Нийтлэл 07 сарын 16, 2019

Шударга бусын хонгилыг хэн нураалцаж, хэн хамгаалах вэ?

Үе үеийн ерөнхийлөгч тоосго тоосгоор нь эвлүүлсээр 'шударга бусын хонгил'-ыг барьсан, түлхүүрийг нь бие биедээ шилжүүлж өгсөөр ирсэн. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн нэг гол зорилго: Энэ хонгилыг нураах. Хонгилыг нурааж чадах эсэхэд өнөөдөр түлхүүрийг атгаж байгаа ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэг шийдвэрлэх үүрэгтэй.

Хонгил бодитой юу гэвэл бодитой. Тухайлбал, 2013, 2015 онд шүүхийг өөрчлөн байгуулах үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн бүх шүүгчдийг дахин томилсон, гэхдээ нэр бүхий 13 шүүгчийг дахин томилохоос татгалзсан байдаг. Яагаад тэгэж үзснээ тайлбарлаагүй, дараа нь янз бүрийн алдаа дутагдал гаргасан гэж хэлсэн, хэн ч үнэмшээгүй. Алдаа гаргасан юм бол ном ёсоор нь хариуцлага тооцохгүй яасан юм бэ? Авилга авсан бол АТГ шалгахгүй яасан юм бэ? Ийм учраас энэ шийдвэрийг улс төрийн шалтгаантай гэж тооцдог, шүүгчийн хараат бус байдалд халдсан гэж хуульчид одоо ч үздэг.

Асуудал, бэрхшээл :Хонгилоор хэн чирэгддэг вэ?

Өнөөдөр шударга бусын хонгилоор чирэгдсэн тухайгаа зарим улс төрчид зарладаг. Элдэв хэрэгт орооцолдох л юм бол шударга бусын хонгилоор намайг чирлээ хэмээн өндөр дуугаар чарладаг. Үнэн хэрэгтээ шударга бусын энэ хонгилд шүүгчдийг эхлээд оруулж бусдыг нь айлгах аргаар барьсан юм.

Шүүгч хэн нэгнээс хараат байвал ямар шийдвэр гаргах вэ? Даргад таалагдахгүй шийдвэр гаргаснаасаа болоод халагдах аюултай бол шүүгч хэрхэн шударга шийдвэр гаргах вэ?

Одоогийн байдлаар Монгол Улсын бүх шүүгч ганцхан хүнээс айдаг, түүнд үйлчлэхгүй бол “огцрох”, “нутаг заагдах” ялтай. Томилогдохоосоо эхлээд огцрох хүртэл бүгд нэг л хүнээс  шалтгаална.

  1. Шүүгч болохын тулд сонгон шалгаруултад тэнцэх ёстой, сонгон шалгаруулалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ) зохион байгуулна. 2012 оны Шүүхийн захиргааны хуулийн 13.1-т зааснаар энэ зөвлөлийн таван гишүүн нэг бүрийг, даргатай нь хамт Ерөнхийлөгч томилдог. Үндсэн хуулиар Ерөнхийлөгч ийм эрхгүй боловч ердийн хуулиар ийм эрхтэй болсон юм.
  2. Сонгон шалгаруулалтад тэнцсэний дараа Үндсэн хуулийн 51.2-т зааснаар Ерөнхийлөгчийн зарлиг гарч сая шүүгч болно. Ерөнхийлөгч ямар үндэслэлээр шүүгчээр томилохоос татгалзах тухай зохицуулалт одоогоор байхгүй, тиймээс 13 шүүгчийн асуудал шийдэгдээгүй атлаа дарагдсан хэвээр. Ерөнхийлөгчийн нөлөөнд нэгэнт орсон шүүхүүд тэдний нэхэмжлэлээр хэрэг үүсгэж шийдвэрлэж чадалгүй 5 жил болж байна.
  3. Шүүгч шийдвэр гаргахдаа хараат бус байх ёстой боловч амьдрал дээр тийм биш. Шүүхийн бүтцийн өөрчлөлтийг байн байн хийж, шүүгчид хохирсоор ирсэн нь нэг бус. Жишээлбэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч А.Отгонцэцэг, Т.Энхмаа нарыг 2013 онд Хөвсгөл аймагт шилжүүлэн томилсон явдлыг ШЕЗ-ийн нэг гишүүний уур унтууг хүргэсэнтэй холбоотой гэдэг, шийдвэр гаргасан Ерөнхийлөгчийн оролцоо ч үүнд чамгүй бий. Нутаг заагдаж, цөлөгдөх вий гэхээс шүүгч бүр айж, өнөөг хүртэл хоорондоо сэм ярилцдаг, айлгах тактик үр нөлөөтэй байсан нь эндээс харагдана.
  4. Ерөнхийлөгч зарлиг гаргаж, шүүгчээр томилогдоод Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн ч гэсэн шүүгч “аятайхан байх” ёстой. Ерөнхийлөгчийн хэлсэн үг бүрийг анхааралтай судалж, гаргасан зааврыг нь томоотой мөрдөж, “тэр хэргийг тэгэж шийд”, “тэрийг шоронд хий”, “энийг шоронгоос сулла” гэсэн аман захиасыг ягштал гүйцэтгэхгүй бол болохгүй. Дуулгаваргүй байх аюултай. Шүүхийн ёсзүйн хороогоор орж, мулзлуулж ч магадгүй. Тус хорооны гишүүн нэг бүрийг болон даргыг нь Шүүхийн захиргааны хуулийн 32.4-т зааснаар бас л Ерөнхийлөгч томилдог учир дургүй шүүгчийг нь дуртай яа огцруулж мэднэ.

Шүүгчийг сонгон шалгаруулахаас эхлээд томилогдох, огцрох бүх шат ганц хүний эрх мэдэл, түүний томилсон хүмүүсээс шалтгаалдаг нь 'шударга бусын хонгил'-ын суурь бөгөөд энэ хонгилоор жирийн иргэнийг бүү хэл, нэг бус шүүгчийг чирсэн юм. Ингэж барьцаалагдсан шүүгч шударга ёсыг тогтоож чадах уу даа. Бүхнийг шийдэгчийн гар хөл болж хэнийг ч тэр хонгилоор чирэхэд  л хүрнэ.

Хонгилыг хэрхэн нураах вэ?

 Хонгил бодитой. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчийн ёсзүйн хороо бүгд ганц хүнээс хамаардгийг таслан зогсоож, Үндсэн хуульд дараахь нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар тусгаад байна:

  1. Шүүгчид тавигдах шаардлагыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зөвхөн Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр татгалзаж болно. Үндэслэлээ нийтэд заавал тайлбарлах шаардлагыг Ерөнхийлөгчид тавьж байна. Ингэснээр 13 шүүгчид тохиолдсон зүйл давтагдахаас сэргийлнэ.
  2. Шүүгчийг сонгон шалгаруулдаг ШЕЗ-ийн бүрэлдэхүүн, тэдгээрийг томилох журмыг өөрчилж 10 гишүүнээс бүрдэх, тэдгээрийн тавыг нь шүүгчид дотроосоо, тавыг нь мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан хуульчдаас УИХ-аас сонгоно. Ингэснээр шүүгчийн хараат бус байдал болон хариуцлагын тэнцвэр хангагдаж, иргэний шударгаар шүүлгэх эрх баталгаажина.
  3. Ёсзүйн хороог өргөтгөн Шүүгчийн хариуцлагын зөвлөл болгож тэдгээрийн бүрэлдэхүүн, томилогдох журмыг мөн өөрчилж, 9 гишүүнээс бүрдэх, тэдгээрт шүүн таслах ажиллагааны туршлагатай хуульч, хууль зүйн эрдэмтэн, иргэдийн төлөөлөл байна. Ингэснээр хариуцлага алдсан шүүгчид сахилгын шийтгэл зайлшгүй хүлээлгэхийн зэрэгцээ хараат бусаар, шударгаар ажилласан шүүгчийг хэлмэгдүүлж “чих зөөлөнтэй болгох”-оос сэргийлнэ.

Харин ШЕЗ, Шүүгчийн хариуцлагын зөвлөлийг Улсын дээд шүүх харьяандаа авахаар санал гаргаад байна. Ингэвэл шударга бусын хонгилын түлхүүрийг Ерөнхийлөгчөөс аваад Дээд шүүхэд өгсөн хэрэг болно. Тэгээд ч, Дээд шүүхийн шүүгчийг томилох саналыг оруулдаг байгууллагыг Дээд шүүх өөрөө удирдана гэдэг уулаасаа утгагүй. Дээд шүүхийн шүүгчид хариуцлага оногдуулах байгууллагыг өөрөө удирдана гэдэг бүр ч ёс бус. Шүүгчийг томилдог, хариуцлага тооцдог байгууллага нь хоёулаа шүүгчдээсээ бүрддэг байвал бие биеэ хаацайлдаг, бүр ч мафижсан бүтэц рүү хөтөлнө. Системээ хамгаалсан шударга бус шийдвэрт хохирогсод цөөнгүй байгааг шүүхээс шударга ёсыг шаардах олон нийтийн дуу хоолойноос сонсож болно. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд шүүхийн шударга ажиллах нөхцлийг бүрдүүлэх заалт оруулахыг санал өгсөн нийт иргэдийн 90 гаруй хувь нь хүссэн. Энэ бол ард түмний хүсэл. Шударга ёсыг хүссэн эгэл ардын  дуу хоолой. Үүнийг ойлгохын тулд хууль зүйн өндөр мэргэшил огт хэрэггүй.

Эцсийн эцэст, хонгилын эзнийг солих биш, хонгилоо нураах явдал хамгийн чухал билээ.

Хүлээх үр дүн

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр шүүх бүхэлдээ, шүүгчид бүгдээрээ нэг хүнээс хараат байдгийг таслан зогсоохыг зорьж байна. Шүүгчийг хараат бус байлгах үүрэгтэй ШЕЗ, шүүгчийг хариуцлагатай байлгах үүрэгтэй Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн бүрэлдэхүүн, тэдгээрийг томилох журмыг өөрчилснөөр “шударга бусын хонгил”-ыг нураах боломж бүрдэнэ

“Шударга ёсыг тогтоох” явдал бүх зөвлөлдөх санал асуулга, олон нийтийн хэлэлцүүлгээр хамгийн их дэмжигдсэн. Энэ бүхнийг бодсон, судалсан, томьёолсон төсөл маань улстөрийн амбиц, байгууллагын явцуу сонирхолд хөтлөгдөн буруу тийшээ хазайх вий. Үүнд өнөөгийн улс төрийн хүчнүүдийг зориг, Ерөнхийлөгч Х.Баттулгын манлайлал, санаачилга шийдвэрлэх ач холбогдолтой.

Бас хонгилыг нураалгахгүй байх сонирхол хаанаас хэрхэн гарахыг л харах үлдлээ.

 

Үндсэн хууль, улстөр судлаач О.Машбат

arrow icon