Нийтлэл 07 сарын 01, 2019

НОМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жамиль

Жижигхэн хөөрхөн ягаан номоо нээх их сэтгэл догдлон нээгээд яагаад ч юм хөнгөн харуусал гунигтай өндөрлөлөө. Яагаад ч юм хайр дурлал бодогдсонгүй харин яагаад Жамиля, Данияр гэж бодогдоод байв. Данияр, Жамиля, Сейт гэдэг гурван нэрийг яагаад энэ дүрүүдэд сонгосон юм бол гэж гайхаж бодоод нэрийн утга учрыг бичсэн байдаг сайтаар хайж үзлээ. Жамиля гэдэг нь Итгэл, Данияр нь Мэргэн, харин Сейт нь Шадар ван гэсэн утгатай ажээ. Мөн Данияр нэрийн даялсан нэг утга нь дотнын ойр, нарны бэлэг ч гэсэн утгатай байх аж. Юутай ч Итгэл нэрт бүсгүйн бусдын итгэл эвдсэн ч сэтгэлдээ нар мандуулсан ганцхан хайраа хожимдож ч болов олсон тухай түүхийг өөр бусад хэнээс ч илүү ойр шадар байсан дүү нэгний өгүүлсэн нь энэ түүх ажгуу. 

Итгэл гэдэг бол хайр сэтгэлийг холбох нандин утас. Эмзэгхэн, хэврэгхэн байж мэднэ. Бас хатуу чанга хана хэрэм мэт нуршгүй байж чадна. Жамиля хань ижлээсээ урваж, хадам эхээ гомдоож харийн нэгэнд сэтгэл алджээ. Эр ховордоо ч биш, тэсгэл алдсандаа ч биш зүгээр л түүний зүрх сэтгэлийг бүтэн болгох нөгөө ховорхон заяаны жинхэнэ тал нь эр нөхөр нь биш энэ л дуугүй, дүнсгэр, дүнхүү ч гэмээр Данияр байж гэдгийг олж мэдсэндээ л тэр. Нэгнээс урваж, нөгөөд дурлаж үүр цүүрийн үнэгэн харанхуйгаар эр даган одсон энэ бүсгүйг Итгэл гэж нэрлэсэн нь нэг л өөр учиртай мэт. Магадгүй Сеитийн балчир зүрхэнд нөгөө “Сайхан хайр байдаг юм шүү. Олдвол алдаж болохгүй” гэх агуу үнэнийг сийлж өгсөндөө юу эсвэл тогтсон ёс журмыг даган шүтэж, сахин хамгаалж амьдрах биш өөрийн итгэл үнэмшлээ олж, өөрийгөө нээн амьдрах итгэлийг бадамлуулан асааж өгсөн учраас Итгэл нэртийн энэ сайхан хайрын түүхийг бичсэн байж мэдэх юм. Нийгмийн харанхуй бурангуйг даван туулахад нарны элч мэт гэрлийг хайрлах Мэргэн ухаан хичнээн хэрэгтэйг, чин үнэнг тогтоож зоригтой шийдвэр гаргахад түшиж тулах итгэлт Шадар нөхөр хичнээн хэрэгтэйг бас өгүүлсэн байж мэднэ. (Энэ бүхэн зохиогчийн толгойд ороогүй харин би сайт хэсэж элдэв юм уншчихаад ургуулан бодоод баясаж байгаа ч байж мэднэ.)
Гэхдээ би энэ зохиолыг арван хоёртойдоо, арван гуравтайдаа уншсан бол яаж догдлох байсан бол гэж бодлоо. Хараахан хайр гэдгийг үзээгүй, халуун дурлалын тухай олон ном ч уншаагүй байхдаа анх удаа л Сеит бэргэн эгчийнхээ хайрыг дэргэдээс нь мэдэрч гэрчилсэн шиг тэгж уншвал ямар байхсан бол? Үнэхээр хамгийн сайхан хайрын түүх шиг санагдахгүй гэж үү?
Харин яагаад одоо уншихад гомдмоор, гунигтай, харуусам санагдаад байгаа юм бол? Магадгүй тийм цэвэр ариун, бүхнээ умартан дагамаар, зүрх сэтгэл нар мэт гийгүүлэх хайр тэр бүр тохиодоггүй юм гэдгийг мэдсэн болохоор, тийм зориг гаргаж хайраа дагаж чадаагүй өчнөөн зүрхийг шархалж бэтгэрэхийг гэрчилсэн болохоор, зүгээр л амьдралд нухлагдаж, догдолж ч амжилгүй өнгөрөх залуу нас гэж байдгийг харсан болохоор дэндүү гэнэн, дэндүү омголон, бас итгэмгүй санагдаад тэр үү? 
Юутай ч энэ сайхан түүхийг заавал унш, зүрх сэтгэл чинь залуу халуухнаараа байхад догдлон унш. Тэгээд “Жинхэнэ хайр байдаг юм. Олдвол алдаж болохгүй” гэсэн агуу үнэнд итгэж амьдар гэж хэлье дээ.

PS: “Юунд ийм эргэлзэм, үл итгэм бүсгүйд та хайр найдвараа тээгээ вээ ээж минь? Одоо хүүгээ эргээд ирэхэд нь та минь юу хэлж угтах билээ? Зуун зуунаар л танихгүй охид бидэнд бэр болж дуртай дургүй уйлан ирээд, голомтоо сахин хамгаалагчид, үрсийнхээ эх нь, харчуудынхаа халамжит хань нь болж үлддэг байсан биш билүү дээ? Гэтэл дайны энэ бэрх цагт амьд ирээсэй л гэж бүгд залбирч байхад эргээд ирж байгаа нөхрөөсөө нүүр буруулан зугтах энэ бүсгүйд та бүхий л итгэл найдвараа тээж байсан гэж үү дээ та минь? Ингэж л уйлан дуулмаар байсан ч, ээжийгээ бас ахыгаа өрөвдөж байсан ч өөр л бодол сэтгэлдээ тээснээ би хэнд ч хэлээгүй ээ. Учир нь хажууханд л байсан тэрнийг дэлбээгээ нээсэн цэцэг болоход, нарнаас илчтэй түүндээ уусан гэрэлтэхэд нь л юу ч мэдэхгүй манайд бэр болон ирсэн охин одоо л жинхэнэ хайр сэтгэлээ таньж нээснийг нь би хэдий жаахан ч мэдэрсэн болоод тэр.” Би Сеит байсан бол ингэж хэлмээр л санагдсан. Хөгшрөөд залуухан Жамилягаас илүү уйлаад үлдсэн ээжийг нь өрөвдөөд байгаа юм биш үү. Бас хөгширсөндөө ч биш Жамиля зоригтойгоор хайр сэтгэлээ сонгосон харин хадам ээж хоёр гэрийн ахмад болж хувь тавиланд сөгдөж амьдарсанд өрөвдөөд ч байгаа юм билүү хэн мэдлээ.

Сэтгэлийн Хүүрнэл

Сэтгэгдэл бичих

arrow icon