Монгол Улс дэлхийн уул уурхай, эрчим хүчний салбарын нэн шинэ тоглогч болон гарч ирэх боломжтой юу?
Ураны талаар бид юу мэддэг вэ?
Өндөр хөгжилтэй улсуудын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт атомын бүтэц, эрчим хүч ба цөм, реактор ба атомын бөмбөг, цацраг ба цацраг идэвхжилтийн нас, цөмийн эмчилгээ, цацраг идэвхийн бусад хэрэглээ зэрэг сэдвүүд орсон байдаг. Өөрөөр хэлбэл физикийн шинжлэх ухааны хэрэглээ, холбогдох нийгмийн асуудлуудыг онол, практикийн төвшинд хүүхдүүдэд ойлгуулдаг гэсэн үг. Монгол Улс бичиг үсэгт тайлагдсан түвшингѳѳрѳѳ дэлхийд тэргүүлдэг ч шинжлэх ухааны мэдлэг ба хэрэглээгээр ахиц гаргах шаардлагатай хэвээр байгаа.
Энэ нь Монголчуудын ураны мэдлэг, буруу мэдээллээс үүдсэн айдас зэргээс анзаарагддаг. Тухайлбал, ураныг цөмийн зэвсэг ба хаягдалтай шууд холбон ойлгох, ураны олборлолтыг ураны баяжмалын үйлдвэрлэлийн процесстой хольж буруу мэдээлэлтэй болох гэх мэт.
Химийн элементийг бүрдүүлэгч хамгийн жижиг хэсэг болох атом нь цөм ба түүнийг хүрээлэн орших электроноос бүрддэг. Зарим цөм тогтвортой байхад зарим нь тогтворгүй байдаг тухай бид бүгд дунд сургуульдаа заалгасан. Цөмийн энэ тогтворгүй шинж чанарыг цацраг идэвхт шинж чанар хэмээдэг. Уран, тори, калийн задрал нь цацраг идэвх ялгаруулж байдаг. Байгалийн цацраг идэвх нь нар, сансрын туяа, хөрс, чулуулаг зэргээс мөн ялгардаг. Дэлхий дээр амьдарч байгаа хүн бүр жилд дунджаар 2,4 мЗв (миллизиверт) шарлагыг дээрх байгалийн цацраг идэвхээс авч байдаг. Гэхдээ энэ тоо бидний дэлхийн чухам хаана нь амьдарч байгаагаас хамааран өөр өөр байх боломжтой.
Монгол Улсын хувьд Улаанбаатар хотод амьдарч байгаа хүн жилд 1,5 мЗв байгалийн шарлагын тун авдаг. Байгалийн цацрагийн шарлагыг бид “шарлагын фон утга” гэж ч нэрлэдэг. Байгалийн цацраг дээр нэмээд эмнэлгийн үзлэг оношилгоо гээд хүний үйл ажиллагаанаас үүсэлтэй хиймэл цацраг идэвхэд ч бид өртөж байдаг. Хүн нэг удаа цээжний зураг авахуулахад 0.1 мЗв, компьютер томографи хийлгэхэд 1.5 мЗв, Улаанбаатараас Европ руу нисэхэд 0.04 мЗв цацрагийн тун авдаг. Олон улсын цацрагаас хамгаалах хороо энгийн иргэд үүсмэл цацрагаас жилдээ 1 мЗв цацрагийн тун авахыг хэвийн гэж тогтоосон. Гэтэл бидний зарим маань дунд сургуульд үзсэнээ мартчихаад яваагаа анзаарсан болов уу?
Ураны талаар бид юу мэддэггүй вэ?
Бидний амьдран буй Дэлхий үүсч бий болоход л уран гэсэн энэ элемент хөрс, усанд байж л байсан. Байгаль дахь уран мөнгөнөөс 40, алтнаас 500 дахин түгээмэл тархалттай байдаг.
Далайн усанд л гэхэд дөрвөн тэрбум тонн уран ууссан байдалтай байдаг.
Ураны гол хэрэглээ нь эрчим хүч юм. Аливаа улс хэдий чинээ их эрчим хүч үйлдвэрлэж чадна, төдий чинээ хөгжлийн манлайд хүрнэ гэж томъёо байдаг. Түүнчлэн дэлхийн долоон тэрбум хүний хоёр тэрбум нь өнөөг хүртэл цахилгаан хэрэглэх боломжгүй нөхцөлд амьдарч байгаагийн сацуу дахиад өдий тооны хүмүүс цахилгааны найдвартай эх үүсвэртэй холбогдож чадаагүй л байна. Цөмийн эрчим хүчний технологи нь бусад эх үүсвэрийг бодвол маш том боломж, хүчин чадалтай боловч эргээд нөгөө талаасаа сүүлийн үеийн технологи, аюулгүй байдал, боловсон хүчний өндөр стандартыг шаардах нь гарцаагүй юм.
Дундаж ам бүлтэй айлын нэг жилийн эрчим хүчний хэрэглээг хангах уран нь таны гарт багтахуйц хэмжээтэй. 1 грамм уран нь 2,8 тонн нүүрстэй тэнцэхүйц хэмжээний дулаан ялгаруулдаг. Дэлхийн эрчим хүчний хэрэглээний таамаглалаас 2030 оноос эхлээд хомсдолд орж эхлэх бөгөөд цөмийн эрчим хүч нь гол тоглогч болох хүлээлттэй.
Энэ утгаараа уран аль ч улсад стратегийн чухал ач холбогдолтойд тооцогдох бөгөөд дэлхийн зах зээлд тоглогч болон гарч ирэх нь тийм ч амархан ажил биш. Өдгөө арав хүрэхгүй улс л дэлхийн ураны зах зээлийг удирдан ажилладаг. Та гайхаж магадгүй, гэхдээ хамгийн том тоглогч нь өнөөдрийн бидэнтэй адил гараанаас эхэлсэн Казакстан улс болжээ. Дараагийн тоглогчид нь Канад, Австрали, Нигери, ОХУ, Намиби, Узбекстан, АНУ, Украин зэрэг улсууд байдаг.
Ураны талаар бид юу мэдэх ёстой вэ?
Дэлхий хавтгай болохын хэрээр улс орнуудын асуудал “дундын өмч” болж байна.
Үүнийг батлах нэг жишээ нь НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” юм. Энэ нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх 17 зорилгыг багтаасан дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг юм. Үүнийг 2012 онд Рио Де Жанейро хотод улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилсан бөгөөд 2015 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар баталж, 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс дэлхий даяар хэрэгжиж эхэлсэн. Дээрх 17 зорилгын нэг болох уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь дэлхийн 200 улсын шууд хүлээх үүрэг юм.
Хүн төрөлхтөн жил бүр хэдэн тэрбум тонн хүлэмжийн хийг агаарт ялгаруулдаг. Энэ хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд энэ хурдаараа явбал хүн төрөлхтөн устаж үгүй болж ч мэднэ
. Эрсдэл нь цаг уурын огцом өөрчлөлт ба түүнээс үүдэлтэй ойн түймэр, ган, хүчтэй шуурга, далайн төвшиний нэмэгдэлт буюу байгаль экологийн сүйрэл. Хүлэмжийн хийг бууруулах энгийн бөгөөд хямд төсөр арга нь мод тарих гэдгийг бид мэднэ. Гэтэл хичнээн олон мод тариад хүлэмжийн хийг бууруулж чадахгүйг судлаачид саяхан нотлов. Мод нүүрсхүчлийн хийг өөртөө шингээж эргээд хүчилтөрөгч ялгаруулдаг. Асуудлыг шийдвэрлэх хэмжээний мод тарих талбай дэлхий дээр байхгүй ажээ. Бараг долоон сая км квадрат газарт мод тарьж байж гэмээнэ гурван тэрбум тонн нүүрстөрөгчийг жил бүр агаараас цэвэрлэж авч чадна. Энэ нь бидний жил бүр үйлдвэрлэдэг, үүсгэж буй хүлэмжийн хийн дөнгөж 10 хувь нь. Долоон сая км квадрат гэдэг бол Монгол Улсын газар нутгийг 4 үржүүлсэнтэй тэнцэхүйц газар нутгийн хэмжээ юм. Мод бүтэн тарьж чадлаа гэж бодоход дэлхийн хөдөө аж ахуйн салбар сүйрч, хүн төрөлхтөн өлсгөлөнд автана.
Дэлхийн улстөрчид, эрдэмтэд, судлаачид шийдэл дээр ажиллаж байгаа хэдий ч ямар нэг зоримог, хурц арга хэмжээ авч байж л асуудал шийдэгдэх нь улам бүр тодорхой болж байна.
Энэ шийдэл нь цөмийн эрчим хүч рүү улам бүр ойртсоор байна. Учир нь цөмийн эрчмээр цахилгаан үйлдвэрлэхэд цөмийн цахилгаан станцын төвшинд үнэндээ нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй билээ. 2015 оны Парисын Гэрээний үргэлжлэл болон байгуулагдсан Засгийн газар хоорондын Уур амьсгалын өөрчлөлтийн салбар хорооноос 21-р зуунд багтаан дулаарлыг 1.5 хэмээр нэмэгдэхээс урьдчилан сэргийлэхийн тулд эрчим хүчний хослолд цөмийн эрчим хүч яах аргагүй байх ёстой хэмээн мэдээллээ.
Дэлхийн улсууд 2015 оны байдлаар нийт 1.25 сая цахилгаан машинтай байв. Автомашин үйлдвэрлэгчид бүгд цахилгаан загвар руу шилжихээ мэдэгдсэн бөгөөд эдгээр үйлдвэрлэгчид 2020 он гэхэд 20 сая, 2030 он гэхэд 200 сая, 2050 он гэхэд нэг тэрбум цахилгаан машиныг зах зээлд нийлүүлэхээр тооцжээ. Эдгээр цахилгаан машинуудыг уламжлалт цахилгааны эх үүсвэр цэнэглэж яагаад ч хүчрэхгүй нь тодорхой.
Цэрэг дайны зорилготой цөмийн шийдлүүд иргэний, арилжааны шийдэл руу аажим боловч зогсолтгүй шилжиж байна.
Тухайлбал, шумбагч хөлгүүдийн ашигладаг цөмийн хөдөлгүүрээс санаа аван сансрын хөлгүүдийг цөмийн хөдөлгүүртэй болгох концепц яригдаад удаж буй төдийгүй цөмийн зай хийгдэх туршилтууд эхэлсэн. Өөрөөр хэлбэл хүйтэн дайны нөөцүүдийг дэлхийн тэргүүлэх гүрнүүд сансар огторгуйг хэн нь түрүүлж эзэмдэх дээрээ ашиглаад эхэлсэн. ОХУ болон АНУ-ын Сансар судлалын хүрээлэн Цөмийн хөдөлгүүрт пуужин ашиглаж Марс гарагт зургаан долоо хоногийн дотор очих боломжийг судалж байна. Өдгөө 18 сар нисэж тус гарагт хүрдэг.
Ураны батлагдсан нөөцийн хэмжээгээр Монгол Улс дэлхийд тэргүүлэгч орнуудын тоонд ордог. Хэрэв бүртгэгдээгүй буюу таамаг нөөцийн хэмжээг оруулбал дэлхий дээрх цөмийн түүхий эдийн тэргүүлэгч орон болох боломжтойг судлаачид ярьдаг. Монгол улс ойролцоогоор 200 гаруй цөмийн мэргэжилтэнтэй.
Монгол Улсын засгийн газар эдийн засгаа солонгоруулж, уул уурхайн салбараас хамаарах хэт хамаарлаа багасгах тухайгаа “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-оороо өнгөрсөн жил зарласан. Тэр дундаа уул уурхайн салбар дотроо диверсификаци хийж, нүүрс, алт, зэсээс хамаарсан хамаарлыг багасгах ёстойг салбарынхан хэлдэг. Монголын уул уурхайн салбарт уран хүнд жингийн тоглогч болон гарч ирэх боломжтой юм.
Учир нь дэлхийн тавцанд шууд өрсөлдөхүйц төвшинд гарч ирэх хангалттай нөөц, ложистик болон газарзүйн таатай нөхцөл, дэлхийн тэргүүлэх тоглогчидтой тогтоосон найрсаг харилцаа, дотоодын бэлтгэгдсэн хүний нөөцтэй.
Эрчим хүч бол орчин үеийн улс орнуудын цөм хөдөлгөгч хүч гэдгийг дээр дурдсан. Өндөр хөгжилтэй, дэлхийн тэргүүлэх гүрнүүд хамгийн их эрчим хүч хэрэглэдэг бол нөгөө талдаа хөгжиж буй орнууд нь эрчим хүчний эх үүсвэрийн байгалийн баялагынх нь эзэд нь голцуу байна. Эрчим хүчний найдвартай эх үүсвэр тусгаар улс бүрийн стратегийн бодлогын цөм хэсэг бөгөөд энэхүү стратеги нь улам бүр олон улсын шинжтэй болсоор байна.
Энэ боломжийг Монгол Улс ухаалгаар ашиглан уул уурхай, эрчим хүчний салбарын шинэ тоглогч болон гарч ирж дэлхийн тавцанд цахиур хагалах боломжтой болов уу?
Сэтгэгдэл бичих