Нийтлэл 06 сарын 27, 2019

Г.Батбаяр: Одоо л Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн их эрх мэдлийг маш сайн хязгаарлах хэрэгтэй

Хуульч өмгөөлөгч Г.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өмгөөлөгч гэдэг хүн нийгэмд, олон нийтэд яаж нөлөөлж, яг юу хийдэг хүнийг өмгөөлөгч гэж тодорхойлдог юм гэдгээс хоёулаа яриагаа эхлэе?

Өмгөөлөгч гэдэг бол хүний жам ёсны эрхийг хамгаалагч.  1947 онд батлагдсан хүний эрхийн түгээмэл тунхаглалыг дагаж мөрдөхөөс гадна бусад хууль тогтоомжийн хүрээнд хүнийг эрхийг дээдэлж өмгөөллийн үүрэг гүйцэтгэнэ. Мэдээж хэрэг хууль сахин биелүүлэх, шударга ёс тогтоох үнэний талд зогсох үүрэг бүхий хүнийг хэлнэ дээ.

Миний анзаарсанаар өмгөөлөгч  хоёр талын маргааныг шийдвэрлэхэд нэг талд дайсан болж нэг талд туслагч нь болж харагдаад байдаг. Мэдээж таны хувьд өмгөөлөгч болсноос хойш дан ганц хохирогчийн талд ажиллаагүй  л байх?

Миний үйлчлүүлэгч бол хэрэг маргаан нь өөрийн тал шийдвэрлэхэд мэдээж баярлана, магтана. Харин  эсрэг талын ялагдсан хүмүүс намайг энэ миний ах дүүг шоронд хийлээ, өөдгүй гэж харааж зүхнэ. Өөдгүй этгээдийг өмгөөлсөн гэж хараана, доромжилно. Ингээд би үүрдийн дайсантай болж хоцордог.  Өмгөөлөгчид үүрдийн дайсан өчнөөн бий.  Янз бүрийн хэрэг маргаан таарна. Ээжийнхээ байрыг авахын тулд ээжтэй амьдрах хэцүү дарамттай гэх мэт худал үнэн юм яриад өмгөөлүүлэх гээд ирнэ. Заримдаа хувь хүн талаасаа хүлээж авахад өрөвдмөөр ч хэргүүд ирнэ. 

Өмгөөлөгч хүний хувьд биш хувь хүнийхээ хувьд хариуцаж ажиллаж буй хэргүүдийг харвал өөр харагддаг уу?

Өмгөөлөгч хүн өөрийн гэсэн үзэл баримтлал, чиглэлтэй байх хэрэгтэй. Миний хувьд бол аль болох зовж зүдэрсэн, гүтгэгдсэн доромжлогдсон эрх нь зөрчсөн хүмүүсийн талд өмгөөлөгчийнхөө зүгээс ч хувь хүн Батбаяр гэдэг хүнийхээ үүднээс хандахыг хичээдэг.

 Хуульч өмгөөлөгч хүний тань хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар асуумаар байна. Ер нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байна уу?

 Өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий. Энэ өөрчлөлтөөр эрх мэдлийн тэгш хуваарилалт талаас маш сайн анхаарч ажиллах ёстой гэж харж байна. Төсөл бол 24 өөрчлөлт тусгагдсан байсан. Миний бодлоор  яг тэр өөрчлөлтүүдээс зарим нь бол хэрэггүй санагдсан. Харин засаглалын хэлбэрийг өөрчлөх болон Ерөнхийлөгчид байгаа тэр их эрх мэдлийг авах хэрэгтэй. Шүүгч томилдог прокурор томилдог шүүхийн ерөнхий зөвлөлд нөлөөлдгийг хязгаарлах зайлшгүй шаардлагатай. Хууль хүчний эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлэх нь эрх зүйн хэм хэмжээний алдаануудыг бий болгох маш аюултай зүйл.

Ерөнхийлөгчөөс авсан эдгээр томилох эрх мэдлийг хэнд өгөх вэ. Хэнд өгвөл үнэн зөв шударга байх боломжтой юм бол?

Парламент эсвэл шүүхийн ерөнхий зөвлөлд нь өгөх хэрэгтэй. Ерөнхий прокурорыг томилдог эрх мэдлийг прокурорын ерөнхий зөвлөлд нь өгөх хэрэгтэй. Эдгээр зөвлөлүүд нь парламентаас хамааралтай байвал зөв гэж бодож байна.

Төсөлд тусгагдсанаар Ерөнхийлөгчийг нэг л удаа зургаан жилээр томилох заалт байгаа. Энэ нь зөв үү?

Зөв. Одоо байгаа хуулиар бол эхний дөрвөн жил сонгогдсон Ерөнхийлөгч дараагийн дөрвөн жилдээ дахин сонгогдохын тулд попрох буюу ард иргэдээс үнэлгээ авахын тулд үр ашиггүй үйлдлүүдийг маш их хийдэг. Дахиад сонгогдохдоо угаасаа би дахин сонгогдохгүй юм чинь гэх үзлээр юу ч хийдэггүй. Өргөн баригдсан төсөлд бол хоёр удаа зургаан жилээр гэж байсан нь буруу.  Ерөөсөө нэг л удаа зургаан жилээр сонгох нь зөв. Болж өгвөл Ерөнхийлөгчийг бэлгэдлийн төдий байлгавал зүгээр санагддаг юм.

Нийгэмд маш их хүлээлт үүсгэдэг хэзээ ч эцэслэн шийдвэрлэгддэггүй хэргүүд цөөнгүй байна. Зориг агсны хэрэг, Дубайн гэрээ гэх мэт. Та зарим дээр нь өмгөөллийн үүрэг гүйцэтгэж байгаа гэсэн. Эдгээр хэргүүд ер нь цаашид яах бол?

Зоригийн хэргийн тухайд бол нууцын зэрэглэлтэй хэрэг шүү дээ. Гэвч нууцын зэрэглэлтэй гол нотлох баримт болох Амгаланбаатар хүмүүсийг зодоод байгаа бичлэгийг нийтэд дэлгэчихсэн байна. Мөн энэ хэрэгтэй холбоотой эрүүдэн шүүлт гэдэг асуудлыг гаргаж ирээд л аймар бичлэг ард түмэнд үзүүллээ. Их л асуудал байна. Нууцын зэрэглэлтэй асуудал болохоор төдийлөн нээлттэй ярьж болохгүй байна. Одоо тэр эрүүдэн шүүсэн хэргээр бас нэг хэрэг үүссэн. Би бол тэр хэргийг шууд хэрэгсэхгүй болох байх гэж харж байна. Эрүүдэн шүүсэн гэдгийг мөрдөг албаны ажилтан мөрдөн байцаалтын явцад өрөөндөө ч юм уу зодож дарамталсан, хууль бусаар элдэв хэрэг дохохыг оролдохыг хэлнэ. Гэтэл тэр бичлэгт бол ялтан ялтанаас зодож танхайрсан байгаа юм. Энэ бол тусдаа шал өөр зүйл заалтаар ял шийтгэл оноох асуудал.  Дубайн гэрээний хувьд би өмгөөлөгчөөр ажиллаж байна. Дубайн гэрээг цуцлуулах өнцгөөс оролцож байна. 

Мэргэжлийн талаас тань дахин нэг чухал асуулт байна. Хохирогч тал сэтгэл санааны хохирлоо тогтоох, нөхөн төлбөр авах асуудал манайд төдийлөн хэрэгжихгүй байх шиг санагддаг. Таны хувьд өөрийн өмгөөлсөн хүний сэтгэл санааны хохирлыг барагдуулах үүднээс яаж ажилладаг вэ?

Манайд иргэний хуулинд бол сэтгэл санааны хохирлыг тогтоох нэхэмжлэх зүйл заалт байгаа. Иргэний хуулийн 497, 511, 505 гэх мэт зүйл заалтуудад гэм хорын хохирлыг тогтоох заалт байгаа. Гэтэл сэтгэл санааны хохирлыг тогтоодог байгууллага байхгүй. Миний хувьд хохирлын хэм хэмжээг тогтоох гэж нэг үзсэн юм. Сэтгэц эрүүл мэндийн төвд хандаад хохирлыг тогтоолгоё гэтэл нөгөө үйлчлүүлэгчийг маань галзуу хүн гэж тодорхойлох дөхсөн. Гэтэл журмандаа сэтгэл санааны хохирлыг тогтоохын тулд эхлээд сэтгэцийн эмгийг тодорхойлдог юм байна. Тэгээд үнэхээр галзуурчихсан гэж тогтоогдвол түүнд хохирлын хэмжээг тодорхойлж өгдөг юм билээ. Тэгэхээр энэ сэтгэц эрүүл мэндийн хуулинд багахан өөрчлөлт оруулахад энэ асуудал шийдэгдэнэ. Ингэхдээ сэтгэцийн өвчинд хамааруулахгүйгээр сэтгэл санааны хохирол амссан гэдгийг ийм ийм шинж тэмдгээр тодорхойлно гэх аргачлалыг зааж өгөх хэрэгтэй байна.

Сэтгэл санааны хохирлыг тогтоосны дараа нөхөн төлбөрийг хэрхэн олгодог юм бэ?

Мэдээж сэтгэл санааны хохирол тогтоогдсоны дараа нөхөн төлбөрийн асуудал яригдана. Одоо байгаа журмаар бол хилс хэрэгт гүтгэгдэн цагдан хоригдсон бол нэг хоногийг 15 нэгж буюу 15 мянгаар тооцдог. Янз янзаар нэхнэ. Хамгийн өндөр нэхсэн нь 600 сая төгрөгийн нөхөн төлбөр нэхсэн тохиолдол ч бий. Түүнийг олгох нь бас их хэцүү.

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon