Нийтлэл 08 сарын 15, 2019

''Шударга сайд'' Хүрэлсүх шударга шүүхийн төлөө хэзээ хэнийг загнах вэ?

Миний Хүрэлсүх Ерөнхий сайддаа хайртай гэдэг нь. Ерөнхий сайд болох гэж байхад нь шударга ёс тогтоочих байх гэж найдаад бичнэ, болсон хойно нь ч дэмжиж бичнэ, унагах гээд байвал удахгүй шударга ёс тогтоох гэж байхад гэж ирээд өмөөрч бичиж ч үзлээ. Ойрд харин нэг л сэтгэл хөрөх гээд байдаг. Байсгээд л нэг хөмхий зууж, муухай хараад хүн загнасан хүн. Худлаа сүржин, үр дүн нь даржин.

Шударга ёс гэж юу юмб? Хүн шанааддаг Ерөнхий сайд юм уу? Шанаадахаас нь айсан намчид гөлөг болохын нэр юм уу? Одоохон хал соль хураа хаа гэж ирээд хэвлэлээр загнахаар нь ажил хөдлөхийн нэр юм уу? Шударга ёс гэж Хүрэлсүх өөрөө юм уу?

Ойрд өрнөж байгаа үйл явдлуудаас тэгж л ойлгогдож байна. Хүн загнаж, уурхай хурааж байх хойгуур ард нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажил явж байна. Ерөнхийлөгчийн хувьд шүүх засаглал дахь эрх мэдлээ авч үлдэх сонирхолтой байх нь ойлгомжтой. Тамгын газар нь гишүүдийн өргөн барьсан төслөөс хараат бус шүүхэд холбогдох заалтуудыг хасах санал оруулчихсан. Тэр саналыг нь УИХ-ын төсөл ба Ерөнхийлөгчийн саналыг нэгтгэхээр үүссэн Зөвшилцөх ажлын хэсэг хүлээгээд авчихсан.  Зөвшилцөх ажлын хэсгийн дарга нь Ерөнхийлөгч, орлогч дарга нь Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрөө гэж байгаа. Зөвшилцөх гэхээсээ далан таваар бууж өгч долдойх ажлын хэсэг шиг л юм.

Уг нь шударга ёс гэдэг дарга загнахаар шийдэгддэг юм биш даргатай даргагүй хэн бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй, шударга шүүлгэх боломжтой байхыг л хэлнэ.  Хамгийн муу систем бол хүнээс хамааралтай систем. Гэтэл шударга ёс гэж хамгийн чанга хашгирдаг хүмүүс төрийн толгойд цуглахын хэрээр систем улам муудаж, улам бүр цөөн хэдэн хүнээс хамаарах шинж чанартай болж ирлээ.  Нэг л жишээ гэхэд өнгөрсөн хавар ҮАБЗ буюу гурван хүний дур зоргоор  бүх шатны шүүхийн ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурор, АТГ-ын даргыг ямар ч үндэслэл тайлбаргүйгээр огцруулах, дурын шүүгчээ хугацаагүйгээр түдгэлзүүлэх хууль батлагдсан. Шударга ёсны тулгуур багана болох шүүх засаглал нэг, эсхүл цөөн хэдэн хүнээс хэт хамааралтай болсон байдлыг өдгөө олон нийтийн дунд “шударга бусын хонгил” гэж нэрлэх болжээ. Өөрөөр хэлбэл, хонгил гэдэг нь муу систем хэт цөөн хүнээс хамааралтай болж, хууль хүчний болон шүүгчийн бие даасан хараат бус байдал алдагдсан байдлыг хэлээд байгаа хэрэг. Ийм хонгил нэг өдөр бүтэж бий болоогүй. Үндсэн хууль болон бусад хуулийн хийдэл, цоорхойг ашиглан үе үеийн Ерөнхийлөгч болон бусад эрх мэдэлтнүүд өөрсдөдөө эрх мэдэл нэмэх уралдаан 27 жил үргэлжилсний үр дүн юм. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг л гэхэд дөчийн 47 хууль нэмж батлах замаар нэмж ирсэн гэх жишээтэй. 

Энэ бүхний цаад хууль, шинжлэх ухааныг нарийн мэдэхгүй ч байсан нэг л буруу байгааг монгол хүний саруул ухаан мэднэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтэй холбоотой санал асуулга авахад шударга шүүхийг бэхжүүлэх нь иргэдийн хамгийн их хүсэмжилж буй өөрчлөлтийн нэг болж гарсан байдаг. Үе үеийн хөндлөнгийн судлаачид, мэргэжилтнүүд ч шүүхийн бие даасан байдлаа бэхжүүлэх зөвлөмж, санал өгсөөр иржээ.

Ийм байтал У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувьд ч, намын даргын хувьд ч шүүхийг Ерөнхийлөгчийн хэт нөлөөллөөс салгах асуудлаар идэвхитэй улстөр хийлгүй өдийг хүрлээ. Худлаа хүн загнан сүржигнэж, хөмхий зуусан даргаас хамааралтай хүрэл ёс тогтоож үзүүлэхээр иргэд олон нийт өөрт нь итгэнэ гэж үзэж байгаа буюу шууд утгаараа иргэдийг дорд үзэж доромжилж байгаа хэрэг. Монгол цаашид оршин тогтнохын тулд Хүрэлсүхийн хүрэл ёс биш хараат бус, бие даасан шүүх бүхий жинхэнэ шударга ёс л хэрэгтэй. Үүнийг тогтоож чадах эсэхийг шийдэх улстөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт тойрон өрнөж байна.

Ийм цаг үед У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхий сайдын хувьд гал тогооны ажил хийж, эсвэл хүний уурхай, өмч хурааж үзүүлэхээс илүүтэй эрх барих намын даргын хувьд мөрийн хөтөлбөрт амалсан шүүх засаглал, тогтолцооны реформ хийх, 20 жилийн дараа хэлцэгдэж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд идэвхитэй үүрэг гүйцэтгэх нь иргэдээс итгэл найдвар хүлээлгэж, цаг үеэс түүнд ногдуулсан түүхэн үүрэг нь бус уу?  Түүнд шударга ёс тогтоох хүсэл эрмэлзэл, улстөрийн эр зориг үнэхээр байна уу гэдгийг өнөөдөр л иргэд асуух хэрэгтэй. Амиараа тангарагласан шударга ёс нь хаана байна? Асуухгүй бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хонгилын түлхүүр атгаж үлдэхээр улайрч буй Ерөнхийлөгчийн гарт атгуулчихаад, амалж гарсан шударга ёс нь хэдхэн хүний дур зоргоос хамаардаг болох эрсдэл бодитой болж ирлээ.

Тэмдэглэлийн эхэнд шударга сайд Хүрэлсүх шударга ёсны төлөө хэзээ хэнийг загнах вэ гэж асуусан. Х.Баттулга, У.Хүрэлсүх гэдэг хоёр хүндээ ч биш. Хүн нь хэн байхаас үл хамааран Ерөнхийлөгч болгон хонгилын эзэн мангаа доо болж хувирдаг гажуудсан тогтолцоонд мэс ажилбар хийж чадах эсэх нь У.Хүрэлсүх Х.Баттулгын бандаажнаас гарч, тэр хүнийг ‘загнах’ улстөр хийх эсэхээс хамаарах өрөг үүссэн. Өрөг дээрх хүрэл бэрсээ алт болтол түлхэж чадах эсэхийг бол иргэдийн хүсэл эрмэлзэл мэднэ.

 

2019/08/15  @bolushka

arrow icon