Нийтлэл 07 сарын 08, 2019

АНУ-ын 'Индо-Пасифик' стратегийн бодлогын бичигт Монгол Улс орсон нь

Өнгөрсөн 7 хоногт Ази, Номхон далай дахь геополитикийн шинэ тоглолтууд-ын тухай өгүүлсэн билээ. Энэ удаa АНУ-ын “Индо-Пасифик стратеги” бодлогын бичигт Монгол Улс орсон нь ямар агуулгатай тухай өгүүлье. 

 АНУ-ын Индо-Пасифик стратегийн бодлогын баримт бичиг 

 6 дугаар сарын 1-ны өдөр АНУ-ын Батлан хамгаалах яамнаас “Индо-Пасифик стратеги”[2] бодлогын баримт бичгийг олон нийтэд нээлттэй болгосон билээ. Энэхүү бодлогын бичиг нь АНУ-ын Ази, номхон далайн бүс нутагт ямархуу бодлого явуулах тухай өгүүлэн, "Бэлэн байдал, Хамтын ажиллагаа, Бүс нутгийн сүлжээг бэхжүүлэх" гэсэн уриатай байна. Энэхүү батлан хамгаалахын баримт бичгийн агуулгыг судлаад үзвэл, Ази Номхон далайн бүс нутагт байгаа жижиг, ардчилсан, нээлттэй улсуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилт тавьсан нь тусгагдаж байна. Жишээлбэл, 4.2. "Хамтын ажиллагааны хүчин чармайлт" хэсэгт ингэж бичжээ:

 "АНУ-ын Ази, Номхон далай дахь байр суурь нь бидний удаан хугацаанд бүтээн байгуулсан бүс нутгийн аюулгүй байдлын холбоос болон түүнийг хэрэгжүүлж буй холбоотон улсуудын хүчин чармайлтад суурилсан. Энэ нь АНУ-ын стратегийн бодлогын төв. Аюулгүй байдлын чиглэлд улс орнуудтай харилцан ашигтай холбоотон, түншүүд байх нь АНУ-ын бодлогын хамгийн чухал хэсэг. Ямар ч өрсөлдөгчийг сөрөх тийм стратегийн давуу талыг олгох. Тийм учраас, АНУ-ын батлан хамгаалах салбар Ази номхон далай дахь өөрийн байр суурийг бэхжүүлж, холбоотон улсууд болох Япон, Тайланд, БНСУ, Австрали, болон Филиппин улсуудтай харилцаагаа бататгаж байна. Мөн, Сингапур, Тайвань, Шинэ Зеланд болон Монголтой хамтын ажиллагааг улам сайжруулах алхмуудыг хийсээр байна."

 Энэхүү стратегийн бодлогын баримт бичигт нэгэн чухал агуулга тусгагдаж байгаа нь, АНУ-ын холбоотон улсуудаас гадна “жижиг улсын дипломат чанар”, бүс нутагт ардчилсан тогтолцоотой улсуудаас жижиг улсын бодлого нөлөө бүхий байгааг харуулж байгаа юм. Жишээлбэл, энэ баримт бичигт Шинэ Зеланд 17 удаа дурдагдаж, Сингапур 15 удаа, Монгол 17 удаа, Тайвань 30 удаа дурдагджээ. Шинэ Зеланд, Сингапур, Монгол гурав АНУ-ын Индо Пасифик бодлогын хүрээнд бараг адил байр суурь эзэлж байгаа гэж дүгнэж болно. Гэхдээ улс болгоны онцлогоос үүдээд олон янзын сорилт, боломжууд гарч ирнэ. 

 Шинэ Зеландын хувьд АНУ-тай 1951 оноос хойш холбоо тогтоож, Австралийн хамт аюулгүй байдлын эвслийн гэрээнд холбоотон болон орсон билээ. 2012 оноос хойш хоёр улсын батлан хамгаалахын яамдын харилцаа тэнгисийн аюулгүй байдалд боломж, нөөц, чадавх, мэдлэгийг бэхжүүлэх ажилд шамдаж байна. АНУ-ын удирдаж буй Ирак, Афганистан дахь олон улсын цэргийн эвсэлд Шинэ Зеланд идэвхтэй үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог гэж дурджээ. 

 Монгол улсын хувьд, АНУ-Монголын батлан хамгаалахын салбар 1996 онд албан ёсны болж, түүнээс хойш харилцаа нь хөгжин өргөжсөөр ирсэн. Монгол улс нь АНУ-ыг хамгийн чухал “гуравдагч хөрш” гэж үздэг бөгөөд хоёр улсын иж бүрэн түншлэл нь ардчилал, эрх чөлөө, эдийн засгийн нээлттэй байдал болон хүний эрхийг хамгаалах дээр суурилдаг.” гэж дурджээ. НҮБ-аас удирдаж буй Африк дахь энхийг сахих үйл ажиллагаанд Монгол цэргүүд идэвхтэй оролцож, Афганистан дахь олон улсын цэргийн эвсэлд хамтран ажиллаж байгааг дурдсан байна. 

 АНУ-аас Ази, Номхон далайд явуулж буй Индо-Пасифик бодлогыг аваад үзвэл жижиг улсын дипломат харилцааны боломж бололцоог бүрэн ашиглаж бүс нутгийн аюулгүй байдалд нэгдсэн зарчим ба норм бий болгох, урдний нормыг бэхжүүлж, өөрийн байр суурийг бататгах үйлдлийг хийж байна гэж ойлгож болно.  Дэлхийд тэргүүлэх том гүрний хувьд энэхүү стратеги нь ойлгомжтой бөгөөд АНУ-д их боломжийг олгож байгаа билээ.

 Тэгвэл Монгол Улс АНУ-ын Индо-Пасифик стратегийн бодлогод орсноороо ямар зүйл дээр давуу талаа ашиглаж, ямар зүйл дээр болгоомжтой хандах вэ?

 Монгол Улс нь газарзүйгээрээ бол Зүүн Хойд Ази, Зүүн Азид багтаж байгаа ч сүүлийн тав, арван жил Ази, Номхон далайн бүс нутагт хамрагдаж эхэлсэн. Энэ нь Ази номхон далайн бүс нутгийн нөлөө ихсэж, улсууд шинэ геополитикийн нүүдэлд идэвхтэй оролцож эхэлсэнтэй шууд уялдаатай. 2011 онД Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал ч гэсэн идэвхтэй гадаад бодлогын зорилт тавьж Ази номхон далайн бүс нутгийн улcуудтай дипломат харилцаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн цар хүрээгээ тэлж хөрөнгө оруулалт татах, концессын гэрээгээр бизнесийн салбарыг дэмжих бодлого явагдаж эхэлсэн билээ. Тэгэхээр Монгол Улс нь олон бүсэд хамрагдаж байгаа нь Монгол улсын олон улс дахь байр суурь дээшилж, Хойгийн аюулгүй байдалд эерэг нөлөө үүсгэх боломжийг бий болгож байгаагаараа бүс нутгийн улсуудад таатай байдал үзүүлж байна. Энийг АНУ-ын Индо-Пасифик бодлогын бичиг ч дурдсан билээ. 6 дугаар сард болж өнгөрсөн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн хүрээлэнгийн зохион байгуулсан "Улаанбаатарын яриа хэлэлцээ"[3] ч Монгол улсын гадаад бодлого бүс нутагт чухал байр суурь эзэлж байгааг илэрхийлж байна. Монгол Улс нь хоёр хөрштэйгээ болгоомжтой харилцаж, том гүрнүүдийн өрсөлдөөн дунд оролцохгүй, харин өөрийн “жижиг улсын дипломат харилцаа”-гаа улам идэвхтэй болгож бэхжүүлбэл Орос, БНХАУ-тай сайн харилцаатай хэвээр байхын зэрэгцээ гуравдагч хөршүүдтэйгээ бодит эдийн засгийн боломж бололцоог нэмж болно. 

 Монгол Улс хэчнээн АНУ-ын Индо-Пасифик бодлогод Шинэ Зеланд, Сингапур, Тайваньтай зэрэгцэн бичигдсэн ч АНУ-БНХАУ, АНУ-ОХУ, ОХУ-БНХАУ-ын өрсөлдөөнт харилцаанаас үүдэн гадаад бодлогын хаалттай байдалд орох аюул ч нүүрлэж болно. Тухайлбал, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлууд гэвэл, Орос-Японы "Кури́льские острова́"- 千島列島арлын маргаан нь Монгол улстай сайн хөршийн харилцаатай Орос, гуравдагч хөрш болох Японтой гурван талд хамтын ажиллагааны боломжид сөргөөр нөлөөлж байгаа юм. Орос, Япон хоёр арлын маргаангүй байсан бол Монгол улсын эдийн засгийн бас нэг гарц "Орос-Монгол-Японы гурван талт харилцаа" улам дэлгэрэх байлаа.

 АНУ-БНХАУ-ын Ази Номхон далай дахь эдийн засгийн ширүүн өрсөлдөөн нь жижиг улсуудыг талцуулах байдалд хүргэхээс Сингапур хүртэл эмээж байна хэмээн Шангри-Ла яриа хэлэлцээр”-ийн үеэр Ерөнхий сайд, LeeHsienLoong дурдсан билээ. Энэхүү өрсөлдөөн нь АНУ-ын конгрессээс боловсруулж буй “Гуравдагч хөршийн худалдааны акт[4]-ад сөрөг нөлөө үзүүлэх, бүр цаашлаад БНХАУ-ын бодлого АНУ-ын эсрэг Монголын гуравдагч хөршийн бодлогыг боох аюул занал ч үүсэх боломжууд бүрэн бий. Тийм учраас, АНУ-БНХАУ-тай дотно харилцаж буй Монгол улсын бодлого Ази Номхон далайд их болгоомжтой байх хэрэгтэй. Бүс нутагт өрнөж буй олон асуудлын алинд нь оролцох, алинд нь гараа дүрэхгүй байхыг мэдэхийг л Монгол улсын гадаад бодлогын стратегийн бодлого гэж хэлнэ.

 

[1] http://www.trends.mn/n/9023.

[2] https://dod.defense.gov/News/News-Releases/News-Release-View/Article/1863396/dod-releases-indo-pacific-strategy-report/.

[3] http://iss.gov.mn.

[4] https://thediplomat.com/2018/11/us-mongolia-third-neighbor-trade-act-on-the-way/.

Сэтгэгдэл бичих

arrow icon