Соошил медиа хэрэглэгчид элдвээрээ л дуудуулж үзлээ. Бат-Үүл, Баабар, Да Ганболд нар телевизээр лалар гэж дуудаад, улмаар Цэнддоо гуай лалар толь бичиг үүсгэж, миний эгдүү хүрээд Лаларизац гэж тэмдэглэл бичсэн нь уржнангийн явдал. Сүүлд Элбэгдорж экс ерөнхийлөгч Тороол гэж юм бас бичсэн байв уу. Н.Учрал нарын гишүүд бас Фэисбүүкт утасны дугаараар бүртгүүлдэг хуультай болно гэлцээд кибер аюулгүй байдлын мэргэжилтэн Ого нар нэлээн эсэргүүцсэн. Саяхан гэвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын баг цагдаад гомдол гаргаснаар Твиттер хэрэглэгч Элийрэгч Ц.Уянгад торгууль ногдуулж, соошил хаягийг хаана гэж “заналхийлсэн” явдал. Уншигчдыг нэг юм ажиглаасай гэсэндээ эдгээр хүмүүсийг дурдлаа.
Нэгд, их эрх мэдэлтэй байх тусмаа нийгмийн энэ шинэ орчныг тороол, лалар гэж цоллож төрийн эрх мэдэл ашиглан хааж, торгох гэж оролдож байгааг ажиглаж болно. Хоёрт, өөрсдөө жинхэнэ тороолын арми үржүүлж, удирддаг их гарын троллисмусууд тусмаа өнгөн дээрээ цахим орчин Монголыг сүйрүүллээ гэж гасалж байдаг нь их даажинтай.
Нэг гоё бодитой баримт ч байна. Нэг тороол хаяг иргэн намайг элдвээр доромжилсон байх ба тэрийг нь тороол шиг муухай юм алга гэхчлэн гомдоллодог экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийнхөө албан ёсны ханан дээр дахин жиргэж жижгэрсэн байх жишээтэй.
Facebook, Twitter зэрэг олон нийтийн сүлжээнд энэ мэтчилэн улстөр бизнесийн ашиг сонирхлыг төлөөлдөг хаяг ба жирийн иргэдийн хаяг холилдож байгаа нь бодит үнэн. Иргэн гэдгийг нэр, нүүрээ ил гаргасан гэдэгтэй хольж андуурч болохгүй. Аноним буюу нэрээ далдалсан ч, эс далдалсан ч өөрийнхөө үзэл санааг төлөөлж байгаа хаяг гээд ойлгочиход бараг дөхнө. Ганц Монголд ч биш төлөвшсөн ардчилал бүхий орнуудад ч цахим орчны зохицуулалтад загвар болгочих шийдэл хараахан гарч ирээгүй байна. Соошил медиа төдийгүй банк санхүү, улстөр, эрүүл мэнд гээд бүх салбарт disruptive сөнөөх хүчтэй технологиуд бий болж, бодлого зохицуулалтын орчин нийгмийн динамикаа гүйцэхээ болиод байгаа нь өнөө цаг үеийн нэг гол шинж чанар гэж хэлж болно. Тороолууд ба тэднийг ашигласан ниймийн манипюляц АНУ-ын сонгуульд хүртэл нөлөөлсөн гэгдэж байгаа том асуудал боловч хувьдаа түүхийн ерөнхий хөгжил хөдөлгөөн дунд энэ зэргийн тоос босоход гайхах юмгүй гэж бодож байна.
Ерөнхий чиг хандлага гэдэг нь хувь хүн, иргэд эрх чөлөөтэй, дуу хоолойтой, эрх мэдэлд оролцоотой болох процессыг хэлж байна. Улстөрийн эрх мэдэл нэг гарт үе уламжлагдаж байсан нь ардчилсан сонгууль болж хувирч, алтаар урлаж торгонд баринтагладаг байсан номыг жижиг цехүүд хэвлэдэг болсон. Асар хүчирхэг мега банкууд жижиг аппликэшнд хэрэглэгчдээ алдаж, нүсэр мануфактур үйлдвэрүүд 3D хэвлэлд хэсэгчлэн орон зайгаа өгч байгаа цаг үе. Түүхийн хүрд эргэхийн хэрээр хүнд, нягт эрх мэдэл хөнгөрч, ардчилагдаж, хүн бүрийн эрх чөлөө, оюун санаа үнэд орж, эрх тэгш болж урагшилж ирсэн энэ процесст бид итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй.
Итгэнэ гэдэг нь бас хариуцлагатай байхын нэр. Дүрдээ итгэхийн нэр. Төрийн төв хэвлэл, цөөн том сувгийн үзэл суртал хүчтэй байсан үе нэгэнт дуусч, хүн бүр гартаа хүчтэй камера, мик барьсан контент мэикэр, бичил медиа суваг болж хувирсан. Хүн бүр гол дүр болсон. Хууль нь ч үүнийг хүлээн зөвшөөрч олон дагагчтай бол хувь хүнээс илүү үүрэг хариуцлага бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзэхээр хуульчилсан.
Харин гол дүр болчихоод цаг үеэс өгсөн боломж ба түүнийг дагалдан ирэх үүрэг хариуцлагаа бид хэрхэн эдлэх нь цаашид бодлогын өнгө төрхийг шийдэх болно. Өмнө дурдсанчлан бодлого нь нийгмийн динамикаа дагах болно. Хэзээ ямагт хэн нэгнийг хараах, доромжлох, хувь амьдралын стресс, хор шараа мэдээний дор цацах маягаар эрх чөлөөгөө эдлэх үү? Эрхээ мэддэг, үүргээ ухамсарладаг, хэрэгтэй мэдээлэл түгээдэг, зохисгүй болохгүйг шүүмжилдэг хариуцлагатай ЦАХИМ ИРГЭН байх уу? Гол дүр гэж хэнийг хэлдэг вэ?
Энэ сонголтыг бодож үзэхдээ эхнийх нь буюу тороол маягтай байх тусмаа төрд илүү чанга хуульчлах, хатуу зохицуулах, хэн ч биш гэж үгүйсгэгдэх боломж өгнө гэдгээ санах хэрэгтэй. Нуусан юм өмхийрч, дангаар эрх мэдэл ялзардаг. Ил тод зүйлд, үнэн зөвд итгэх хэрэгтэй. Нуугдсанаас илүү ил тод нь, нэргүйгээс илүү нэр нүүртэй нь олон болох тусам иргэний нийгэм хүчтэй болно.
Хувь хүн Доржийг тороолдож болно, торгож болно, бүхэл нийгмийг бол чадахгүй.
Өөрөөр хэлбэл соошил медиа хэрэглэгчид өөрсдийн хэм хэмжээтэй, үүрэг хариуцлагатай, дуу хоолойтой “цахим иргэн” байх тусмаа нийлээд ямар нэг эрх мэдлээр хорьж хянахад хэцүү ЦАХИМ НИЙГЭМ болж төлөвших болно. Мэдээж бүгд тийм байж чадахгүй, хэрэг ч байхгүй. Аливаа төрд хүн амын ердөө 2-5 хувийн эсэргүүцэл, шаардлагыг сөрөх хүч байдаггүй гэх судалгааны дүн ч бий.
Утсаар залгахад танил чинь нүүр нүүрээ харж байгаагаас өөрцгүй чамтай ярьдагтай л адил. Төмөр зам, радио долгион, гар утас, компьютер, олон нийтийн сүлжээ. Улстөр, нийгмийн power хүчний тэнцвэрт иргэдийн хувийн жинг нэмэх шинэ технологи үүслээ үүслээ гээд үеэс үед хэрэглэгч нь нөгөө л танил хүн. Нөгөө л чиний миний оюун санаа, үзэл бодол, үг хэлэх эрх чөлөө ард нь байх болно. Тэр утгаараа хэчнээн тороол, улстөрчдийн вирус халдсан байлаа ч мөн чанартаа соошил сүлжээ нь цахим илэрхийллийн хэлбэрт орсон л нийгэм юм. Цагаан хоолой барьж гудамжинд зогссон ч, цахим хэлбэрээр илэрхийлсэн ч хүн бол хүн, үзэл бодол бол үзэл бодол. Тиймд орчин үед уламжлалт жагсаалаас гадна цахим жагсаал ч өргөн хэрэглэгдэх болсон. Нэг жишээ, change.org гэхэд одоогийн байдлаар 280 сая орчим хүн цахим шаардлагад нэгдэж, 36000 гаруй шаардлага нь амжилт олж, ямар нэг өөрчлөлт гаргаж иржээ.
Олимпын үеийн жиргээнээс авахуулаад цахим хэрэглээний идэвхиэр дээгүүр ордог манай оронд ч тэр бүр жагсаж цаг зав үрэлгүй оюунлаг тэмцэх, үзэл санаагаа илэрхийлэх бүх боломж нээлттэй байна. Татварын нэмэгдлийг цуцлах, авилга авсан сайд огцрох гээд цахим тэмцлээс гарсан өөрчлөлтийн түүх ч өдөр тутам арвижиж ирж байна. Энэ удаа иргэдийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэлцэгдэж буй завшаанд “ХАРААТ БУС, ШУДАРГА ШҮҮХИЙН ТӨЛӨӨ” цахим шаардлагад нэр нүүрээ нуулгүй нэгдэхэд уриалмаар байна. Өөр асуудлаар ч иргэд контентоо үүсгээд, дор нь шаардлага үүсгээд цахим гарын үсэг цуглуулах боломж бүх хүнд нээлттэй. Цахим гарын үсэг зурах замаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд дуу хоолой, үзэл бодлоо үлдээсэн мөр чинь маргаашийн төлөө нийгмийн гэрээгээ бичихэд оролцсон баталгаа болохын зэрэгцээ цаг үеийн шинэ соёл, цахим нийгмийн хөгжлийг нэг алхам урагшлуулах болно. Дордуулсан долоо гэгдэх 2000 оны нэмэлт, өөрчлөлтөөс хойш нэг үе өнгөрчээ. Тэр цагаас хойш шинээр үүсч бий болсон соошил медиа хэрэглэгчид энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тороол уу, цахим иргэн үү гэсэн асуултад өөрсдийн хариултаа өгөх болно. Одоо чи гол дүр болсон.
Дэмжиж байна аа,..АМЖИЛТ ирж л таараа, ҮНЭН ялдаг, үүнд бүү эргэлз, бичээд л бай,..бич, бич,
Ter eliiregch bol buduuleg soliotoi huuhenshd. Tiimerhuu niigmiin hog shaaruudiin socialiig bol haasan ni der.
Ter eliuregch bol estoi soliotoi medrel muutai buduuleg huuhenshd. Tiimerhuu yumnuudiin socialiug bol haasan ni der. Niigemd huuhduuded ymar muuhai ulger duurailal boldog gj sanana.
Санал бүрэн нийцэж бн.