Ордноос хонх хулгайлах зорилготой хулгайч “чихээ бөглөөд хулгай хийвэл сонсогдохгүй” хэмээн сэтгэж чихээ сайтар бөглөн шөнө дөлөөр хонхоо хангинуулан хамаг амьтныг сэрээж баригддаг нэг хошин үлгэр байдаг. Үүнтэй төстэй явдал жинхнээсээ болсон байна. 1995 онд АНУ-ын Питтсбургт МкАртур Виллер гэгч эр нүүрэндээ шүүс түрхэж банк ухахаар шийджээ. Лимоны шүүс түрхсэнээр камерт харагдахгүй гэж бодов. Зөвхөн бодоод ч зогсохгүй бүр итгэл дүүрэн байжээ. Учир нь нүүрэндээ шүүс түрхэж зургийн аппаратаар сельфидэж үзэхэд алдаа гарсан уу яасан, ямартай ч хальсанд нүүр нь харагдаагүй байж. Эрс шийдэн, нэгэн өглөө хоёр ч банк дээрэмдээд амжиж. Өдрийн мэдээгээр хяналтын камерт бичигдсэн царайг нь харуулахад таньдаг хүн нь цагдаад мэдээлж “үл үзэгдэгч” тэр өдөртөө л баригдав. Камерт царай нь харагдсаныг мэдээд итгэж өгөхгүй хэцүүхэн байж. Виллер “юмтай” донгио эр биш, эрүүл саруул эр байж, гагцхүү шүүсний талаарх мэдлэг ойлголтдоо итгэл дүүрэн байжээ.
Сэтгэл судлаач Дэвид Даннинг, Жастин Крюгер нар Виллерийн хэргийн талаар сонсоод энэ талаар сонирхон судалсан байна. Тэдний судалгаа хүн өөрийн бодит боломж авьяас чадвараа хэрхэн төсөөлж үнэлдэг талаар, мөн өөртөө итгэх итгэл ба мэдлэгжиж боловсрох явцын хамаарлын талаарх оновчтой тайлбар болж “Даннинг-Крюгерийн эффект” гэгдэх болсон байна. Даннинг, Крюгер нарын судалгаанаас гарсан сонирхолтой үр дүн гэвэл:
Мэдлэг чадвараар илүү хүмүүс авьяас чадвараа дутуу үнэлэх хандлагатай байдаг.Өөртэй нь ижил, өөрөөс нь илүү хүн олон байгааг мэддэг, мэдэхгүй зүйл дуусашгүйг мэддэг учраас өөрийн чаддаг мэддэг зүйл нь гоц гойд биш энгийн л зүйл гэж санагддаг.
Мэдлэг чадвараар бага хүмүүс авьяас чадвараа илүү үнэлэх хандлагатай байдаг байна. Мэдлэг чадвар бага байх тусам өөрсдийгөө дээгүүрт тавин, давуулан үнэлдэг байна
. Авьяас чадвараа бодитоор үнэлж чадахгүй тул телевизийн элдэв шоу уралдаанууд, миссийн тэмцээнд ичилгүй орсоны дараах шок, “шараа” бололт болон үзэгчдийн хандлага, шүүгчдийн оноог харьцуулахад гэмгүй. Бүр ойрхон нүдний өмнө илхэн жишээ гэвэл өөрийн төрх галбирт таарахгүй хувцас өмсөн “галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөдөг”. Урлагийн сургуулийнхан 1-р курстээ Ардын жүжигчид орцгоож, 2-р курстээ Гавьяат, 3-р курстээ СТА, төгсөх курстээ оюутан болцгоодог гэдэг.
Олон хүн бакалавраар төгсөхдөө бүгдийг мэддэг, хорвоо дэлхийг ч эргүүлмээр зориг орж бахархал төрдөг бол магистр болохдоо мэдэхгүй зүйл ямар ч олон юм гэцгээж доктор болоход юу ч мэдэхгүйгээ гайхдаг гэлцдэг. Тамхи, архи болон бусад зүйлд донтогсдыг Даннинг-Крюгерийн эффектийн жишээнд оруулж товчхон томьёолоход: ухамсартай ухаалаг хүн бол юу хийх хийхгүйгээ сонгох хангалттай ухаантай байхад ухаалаг биш хүн бол яагаад тамхи татахгүй, архи уухгүй байх шалтгааныг ухаарах ухаан хангалтгүйгээс гадна тамхи татах архи уух эсэхээ сонгож шийдэх хангалттай ухаан бас байдаггүй.
Үнэтэй зургийн аппарат хэрэгслүүд худалдан авч зураг дарснаар өөртөө таалагдах болж өөрийгөө мэргэжлийн болж байна гэж үнэлж болох ч бусдад зөвшөөрөгдөхүйц мэргэжлийн зурагчин тийм ч амархан болчихгүй. Авьяас мэдрэмж, ажиглалт хөдөлмөр, туршлага суух он жил хэрэгтэй. Мэс заслын хутгатай болсноор мэс засалч болохгүй. Бусдын ажил амьдралыг өөрийн үзэмжээр шүүж хов базагсад ярьж буй сэдвийнхээ талаар мэдлэг багатайгаа мэдэхгүйгээ ухаарахааргүйгээр чадвар дутуу ч өөрийн үзэмжээр шүүн таслах зүрх зориг ихтэй, өөртөө итгэх итгэл дүүрэн
байдаг юм.
Даннинг-Крюгерийн муруй
Зураг дээр хэвтээ тэнхлэг нь хүний мэдлэг, авьяас чадвар, сурч мэдэх явц; босоо тэнхлэг нь хүний өөртөө итгэх итгэл. Мэдлэг чадвартай болж эхлээд тодорхой үед хүрэхэд бүхнийг мэддэг, чаддаг мэт болж өөртөө ихэд итгэлтэй болж ирнэ. Өөртөө бардаж мэдэмхийрч эхэлнэ, хүний үг зөвлөгөөг сонсохгүй, ойлгож авахыг умартаж, том толгойлно. Өнгөц мэдлэгтээ ханасан, өчүүхэн мэдлэгээрээ мэдэмхийрч, өөртөө туйлын итгэлтэй байна. Гүнзгийрүүлэн суралцаж судлахгүй залхуурна. Энэ нь мэдэхгүйгээ мэдэхгүй шат юм.
Цааш жаахан суралцаж эхлэхэд мэддэг чаддаг зүйлс нь хангалттай бус, мэддэггүй зүйлс ямар ихийг ойлгож, өөрийгөө ихээхэн голж өөртөө итгэх итгэл шалдаа унана. Мэдэхгүйгээ мэдэж эхлэх шат юм. Үргэлжлүүлэн мэрийн суралцсанаар ойлгоогүй зүйлээ ойлгож, системтэй мэдлэгтэй болох тусам мэдлэгийн амтанд орж аливаа зүйлийг системтэйгээр ойлгож, эргэцүүлж, илүү боловсорч, юмны наадах цаадахыг тунгааж, унтарсан итгэл эргэж төрж эхэлнэ. Мэддэгээ мэдэж, мэдлэг чадвараа ажил амьдралдаа ашиглан, үнэн бодит мэдлэг чадварынхаа үр шимийг хүртэж эхлэх шат юм. Мэдэхгүй зүйл хязгааргүйг ухамсарласан тул байнга суралцан, мэдэхгүй чадахгүйгээ мэддэг чаддаг болох гэж эрэлхийлнэ
. Цаашид улам боловсорч, улам төлөвшдөг байна. Сүүлийн хоёр шатанд “Эрдэмт хүн даруу. Их мөрөн дөлгөөн” зүйр үг тохирно.
Даннинг-Крюгерийн муруйн эхний шатанд олон хүн гацдаг нь харамсалтай. Эхний шатанд гацагсад мэдэхгүйгээ мэдэхгүй, мэдэхгүйгээ мэдэх хүсэлгүй, мэддэггүйгээ мэдрэх чадваргүй болсон байх нь харамсалтай. Өнөөгийн нийгэмд хагас хугас мэдлэгтэн, дутуу боловсролтон олон байгаа нь нүднээ ил, андашгүй байдаг. Тэдгээр хийрхэгчдийн бусдад, нийгэмд учруулах аюул, хорлол, хөнөөл их
.
Өөрийн амьдралыг Даннинг-Крюгерийн эффектийн нөлөөнд орсныг ухаарахад нэн хүнд
. Үнэртэх төдий цалингийн төлөө дургүй ажлаа хийсэн болж өрнөөс өрийн хооронд өнөөдрийн амьдралдаа гоншгоногч хүмүүс байдаг. “Азгүй хувь заяанаасаа” болж нөхрөөрөө байнгын тень тавиулдаг нүдний цоггүй нэгэн ч бий. Хорвоогийн тоос хөдөлгөх төдий аз жаргалгүй өдрүүдийг барагч, учир утгагүй амьдралыг туулагч үлбэгэр дорой нэгэн ч байдаг. Олон ч хүн яагаад ийм байдалтай байгаагийнхаа шалтгааныг ойлгодоггүй, ямар нэг шалтаг хэлж тухайн нөхцөл байдалтайгаа эвлэрч хаацайлдаг.
Ийм байдалд хүргэсэн шалтгаанаа ойлгож ухаардаггүй, өөрөөр хэлбэл муухан амьдраад байгаа шалтгаан нь муу амьдраад байгаагаа ойлгож чадахгүй, ойлгосон ч эерүүлэн давуулж үнэлдэг, түүнээсээ болоод зөв шийдвэр гаргаж чадахгүйд байдаг. Хэрэв муу яваагийнхаа шалтгааныг ухаарч ойлгосон бол муу явах учиргүйсэн
. Дөнгөж саяхан ч бай, олон жилийн өмнө ч бай хийж өнгөрөөсөн үйлдэл, гаргасан шийдвэрээр өнөөгийн амьдрал нь чиглэгдэх суурь болдог. Аливаа хийсэн үйлдэл шийдвэр бүр үр дагавартай. Учир шалтгаангүй зүйл гэж үгүй билээ.
Холбоотой нийтлэл:
Гол нь шалтгаанаа мэдсээр байж тэндээсээ яаж гарах вэ гэж бодсоор л бодсоор л байгаад байдаг. Нэг л тийм хүч татаад сэрчих юмсан гэж бас л бодоод л бодсоор л байна.