Нийтлэл 07 сарын 21, 2019

Солонгос улсын экспортын  бодлогын түүхээс

1910-1945 оныг хүртэлх хугацаад Солонгос улс нь Япон улсын колони байв. Японоос Солонгосыг өөртөө уусгах гэсэн түрэмгий бодлого явуулсан ба 1945 онд Дэлхийн хоёрдугаар дайнд Япон улс ялагдсанаар Солонгосчууд тусгаар тогтнолоо сэргээж нэгдмэл нэг улс байгуулахыг зорьсон боловч cолонгос үндэстэн өмнөд ба хойд хэсгээрээ хоёр хуваагджээ. Өмнөд Солонгос Улс 1948 оны 8 сарын 15-нд тусгаар тогтнолоо зарласан байна.

Дайны дараа гэхэд хөдөө аж ахуй голлож асан Өмнөд Солонгос Улсын эдийн засаг 1962 оноос огцом хөгжиж, 40 жил хүрэхгүй хугацаанд “Хан мөрний гайхамшиг”[1] хэмээн нэрлэсэн  амжилтыг дэлхий нийтэд харуулсан юм.

Өнөөдөр Солонгос улс нь эдийн засгаараа Ази тивдээ 4-т , дэлхийд 11-т эрэмблэгдэж байна. Солонгос улс  экспортыг хөгжлийн гол цэг гэж үзэн гадагш чиглэсэн эдийн засгийн хөгжлийн стратегийг  амжилттай хэрэгжүүлжээ.

Эдийн засаг бол хөгжлийн суурь. Эдийн засгийн хүчирхэгжилт нь дэлхийд байр сууриа бататгах хамгийн том боломжийг олгодог. Хүчтэй эдийн засагтай улс л даяаршлагдасан 21-р зуунд өөрийн улсын ашиг сонирхлыг гадаад дотоод орчинд хамгаалж чадах юм.

Сүүлийн 30 жилийн турш Солонгосын эдийн засгийн дундаж өсөлт 8.6 хувь байсан бөгөөд гадаад худалдааны эргэлтийн хэмжээгээр дэлхийд 11 дүгээрт орж байна.

1945 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд Солонгос улс усан онгоц, цахилгаан хэрэгсэл, хагас дамжуулагч болон авто машин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч орны нэг болж чадсан. Эдийн засгийн хүчин чадлаа ашиглан олон улсад идэвхитэй тоглох сонирхолтой тус улс манай улсын ойр дотны хөршийн нэг. Жил ирэх тусам Солонгос улсыг зорьж ажил хийх иргэдийн тоо  эрс нэмэгдэж байна.

Экспортыг дэмжих төрийн бодлогын түүхээс

1960-аад оны Экспортыг эрчимжүүлэх бодлого: Японоос тусгаар тогтносны дараа үйлдвэрүүд төрийн мэдэлд шилжиж иржээ. Улмаар 1961 оноос бие даасан эрчимтэй эдийн засгийн бодлого явуулахаар болж, 1962-1971 онд үйлдвэрлэлд шаардлагатай суурь түүхий эдийн бааз бий болгох тал дээр түлхүү анхаарч 1962 онд Газрын Тосны Компани байгуулсан ба энэ нь тэр үеийн тээвэрлэлт болон үйлдвэрлэлийн асуудлыг хөнгөвчилж өгчээ. 1968 онд Похан Төмөр болон Гангийн үйлдвэрүүд баригдсанаар ирээдүйн үйлдвэрлэлийн үндэс суурь тавигдсан байдаг. 1960 оны эхээр хөдөө аж ахуйн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 40%-ийг эзэлж байсан бол хөдөө аж ахуйд түшиглэсэн Солонгосын Бордооны үйлдвэр мөн 1967 онд байгуулагдав. Дөнгөж хөгжлийн эхний үе шатанд ийм хурдтай бүтээн байгуулалт хийгдсэний нэг гол хүчин зүйл нь Ке, Мүжин, Кекчү зэрэг санхүүгийн компаниудын ач тус хэмээжээ.
Ялангуяа Ке компани тэр үедээ хамгийн алдартай байсан бөгөөд гишүүдээсээ хэрэгцээтэй эх үүсвэрийг татан цуглуулж, зээл олгодог байв.
Мүжин компани хамтын хадгаламж нээж, зээл авах боломжийг олгодог байжээ.
Кекчү Компани нь харин загасчилдаг гэр бүлүүдэд богино хугацааны зээл олгодог байв. Эдгээр компаниуд нь том хөрөнгө босгох, урт хугацааны тусламж үзүүлэх боломжгүй ч богино хугацаатай зээлүүд өгдөг байсан онцлогтой.

Энэ үед засгийн газрын нөөц санхүү эдийн засгийн хөтөлбөрүүддээ хүрэлцэхүйц хэмжээнийх биш байлаа.  Гэвч төрийн санхүүжилтийн зөв бодлого нь хувийн аж үйлдвэрүүдийг хөгжих боломжийг олгосон гэж үзэж болно.  Дотоодын хадгаламж муу байсан тул гадаадын сангуудаас орж ирэх санхүүжилт гол эх үүсвэр нь болж өгчээ.

1962-1966 оны хооронд ДНБ-ий 14 хувь нь гадаадын сангаас орж ирдэг байсан бөгөөд санхүүжилтийн 60 % нь гадаадын хөрөнгө оруулалтаас бүрддэг байв.

1960-аад онд 26 тэрбум америк доллар Солонгос улсад орж, үүний 10 тэрбум нь засгийн газрын зээлээр, үлдсэн нь худалдааны зээлээр орж ирсэн байдаг.

 1961 оны төрийн эргэлтээр гарсан засгийн газар эдийн засгийн шинэ хөгжлийн хөтөлбөр баталжээ. Энэхүү дэглэмийн эхний тогтоол нь худалдааны банкуудыг улсын мэдлийнх болгох байсан юм.

Ард иргэдийн нууц хадгаламж, мөнгийг ил гаргаж дотоодын хадгаламжийг тэнцвэржүүлэх зорилготойгоор валютын нэрлэсэн томъёолол болох мөнгөний нэгжийг хванаас вон болгон өөрчилжээ. Энэхүү бодлогоор дамжуулан дотоодын хадгаламж өссөн бөгөөд 4 жилийн дотор дотоодын нийт бүтээгдэхүүн 30 хувь ихэссэн байна.  1960- 1961 онд гэхэд ганц жилийн дотор гадаад вальютын ханш нь 1 америк доллар бүрт 65 вон байснаас 130 вон болж суларсан нь экспортод таатай нөхцөл болж өгсөн аж.

Солонгосын Засгийн газар энэ үед экспортыг өсгөхийн тулд хөнгөлөлттэй зээл, бага татвар зэргийг багтаасан экспортыг дэмжих бодлогыг хэрэгжүүлж байв.Энэ үеэр Солонгос улсын дотоодын санхүүгийн хадгаламж, үйлдвэрлэлтэйгээ зэрэг хөгжсөн түүхтэй.

1954 онд байгуулагдсан Солонгосын Хөгжлийн Банк нь тэр үеийн үйлдвэр, байгууллагуудад барьцаагүй зээл тусламж олгож байсан ба уг банк байгуулагдсан гол шалтгааны нэг нь улсын эдийн засгийг сайжруулах үүднээс үйлдвэрүүдэд зээл тусламж барьцаагүйгээр олгох явдал байв . 1962 онд эпкспортыг дэмжих зорилгоор Худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих газар (KOTRA) байгуулагдав.

 

1967 онд доогуур орлоготой хүмүүст тусламж олгох зорилготой Солонгосын Байржуулах Банк байгуулагдсан. Жижиг дунд үйлдвэр болон , шинээр эхэлж байгаа бизнес эрхлэгчдэд урт хугацааны зээл олгох зорилготой Солонгосын Хөгжлийн Санхүүгийн Банк  мөн байгуулагдсан.

1967 онд гадаад вапютын урсгалыг нэмэгдүүлэх зорилготойгоор Солонгосын Солилцооны Банк байгуулагджээ. Засгийн газар бодлогын түвшинд дээрхи банкуудыг байгуулсан нь зарим үр дүнд хүрсэн гэж үздэг.

Экспортын зээлийн хүүг багасгаснаар Солонгос улсаас экспортоор гарч буй бараанууд болох нэхмэл эдлэл, фанер, болон хиймэл үс үйлдвэрлэгчид нийт экспортын 63 %-ийг эзлэх хэмжээнд хүрч өсчээ.  Ийнхүү 1960 -1970 оны хооронд Солонгос улс эдийн засгаа сайжруулах зорилгоор засгийн газраас зорилтот бүлэгт чиглэсэн банкуудыг байгуулан эдийн засгийг урт хугацааны бодлогоор хөгжүүлжээ.

 

[1] https://kellogg.nd.edu/publications/workingpapers/WPS/166.pdf

Нүүр зургийн эх сурвалж: Bloomberg.com

 

Сэтгэгдэл бичих

arrow icon