2019.06.17-19 хооронд зохиогдсон "ECB Forum on Central banking" форумын энэ жилийн гол панелистуудаар Европын төв банкны ерөнхийлөгч М.Драги, Английн төв банкны ерөнхийлөгч М.Карни, Америкийн төв банкны дэд ерөнхийлөгч байсан С.Фишер нар оролцож төв банк гэдэг институтцийн өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар ярилцаж байна.
С.Фишерийн илтгэл төв банкуудад одоо тулгарч байгаа сорилтуудын талаар байсан бөгөөд нэг том сорилт бол "Төв банкны хараат бус байдал"-ыг хадгалах явдал гэдгийг онцлов. Израйлийн тѳв банкийг амжилттай удирдаж, тус улсын макро эдийн засаг/санхүүгийн зах зээлийг босгож ирснээрээ алдартай, "Хараат бус тѳв банк" сэдвээр топ экспертүүдийн нэг юм. 1994 онд Австралийн тѳв банкны одоогийн дэд ерѳнхийлѳгч Г.Дэбеллэ болон С.Фишер нарын хамтран бичсэн "How Independent Should a Central Bank Be?" нэртэй ѳгүүлэл нь энэ сэдвийн тулгуур судалгааны нэг бѳгѳѳд, одоо ихэнх тѳв банкууд "Хэрэгслийн хувьд хараат бус байх ёстой" буюу бодлогын зорилтоо биелүүлэхэд ашиглах арга хэрэгсэл, түүнийг хэзээ хэрхэн ашиглах вэ гэдэг шийдвэрээ бие дааж гаргах нь оновчтой гэж анх тэдний дэвшүлсэн зарчимд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг. С.Фишер дараах 2 сонирхолтой жишээг ярьж байна:
1) Тѳв банкны хараат бус байдалд улстѳрч халдаад ѳѳдѳлсѳн орон үгүй
Л.Жонсон /1961-63 онд АНУ-ын Ерөнхийлөгч/ Төв банкны удирдлагыг "зажилж хаядаг" байснаараа алдартай байж. Нударгаа зангидах, хуруугаараа нүүр лүү нь чичлээд загнах нь хэвийн байсан гэнэ. Харин Р.Реган /1981-89 онд АНУ-ын Ерөнхийлөгч/-ы үед энэ байдал арай гайгүй болжээ. 1983 онд буюу Америкийн сонгуулийн өмнөх жил Холбооны нѳѳцийн сан /Fed/-ийн удирдлагыг Цагаан ордонд дуудаад, "Сонгууль хүртэл Бодлогын хүүгээ өсгөж болохгүй" гэж тушаасан байна. Тухайн үеийн төв банкны тэргүүн П.Волкер юу ч дуугаралгүй гараад алхчихаж. Хуулийн хамгаалалттай учир энэхүү улстөрийн дарамт нөлөөлөөгүй байна. Тэгвэл одоогийн АНУ-ын Ерөнхийлөгч Fed-ийн бодлогын хүүг бууруулахыг дахин дахин шаардаж байгаа нь төв банкны хараат бус байдалд халдаж байгаа, эдийн засагт сайн үр дүн авчрахгүй гэдгийг онцлов. "Эдийн засгийн өсөлт" сэдвээр аваргуудын нэг болох Нобелийн шагналт Р.Соловтой хоол идэх зуур, "Ийм улстөрч байгаа цагт Америкийн эдийн засаг уруудсаар хөгжиж буй орон болохвий" гэж санаа зовж байсныг иш татаж байна. Фишер өөрөө энэ магадлал яг хэд вэ гэдгийг мэдэхгүй ч, "магадлал эерэг" гэж байв. Тѳв банкны хараат бус байдалд улстѳрчид халдаад ѳѳдѳлсѳн улс орны түүх байхгүй гэдгийг сорилтын энэ цаг үед экспертүүд ийнхүү дахин нэг анхааруулж байна.
Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засгийн хувьд ч энэ зарчим хамаатай.
2) Зах зээл бол зах зээл, зохицуулагч бол зохицуулагч
Дараагийн нэг чухал зүйл бол дэлхий нийтийн анхаарлын тѳвд байгаа Fed-ийн энэ удаа /2019.06 сарын/-гийн шийдвэр ямар байх талаар байв. Америкт ѳсѳлт удааширч буй, ажил эрхлэлтийн статистик бага зэрэг муудсан, инфляци Тѳв банкны зорилтот түвшинд хүрэхгүй байгаа. Иймд бодлогын хүүг цаашид 3 удаа бууруулна гэдэг таамаглал/хүлээлт зах зээл дээр явж байгааг онцлов. Эхнийх нь энэ сард байх уу, дараа сард байх уу гэж хүртэл ярьж буй. Гэхдээ тэрээр одоо бодлого боловсруулагчийн карьераа орхиод зах зээл дунд /Blackrock/ ѳѳрѳѳ хутгалдаад явж буй хүний хувьд маркет "гайхалтай" хурдаар бодлоо өөрчилдөг гэдгийг ярьж байна. Нэг утасны дуудлага, эсвэл нэг хурлын дараа л бодол өөрчлөгдөнө. Хамгийн гол нь богино хугацааны үр дүнд үндэслээд урт хугацааны шидвэрээ дор нь өөрчилчихдөг. Үүнийг "herd behaviour" буюу сүргээрээ гаргаж буй замбараагүй үйлдлийн нэг хэлбэр бөгөөд, тэнцвэрт байдал нь байн байн шилждэг /тийм ч учраас зах зээлийг таах аргагүй, энэ нь ханш дээр ч, бондуудын үнэ дээр ч илэрдэг/ нэг жишээ гэв. Харин төв банкныхнаас энэ удаагийн шийдвэр ямар байх талаар асуувал тэд мэдээж урьдчилж хэлэхгүй, би ч асуухгүй гэж байна. Зах зээл бол зах зээл, зохицуулагч бол зохицуулагч. Тѳв банк эрсдэлийг үнэлээд зѳв гэж дүгнэсэн зүйлээ хийх нь зүйтэй гэдгийг дахин нэг онцолж байна.
Төв банк улстөрчид эсхүл зах зээлд оролцогчдын бодол гэхээсээ ирээдүйг харсан технократуудын суурь тооцоонд үндэслэж хараат бусаар, мэргэжлийн шийдвэрээ гаргах нь эдийн засагт үр өгөөжтэй.
Сэтгэгдэл бичих