Соёл гэдэг ойлголт. Соёл (культура) гэдэг ойлголт анх газар боловсруулж тариа тарихтай холбогдож латин хэлний cultura- хагалах, боловсруулах, арчлах, сайжруулах гэсэн утгатай үгнээс гарчээ. Дараа нь хүний гэгээрэл, боловсролын талыг харуулсан ойлголт болж хэрэглэгдэх болсон байна. Хожим соёл нь байгалийн гэдэг үгнээс ялгагдах утгатай болж хүний оюун ухаан, хөдөлмөрөөр бий болсон зүйлийг нэрлэх болжээ.
Хүн үйлдвэрлэлийн явцад төрөл бүрийн эд баялгийг бий болгож байдаг. Оюуны үйл ажиллагааны явцад оюуны янз бүрийн үнэт зүйл бүтээж байдаг. Ийнхүү хүний хөдөлмөрийн явцад бий болсон эдийн болон оюуны бүх баялгийг соёл гэнэ. Жишээ нь, ууланд ургаж байгаа мод бол байгалийн мод юм. Харин хүний тарьж ургуулсан таримал мод нь соёлын мод буюу соёл болно. Ингэхлээр мод тарьж ургуулахад хүртэл соёл хэрэгтэй болж байна. Жишээ нь, орос хүн байшин бариад хажууд нь мод тарихад жилийн дотор ургадаг, монгол хүн мод тариад байхад ургадаггүй нь мод тарих соёлын ялгаанд байгаа юм.
Бас соёлын зүйлийг эзэмших, хүмүүсийн амьдрал, үйл ажиллагаанд ашиглах арга хэлбэр, чадвар соёлд орно. Монголчууд бид гадаадын соёлын бэлэн ололтыг авчраад ашиглаж чадахгүй явдал байна. Жишээ нь, машин техникийг бүрэн эзэмшиж ажиллуулж чадахгүй эвдэх нь их байна. Орон сууц, сургуулийн ширээ, сандал зэргийн эд хөрөнгийг яаж ашиглаж байгааг харахад та бидний соёлын хоцрогдол тодорхой харагдаж байна. Мөн эдийн болон оюуны баялгийг үйлдвэрлэх дадлага, арга, хэрэгсэл соёлд хамаарна.
Соёл гэдэг бол зөвхөн хүний хөдөлмөрийн үр дүнд бий болсон эд баялаг биш.
Бас хүн өөрийн нь боловсрол, хөгжлийн түвшин юм. Ийм ч учраас соёлтой хүн, боловсролтой хүн гэж ярьдаг билээ. Хүн соёлтой төрөхгүй. Хүн болж төлөвших явцдаа боловсорч соёлтой хүн болно. Ингэхлээр, соёл гэдэг бол нэгд, Хөдөлмөрийн үр дүнд бий болсон эдийн болон оюуны баялаг, хоёрт, Хүний өөрийн нь хөгжлийн түвшин юм. Энэ хоёр бол соёлыг өргөн утгаар ойлгож байгаа ойлголт юмаа. Харин явцуу утгаар бол оюуны соёлыг соёл гэнэ.
Эдийн соёл нь хүн байгалийн хүчийг хэр зэрэг ашиглаж байгааг харуулна. Оюуны соёл нь хүн ертөнцийн юм, үзэгдлийг хэр зэрэг танин мэдэж байгааг, хүний мэдлэгийн цар хэмжээ, мэдлэгээ хэр зэрэг ашиглаж чадаж байгааг харуулна.
Монголын зарим бүтээгдэхүүн хэрэглэгчдэд гологдож байгаа нь, дэлхийн түвшинд хүрэхгүй байгаа нь монгол хүний соёлын түвшин муу байгааг харуулж байгаа юм.
Хэрэв чиний хийсэн ямар нэгэн юм бусад хүнд таалагдахгүй байвал чиний соёлын түвшин гологдож байгаа юм байна гэж ойлгоод соёлоо дээшлүүлэх хэрэгтэй болно. Жишээ нь, бичиг чинь муухай байна, алдаатай байна гэж багш юм уу, хэн нэгэн хүн хэлсэн бол би бичгийн соёлоор гологдож байгаа юм байна гэж дүгнээд бичгийн соёлоо дээшлүүлэх, хэрэв чиний хэлсэн үг, бусадтай харилцсан харилцаа чинь хүнд гологдсон бол харилцааны соёл дутагдаж байгаа юм байна гэж бодоод харилцааны соёлоо сайжруулах гэх мэт. Ингэж өөрийгөө үргэлж үнэлж цэгнэж, дутагдлаа дор бүр нь засаж байвал хүн сайн хүн болдог.
Гэтэл зарим сурагчийн толгойд “Чиний бичиг муухай байна” гэж хэлэхэд өөрөө муухай бичдэг байж гэсэн бодол харавсан юм шиг зурсхийн орж ирдэг. Ингэж өөрийгөө өмөөрсөн санаатай хүүхэд дутагдлаа засаж сайн хүн болохгүй.
Соёлын ангилал
Соёлыг материаллаг (эдийн), оюуны соёл гэж ангилдаг. Хүний бий болгосон бүх материаллаг зүйл, өөрөөр хэлбэл эд, юмсыг материаллаг соёл гэнэ. Оюуны соёл гэдэг бол хүний оюун ухааны бүтээгдэхүүн юм.
Оюуны соёл гэдэгт: боловсрол, шинжлэх ухаан, хэл, мэдлэг, итгэл үнэмшил, үзэл, шашин шүтлэг, хууль, ёс суртахуун, урлаг, утга зохиол, тэдгээрийн байгууллага орно. Тэдгээрийн байгууллага гэвэл жишээ нь, эрдэм шинжилгээний хүрээлэн, сургууль, номын сан, театр гэх мэт болно. Мөн оюуны соёл гэдэгт дээр дурдсан бүх зүйлийн хөгжлийн хэмжээ, түвшин, аливаа зүйлийг хийх арга, технологи1, мэдлэг, дадлага, туршлага, зан заншил, ёс журам орно. Монгол дархны ойлголтоор бол хөдөлмөрийн багажаа өөрөө хийж байгаа дархан жинхэнэ дархан болдог юм гэсэн.
Энэ чавдар бол жинхэнэ монгол дархны соёл юм. Манайхан өөрийн өвөг дээдсийн үе залгамжлан хэрэглэж хөгжүүлж ирсэн сургах, хүмүүжүүлэх арга, технологийг хөгжүүлэн хэрэглэхгүй гадаадын арга, технологийг хуулбарлан хэрэглэж байгаа нь манай сургалт, хүмүүжлийн ажил олигтой болохгүй байгаагийн нэг шалтгаан болж байна.
Соёлын хөгжлийн зүй тогтол
Соёл нь харьцангуй тогтвортой ч өөрчлөгдөн шинэчлэгдэж, байнга хөгжиж байдаг зүй тогтол бүхий үзэгдэл юм. Соёлын энэ тогтвортой тал нь түүний өв уламжлал болно. Соёлын өв уламжлалгүйгээр соёл оршин байж, хөгжиж чадахгүй. Хоосон хөрсөн дээр шинэ, өндөр хөгжсөн соёл бий болно, хөгжинө гэж байхгүй.
Оюуны соёлын хөгжилд хоёр зүйл голлон нөлөөлнө үүнд: 1. Оюуны соёл нь материаллаг соёлын хөгжилд үндэслэн хөгжинө. 2. Оюуны соёл харьцангуй биеэ даасан шинжтэй. Ийм учир өөрийн хөгжлийн зүй тогтлын дагуу, өөрийн өв, хуримтлуулсан ололт дээрээ тулгуурлан залгамжлагдан шинэчлэгдэж хөгжинө.
Нийгмийн амьдралд соёлын гүйцэтгэх үүрэг
Нийгэм хөгжих тутам соёл хөгжиж байдаг. Соёлын хөгжил эргээд нийгмийн хөгжилд нөлөөлж байдаг. Соёл нь нийгмийн чухал үзэгдлийнхээ хувьд нийгмийн амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Соёлын нийгмийн амьдралд гүйцэтгэх үүрэг нь:
Хүн төрөлхтний мэдлэг, дадлага, туршлагыг хадгалж үеэс үед, нэг улс орноос нөгөө улс оронд дамжуулан эзэмшүүлэх, мэдээлэлжүүлэх, гэгээрүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Үүний үр дүнд соёлын өв хуримтлагдан хадгалагдаж, үе дамжин өвлөгдөн хөгжиж байдаг.
Соёл шинэ үеийн хүмүүст мэдлэг, туршлага олгоно. Хүмүүс тэр мэдлэг, туршлага дээрээ тулгуурлан шинэ шинэ мэдлэг, туршлага олж авна. Ингэж соёл танин мэдэхүйн үүрэг гүйцэтгэнэ.
Соёлын үнэт зүйл, соёлын байгууллагууд хүнийг хүмүүжүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Соёлын дээрх үүргээс үзэхэд соёл нь хүнийг төлөвшүүлэх, хөгжүүлэх үүрэг гүйцэтгэж байна. Хүний бие махбодийн хөгжил нь хүний биологийн хөгжлийг харуулдаг бол хүний соёлын хөгжил нь хүний нийгмийн иргэншилт, соёлт түвшин, хөгжлийг харуулна.
Соёл гэдэгт нийгмийн бүх харилцаа, тэдгээрийг зохицуулах бүх арга, хэрэгсэл орно. Ингэж авч үзвэл соёл нь хүмүүсийн хоорондын харилцааны хэм хэмжээ, арга барил, нийгмийн дэмжиж байгаа сэтгэхүй, зан үйлийг дэмжин дэлгэрүүлэх замаар зохицуулах болон хэм хэмжээний үүрэг гүйцэтгэнэ.
Соёлын үр дүн болсон хүний жинхэнэ болон зохиомол хэл, техник, шинжлэх ухааны хэлээр хүмүүс өөр хоорондоо харилцдаг болохоор соёл нь харилцааны хэрэгслийн үүрэг гүйцэтгэнэ.
Соёлын нийгэмд гүйцэтгэх үүргийг тодорхой харуулахын тулд оюуны соёлын зарим нэг бүрэлдэхүүн хэсгийг тусгайлан авч үзэх болно.
Төрийн соёлын бодлого
Монгол Улсын төр соёл бол Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын нэгэн баталгаа, монголчуудын үндэсний бахархал, эв нэгдлийн уг сурвалж, хөгжил дэвшлийн нэг чухал хөшүүрэг болох учир нийгмийн хөгжил, дэвшилд чухал үүрэгтэй гэж соёлын нийгмийн амьдралд гүйцэтгэх үүргийг тодорхойлсон байна.
Манай нийгмийн амьдралд соёл ийм чухал үүрэг гүйцэтгэх учир төр соёлын талаар явуулах бодлогодоо: 1. Соёлын өв уламжлал, ёс заншил, түүх, соёлын дурсгалт зүйл, сан хөмрөгийг хайрлан хамгаалж хөгжүүлэх; 2. Иргэн бүрийг багаас нь үндэсний соёлын мэдлэг, мэдрэмж, хүмүүжилтэй болгож соёлын өвийг үр удамдаа өвлүүлэх; 3. Үндэсний соёлыг дэлхийн соёлын ололттой хослуулан хөгжүүлэх; 4. Хүн амд соёлоор үйлчлэх, соёлыг түгээн дэлгэрүүлэх төрөл бүрийн арга хэмжээ авч байхаар заасан байна.
Тайлбар: 1 технологи гэдгийн техно гэдэг нь арга барил, логи гэдэг нь сургаал гэсэн утгатай. Нэр томъёоны комисс технологи гэдгийг үйлдвэрлэх дүй гэж тогтоосон. Тэгвэл технологи бол юм хийх арга барилын тухай сургаал юм. Жишээ нь, хөдөлмөрийн аюулгүйн техник, биеийн тамирын аюулгүйн техник гэдгийн техник нь машин техник биш шүү дээ.
Хэл соёлын амин сүнс болох нь
Хэлний тухай ойлголт: Хэл яриа бол соёлын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Соёлыг бий болгох, бие биедээ болон хойч үедээ дамжуулах, хуримтлуулах, хадгалах, хөгжүүлэх чухал хэрэгсэл бол хэл байдаг билээ. Хэл бол хүн бодол санаагаа илэрхийлэх хэрэгсэл юм. Хүмүүс бие биетэйгээ хэлээр харилцдаг. Монголчууд “Хүн хэлээрээ, мал хөлөөрөө” учраа ололцдог гэдэг.
Хэлний үүсэл: Хэл нь хүмүүсийн хамтын хөдөлмөр, хамтарч аж төрөх шаардлагаас үүсэж хөгжиж байдаг. Хүмүүс бодол санаагаа мэдэлцэж байж хамтарч хөдөлмөр хийнэ, хамтарч амьдарна. Ингэж бодол санаагаа ойлголцох, солилцох хэрэгсэл болж хэл яриа үүссэн. Энэ хамтарч ажиллах, хамтарч амьдрах шаардлагын дагуу эхлээд дохионы хэл, яваандаа хэл яриа үүссэн байна.
Хэлний нийгмийн үүрэг:Хүн юмыг мэдэхэд мэдлэг буюу тэр юмны дүр тархинд1 үүснэ. Энэ дүрийг гадагш үг буюу холбоо үгээр илэрхийлнэ. Жишээ нь, хүн өлсөхөд өлсөж байгаа дүр тархинд үүснэ. Энэ дүрийг би өлсөж байна гэж гадагш илэрхийлнэ. Үг хэлэхэд хүний тархинд байгаа юмны дүр үүсдэг болохоор хүн үгийг зөв хэлж сурах нь маш чухал байдаг. Гэтэл зарим хүн монгол хүн буруу хэлж зөв ойлгодог гэж хэлдэг нь түмэн буруу юм.
Зөв хэлж, зөв ойлгуулж байх хэрэгтэй. Яагаад гэвэл буруу хэлбэл тэр үгний цаана толгойнд1 байгаа дүр үүсэхгүй. Жишээ нь, дээр үед хөдөөний нэг залуу цэрэгт явж ирээд “Хотонд байгаа цагаан юм” гэж хэлсэн гэсэн онигоо маягийн үг байдаг. “Хотонд байгаа цагаан юм” гэж хэлэхэд хотонд байгаа хонины дүр үүсэхгүй, харин хонь гэж хэлэхэд сая хонины дүр үүснэ.
Хүн бодол санаагаа үг буюу холбоо үгээр илэрхийлдэг болохоор үгийн цаад утгыг сайтар ухаарч байж сонсож байгаа хүний толгойнд ямар дүр буюу санаа үүсэхийг мэдэж байж хэлэх ёстой. Жишээлбэл, орчин үеийн зарим нэг хүүхэд, залуучуудын амны уншлага болсон “Алъя” гэж хэлэхэд сонсож байгаа хүний толгойнд алуулж байгаа дүр үүснэ, “Хулгайч” гэж хэлэхэд энэ намайг хулгайч гэж боддог юм байна гэсэн бодол санаа үүснэ. Бас эмэгтэй хүний нэг нууц эрхтний нэр хэлж байгаа юмны учрыг ухаардаггүй ухвар мөчид хүмүүс тэгж хэлдэг нэг үг байдаг гэсэн ухаантай болохоос биш, уг үг юу гэсэн утгатай үг, хүнд ямар ойлголт өгдгийг ухаардаггүй бололтой. Орос хүн энэ хараал юм уу, уулга алдалтыг олонтоо хэлдэг боловч олны газар, эмэгтэй хүний дэргэд огт хэлдэггүй нь тэдний соёлтойг харуулж байна.
Гэтэл манай “орос хэлтнүүд” орос хэл мэддэгээ гайхуулж байгаа болохоороо, бас соёлгүй болохоороо энэ үгийг үг хэлж болдог газар бүхэнд “амны уншлага” мэтээр хэлдэг, тэр ч байтугай ээж, эгч, охин дүүгээ энэ үгээр “ерөөдөг” нь тун харамсалтай. Ер нь ийм ухвар мөчид хүмүүсээс болоод хүүхэд хэлэнд орохдоо “Алъя”, “Хулгайч” гэж хэлэнд ордог, ээжийнхээ мээмийг хөхөж байгаа учир мэдэхгүй нялх амьтан мээмний сүү татраад ирэхийн цагт аавыгаа дуурайгаад “Муу хулгайч, чамайг ална шүү” гэж хэлдэг болох байх гэж хэлэхэд нэг их дэгсдэхгүй шахам болж байна.
Үг хэлэхэд уг үгийн төлөөлж байгаа дүр үүсдэг болохоор үгийг хамаагүй хэлж болдоггүй, хэлж болдог үг, хэлж болдоггүй үг гэж байдаг. “Агт алдвал барьж болдог байхад ам алдвал барьж болдоггүй” юм гэсэн. Үгээр хүнийг алж ч болдог, анагааж ч болдог. “Мэсний шарх амархан эдгэдэг байхад сэтгэлийн шарх насан туршид эдгэхгүй” байх талтай. Жишээлбэл, хүүхдэд согтуу аав нь юм уу, хэрцгий ах нь “Ална шүү” гэхэд хүүхэд бэмбэгнэлтэл чичирдэг байхад “Ильеэ” гэж хэлэхэд гүйж ирээд илүүлж байх жишээтэй.
Хэл өөрөө соёл.
Монгол хэлээ сайн мэдэж, утга төгөлдөр ярьж сурах нь хэлний соёлын нэг гол үзүүлэлт юм. Утга төгөлдөр зөв хэллэг хүнд сонсголонтой, яруу сайхан сонсогддог байна. Ийм учир Б. Ренчин доктор “Чихнээ чимэг болсон яруу сайхан монгол хэл” гэж хэлсэн байдаг. Гэтэл орчин үед гадаад үгийг махчилан орчуулж хэлэх нь их болсон нь “Чихнээ чимэг болсон яруу сайхан монгол хэлийг” чихэнд чийртэй монголжуу маягийн хэл болгон хувиргаж байна.
Жишээ нь, маш сайхан, тун сайхан гэсэн утгатай үгийг аймаар сайхан гэх мэтээр ярьдаг. Жишээ нь, “Аймаар сайхан найзтай болоод, аймаар сайхан бааранд ороод, аймаар сайхан хоол идээд, аймаар сайхан баардлаа” гэх мэтээр ярьж байна. Бас Ренчин доктор дээр үед “МОНЦАМЭ-гийн модон хэл гэж байдаг, монголын махан хэл гэж байдаг” гэж МОНЦАМЭ-ийн махчилсан орчуулгыг шүүмжилсэн юм гэсэн. Тэр үед ганц МОНЦАМЭ байсан бол одоо олон МОНЦАМЭ буюу олон телевиз, радио, сонин, сэтгүүл бий болж тэр үеийн МОНЦАМЭ-гээс долоон дор “модон” хэлтэй болжээ. Жишээ нь:
"Монгол хэл их хүмүүнлэг, энэрэнгүй шинжтэй буюу хүнтэй холбоотой хэллэг амьтантай холбоотой хэллэгээс өөр, тухайлбал, эмэгтэй хүн мал шиг төрдөггүй амарждаг байхад одоо малтайгаа адилхан “төрдөг” болсон, хүн нохой шиг үхдэггүй нас бардаг байхад “Манай аав машины аваарт орж үхсэн” гэх юм уу, энэ хүнийг хэн гэдэг бэ? гэдгийн адил “энэ нохойг хэн гэдэг бэ?”, “энэ морины нэрийг хэн гэдэг бэ?” гэж асуугаад, ээж, ааваа хүртэл “чи” гэж дуудаад,“УИХ-д нэр дэвшсэн Дорж эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг”, “Манайх 1-р хороололд амьдардаг” гэх мэтээр ярьж, бичдэг болжээ."
Мөн ярианы хэл бичгийн хэлнээс ялгаатай байдаг байтал нэвтрүүлэгчид, мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа хүмүүс бичгийн хэлээр, “ба”, “бөгөөд” гэх мэтээр, зарим өгүүлбэрт 2-3 “бөгөөд” оруулаад ярьдаг болжээ. Сүүлийн үед “бөгөөд” гэдэг үг маш их “гүйлгээтэй” болж зарим нэгэн нэвтрүүлэг 20-30 гаруй “бөгөөд”-тэй болж тун ихээр баяжиж байна.
Тайлбар: 1 Энд гарч байгаа тархи, толгой гэсэн хоёр үг нэг маягийн ойлголт юм.
Мэдлэг бол оюуны соёлын нэг гол зүйл болох нь
Мэдлэгийн тухай ойлголт: Ертөнцийн юм, үзэгдэл янз бүрийн шинжтэй байдаг. Энэ юм, үзэгдлийг хүн судлахад хүний толгойнд тэр юм, үзэгдлийн дүр үүснэ. Тэр дүрийг уул юм, үзэгдлийг мэдсэн мэдлэг гэнэ. Жишээ нь, хүн алимыг харахад алимны өнгө, хэлбэрийн дүр толгойнд бууж улбар шар өнгөтэй, бөөрөнхий хэлбэртэй юм байна гэсэн мэдлэг үүснэ. Мөн идэж үзэхэд эсгэлэн чихэрлэг амтай юм байна гэсэн дүр толгойнд бий болно. Энэ мэтээр алимны үнэр мэтийн бусад бүх шинжийн дүр толгойнд үүснэ. Энэ шинж нэг бүрийн дүр нийлээд алимны бүхэл бүтэн дүр буюу алимны тухай мэдлэг бий болно. Ингэхлээр, ертөнцийн юм, үзэгдлийг хүн таньж мэдсэний үр дүнгийг мэдлэг гэдэг юм байна.
Мэдлэг соёл хоёр: Мэдлэг соёл хоёрын уялдаа холбоог нэгд, мэдлэг бол соёлын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг, хоёрт, мэдлэг бол соёлыг бий болгогч гэсэн хоёр утгаар ойлгож болох юм.
-Мэдлэг нь оюун санааны зүйл гэдэг утгаар оюуны соёлын нэг бүрэлдэхүүн хэсэг болно.
-Мэдлэг нь соёлын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг болохын хамтад соёлыг бий болгодог нэг чухал зүйл нь юм. Хүн аливаа юм хийхдээ мэдлэг, тэр мэдлэгийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа гэсэн хоёр юм хэрэглэнэ. Жишээ нь, байшин барина гэхэд нэгд, байшин, түүнийг барих мэдлэг, хоёрт, байшин барих үйл ажиллагаа хоёр нийлсний үр дүнд байшин барина.
-Хүн ямар нэгэн юм хийхдээ тэр юмны тухай, бас түүнийг яаж хийх тухай мэдлэгтэй байх ёстой. Мэдлэггүйээр юм хийж болохгүй. Монгол ойлголтоор бол, “Эдээ мэдэхгүй оролдвол эвдэнэ эхнэр нөхрөө мэдэхгүй оролдвол салчихна”.
Бас “Эд мэддэггүй хүн эдийн нэрийг гутаадаг” юм гэсэн. Нэг ухаантай хүн “Хамгийн муу барилгачин хамгийн сайн зөгийнөөс юугаараа ялгагдах вэ гэвэл барилгачин хүн эхлээд барилгаа толгойндоо бариад дараа нь газарт барьдгаараа ялгагдана” гэж хэлсэн юм гэнэлээ. Өөрөөр хэлбэл, зөгий үүрээ зөн билгийн хүчээр “барьдаг” байхад хүн оюун ухаан буюу мэдлэгийн хүчээр барьдаг байна. Бярын хүчээр нэгийг хийдэг байхад ухааны хүчээр олныг хийдэг гэсэн үг ч байдаг. Энэ утгаар мэдлэг бол аливаа юм хийх чадвар, хүч юм. Мэдлэгтэй хүн хүчтэй хүн болдог.
Мэдлэг, түүнийг хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа хоёрын үр дүнд эд юм бий болно. Энэ эд юмыг эдийн соёл гэдэг гэж бид өмнө дурдсан билээ. Ер нь хүний хөдөлмөрийн үр дүнд бий болсон юмыг хүний оюун ухааны биелэл гэдэг утгаар биежсэн оюун ухаан1, юм болж хувирсан оюун ухаан гэж үздэг юм. Жишээ нь, маш их ухаантай гэж хэлж болох компьютерээр үл барам ширээ, сандал хүртэл юм болоод хувирчихсан, компьютер, ширээ, сандал болоод хувирчихсан оюун ухаан болж байна. Ийм болохоор ухаантай хүний хийсэн юм, ухаан муутай хүний хийсэн юм өөр өөр болдог билээ. Энэ утгаар мэдлэг бол соёлыг бий болгогч гэж хэлж байгаа юм.
Аливаа юм хийхэд биеийн хүч, оюун ухааны хүч гэсэн хоёр хүч шаардагдана. Эрт үед биеийн хүч их шаардагддаг байсан бол орчин үед биеийн хүчийг машин техник орлох болсон учир оюун ухааны хүч илүү ихээр шаардагдах болжээ. Дээр үед хамгаас хүчтэй, бүхнийг чаддаг юмыг бурхан гэж ойлгож байсан үед “Дархан хүн бурхан ухаантай” гэсэн ойлголт гарсан байна. Өөрөөр хэлбэл,”Бурхан ухаантай” гэдэг нь бүхнийг чаддаг ухаантай гэсэн үг болж байна.
Орчин үед энэ дархан гэдэг үгийг мэргэжилтэн хүн гэдэг утгаар ойлгох болсон болохоор “Мэргэжилтэн хүн бурхан ухаантай” болжээ. Мэдлэг дангаараа хүнд хэрэг болохгүй. Тэр мэдлэгийг ашиглах чадвар маш чухал байдаг. Энэ мэдлэг, түүнийг ашиглах чадвар хоёрыг мэргэжил гэж ойлгож болох юм. Нэгэнт байдал ийм болсон учир орчин үеийн хүн өргөн мэдлэгтэй байхын хамтад тодорхой нэгэн мэргэжилтэй, тэр мэргэжилдээ гаршсан буюу мэргэшсэн байхаас өөр арга байхгүй болж байна.
Юмыг гол нь оюун ухааны хүчээр хийдэг болсон орчин үед сурагч хүн өргөн мэдлэгтэй болохын хамтад өөрийн сонирхол, чадалд тохирсон ямар нэг мэргэжилтэй болохгүй бол сургууль төгссөн хойноо ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ.
Манай ажилгүйчүүдэд яагаад ажил олдохгүй байна вэ? гэвэл гол нь мэргэжилгүйгээс болж байгаа юм. Манай ажилгүйчүүд гадаадад гараад ажил олдгийн учир гэвэл тэндэхийн нутгийн хүмүүс мэргэжил мэдлэгтэй учир манайхны хийдэг “хар бор” гэж хэлдэг мэргэжил шаардахгүй ажлыг хийдэггүйд байгаа болно.
Тайлбар: 1
Биежсан оюун ухаан гэдэг нь оюун ухааны хүчээр бий болсон юм гэсэн утгатай үг. Ер нь ертөнцийн юм, үзэгдлийг материаллаг юм, оюун санааны юм гэж хоёр хуваадаг. Материаллаг юм гэвэл хүнээс, хүний оюун ухаанаас хамаарахгүй өөрөө байж байдаг биетэй юм уу, бодислог юмыг хэлнэ. Оюун санааны юм гэвэл энэ материаллаг юмны хүний толгойнд тусаж үүссэн дүрийг хэлнэ. Энэ оюун ухааны юм нь материаллаг юм шиг бариад авах биегүй буюу физик, химийн шинжгүй байдаг. Бас энд дурдсан мэдлэг, оюун ухаан, ухаан гэсэн ойлголтууд нэг маягийн ойлголт юм.
Боловсрол, соёл хоёр
Боловсрол бол соёлын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг болохын хамтад соёлыг хүн амд эзэмшүүлэх, соёлыг үе дамжуулах, хөгжүүлэх хэрэгсэл юм. Учир нь гэвэл боловсролтой хүн соёлын ололтыг эзэмшиж ашиглаж чадна, боловсролтой хүн соёлыг хөгжүүлнэ.
Боловсролын тухай ойлголт: Хүний үндсэн эрх, амин чухал хэрэгцээний нэг нь сурч боловсрох хэрэгцээ юм. Яагаад гэвэл: Нэгд, хүн зохих мэдлэг, тэр мэдлэгээ ашиглах чадварын хүчээр аливаа юм хийнэ, хүний ёсоор амьдарч чадна. Хоёрт, хүн нь нийгмийн амьтан болохоороо нийгмийн дотор амьдрах ухаан, чадвартай болох хэрэгтэй. Ийм ухаан, чадвар гэвэл хүмүүжил, тухайн нийгэмд хүмүүсийн баримталдаг зан заншил, уламжлал зэрэг болно. Энэ хоёр утгаар авч үзвэл: хүн шинэ мэдлэг, хүмүүжил, чадвар, дадлыг эзэмшиж, түүнийгээ насан туршдаа сэлбэн хэрэглэхийг боловсрол гэнэ.
Боловсрол бол хүнийг хөгжүүлэх, хүнийг нийгэмшүүлэх зорилготой процесс юм. Өөрөөр хэлбэл, хүнийг үйлдвэрлэлд оролцогч хүн болгон, нийгмийн иргэн хүн болгон, гэр бүлийн гишүүн хүн болгон бэлтгэнэ гэсэн үг. Ийм болохоор боловсрол олон талтай, бүхэл бүтэн шинжтэй процесс юм.
Боловсролын хэрэгжилт: Боловсролыг албан болон албан бус аргаар олж авна. Хүн сургуульд сурах зэргээр боловсрол эзэмшихийг албан ёсны арга гэнэ. Харин хүн өөрөө бусад хүн, гэр бүл, нийгмийн нөлөөний дор боловсрохыг албан бус боловсрол гэнэ.
Боловсрол олгох процесс нь сургалт юм. Сургалт нь мэдлэг олгох, хүмүүжил олгох гэсэн хоёр талтай процесс байдаг. Хүнд зөвхөн мэдлэг хангалттай биш. Яагаад гэвэл: хүн мэдэхийн тулд мэддэггүй, харин ашиглахын тулд мэддэг юм. Ийм болохоор мэдлэгээ ашиглах чадвар маш чухал байдаг. Үнэндээ мэдлэгээ ашиглах чадваргүй буюу ашиглахгүй байгаа хүн бол номоос ялгарах ялгаагүй гэсэн үг.
Мэдлэг хүмүүжил хоёр нийлж байж боловсрол болно.
Өөрөөр хэлбэл, боловсрол гэдэг нь хүүхдийг хүн болгоно гэсэн үг. Хүүхэд эхээс гарахдаа биологийн амьтан болж гардаг. Хүүхэд хүнээс гарсан учраас хүн болдоггүй. Харин хүний дотор буюу нийгмийн дотор бойжиж сурч, хүмүүжсэний үр дүнд хүн болдог байна. Үүнийг та нар “Нийгмийн тухай мэдлэг” гэсэн сурах бичигт байгаа “Ширэнгийн хүүхдүүд” гэсэн гарчгаас мэдсэн биз. Тэгвэл боловсрол буюу сургалт гэдэг нь хүүхдийг хүн болгоно гэсэн үг байх нь. Хүн болгоно гэдэг нь хүнд хэрэгтэй бүхнийг олгоно гэсэн санаа. Тэгвэл орчин үеийн хүнд хэрэгтэй бүхнийг олж авч чадаагүй бол би хүн болоогүй байгаа юм байна гэж ойлгож байвал бас ч хүн болох төлөвтэй байгаагийн нэг илрэл юм.
Энэ хүнд хэрэгтэй бүхнийг олж авахгүй бол хүн шиг хүн болохгүй. Хүн дүрстэй адгуус хэвээрээ үлдэнэ гэсэн үг. Ийм хүн аав ээждээ, ах дүүдээ, хань ижилдээ, бусад хүнд, ажлын газар, нийгэмд гологдоод байдаг. Тун наад зах нь хүн гэдэг амьтан өөрийн хүчээр хоолоо олж иддэг, амьдардаг жамтай. Энэ бол хүний ёс. Гэтэл ажил хийх чадвартай мөртөө ажил хийхгүй бусдын хүчээр амьдрагсад хатуухан хэлэхэд хар ялаанаас долоон дор. Яагаад гэвэл хар ялаа хүртэл өөрөө хоолоо олж иддэг шүү дээ. Адгуусан амьтан өөрөө хоолоо олж идэхгүй бол байгалийн хуулийн дагуу сөнөнө. Харин манайд аав, ээж, ах, дүүгээ мөлжөөд, бусдын “Хоолыг буудаад” амьдрах бололцоо бий учир амьтнаас долоон1 дор “амьтад” байгаад байгаа юм. Ийм амьтад бусдын амьдрал сайжрахад, нийгэм хөгжихөд саад болоод байгаа юм.
Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого: Нийгэм хөгжих тутам, нийгмийн амьдрал нарийсаж, олон талтай болох тутам хүн амдаа боловсрол олгох, соёлын ерөнхий түвшинг дээшлүүлэх явдал улам чухал болж байдаг. Нөгөө талаас хүн амын боловсрол, соёлын ерөнхий түвшингийн хэмжээнээс нийгмийн хөгжил ихээхэн хамаарна. Ийм учраас манай төр боловсрол бол иргэн бүрийг бүхий л талаар хөгжүүлэх, нийгмийн хөгжлийг хурдасгах, материаллаг болон оюуны баялгийг бий болгох чухал эх сурвалж, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа хэмээн үзэж :
-Боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх,
-Боловсролыг төрийн ивээл, бүх талын дэмжлэг дор байлгах,
-Иргэдэд суурь боловсрол заавал эзэмшүүлэх,
-Бүх нийтийн ерөнхий боловсролыг иргэдэд үнэ төлбөргүй олгох мэтийн зорилт тавин ажиллаж байна.
Боловсролыг нийгмийн талаас нь аваад үзвэл нийгэм нь өөрийнхөө шинж чанар, хэрэгцээнд нийцсэн хүнийг бэлтгэх явдал
мөн. Хувь хүний талаас аваад үзвэл боловсрол нь хувь хүний эрх ашиг, хэрэгцээг хангасан, түүний сайн сайхан амьдрахын үндэс, баталгаа юм. Энэ утгаар хувь хүн боловсролтой болох, сурч, хүмүүжихийг эрхэмлэх учиртай. Ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгодог, бүх сурагчийг үнэ төлбөргүй үдийн цайгаар цайлдаг, төлбөртэй мэргэжил олгодог сургуульд сурах санхүүгийн бололцоогүй зарим хүүхдэд төрөөс зээл олгох, сургалтын төлбөрийг өгдөг манай сайхан нийгэмд төрсөн заяандаа бахархаад сурагч нэг бүр чармайн сурах нь ирээдүйд хүний ёсоор сайхан амьдрахын нэг баталгаа, нийгмийн өмнө хүлээх үүрэг юм. Гэтэл зарим нэгэн хүүхэд энэ сайхан завшааныг бүрэн ашиглахыг бодохгүй, биеийн амрыг харах, өнөөдөр зовж юм сураад авбал нэг насаараа сайхан амьдрана гэдгийг ухаарахгүй, “Нар үүрд мөнх байж байг, Ээж үүрд мөнх байж байг, Би үүрд ээжээ “хөөхөөд” байж байна” гэх мэтээр дуулдаг шигээ сэтгээд “Амандаа орж ирсэн шар тосыг хэлээрээ түлхээд гаргаж байна”. Уул нь монгол ардын ухаанаар бол “Өглөөний наран наран биш байдаг, Өсөхийн жаргал жаргал биш байдаг”, бас “Өвстэй газар мал тогтдоггүй, жаргалтай газар хүн тогтдоггүй” юм гэсэн. Ухаан муутай хүний жаргал нь дэндээд ирэхээрээ “Эрхийн тэнэг болдог” юм гэж манай өвөг дээдэс сургаж иржээ.
Тайлбар: 2
Долоо гэдэг нь долоон ширхэг гэсэн үг биш, харин олон гэсэн утга. Жишээ нь, “Долоон ховдог” гэдгийг долоон хүн ховдог байдаг, харин найм болчихвол ховдог биш болдог гэж ойлгож болохгүй. “Далан худалч” гэдэг нь олон худал хэлдэг гэсэн санаа юм.
Тус боллоо баярлалаа❤
Үнэхээр их баярлалаа Маш их тус боллоо
Энэ сэдвээр өөрийн үзэл бодлоо хуваалцсанд баярлалаа. Гэхдээ жишээ хэлцийг нэг дор ямар их оруулдаг юм бэ?
Баярлалаа хэрэг боллоо
Уул уурхайгаар эдийн засгаа бүрдүүлдэг улсуудыг хараад байхад аажимдаа өр зээлэнд баригдаж хөгжингүй хүчирхэг улсуудын хараат байдалтай болчих юм. Үүний нэг жишээ бол Манай улс. Манай гол экспортын бүтээгдхүүн нүүрснээс гэхэд л дэлхийн хэд хэдэн улс татгалзаад байна. Тэгэхээр бид олон нэрийн бараа бүтээгдхүүн үйлдвэрлэж сурах хамгийн дэвшилтэт шинэ технологууд оруулж ирж чанартай сайн бараа үйлдвэрлэж сурах,олон зуун сая хүн амтай хөрш улсууд руугаа экспортын бодлого явуулах зэрэг одоо л амжиж хийх олон чухал асуудал бий болоод байна. Энэ талаар төр засаг маань шинэ бодлого явуулахаар сэрж эхлээд байна.
Сайхан нийтлэл байна. Их баярлалаа
Үнэхээр сайхан нийтлэл байна. Баярлалаа.
Мундаг юмаа.
Ямар найруулга муутай бичдэг юм бэ?
Хүнд мэдлэг өгч чадахаар үнэхээр гоё нийтлэл болжээ.
үнэхээр их баярлалаа. их хэрэгтэй гоё нийтлэл байна. соёлыг маш өргөн тайлбарласан байна. хадгалж аваад сайн уншиж, мэдлэгийн хүрээндээ нэмэлт оруулах болноо.