлын гишүүдийг сонгох болсон учир ноднин жил 30 хүнийг сонгосон нь энэ завсар цөөдсөн зүйл буй тул бидний Тэргүүлэгчдийн газар хэлэлцэж энэ жил 45 хүн болговоос зохих болов уу хэмээн төлөвлөснөөр тогтоовоос ямар. Хэрвээ зөвшөөрвөөс гар өргөж батална уу хэмээсэнд олон төлөөлөгчид цөм гар өргөн баталсан”[17]
юм. Ийнхүү Улсын Бага Хурал нь 1925-1928 онуудад 45 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн бол V Их Хурлаас (1928 онд хуралдсан) 51, VI Их Хурлаас (1930 онд хуралдсан) 71, VII Их Хурлаас (1934 онд хуралдсан) 99 гишүүн тус тус сонгожээ[18].
Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийг БНМАУ-ын Үндсэн хуулийг зүйл анги дараалан товчхоноор тайлбарласан дэвтэрт
“...энэхүү зүйлд Улсын Их Хурал нь гучин гишүүдийг сонгож Улсын Бага Хурлыг байгуулна хэмээн тогтоосон. Энэ нь үүнээс цөөн болгож үл болох туйлын бага тоог заасан хэрэг болох бөгөөд цагийг дагаж гишүүдийн тоог хэрхэн нэмэгдүүлэх эрх нь Улсын Их Хуралд буй болой”[19]
хэмээн тайлбарлажээ. Хэрэв энэхүү тайлбарыг албан ёсны гэж үзвэл удаа дараагийн Их Хурлаар баталсан Бага Хурлын гишүүдийн тоог тухай бүр өөрчлөн, нэмэгдүүлж тогтоосоор ирсэн хэм хэмжээг хүчин төгөлдөр[20] (зөрчөөгүй гэсэн үг биш) гэж үзэж болох юм. Харин албан ёсны бус[21] гэж үзвэл энэ нь Үндсэн хуулийг зөрчиж, өөрчилсөн хэрэг болно.
Мөн Үндсэн хуулийн тус зүйлд зааснаар УБХ-ын гишүүдийг УИХ-аас сонгон батлах ёстой. Гэтэл УБХ-ын гишүүдийг УИХ-аас бус УБХ-аас сонгосон баримт бий. Тухайлбал БНМАУ-ын XX бага хурлын хуралдааны үеэр УБХ-ын даргаар хэнийг сонгох тухай асуудал хэлэлцэхэд нөхөр Лувсаншараваас
“...Монголын хувьсгал анх үүсгэсэн долоон хүний нэг, алдар хүндтэй ажилд эндэгдэлгүй эдүгээ хүртэл зүтгэж яваа нөхөр Догсомыг сонговол ямар вэ” гэсэн санал гаргажээ. Улмаар “Эрт урьдаас эхлэн Монголыг чинагш хөгжих явдлыг зөвөөр ойлгосон үнэнч шалгарсан сайн нөхрийн нэг болох тул нөхөр Догсомыг Улсын Бага Хурлын дарга болгох нь чухал.”
хэмээснээр УБХ-ын гишүүд талархалтай хүлээн авч алга ташиж, гар өргөн баталснаар Д.Догсомыг УБХ-ын даргаар сонгожээ”[22].
Баримт 4:
Тухайн үеийн Монгол Улсын төрийн захиргааны дээд байгууллага нь Засгийн газар байв. Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлд “Засгийн газар бол тус улсын ерөнхийлөн захирах газар мөн бөгөөд гишүүд нь Ерөнхий сайд, жинхэнэ, орлогч сайд, Бүх цэргийн ба Эдийн засгийн зөвлөлийн тэргүүлэгчид, Бүх цэргийн жанжин, Улсын хянан байцаагч, Дотоод, Гадаад, Цэрэг, Санхүү, Аж үйлдвэр, Шүүх, Ардыг гэгээрүүлэх яамны сайдууд болно.”[23] хэмээн тодорхойлжээ. БНМАУ-ын ХVII бага хурлын шийдвэрээр 1932 оны 7 дугаар сарын 2-ноос Засгийн газрыг Сайд нарын Зөвлөл[24] (цаашид СнЗ гэнэ) гэж нэрлэх болж, түүний дүрмийг[25] 1933 онд баталсан. Эл дүрэм 1983 онд Сайд нарын зөвлөлийн хууль[26] гарах хүртэл 50 гаруй жил үйлчилсэн. Ийнхүү Үндсэн хуулиа зөрчиж, Засгийн газрыг Сайд нарын зөвлөл гэж өөрчилсөн бөгөөд энэ нь бараг 1990 он хүртэл жишиг болж практикт тогтон хэрэглэгдсээр[27] байсан юм.
Үндсэн хуулийн заалтыг бусад хууль, дүрэм, тогтоолоор ингэж зөрчиж, өөрчилсөн зүйл үүгээр хязгаарлагдахгүй бөгөөд өгүүллийн хэмжээнд баригдан цөөн жишээг энд дурдав. Судалгаанаас үзвэл[28] 1924 оны Үндсэн хуулийн тодорхой заалтыг зөрчиж өөрчлөлт оруулсан, Үндсэн хуулийн заалтууд өөр хоорондоо зөрчилтэй, мөн ердийн хуулиар Үндсэн хуулийн заалтыг зөрчиж буруу практик тогтоосон зэрэг зүйл Үндсэн хуулийн 20 гаруй зүйлд холбогдож буй.
Үргэлжлэл бий...
Судалгаанд ашигласан баримт материалууд:
[1] http://forum.parliament.mn/projects/612. 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн хувилбар.
[1] Б.Чимид, С.Нарангэрэл, Ж.Амарсанаа, Ц.Сарантуяа, Ч.Энхбаатар, Н.Лүндэндорж, Ш.Цогтоо, Д.Солонго, П.Очирбат, Д.Гангабаатар, Ч.Өнөрбаяр, О.Мөнхсайхан, А.Бямбажаргал, О.Машбат, Д.Үүрцайх гэх мэт олон судлаачдын ном, өгүүлэл, илтгэл, ярилцлага, нийтлэл өгүүллүүд;
[2] Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан өмнөх үеийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байсан түүхэн уламжлалын талаар ерөнхий тойм судалгаа хийсэн судлаачид цөөнгүй (Тухайлбал, Ч.Энхбаатар нар. Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүрэг: Дүн шинжилгээ. Уб., 2015. 99 дэх тал, Ч.Энхбаатар нар. Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ. Уб., 2016. 191 дэх тал, Ж.Амарсанаа. Монгол Улсын Үндсэн хуульт ёсны хөгжлийн чиг хандлага: сургамж, шийдэл. [Монгол Улсын Үндсэн хууль-25 жил. Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл. Уб., 2017. 29-30 дахь тал] гэх мэт) бөгөөд харин нарийвчлан авч үзсэн судалгаа үгүй байна;
[3] Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхдугаар их хурал. 1924 оны XI сарын 8-28. Дэлгэрэнгүй тайлан. Эмхтгэсэн Д.Даш. Уб., 1984. 262-263 дахь тал;
[4] БНМАУ-ын Үндсэн хууль. 1924 он. 6 дугаар зүйл;
[5] БНМАУ-ын Улсын хурлын дүрэм. 1924.09.19. [Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл. Хоёрдугаар боть. (1911-1926.V сар). Уб., 2010. 496-499 дэх тал;
[6] Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхдугаар их хурал. 1924 оны XI сарын 8-28. Дэлгэрэнгүй тайлан. Эмхтгэсэн Д.Даш. Уб., 1984. 258 дахь тал;
[7] БНМАУ-ын Үндсэн хууль. 1924 он. 7 дугаар зүйл;
[8] Улсын анхдугаар их хурал 1924.11.08-11.26, Улсын хоёрдугаар их хурал 1925.11.06-11.18, Улсын гуравдугаар их хурал 1926.11.01-11.13, Улсын дөрөвдүгээр их хурал 1927.11.01-11.16, Улсын тавдугаар их хурал 1928.12.14-1929.01.24, Улсын зургадугаар их хурал 1930.04.07-, Улсын долдугаар их хурал 1934.12.20-12.27-ны өдрүүдэд тус тус хуралдсан;
[10] Архивын баримтаас үзвэл тухайн үед буюу 1934 онд хуралдсан тус хурлын үеэр МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Лувсаншарав “…Үндсэн хуулийн ёсоор Улсын Их Хурлыг жил тутам нэг удаа хуралдуулж байхаар заасан нь Их Хурлаас гаргасан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, зохион байгуулахад хугацаа тулгамдах мэт тул үүнийг өөрчилж Улсын Их Хурлыг гурван жил тутам нэг удаа хуралдуулж байх” тухай санал гаргасан бөгөөд энэ ёсоор батлагдсан байдаг. ҮТА. ф11, д 319;
[11] БНМАУ-ын VII их хурлын илтгэл. Уб., 1935. 16 дахь тал;
[12] БНМАУ-ын Үндсэн хууль. 1924 он. 8 дугаар зүйл;
[13] БНМАУ-ын ХVII онц бага хурлын тогтоол. 1932.07.02. [Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл. Гуравдугаар боть. (1926.VI сар-1936 он). Уб., 2010. 480 дахь тал;
[14] Улсын 7 дугаар их хурлаас улсын тогтмол их хурал ба онц их хурлыг хуралдуулж байх тухай гаргасан тогтоол. [БНМАУ-ын их бага хурлын тогтоол. Үндсэн хууль. Тунхгууд. Уб., 1956. 215 дахь тал;
[15] БНМАУ-ын Үндсэн хууль. 1924 он. 10 дугаар зүйл;
[16] Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхдугаар их хурал. 1924 оны XI сарын 8-28. Дэлгэрэнгүй тайлан. Эмхтгэсэн Д.Даш. Уб., 1984. 275 дахь тал;
[17] БНМАУ-ын хоёрдугаар их хурал. Баримт, судалгаа. Эрхэлсэн Ч.Болдбаатар. Уб., 2008. 207-208 дахь тал;
[18] М.Санждорж. Ардын төрийн түүх. Уб., 1974. 180 дахь тал;
[19] БНМАУ-ын Үндсэн хуулийг зүйл анги дараалан товчхоноор тайлбарласан дэвтэр. Монгол Улсын 16 дугаар он, 10 сард (Уб., 1926). 42 дахь тал;
[22] С.Ичинноров. Дансранбилэгийн Догсом. [Улс төрийн хэлмэгдэгсдийн намтрын товчоон. Боть V, дэвтэр 32. Уб., 2006. 166 дахь тал;
[23] БНМАУ-ын Үндсэн хууль. 1924 он. 27 дугаар зүйл;
[24] БНМАУ-ын 17 дугаар Бага хурлаас төвийн албан байгууллагуудын тухай гаргасан тогтоол. 1932.07.02. [БНМАУ-ын их бага хурлын тогтоол. Үндсэн хууль. Тунхгууд. Уб., 1956. 322-323 дахь тал;
[25] БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дүрэм. 1933.01.17. [Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл. Гуравдугаар боть. (1926.VI сар-1936 он). Уб., 2010. 510-512 дахь тал;
[26] БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тухай хууль. 1983.12.08. [Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл. Зургаадугаар боть. (1971-1985.IV сар). Уб., 2010. 504-511 дэх тал;
[27] Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт, бүрэлдэхүүний талаарх бүдүүвчээс харвал 1924, 1928 онд Засгийн газар, 1932, 1940, 1944. 1949, 1951, 1954.4 сар, 1954.11 сар, 1957, 1958, 1963, 1974, 1985, 1989, 1990 (1990.6.21-нд тогтоосон бүдүүвчид Засгийн газар гэсэн боловч удирдлагыг нь Сайд нарын зөвлөлийн дарга гэж бичсэн) онд Сайд нарын Зөвлөл, 1990 оны 9 сараас өдгөө хүртэл Засгийн газар гэх нэршлийг хэрэглэж буй. [Монгол Улсын Засгийн газар Түүхэн товчоон (1911-2012 он) Уб., 2013. 104-130 дахь талаас дэлгэрүүлж үзнэ үү;
[28] “Үндсэн хуульт ёс” сангаас хэрэгжүүлж буй “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн түүх (тойм, харьцуулсан судалгаа)” сэдэвт судалгааны төсөл. Гүйцэтгэгч Б.Батбаяр, М.Цэдэвсүрэн. 2019 он
Бүх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийсэн юм уу. Сонирхолтой судалгаа байна. Үргэлжлэл нь хэзээ гарах вэ