2019 оны Гёте медалийн эздээр Монголын хэвлэн нийтлэгч, Адмон группийн ерөнхий захирал Роозонгийн Энхбат болон герман-турк зохиолч Доган Акханлы, Ираны уран бүтээлч, кино бүтээгч Ширин Нешат (эдүгээ АНУ-д ажиллаж буй) нар тодорлоо.
ХБНГУ-ын албан ёсны энэхүү медалийг олон улсын соёлын солилцоонд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст Гёте институт жил бүр олгодог билээ.
Энэ жилийн шагналтнуудыг “Утга зохиол болоод чин үнэн” сэдвийн дор шалгаруулжээ. Тус одон медалийг Гёте институтийн ерөнхийлөгч ноён Клаус Дийтер Леман 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр буюу Йоханн Вольфганг фон Гётегийн мэндэлсэн өдрөөр Ваймер хотноо гардуулах юм.
Тэрээр энэ жилийн Гёте медалийн эздийг нийтэд танилцуулахдаа: “Доган Акханлы, Ширин Нешат, Роозонгийн Энхбат нарын гурван алдартанд нийгмийн бодит байдалд шүүмжлэлтэй хандаж, “Утга зохиол болоод чин үнэн” гэсэн харилцан хамаарлын доор уран бүтээл болон үйл хэргээ олон улсын тавцанд хүргэн, идэвхтэй ажиллаж буйд нь талархаад энэхүү шагналыг олгож байна.
Энэ жилийн шагналтнуудыг тодруулахдаа аливаа хялбаршлын эсрэг дүйх үнэн зөв байдал, нарийвчлан судлах болон үйл хэрэгтээ тууштай байх явдлыг шалгуур болгосон.
2019 онд Гёте медалийг хүртэж буй эдгээр хүмүүс соёлын олон талт байдлыг харилцан ойлгуулах үүрэг хариуцлагаа ухамсарласны онцгой нэгэн жишээ болж байна. Тэд ялгаварлан гадуурхах үзэл болон хүчирхийллийн эсрэг тэмцэж, боловсрол, соёл урлагийн хүч бололцоог нэмэгдүүлэхээр хил хязгаарыг үл харгалзан хувь нэмрээ оруулж байна” хэмээжээ.
Шагнал гардуулах үндэслэл
Доган Акханлы нь туурвисан роман, эсээ, театрын жүжгүүд болон улс төрийн оролцоогоороо улс орнуудын харилцан ойлголцол, ялангуяа армян, турк, курд угсаатны хоорондох найрсаг харилцааг бэхжүүлэхэд олон жил хүчин зүтгэж байна. Гёте медаль олгох шалгалтын комисс “Тэгш эрхийн тухай асуудлаар дуугүй байдаггүй нэр алдартнууд бий” хэмээн дурдаад “Тэдгээрийн нэг нь герман-турк гаралтай зохиолч Доган Акханлы юм. Тэрээр өнгөрснийг эргэн санах болоод соёл хоорондын харилцаанд хялбар арга зам эрэлхийлэлгүйгээр хүчин зүтгэсэн. Түүний уран бүтээл нь бодит үнэний илрэл бөгөөд түүхийн гашуун үнэнийг роман, жүжиг, эсээндээ холбож, улс түмний харилцан ойлголцолд хувь нэмрээ оруулдаг.
Ширин Нешат өөрийн уран бүтээл болох кино, видео, гэрэл зургаараа улс төр болоод яруу найргийг тун чадварлаг холбодог. “Түүний өрнүүлж буй тэмцэл нь ертөнц хоорондын тэмцэл юм” хэмээн шүүгчид онцолжээ. “Түүний уран бүтээл нь исламын шашинт орнуудын эмэгтэйчүүдийн нөхцөл байдал төдийгүй исламын хэт нэг талыг баримталсан үзэл баримтлалын эсрэг чиглэдэг. Ийнхүү тэрээр барууны болон дорнын соёлын уламжлал хоорондох маргаантай асуудалд бүтээлчээр ханддаг”.
“Роозонгийн Энхбат нь Монголын иргэний нийгэм нээлттэй, шүүмжлэлтэй, хариуцлагатай байхын төлөө учирч болох хохирлыг үл харгалзан тууштай тэмцэгчдийн нэгд тооцдог
. Тэрээр сэтгүүл зүй болон хэвлэн нийтлэх ажлынхаа хүрээнд Монголын нийгэмд өрнөж буй гашуун үнэнийг олж тогтоох, тэр дундаа боловсролын тогтолцоог сайжруулахын төлөө ажилладаг. Түүний энэхүү хичээл зүтгэл нь үнэн зөв байдал, нарийвчлан судлах ба нягтлан тунгаах нэгэн жишээ болжээ” хэмээн шагналд тодорхойлсон байна.
Роозонгийн Энхбат
Роозонгийн Энхбат 1958 онд Улаанбаатар хотноо мэндэлсэн, хэвлэн нийтлэгч, Адмон группийн ерөнхий захирал юм. Тэрээр Лайпциг хотноо график, ном туурвих арга зүйн чиглэлээр суралцаж төгсөөд, зурагчин, МОНЦАМЭ агентлагийн эрхлэгчээр цөөнгүй жил ажиллажээ. Р.Энхбат нь 1996 онд Адмон хэвлэх үйлдвэрийг эрхлэх болж, улмаар 2000 онд Монсудар хэвлэлийн газрыг байгуулсан нь эдүгээ дэлхийн уран зохиол, толь бичиг, хүүхдэд зориулсан ном болон орчин үеийн сурах бичиг зэрэг зохиол бүтээлээрээ салбартаа тэргүүлэгч болон өргөжжээ.
2005 оноос Монгол улсад хамгийн томд тооцогдох Интерном номын сүлжээ дэлгүүрийг байгуулсан. Удаа дараагийн нийтлэл болон ярилцлагууд, олон нийтэд зориулсан арга хэмжээгээрээ Р.Энхбат Монголын боловсролын тогтолцооны шинэчлэл болон улс төрийн намын эсрэг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд хүчин зүтгэн ажилладаг. Учир нь тус улсад хараат бус, олон талт хэвлэл мэдээлэл болон олон нийтийн шүүмжлэлтэй байдал өнөө хэр нь бий болж чадаагүй бөгөөд энэхүү стандартыг бэхжүүлэх нь түүний гол зорилго юм.
Тэрээр Монголын нийгмийн хөгжил дэвшил соёл гэгээрлийн үр дүнд, тэр дундаа иргэн бүрийн бие даасан, хариуцлагатай байдлын үндсэн дээр хэрэгжинэ гэдэгт итгэдэг. Мөн боловсролын бодлогын хамгийн чухал даалгавар бол хүн бүрийн бие даасан байдлыг дэмжих хэмээн үздэг ба энэ салбарт олон жилийн турш хувь хүний болон хэвлэн нийтлэгчийн үүднээс хувь нэмрээ оруулж байна.
Р. Энхбат 2009 онд "Боловсролын давлагаа" хэмээх ТББ байгуулсан бөгөөд 2017 оноос Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх боловсролын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
Гёте медалийн тухайд
Гёте медалийг анх 1954 онд Гёте институтийн удирдах зөвлөлийн санаачилгаар олгож эхэлсэн бөгөөд 1978 оноос Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын албан ёсны одон медальд тооцогдох болжээ.
Тус шагналыг олгох ёслолын ажиллагаа жил бүрийн 8 дугаар сарын 28-ны өдөр их зохиолч Гётегийн мэндэлсэн өдөр Ваймар хотноо болдог бөгөөд Гёте институт тус хотын урлагийн наадамтай хамтран хөтөлбөрөө боловсруулан зохион байгуулдаг.
Уг шагналыг 1955 оноос олгож эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл нийт 66 улсын 351 эрхэм энэхүү шагналыг гардан авчээ. Үүнд Даниэль Баренбойм, Пьер Бурдьё, Дейвид Корнуэлл буюу Жон ле Карре, Эрнст Гомбрих, Ларс Густафссон, Агнеш Хеллер, Петрос Маркарис, Сэр Карл Раймунд Поппер, Хорхе Семпрун, Роберт Уилсон, Нил Макгрегор, Хелен Вольф, Юрий Андрухович, Ирина Лазаревна Щербакова зэрэг алдартан багтдаг.
Гёте медалийн тухай болон өнөөг хүртэл шагнал хүртэгсдийн тухай дэлгэрэнгүйг дараах холбоосоор үзнэ үү: www.goethe.de/goethe-medaille
Эх сурвалж: www.goethe.de
Сэтгэгдэл бичих